| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2021/0019/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 19.14.1., 28.5.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 18
Х.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолтой Х.О-д холбогдох, 2135000000007 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгч Х.Оын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Я.Дина, шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар оролцов.
Монгол улсын иргэн, ......... оны ..... дугаар сарын .....-нд ......... аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, ам бүл ....., .......... нарын хамт ........ аймгийн .......... сумын .... дугаар багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, гавьяа шагналгүй, ........ овогт Х-ын О /РД:.........../,
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хилийн 0245-р ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан,
2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэр, Монгол Улсын хилийн 122/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Х-ын О-ыг Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 28.5 дугаар зүйлийн 1-т заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Х.Оод Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 28.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 9 /ес/ сар хорих ял,
Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар 7 /долоо/ сар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Х.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 9 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Оод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Х.О давж заалдах шатны журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Х.О миний бие Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Миний бие нь Увс аймгийн Хилийн цэргийн алба хааж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар зөрчсөн, хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан гэх гэмт хэрэгт холбогдсон билээ.
Миний бие ........ аймгийн ..... сумын .....-р багт оршин суудаг, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй билээ. Би гэртээ байхдаа урьд өмнө бинзен үнэрлэдэг байсан бөгөөд түүнийгээ нэхээд унтаж чадахгүй, бинзен үнэртмээр санагдаад сэтгэл санаа тогтворгүй байсан ба би нэг жил болвол галзуурах юм байна гэж бодоод шууд явахаар шийдсэн. Тэгтэл хил давсан байсан ба хээр хөдөө унтаж байтал оросын талын цэрэгт баривчлагдаад ирсэн.
Би бинзен үнэртдэг байснаас шөнө унтаж чадахгүй, нүдэнд янз бүрийн үзэгдэл харагдаад сэтгэл санаа тайван бус байснаас ийм хэрэгт холбогдон ял шийтгүүлсэндээ маш их харамсаж байна. Эр хүний хувьд энэ цэргийн албыг хаана гэж бодож байсан ч өөрийнхөө эрүүл мэндийн байдлаас болоод цэргийн алба хааж чадаагүйдээ харамсаж байгаа бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ангид учирсан хохирлоо төлж барагдуулсан байгаа.
Иймд шүүхээс оногдуулсан 1 жил 4 сарын ял хүнд байгаа тул миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг тодорхой хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Х.Оын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хилийн цэргийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан мөн тухайн шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 122-ийн 1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын хилийг Оросын холбооны улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүдэд тус тус холбогдсон бөгөөд анхан шатны шүүх 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Х.Оын аав, ээж Хөвсгөл аймгаас ирж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон учир хүүгийнхээ сэтгэцийн байдалтай холбогдуулан мөн хавтаст хэргийн 71-р талд авагдсан хилийн цэргийн 0245 дугаар ангийн сэтгэл зүйч Б.Т-ийн өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргасан юм.
Хавтаст хэргийн 71-р талд авагдсан хилийн цэргийн 0245 дугаар ангийн сэтгэл зүйч Б.Т мэдүүлэгтээ: “Цэргүүдээс судалгаа авч үзэхэд Х.О сэтгэл гутралтай байсан ба шөнө унтаж амарч чадахгүй, нойрны хэм хэмжээ алдагдсан байна” гэж мэдүүлсэн байдаг.
Шүүгдэгч Х.О өмнө нь алга болоод эрэн сурвалжлахад эзгүй байшинд бензин үнэрлээд байж байсныг цагдаагийн алба хаагчид олж авсан байдаг. Шүүх сэтгэцийн эмгэгийн дүгнэлтэд дурдагснаар сэтгэцийн эмгэгтэй байна гэж дүгнэсэн учир цаашид хугацаа алдахгүй шүүгдэгч Х.Оыг эмчлэх шаардлагатай байх тул ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах журмаар гомдол гаргасан. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн сэтгэл зүйч Б.Т-ийн цэргүүдээс авсан судалгааны үр дүнгээс харахад шүүгдэгч Х.Оыг хилийн цэргийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газар руу явуулахгүйгээр цэргийн албыг хаасанд тооцох боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Х.Оын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хилийн цэргийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан мөн тухайн шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 122-ийн 1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын хилийг Оросын холбооны улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүдэд тус тус холбогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хянан шийдвэрлээд 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн зүгээс “анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Шүүгдэгч Х.Оын холбогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь цэргийн албаны эсрэг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Х.Оын холбогдсон гэмт хэргүүд нь ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хорих ялын санкцтай гэмт хэрэг юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай гэмт хэрэг юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.О-д ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Оын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүнд 1 жил 4 сарын хугацааны хорих ял оногдуулсан байгаа. Иймд шүүгдэгч Х.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2135000000007 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хилийн 0245 дугаар ангийн 4 дүгээр заставын 308 дугаар салбарын хөдөлгөөнт эргүүлийн газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан,
2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг дэвсгэр, Монгол Улсын хилийн 122/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтуудыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжид түүний үйлдэл хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.О “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх гомдол гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих” мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих” ялаар тус тус шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх Х.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 9 /ес/ сар, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар 7 /долоо/ сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Х.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 9 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар хорих ялаар тогтоосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон байна.
Нөгөө талаар шүүгдэгч Х.О “эрүүл мэндийн улмаас хорих ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу түүний гомдол нотлох баримтад үндэслээгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар талууд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгч болохоор зохицуулсан байх ба шүүгдэгч Х.О өөрийн эрүүл мэндийн байдал болон ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой бусад баримтыг гаргаагүй болно.
Давж заалдах шатны шүүхээс хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн тогтоох нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Шүүгдэгч Х.Оын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Оын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Оын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН