Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03313

 

 

 

 

 

2020 12 22

183/ШШ2020/03313

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Хулан, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * байр, * тоотод оршин суух, Б овогт Э.С /РД:*/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х дүүрэг, 8 дугаар хороо, Бо* тоотод оршин суух, О овогт Д.А /РД:*/,

Хариуцагч: Х дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын Жаргалантын аман дахь Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогоцолборын 1 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэцогтын Сүхбат /РД:СО97063010/,

Хариуцагч: Х дүүрэг, 8-р хороо, Б* тоотод оршин суух, Б овогт Ч.У /РД:*/ нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 16 665 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т, хариуцагч Э.Сын өмгөөлөгч М.Т, хариуцагч Ч.Уын төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х дүүрэг, 8-р хороо, БУЖЧХАЖт амрахаар очсон бөгөөд 21 цагийн үед хүнсний дэлгүүр орох хэрэгтэй болоход тус амралтын газрын менежер Ч.У Би яваад ирье, та харин мөнгө нэмж төлөөрэй гэхэд Э.С нь Тоёота ландкруйзер-200 маркийн * улсын дугаартай машин болон өөрийн виза картыг өгч явуулсан байдаг. Гэтэл Ч.У зөөгч Э.С, Д.А нартай хамт явсан байдаг ба дур мэдэн Э.Сад машиныг шилжүүлэн өгч, Э.С нь Д.Ад дур мэдэн жолоодуулсны улмаас миний машиныг осолд оруулж нийт 20 922 500 төгрөгийн хохирол учруулсан. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20 850 000 төгрөг, үнэлгээний зардал 840 000 төгрөг, нийт 21 665 000 төгрөгний хохирол учирснаас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Д.А нь 5 000 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бол гэсэнтэй хамаарахгүй бөгөөд Э.Сын зүгээс анхнаасаа жолоодох эрхийг Т.Ут хувь хүнийх нь хувьд итгэж зөвшөөрч өгсөн тул эдгээр буруутай хүмүүсээс хохирол төлбөрийг дараах байдлаар гаргуулахаар шаардаж байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 16 665 000 төгрөгийг хариуцагч Э.Саас 5 000 000 төгрөг, хариуцагч Ч.Уаас 11 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, харин Д.Ад холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа гэв.

 

Хариуцагч Ч.Уын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зам тээврийн осол гаргасан буруутай этгээдээр Д.Аийг Х дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тогтоосон. Иргэний хуулийн 499.3 болон 499.4 дэх хэсэгт зааснаар учирсан гэм хорыг тухайн гэм хор учруулсан этгээд хариуцна гэж заасан. Мөн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Ч.Уын хувьд амаар тохирч машиныг авч явсан хэдий ч тухайн машиныг өөр хүнд жолоо шилжүүлэх эсэхийг нэхэмжлэгч талтай тохиролцсон зүйл байхгүй ба уг машин нь тухайн үед * ХХК-ийн нэр дээр байсан. Нэхэмжлэгч нь дэлгүүр яваад өг гэсэн хүсэлт зоригийг илэрхийлж байсан бөгөөд буцах замдаа жолооны эрхтэй этгээд болох Э.Сад жолоо шилжүүлсэн байдаг. Ч.У нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш тухайн ослыг гаргасан этгээд биш учраас гэм хорыг хариуцах үндэслэлгүй байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 499.3-т зааснаар шаардах эрх бүхий этгээд нь * ХХК бөгөөд итгэмжлэлийг Э.Ст шилжүүлсэн байдаг. Голом банк ХХК-ийн нэхэмжлэх эрх нь 2018 оны 6 сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний дагуу өмчлөх эрх нь үүссэн бөгөөд энэ өмчлөх эрхийнхээ хүрээнд бусдад учирсан гэм хорыг нэхэмжилж байгаа. Барьцааны гэрээний 2.3, 2.11-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглаж, гэнэтийн осол гэмтэл гарсан хохирлыг барьцаалуулагч буюу Э.С өөрөө бүрэн хариуцна гэсэн гэрээний заалт байгаа нь Ч.У зохих хэмжээгээр гэм хорыг хариуцах этгээд биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Ч.У нь ЧХХ ХХК-д менежерээр ажиллаж байсан бөгөөд Э.С нь тухайн үед Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт очиж үйлчилгээ авсан байдаг. Мөн уг хохирлыг учруулахад Ч.Уын буруутай үйлдэл байхгүй, ямар нэг шалтгаант холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Сын өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед гэртээ амарч байсан Э.Сыг дуудаж машин бариулахаар авч явсан байдаг. Ингэж явахдаа зөөгч Д.Аийг авч явсан байдаг бөгөөд захисан зүйлсийг нь аваад, машинд бензин аваад цааш явах замд нь Ч.У гэртээ үлдэж Э.С машиныг нь барьж явсан байдаг. Ингэж явахдаа Д.Аид жолоогоо шилжүүлэн явж байх үед осол болсон. Үнэмлэхгүй этгээдэд жолоо шилжүүлсэн гэдэг үндэслэлээр Э.С нь 200 000 төгрөгөөр торгуулсан бөгөөд зохих торгуулиа төлсөн. Тухайн үед эдгээр хүмүүс нь ЧХХ ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчид тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажилтаны буруутай үйлдлээс учирсан хохирлыг ажил олгогч хохирлыг хариуцана гэснээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Д.А, Ч.У, Э.С нарт холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохиролд 21 665 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А 5 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул хариуцагч нараас 16 665 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Э.Саас 5 000 000 төгрөг, хариуцагч Ч.Уаас 11 665 000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж тодруулж, нэхэмжилжээ.

 

Шүүх хариуцагч Д.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.С нь уг нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан ба түүнийг нэхэмжлэл гаргах үед Тоёота ландкруйзер-200 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь * ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд, тээврийн хэрэгслийг * ХХК-ийн нэр дэр шилжүүлж бүртгүүлсэн байх ба уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн * ХХК-ны 2019.01.21 өдрийн 09/150 тоотод ...Land Cruiser 200 маркийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг Э.Ст шилжүүлсэн... албан бичгийг ирүүлсний дагуу Э.С нь нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авсан байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.С нь уг тээврийн хэрэгслийг 2020 оны 08 сарын 14-ний өдөр шилжүүлэн авч, Тоёота ландкруйзер-200 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна./хх-ийн 138/

 

Нэхэмжлэгч Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЧХХ ХХК-ийн Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт очиж үйлчлүүлж байхдаа тус цогцолборт менежер ажилтай Ч.Уыг дэлгүүрээс эд зүйл авчруулах зорилгоор өөрийн өмчлөлийн Тоёота ландкруйзер-200 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгч, уг тээврийн хэрэгслийг Ч.У нь жолоодож, хариуцагч Э.С, Д.А нарын хамт явсан байх ба буцах замдаа Ч.У нь гэртээ бууж үлдэж, уг машиныг Э.Сад шилжүүлэн өгсөн байна.

Буцах замдаа Э.С нь тээврийн хэрэгслийг Д.Ааар жолоодуулж 2018 оны 12 дугаар сарын 18-ны 00 цагийн үед Х дүүргийн 8 дугаар хороо, Чингисийн хүрээ амралтын газруу буцах замдаа онхолдож, зам тээврийн осол гаргаж автомашинд 21 665 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан зөрчлийн материал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-12/

Осол болсон хэргийг Х дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс шалгаж, хариуцагч Э.С, Д.А нарт торгох шийтгэл ноогдуулсан байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаангүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Ч.У, Э.С, Д.А нар нь ЧХХ ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажилчид болох нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

 

Харин хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар ...дээрх хохирлыг хариуцагч нар хариуцах үүрэггүй бөгөөд тухайн үед авто машиныг хариуцуулан өгсөн менежер Ч.У нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгогч хохирлыг хариуцах ёстой гэх тайлбарыг гаргаж маргаж байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл 2018 оны 12 сарын 18-ны өдрийн орой хариуцагч Ч.Уыг Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолбор дахь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь нэхэмжлэгч Э.С дэлгүүрээс эд зүйл авчруулах зорилгоор өөрийн тээврийн хэрэгслийг итгэмжлэн өгсөн байх ба Ч.У нь тээврийн хэрэгслийг унаж явах үедээ зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь хариуцагч нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

 

Гэвч хариуцагч Ч.У нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж зааснаар дээрх хохирлыг Ч.У нар нь хариуцан арилгах үүрэггүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Содбаяр нь иргэн Ч.Ут хувь хүнийх нь хувьд үйлчилгээ авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Аийг хохирлоо төлж барагдуулсан гэх үндэслэлээр, түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсныг дурдаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагчийн төлөөлөгч Б.Дагиймаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Э.С нь * ХХК-ийн нэр дээрх машиныг унаж ашиглаж байхдаа хохирол учруулсан буруутай тул хохирлыг өөрөө хариуцна гэх агуулгаар тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй юм.

Тоёота ландкруйзер-200 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Э.Сын өмч бөгөөд тухайн тохиолдолд * ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, зээл авсны үүрэгт тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа нь тухайн эд хөрөнгө өөр этгээдийн өмч болсон гэх агуулга биш бөгөөд үүнд дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Уаас 11 665 000 төгрөг, хариуцагч Э.Саас 5 000 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Д.Аийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Д.ЯНЖИНДУЛАМ