Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

 

 

 

  2025       05        29                                          2025/ШЦТ/177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Л.Г*********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э********ны Д**********д холбогдох эрүүгийн 2538*********** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 8-* тоотод байрлах иргэн Л.Г*********гийн байшингийн цоожийг эвдэн нууцаар хууль бусаар нэвтрэн орж 21 инчийн зурагт, бэлэн 190,000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 310,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 8-* тоотод байрлах иргэн Л.Г*********гийн байшингийн цоожийг эвдэн нууцаар хууль бусаар нэвтрэн орж 21 инчийн зурагт, бэлэн 190,000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 310,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538*********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд хэд хоногийн дараа Х******** ахын гэрт архи ууж байхад Х******** ах Г****** буюу Г*********гийн гэрт орж юм хум хуссан юм уу гэж асуухаар нь юу хусдаг юм гэж хэлсэн. Цагдаа дээр дуудагдсаны дараа Г*********тэй уулзахад би чамайг цагдаад өгчихсөн шүү гэж хэлж байснаас өөр зүйл хэлээгүй. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Г*********гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Өглөөний 10 цагийн үед гэрээсээ найз Бямбасүрэнгийн гэрт очиж шуудайны түлээ бэлтгэж өгөөд дараа нь айлд очиж түлээг хөрөөдөж хурааж өгсөн. Тэгээд гэртээ 15 цагийн үед очиход манай гэрээс урьд гудамжны Д********** зурагт тэврээд гарч явсан. За муу хулгайч минь гэж хэлээд зурагтаа аваад гэртээ орсон. Би гэртээ зурагтаа оруулж тавиад эргээд гараад ирсэн чинь алга болчихсон байсан. Би буцаж гэртээ ороод эд зүйлээ харсан чинь авдрын тагийг аваад газарт тавьчихсан байсан. Ширдэг дээр 2 ширхэг 5000 мянгатын дэвсгэрт унагаасан байхаар нь авдрын урд хэсэг рүү хийсэн 200,000 төгрөгөө шалгаж үзэхэд мөнгө байхгүй, газарт 2 ширхэг 5000 төгрөгийг дэвсгэрт үлдээсэн байсан. Тэгээд гэртээ байж байгаад мөнгөө нилээн үзэж байгаад мөнгө байхгүй болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг,

Гэрч Э.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэдэн цагийг санахгүй байна. Д********** над руу залгаад ярихдаа корола машинаа зарна гэж ярихаар нь машиныг очиж үзэхээр болсон. Ингээд машиныг нь аавынх нь хашаанд очиж үзээд 1,300,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Машиныг нь авах гэж байгаагаа аав, ээжид нь хүртэл хэлсэн. Тэгээд 1,300,000 төгрөгийг Д**********гийн таньдаг гээд нэг ахынх нь дансны дугаар луу шилжүүлсэн. Тэгээд л машиныг аваад явсан. Мөнгө шилжүүлсэн цаг хугацааг харахад энэ өдрийн 13 цаг 46 минутад 1,300,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),  

Гэрч Б.Н*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын дундуур л байх гэж санаж байна. Лав 01 дүгээр сарын 10-ны өдөр бол гарчихсан байсан. Яг хэдний өдрийг нь санахгүй байна. Дэлгүүрээ ажиллуулж байхад үдээс хойш байх хэдэн цагийг нь хэлж мэдэхгүй байна. Д********** нь ганцаараа архи уучихсан орж ирээд 200,000 төгрөгийг үрчих гээд байна. Машинаа 3 сая төгрөгөөр зарсан гэж ярьж байсан. Тэгээд ээждээ сүү авч өгнө гээд танд хураалгая гээд бэлнээр 200,000 төгрөг өгч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас), 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас),

“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-925-11736 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл өөрсдийн судалгааны үндсэн дээр 21 инчийн зурагтын зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 120,000 төгрөгөөр тогтов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27-30-р хуудас), 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 48-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 50-р хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 51-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 52-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 54-56-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538*********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ***************** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 8-* тоотод байрлах иргэн Л.Г*********гийн байшингийн цоожийг эвдэн орж нууцаар хууль бусаар нэвтрэн орж 21 инчийн зурагт, бэлэн 190,000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 310,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Г*********гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас), гэрч Б.Н*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас), “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-925-11736 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27-30-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч ***************** нь хохирогч Л.Г*********гийн эзэмшлийн 21 инчийн зурагт, бэлэн 190,000 төгрөг зэрэг нийт 310,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ***************** нь иргэн Л.Г*********гийн байшингийн цоожийг эвдэн нууцаар хууль бусаар нэвтрэн орж 21 инчийн зурагт, бэлэн 190,000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 310,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч *****************г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 54-56-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч нь ам бүл 3, эцэг, эх нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 2538*********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө************* овогт Э********ны Д**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э********ны Д**********г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2538*********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР