Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00043

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Н.Мөнхбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Ц.Очирсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан овогт Цэдэндоржийн Очирсүрэнд холбогдох 132/2016/0080/Э индекстэй, 201606000137 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаан овгийн Цэдэндоржийн Очирсүрэн /РД: ГГ67070910/.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Очирсүрэн нь Кайзер Флайшерай ХХК-ийн 754 тооны хонийг хөдөлмөрийн гэрээгээр маллаж байгаад 180 тооны хонь үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Очирсүрэнгийн өгсөн: Анх 2015 оны 08 дугаар сард Кайзер флайшерай ХХК 500-600 тооны хонь авчирч өгсөн. Үүний дараа бага багаар хонь авчирч өгдөг байсан. Надад авчирч өгч байсан хонинууд зарим нь ээмэгтэй, зарим нь ээмэггүй байсан. Намайг Кайзер флайшерай ХХК Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ирээд хонио ав гэсэн юм. Би Porter маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Намайг очиход хээр газар хонийг тоолоод өгсөн. Үүнд 2 тооны эргүү хонь байсан бөгөөд үүний 1 тооны хонь нь замдаа үхсэн. Кайзер флайшерай ХХК нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Номын булаг гэх газар хонь авчирч өгч байгаагүй. Надаас Энхболд 1 тооны хонь авч идсэн. Нийт хонинуудад ээмэггүй хонь их олон байсан. Хурга, төлөг, мөн эргүү хонь байдаг л байсан. Кайзер флайшерай ХХК-ийн хүмүүс малчдаас хонь худалдаж авдаг. Эдгээр хонинуудыг малчид нь өөрсдөө манайд авчирч өгдөг байсан. Кайзер флайшерай ХХК-аас хүн хүлээлгэн өгдөггүй байсан. Кайзер флайшерай ХХК-ийн хонийг маллах санааг манай эхнэр гаргасан. Манай эхнэрийг байхгүй байхад Кайзер флайшерай ХХК-аас хүмүүс ирсэн бөгөөд хонинуудыг тоолсон. Ингэхдээ өөрсдийн хонь болон манай хонийг нийтэд нь тоолсон. Харин эм хонь, хурга зэргийг ялгасан. Анх 500-600 тооны хонь авчирч өгсөн. Харин бусад хонинуудыг Кайзер флайшерай ХХК өөрсдөө авчирч хүлээлгэн өгөөгүй. Нийт 1400-1500 тооны хонь болсон. Сүүлд 500 гаруй тооны хонийг өөр айлд хүлээлгэн өгсөн. Манай нутгийн 5 дугаар бригадаас ирсэн хонинууд ээмэггүй байсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхбаярын өгсөн: Манай Кайзер флайшерай ХХК Очирсүрэнгээр хонь маллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сард хонь тоолоход 180 тооны хонь дутсан. Үүний дараа 2016 оны 01 дүгээр сард манай Кайзер флайшерай ХХК нь хүнсний хэрэгцээгээ хангах үүднээс тарган хонь авах шаардлагатай болсон. Үүний дагуу бид Очирсүрэнгийнд очсон бөгөөд хонинуудыг жинлэхэд хүнсний хэрэгцээний шаардлага хангахаар тарган хонь байгаагүй. Энэ үед манай жолооч Очирсүрэнгийн хотноос малын ээмэг олсон байдаг. Энэ талаар Очирсүрэнгээс асуухад өөр зүйлийн талаар яриад байсан гэдэг. 10 ширхэг малын ээмэг алга болсон гэх 180 тооны хонины ээмэгтэй адилхан байсан. Малын ээмгийг зориудаар тасласан байсан. Малын ээмэг малын чихнээс өөрөө унахгүй. 180 тооны хонь алга болсон бөгөөд Очирсүрэнгээс 550 тооны хонийг буцааж авсан. Манай Кайзер флайшерай ХХК-д эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ирэх, явах гээд их зардал учирсан. Үүнтэй холбоотой баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгч, үүнийг нэхэмжилнэ. Очирсүрэн Кайзер флайшерай ХХК-д хохирол төлбөрт үхэр, адуу өгсөн. Үүний үнэлгээний шинжээчийн дүгнэлт гарсан. Манай Кайзер флайшерай ХХК-ийн гол зорилго нь хохирол төлбөрөө Очирсүрэнгээс авах юм. Хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэхийг хүсч байна гэх мэдүүлэг,

2016060000137 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Н.Мөнхбаярын өгсөн: ...Манай компани нь Баялаг төсөл -ийн хүрээнд бог мал авч 2015 оны 08 сараас Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт 3 дугаар багийн малчин Цэдэндорж овогтой Очирсүрэнд гэрээгээр мал маллуулж байгаад малын бүтэц, малын шилжилт, жилийн эцсийн мал тооллогын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тооллогын комисс Ц.Очирсүрэнгийнд очиж малаа тоолж, гэрээгээ шинэчлэн байгуулснаар гэрээнд заасны дагуу малчин Ц.Очирсүрэнд нийт 754 хонь хүлээлгэн өгч маллуулсан. Хүлээлгэн өгсөн 754 хонь нь дотроо 51 хурга, 33 эм хонь бусад нь эр төлөг байсан. Ингээд компаний зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мал маханд хүнсний зориулалтаар хонь авахаар ирэхэд малын хашаан дотроос тасдаж хаясан 30 гаруй тооны малын ээмэг хаясан байсныг тэнд очсон ажлын хэсгийнхэн олсон байсан. Тэгээд ажлын хэсэг тэр өдөр Гурванбулаг сумыг хариуцсан нэгжийн менежер Т.Чулуундорж ирээгүй учраас малаа тоолж чадалгүй харин олсон ээмэгнээсээ жолооч Энхболд 10 ширхэгийг авч буцсан. Тэгээд авч ирсэн 10 ширхэг ээмгийг байгууллагынхаа ээмэгтэй малын бүртгэлд бүртгэгдсэн дугаартай тулгаж үзэхэд уг 10 ширхэг тасдаж хаясан ээмэгний дугаарууд нь малчин Ц.Очирсүрэнд хүлээлгэж өгсөн малын ээмэгний бүртгэлтэй таарч тохирсон болно. Энэ асуудлын дагуу байгууллагаас дахин хяналтын комисс гарч Ц.Очирсүрэнгийнд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр очиж малаа тоолж бүртгэхэд гэрээнд заасан малын тооноос 180 тооны хонь дутсан. Мөн 23 тооны хонь 4 төлөг, 1 эм хонь, 18 эр хонь байсан нь хорогдсон гэх ба бидэнд 15 тооны сэг зэмийг үзүүлж харуулсан. Ингээд малчин Ц.Очирсүрэнгээс энэ талаар асуухад мэдэхгүй гэж хариулж байгаа. Байгууллагын малаас дутсан 180 тооны хонины хохирол нь 18000000 төгрөг болж байгаа юм. Иймд малчин Ц.Очирсүрэн нь манай байгууллагын малаас 180 тооны хонийг завшиж үрэгдүүлсэн байх магадлалтай тул хуулийн дагуу шалгаж, байгууллагыг маань хохиролгүй болгож өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Т.Чулуундорж, Д.Баасансүрэн, Н.Энхболд, А.Батжаргал, Ч.Бүрэндүүрэн, малын эмч Л.Доржпүрэв нар мал тоолж гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн. Гэрээг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Т.Чулуундорж. Хүлээн авсан малчин нь болохоор Ц Очирсүрэн гэрээнд түүний эхнэр Батдулам гарын үсэг зурсан байх боловч Батдуламын гарын үсгийг нөхөр нь болох Ц.Очирсүрэн өөрөө зурсан гэж хэлсэн. Тэр үеэр эхнэр Батдулам нь эзгүй байсан юм билээ. Манай компани нь малчдад мал хүлээлгэж өгөхдөө мал хүлээлцсэн тухай акт үйлдэж баталгаажуулж өгдөг. Уг актанд тухайн хүлээлцсэн малын тоо толгой, нас, хүйс, им тамга, ээмэгний дугаар бүрээр нь нарийвчлан бүртгэж өгдөг. Тийм болохоор тухайн тооллогын комисс нь тэр дагуу тоолж хүлээлгэж өгсөн. Акт баримт бичиг нь бүрэн байгаа. Бид нар тооллогоор 180 хонь дутангуут үлдсэн 551 хонио аваад бүртгэж тулгаж үзэхэд 33 тооны эм хонь бүрэн, 51 тооны хурга бүрэн харин бусад эр хониноос 180 тооны хонь дутсан ба 2016 оны хаврын ногооноор шүдлэх насны хонинууд байсан. Ээмэгний хувьд малчин Ц.Очирсүрэнгийн хашаанаас олсон 10 ширхэг ээмэгний дугаар нь түүнд хүлээлгэж өгсөн малын ээмэгний дугаартай таарсан. Нэгжийн менежер Т.Чулуундоржийн цуглуулж малчин Ц.Очирсүрэнгийнд хүлээлгэн өгсөн 215 тооны хонь нь бүгд ээмэггүй харин бусад нь ээмэгтэй байгаа юм. Тэдгээр хонинд им тавиагүй харин малчин өөрөө хувийн тэмдэглэгээ болох сэрвээн дээр нь цэнхэр өнгийн будагаар тэмдэглэсэн. Уг ээмэгнүүдийг мал авахаар очсон ажлын хэсэг мал жинлэхээр хашаанд ороход нь хашааны хаалганы ойролцоо дотор талдаа зориудаар тасдаж хаясан байдалтай 30 гаруй тооны ээмэгнүүд байхыг олж харсныг жолооч Энхболд түүнээс 10 ширхэг ээмгийг авсан байсан. Манайхан тэр үөд Очирсүрэн болон түүний хүү Нямбаяр нараас тасдаж хаясан ээмэгний талаар учрыг асуухад ямар нэгэн зүйл хариулж хэлээгүй улмаар огт өөр зүйл ярьж булзааруулаад байсан гэсэн. Бид нар хотод ирээд жолооч Энхболдын авч ирсэн 10 ширхэг ээмэгний дугаарыг малчин Ц.Очирсүрэнд хүлээлгэн өгсөн. Ээмэгтэй малын бүртгэл дотроос шүүж тулгаж үзэхэд манай малын ээмэгнүүд болох нь тогтоогдсон. Дутсан 180 хонины 18000000 сая төгрөг. Дээр нь хорогдсон 22 тооны хонины 2120000 төгрөг, 4 эр төлөг 320000 төгрөг, 18 эр хонь шүдлэн 1800000 төгрөг, өнөөдрийг хүртэл нааш цаашаа явсан шатахуун тос, томилолтын зардал нийлээд 3 028 136 төгрөг, нийт манай компанид учирсан бодит хохирол 23148136 төгрөг болж байгаа тул энэхүү хохирлоо нэхэмжилнэ. Нийт учирсан хохирол болох 23148136 төгрөгийг нэхэмжилж байна. Би хохирлоо төлүүлж авмаар байна… гэх мэдүүлэг /хх-н 91-92, 207-208 тал/

Гэрч П.Чулуундоржийн өгсөн: ...Ц.Очирсүрэнд 2015 оны 8 дугаар сараас эхэлж хонь маллуулж эхэлсэн. Тэгж явсаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр компаний ажлын хэсэг очиж жилийн эцсийн мал тооллого явуулан Ц.Очирхүүд 754 толгой мал маллуулахаар гэрээг шинэчлэн хийж гарын үсэг зуруулан мал хүлээлгээд өгсөн. Малчин Ц.Очирхүүд өгсөн 754 тооны хонь нь дотроо 33 эм хонь, 51 хурга, 670 эр төлөг байсан. Бид нар мал тоолохдоо эхлээд 33 эм хонь, 51 хургыг ялгаж гаргасан. Тэгээд үлдсэн нь 670 тооны эр төлөг гээд тоогоор нь хүлээлгээд өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би ажлын хэсэгт орж мал тоолоход явсан. Тэгээд 1 дүгээр сарын 31-ний өдөр малаа тоолоход 180 эр хонь дутсан. Бид нар эхлээд эм хонь 33, хурга 51-ийг ялгаж гаргаад үлдсэнийг тоолоход 180 эр хонь дутсан тооцоо гарсан… гэх мэдүүлэг /хх 93-95 тал/

Гэрч Д.Баасансүрэнгийн өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр компаний зүгээс миний бие нь Т.Чулуундорж, А.Батжаргал, Н.Энхболд, Л.Доржпүрэв, Ч.Бүрэндүүрэн нарын бүрэлдхүүнтэйгээр Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт 3 дугаар багийн малчин Ц.Очирсүрэнгийнд байгаа компаний малыг тоолж, малчинд хүлээлгэн өгч маллуулах гэрээг шинэчлэх зорилгоор очсон. Бид нар хотонд байгаа бүх малыг тоолоод нийт 922 тооны мал тоолсон. Үүнээс байгууллагынхаа 754 толгой малыг дотор нь сүвэлж ялгасан. Яагаад манай байгууллагын мал 754 байх ёстой гэвэл 2015 оны 08 дугаар сараас эхлэн төслийн хүрээнд хонь худалдан авч Ц.Очирсүрэнгийнд маллуулах хугацаанд малын шилжилт хөдөлгөөн бүрийг бүртгэсэн тооцоо бодсон актаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 754 толгой мал байсан юм. Үүнд 33 эм хонь, 51 хурга бусад нь эр хонь байгаа юм. Энэ малаа Ц.Очирсүрэнд гэрээгээ шинэчлэн гарын үсэг зуралцан баталгаажуулсан. Бид нар гэрээтэй хамт малынхаа А дансыг бичиж хувийг малчин Ц.Очирсүрэнд үлдээсэн. Гэрээнд гарын үсгийг зурах үед түүний эхнэр Батдулам эзгүй байсан ба Ц.Очирсүрэн эхнэрийнхээ өмнөөс гарын үсгийг нь зурсан байсан. Малтай холбогдолтой баримт бичгийн хувийг малчинд үлдээсэн байгаа. Компаний зүгээс хүнсний хэрэглээнд хонь авч ир гээд би Энхболд, Доржпүрэв, Батжаргал, Бүрэндүүрэн нарын хамтаар малчин Ц Очирсүрэнгийнд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр очсон. Бид нар мал жигнэхээр Ц.Очирсүрэнгийн малын хашаанд ороход хашааны үүд орчимд тасдаж хаясан малын ээмэгнүүд байхыг харсан. Бид нар уг ээмэгнүүдийг хараад л манай малын ээмэг байна гэж таньсан. Тэгээд ямар учиртай тасдаж хаясан ээмэгнүүд байгаа талаар Очирсүрэн, Нямбаяр нараас асуухад тэд юу ч хэлээгүй. Төлөгнүүдээс 30 орчмыг жинлэж үзэхэд 40 кг жинтэй ганцхан төлөг гараад бусад нь түүнээс доош жинтэй байсан. Би тэднийхээр урьд очихдоо нүдлэж харж байсан төлөгнүүд зүсээрээ алга байхаар нь би яасан талаар нь асуухад мөн юу ч хариулаагүй. Тэгээд бид нар тасдаж хаясан ээмэгнээс 10 ширхэгийг аваад хот руугаа буцсан. Буцаж явахдаа би Т.Чулуундорж руу утсаар залгаад танай малчин Ц.Очирсүрэнгийнд байгаа манай мал дутуу байгаа юм шиг байна, хашаан дотроос нь тасдаж хаясан малын ээмэгнүүд оллоо, та ирэх боломж байна уу, таныг байхгүй болохоор таны хариуцсан сууриудыг тоолох боломжгүй байна гэхэд тэрээр би очиж чадахгүй, эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Тийм болохоор бид нар хот ороод Очирсүрэнд хүлээлгэн өгсөн малын цуваатайгаа олж ирсэн малын ээмэгний дугаараа тулгаж үзэхэд бүгд манай малын ээмэгний дугаартай таарч тохирч байсан. Энэ асуудлаа бид байгууллагынхаа удирдлагад танилцуулан дахин комисс гарч малчин Ц.Очирсүрэнгиин хотонд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр очсон комисст дээрхи хүмүүс байсан ба дээр иь Т.Чулуундорж нэмэгдэж ирсэн байсан. Ингээд бид нар уг хотонд байгаа бүх хонийг тоолоход хотноос нийт 764 хонь гарснаас эхлээд 33 эм хонь, 51 хургаа ялгаж гаргасан. Үлдсэн хонио тоолоход манай байгууллагын хониноос 180 тооны эр хонь дутсан юм. Энэ талаар нь Очирсүрэн, Нямбаяр нараас асуухад тэд тасраад л явсан байх , ойр хавийн малд шүүж үзье гэхээр нь бид нар буцаад хот руу явсан. Маргааш нь Чулуундорж бид хоёр утсаар Очирсүрэн рүү залгаж хонио олсон эсэх талаар асуухад олоогүй гэж хэлсэн. Тэгээд компани 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орчимд Очирсүрэнгийнхээс малаа татаж авсан. Тэднийхээс 551 толгой хонь хүлээн авсан. Очирсүрэн бидэнд ярихдаа 23 хонь үхсэн гэхээр нь очиж үзэхэд 15 сэг зэм байсан. Үүнд 3 хонины чихэнд ээмэгтэй бусад нь ямар ч ээмэггүй байсан. Энэ сэг зэмийг малын эмч Доржпүрэв үзээд эднийх надад 1 удаа ч малын дуудлага ирүүлээгүй харин 1 хонь үхэх гээд байна гэж хэлж байсан болохоор миний зүгээс 1 хонинд л акт бичнэ бусдад нь акт бичиж өгч чадахгүй гэсэн. Малаа тоолж өгөхийн хувьд гэвэл 33 эм хонь болон 51 хургыг нэг бүрчлэн ялгаж гаргасан. Харин үлдсэн 670 тооны эр төлгөө шууд тоогоор нь хүлээлгэж өгсөн. Мөн айлуудаас цуглуулсан хониноос ээмэгтэйг нь дугаараар нь бүртгээд, ээмэггүйг нь сүвээр нь бүртгэж авдаг юм… гэх мэдүүлэг /хх 96-97 тал/

Гэрч А.Батжаргалын өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний бие компаний тооллогын комиссын бүрэлдэхүүнд багтаж Т.Чулуундорж, Д.Баасансүрэн, Н.Энхболд, Л.Доржпүрэв, Ч.Бүрэндүүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт 3 дугаар багийн малчин Ц.Очирсүрэнгийнд байгаа компаний малыг тоолж хүлээлгэж өгөх ажлаар очсон. Бид нар хотонд байгаа бүх малыг нь тоолоод нийт 922 тооны мал тоолсон. Үүнээс байгууллагынхаа 754 толгой малыг дотор нь сүвэлж ялгасан. Үүнд 33 эм хонь, 51 хурга бусад нь эр хонь байгаа. Энэ малаа Ц.Очирсүрэнд маллуулахаар гэрээгээ шинэчлэн гарын үсэг зуралцан баталгаажуулсан. Бид нар гэрээтэй хамт малынхаа А дансыг бичиж хувийг малчин Ц.Очирсүрэнд үлдээсэн. Гэрээнд гарын үсгийг зурах үед түүний эхнэр Батдулам эзгүй байхгүй байсан ба Ц.Очирсүрэн эхнэрийнхээ өмнөөс гарын үсгийг нь зурсан. Малтай холбогдолтой баримт бичгийн хувийг малчинд үлдээсэн байгаа. Ийм зүйл болсон. Компаниас яваа хүмүүстэй би Дашинчилэнгээс нийлээд малчин Ц.Очирсүрэнгийнд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр очсон. Бид нар мал жигнэхээр Ц.Очирсүрэнгийн малын хашаанд ороход хашааны үүд орчимд тасдаж хаясан малын ээмэгнүүд байхыг харсан. Бид нар уг ээмэгнүүдийг хараад л манай малын ээмэг байна гэж таньсан. Тэгээд ямар учиртай тасдаж хаясан ээмэгнүүд байгаа талаар Очирсүрэн, Нямбаяр нараас асуухад тэд юу ч хэлээгүй. Тэгээд манай хүмүүс тасдаж хаясан ээмэгнээс 10 ширхэгийг аваад хот руугаа буцсан. Удалгүй компаниас дахин комисс гарч малчин Ц.Очирсүрэнгийн хотонд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр очсон. Комисст дээрхи хүмүүс байсан ба дээр нь Т.Чулуундорж нэмэгдэж ирсэн байсан. Ингээд бид нар уг хотонд байгаа бүх хонийг тоолоход хотноос нийт 764 хонь гарснаас эхлээд 33 эм хонь, 51 хургаа ялгаж гаргасан. Үлдсэн хонио тоолоход манай байгууллагын хониноос 180 тооны эр хонь дутсан юм. Энэ талаар нь Очирсүрэн, Нямбаяр нараас асуухад тэд тасраад л явсан байх , ойр хавийн малд шүүж үзье гэхээр нь бид буцаад явсан. Тэгээд компани 2016 оны 02 дугаар сарын 25-ны орчимд Очирсүрэнгийнхээс малаа татаж авсан. Тэднийхээс 551 толгой хонь хүлээн авсан. Очирсүрэн бидэнд ярихдаа 23 хонь үхсэн гэхээр нь очиж үзэхэд 15 сэг зэм байсан. Үүнд 3 хонины чихэнд ээмэгтэй бусад нь ямар ч ээмэггүй байсан. Энэ сэг зэмийг малын эмч Доржпүрэв үзэж байсан. Малаа тоолж өгөхийн хувьд гэвэл 33 эм хонь болон 51 хургыг нэг бүрчлэн ялгаж гаргасан. Харин үлдсэн 670 тооны эр төлгөө шууд тоогоор нь хүлээлгэж өгсөн. Мөн айлуудаас цуглуулсан хониноос ээмэгтэйг нь дугаараар нь бүртгээд, ээмэггүйг нь сүвээр нь бүртгэж авдаг юм… гэх мэдүүлэг /хх 98 тал/

Гэрч Н.Энхболдын өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний бие компаний тооллогын комиссын бүрэлдэхүүнд багтаж жолоочоор явахдаа Т.Чулуундорж, Д.Баасансүрэн, Л.Доржпүрэв, Ч.Бүрэндүүрэн нарын хамтаар Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт 3 дугаар багийн малчин Ц Очирсүрэнгийнд байгаа компаний малыг тоолж, хүлээлгаж өгөх ажлаар очсон. Бид нар хотонд байгаа бүх малыг нь тоолоод нийт 922 тооны мал тоолсон. Үүнээс байгууллагынхаа 754 толгой малыг дотор нь сүвэлж ялгасан. Үүнд 33 эм хонь, 51 хурга бусад нь буюу 670 тооны эр хонь үлдсэн. Энэ малаа Ц.Очирсүрэнд маллуулахаар гэрээгээ шинэчлэн гарын үсэг зуралцан баталгаажуулсан. Бид нар гэрээтэй хамт малынхаа А дансыг бичиж хувийг малчин Ц.Очирсүрэнд үлдээсэн. Гэрээнд гарын үсгийг зурах үед түүний эхнэр Батдулам эзгүй байсан ба Ц.Очирсүрэн эхнэрийнхээ өмнөөс гарын үсгийг нь зурсан. Компаний хүнсний хэрэгцээнд мал авахаар ажлын хэсгийн жолоочоор явж малчин Ц.Очирсүрэнгийнд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн. Бид нар мал жигнэхээр Ц.Очирсүрэнгийн малын хашаанд хашааны үүд орчимд тасдаж хаясан малын ээмэгнүүд байхыг харсан. Би уг ээмэгнүүдийг хараад л манай малын ээмэг байна гэж таньсан. Тэгээд ямар учиртай тасдаж хаясан ээмэгнүүд байгаа талаар Очирсүрэнгээс асуухад тэр юу ч хэлээгүй. Тэгээд би тэр ээмэгнүүдээс 10 ширхэгийг авч халаасалсан. Би авсан ээмэгнүүдээ Д.Баасансүрэнд өгсөн ба ээмэгнүүдийн дугаарыг тулгаж шүүж үзэхэд малчин Очирсүрэнд хүлээлгэн өгсөн малын ээмэгний дугаартай таарч тохирсон гэж байсан. Тэгээд компаниас дахин комисс гаргаж малаа тоолохоор комисс 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Бид нар Очирсүрэнгийн хотонд байгаа бүх хонийг тоолоход хотноос нийт 764 хонь гарснаас эхлээд 33 эм хонь, 51 хургаа ялгаж гаргасан. Үлдсэн хонио тоолоход манай байгууллагын хониноос 180 тооны эр хонь дутсан юм. Энэ талаар нь Очирсүрэн, Нямбаяр нараас асуухад тэд тасраад л явсан байх , ойр хавийн малд шүүж үзье гэхээр нь бид буцаад явсан. Тэгээд компани 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орчимд Очирсүрэнгийнхээс малаа татаж авсан. Тэднийхээс 551 толгой хонь хүлээн авсан. Очирсүрэн бидэнд ярихдаа 23 хонь үхсэн гэхээр нь очиж үзэхэд 15 сэг зэм байсан. Энэ сэг зэмийг малын эмч Доржпүрэв үзэж байсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр малаа тоолж өгөхдөө 33 эм хонь болон 51 хургыг нэг бүрчлэн ялгаж гаргасан. Харин үлдсэн 670 тооны эр төлгөө шууд тоогоор нь хүлээлгэж өгсөн. Мөн айлуудаас цуглуулсан хониноос ээмэгтэйг нь дугаараар нь бүртгээд, ээмэггүйг нь сүвээр нь бүртгэж авдаг юм… гэх мэдүүлэг /хх 99 тал/

Гэрч З.Ууганбаярын өгсөн: ...Би Оожоо буюу Очирсүрэн ахынд мал маллаад 2 жил болж байгаа байхаа. Би дандаа хонь маллаж байгаад 3 сард болиод өөр айлаар мал маллаж явна. Миний Очирсүрэнгийнхээс больсон шалтгаан нь гэвэл тэднийд компаний мал байж байгаад энэ оны 1 дүгээр сард 180 хонь дутсан юм. Тэгээд больчихсон. Би Ц.Очирсүрэнтэй ямар ч төрөл садангийн холбоо байхгүй. Би цаг хугацааг нь мэдэхгуй байна. Ямар ч байсан Гурванбулагийн банкнаас хүмүүс ирж мөнгө нэхсэн байх тэгээд л Очирсүрэн ах компаний хониноос миний мэдэхийн 3 удаа авсан. Эхний удаад банкнаас мөнгө нэхэгдэж ирсний маргааш нь өөрийнхөө Портер машинаар 22 тооны хонийг ачаад Дашинчилэн явсан байх. Тэгэхдээ Очирсүрэн ах ганцаараа явсан. Маргааш нь дахин өөрийнхөө машинаар 25 хонь ачаад мөн л ганцаараа Дашинчилэн явсан. Би хонь ачаад явсан зүгийг нь харж байхад засмал зам руу нийлээд Дашинчилэнгийн зүгт явж харагдсан. Дараа нь хэд хоноод Гурванбулагийн гэх цагаан өнгийн микр машинаар 15 хонь ачаад бэр нь болох Баттуул яваад 1 хоноод маргааш шөнө нь ирсэн. Би тэр үед хонинд явж байхдаа цагаан машиныг манай хотноос хонь ачиж явахыг харсан. Уг машинаар ачсан хонинуудыг өглөө нь хашаанд үлдээсэн юм. Очирсүрэн ах хонь зарсан мөнгөө Гурванбулагийн банк руу шилжүүлнэ гээд Дашинчилэн явсан бодвол өрөө дарсан байх. Өөрсдийнх нь яриагаар 1 хонио 45000 төгрөгөөр зарсан гэж байсан. Би хонийг нь маллаж байсан болохоор тэр гурвын хонийг хооронд нь ялгаж мэддэг байсан. Очирсүрэнгийн хонинууд зөв чих нь догол, баруун чих нь цуулбар имтэй, Нямбаярын хонинууд зөв чих нь хулгар /үзүүрийг нь хайчилсан/ нөгөө чих нь ганзага имтэй байдаг. Харин компаний хонинууд зарим нь ээмэгтэй, зарим нь ээмэггүй, зарим нь имгүй, зарим нь олон янзын имтэй байсан. Тийм болохоор би хооронд нь ялгадаг байсан. Би цагаан машинаар хонь ачих үед нь л хонин дээрээ байсан. Гэхдээ өглөө нь хашаанд үлдээхдээ дандаа компаний хониноос авч үлдсэн. Түүнийгээ хотруу ачсан. Нөгөө хоёр удаагийн ачилтанд мөн л компаний хониноос ачсан ба би тэр үед нь хажууд нь хараад зогсож байсан. Намайг хонь ачих үед Очирсүрэн хонь барилцаадах гэхээр нь би үгүй гэж хэлээд ямар хонь ачихыг нь харж байсан. Гурванбулагийн банкны хүмүүс ирж мөнгөө нэхээд Очирсүрэн ахад 6 хоногийн хугацаа өгөөд явсан. Түүнээс 1, 2 хонигийн дараа хонь маань тасраад 300 орчим хонь хээр хоносныг маргааш нь олсон. Хонио олсны маргаашнаас нь Очирсүрэн ах ачиж явсан. 6 хоног гэдгийг би тэдний ярианаас нь мэдсэн. Тэр ээмэгнүүд нь компаний хонины чихэнд байсан ээмэгнүүд байгаа юм. Лав л миний мэдэхийн Очирсүрэн ах өөрийн машинаараа ачиж явсан хонинуудын чихэнд байсан ээмэгнүүдийг өөрийнхөө гэрт байдаг жижиг улаан өнгийн бариултай хайчаар хайчлаад малын хашаан дотор хаяад байсан. Хонь барьж ээмгийг нь хайчлахыг Очирсүрэн ах, Нямбаяр хоёр хийсэн. Би хашааны аман   дээр   зогсож  байсан.   Би   ямар   хонь   ачихыг   нь   багцааг   нь   хараад зогсож байсан. Жолоочоор нь Гурванбулагт байдаг сохор хочтой Пэлжээ ах хөх өнгийн машин жолоодож явсан. Тэднийх хонио ерөөсөө тоолж байгаагүй. Намайг хониноос салдаггүй болохоор тоолдоггүй байх гэж бодож байна. Надаас хэн ч ээмэгний талаар асуугаагүй. Харин ээмэг оллоо гээд нэг эмэгтэй нь утсаараа зураг аваад байсан. Тухайн үед компаний хүмүүс надаас юу ч асуугаагүй болохоор би хэнд ч юу ч хэлээгүй… гэх мэдүүлэг /хх 111-112 тал/

Гэрч Ё.Ганбатын өгсөн: ...Би Гурванбулаг сумын малчин Ц.Очирсүрэн гэдэг хүнийг зүс танина. Хааяа мал мах авч ирж өгдөг. Эхнэр нь манай сумын хүн байгаа юм. Би Ц.Очирсүрэнгийн гэрт нь огт очиж байгаагүй. Өөрөө л хааяа нэг надад хонь, ямаа л авч ирж өгдөг байсан. Надад олноор нь өгдөггүй ганц нэг бог мал өгч байсан. Ц.Очирсүрэн нь ирэхдээ эхнэртэйгээ эсхүл хүүтэйгээ хамт ирдэг байсан. Би 2016 он гарсаар Ц.Очирсүрэнтэй таараагүй. Наймаа ч хийгээгүй. Надаас өөр мал мах худалдан авдаг Болдоо, Баянмөнх гэж хүмүүс байгаа. Дашинчилэнд бид гурав л байгаа даа… гэх мэдүүлэг /хх 121 тал/

Гэрч М.Баянмөнхийн өгсөн: ...Би Гурванбулаг сумын малчин Ц.Очирсүрэн гэдэг хүнийг зүс танина. Хааяа мал мах авч ирж өгдөг. Би тэдний гэрт 2 удаа очиж мал мах худалдан авч байсан. Би 2015 онд Ц.Очирсүрэнгийнд 2 удаа очсон. Эхлээд 2015 оны 7 дугаар сарын дундуур Номын булагийн урдхан талд Цагаан дов гэх газарт зусаж байхад нь очиж 20 тооны хонь худалдан авсан. Тэгэхэд эм хонь, төлөг нийлсэн байсан. Дараа нь 7 сарын сүүлээр бас зуслан дээрээ байхад нь очиж 20 тооны хонь худалдан авсан. Өөрөөр би тэднийд очиж мал мах худалдан авч байгаагүй. Би 2015 оны 07 дугаар сараас хойш тэр хүнтэй уулзалдаагүй, мал махны наймаа огт хийгээгүй. Надаас өөр мал мах худалдан авдаг Болдоо, Ганбаа гэж хүмүүс байгаа… гэх мэдүүлэг /хх 123 тал/

Гэрч Ж.Оюунцэцэгийн өгсөн: ...Кайзер Флайшери ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манайхаас өөрсдийн малнаасаа 33 эм хонь, 119 эр төлөгөн хонь авсан. Хонь авахдаа ирэхдээ манай сумын Очирсүрэнтэй хамт ирсэн. Уг хонинуудыг Очирсүрэнд хүлээлгэн өгнө гэж тус компаны ажилчид ярьж байсан. Уг хонинууд янз бүрийн имтэй, нэгдсэн ээмэгтэй байсан. Өттэй болон турж эцсэн хонь байгаагүй гэх мэдүүлэг /хх 302-303 тал/,

Гэрч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: Кайзер Флайшери ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манайхаас өөрсдийн малнаасаа 36 эм хонь, 28 эр төлөг, 28 эм төлгөн хонь авсан. Хонь авахдаа ирэхдээ манай сумын Очирсүрэнтэй хамт ирсэн. Уг хонинуудыг Очирсүрэнд хүлээлгэн өгнө гэж тус компаны ажилчид ярьж байсан. Уг хонинууд янз бүрийн имтэй, нэгдсэн ээмэгтэй байсан. Турж эцсэн хонь байгаагүй нэг л эргүүтсэн төлөг байсан гэх мэдүүлэг /хх 305 тал/,

Гэрч Ж.Равданцэрэнгийн өгсөн: Кайзер Флайшери ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манайхаас өөрсдийн малнаасаа 43 эм хонь, 20 эр төлөгөн хонь, 1 хуцан хурга авсан. Хонь авахдаа ирэхдээ манай сумын Очирсүрэнтэй хамт ирсан. Уг хонинуудыг Очирсүрэнд хүлээлгэн өгнө гэж тус компаны ажилчид ярьж байсан. Уг хонинууд янз бүрийн имтэй, нэгдсэн ээмэгтэй байсан. Өттэй болон турж эцсэн хонь байгаагүй /хх 306 тал/,

Гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: Кайзер Флайшери ХХК-ийн менежер 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр над руу утсаар ярьсаны дагуу би хотноосоо 44 эр төлөг, 78 эм хонь өөрөө тууж Очирсүрэн гэх айлд аваачиж өгсөн. Янз бүрийн им тамгатай хонь байсан ба нэгдсэн ээмэгтэй байсан. Миний аваачиж өгсөн хонь дотор өттэй болон ядарсан хонь байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 307 тал/,

Гэрч Э.Ариунболдын өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Кайзер Флайшери ХХК-ийн ажилчид манайд ирж 56 эм хонь, 84 эр төлөг, 2 эм төлөг, 7 хуцан хурга аваад явсан. Бүгд өөр өөр им тамгатай боловч нэгдсэн ээмэгтэй байсан гэх мэдүүлэг /хх 308 тал/,

Гэрч О.Энхтүвшингийн өгсөн: Манайх 2014 оноос хойш Кайзер Флайшери ХХК-ийн малыг маллаж байна. Уг компани нь жил болгон сувиа хонинуудыг авдаг юм. 2015 оны 08 дугаар сарын 19-ний компанийн хүмүүс ирж 134 эр төлөг, 96 эм хонь, 3 хуцан хурга аваад явсан. Тэд Очирсүрэн болон түүний эхнэр Батдулам нартай ирсэн. Эр төлөгнүүдийг Очирсүрэнд хүлээлгэн өгнө гэж ярьсан. Тэгээд би компанийн ажилчдын хамт хонинуудыг тууж номтын булаг гэх газарт хүргэж өгсөн. Өгсөн хонинууд дунд ядарсан болон өтсөн мал байгаагүй. Эргүүтсэн төлөг 1 байсан гэх мэдүүлэг /хх 309 тал/,

Яллагдагч Ц.Очирсүрэнгийн өгсөн: ... Манайх гэдэг айл 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс аас хойш Кайзер флайшерай ХХК-ийн хонийг маллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус компаниас хүмүүс ирж малыг нь тоолон хүлээлгэж өгсөн. Тэгээд хүмүүс малаа тоолж эхэлсэн. Эхлээд компаний 51 хурга, 33 эм хонийг нэг бүрчлэн ялгаж гаргаад үлдсэн хонь нь 670 тооны эр хонь гэж хэлээд шууд тоогоор  нь хүлээлгэж өгсөн.  Тэгж байгаад 2016  оны  01  дүгээр сарын  22-ны  өдөр компаниас хонь ачиж явахаар хүмүүс ирээд хашаан дотор хонь мал хиллэж, жинлэж байгаад хонины хил хүрэхгүй байна гээд буцаад явсан. 2016 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдөр орчимд Дашинчилэнгийн менежер Батжаргалд утсаар хонь үхээд байна гэж хэлсэн ба удалгүй 01 дүгээр сарын 30-ны өдөр компаниас дахин хүмүүс ирж мал тоолсон. Тоолохдоо эхлээд 33 эм хонь, 51 хургаа гаргаад дараа нь хүүгийн болон манай хонийг давхар хашаанд ялгаж оруулаад үлдсэн хонио тоолоод 180 хонь дутуу байна гэж хэлсэн. Харин хайхрамжгүй, малаа хайнга хардгаас болж дутсан байх магадлалтай. 2016 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдөр компани малаа аваад явсан. Манай малыг Ууганаа гэдэг залуу хардаг байсан юм. Хааяа мал тасдуулсан л байдаг юм. Би өөрөө бол огт явдаггүй. Манай хонь 1 дүгээр сард тасраад хээр хоносон байдаг юм. Би хонь тасарсанг урд орой нь хашааныхаа хэмжээгээр багцаалдан мэдэж хэлээд өглөө нь эрж хайж байж олсон. Манайх малаа тоолдоггүй айл. Хашааныхаа багцаагаар харчаад яваад байдаг юм. Урьд нь 78 хонийг манайхаас нядалж байсан. Тэдгээр хонинуудын ээмэг гэж бодож байна. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр надад мал тоолж өгөхдөө ээмэгний бүртгэл огт хийгээгүй. Ямар дугаартай ээмэгтэй хонинууд байсныг би мэдэхгүй. Би санаатай хэрэг хийгээгүй. Харин хайхрамжгүй байдлаасаа болж компаний малыг дутааснаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор өр төлбөр барагдуулаагүй байгаа. Гэхдээ компани миний хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд авсан байгаа. Би хохирлыг нь барагдуулна. Би бусдын малыг дутааж хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Би компаний малнаас хайхрамжгүй байдлаар тасдуулж дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь төлж барагдуулна. Хэрхэн яаж үрэгдүүлсэн гэдгээ би мэдэхгүй байна. Намайг өвчтэй байхад манай эхнэр маань хаяад явсан юм. Өвчтэй байхдаа би малаа өөрөө маллаж чадаагүй. Кайзер Флайшерай ХХК-нь намайг ямар нэгэн байдлаар дарамталсан асуудал байхгүй. Эхнэр бид хоёр хоорондоо ярьж байгаад мал маллах санааг өөрсдөө гаргасан. Би байшингаа хохиролдоо өгмөөр байна… гэх мэдүүлэг /хх 138, 140 тал/,

Кайзер Флайшерай ХХК-ний малын зах зээлийн үнэлгээг тогтоохоор хийсэн дүгнэлт /хх 27 тал/, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойололт /хх 30 тал/, хөдөлмөрийн гэрээ /хх 36-43 тал/, Хаан банкны тогтоолын хариу болон депозит дансны хуулга /хх 44-51 тал/, малын тооцоо бодсон акт /хх 63 тал/, мал тооллогын карт /хх 63 тал/, мал шилжүүлгийн акт /хх 64-66 тал/, Баялаг-2 төслийн мал хүлээлцсэн бүртгэл /хх 67-70 тал/, Малын 10 ширхэг ээмэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсарах тогтоол /хх 83 тал/, малын ээмэг 10 ширхэгийг хураан авах тогтоол /хх  84 тал/, малын ээмэг 10 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 85-86 тал/, малын ээмгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 87 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 80-81 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи баримтууд /хх-141-154 тал/, нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтууд /хх 155-176 тал/, хураан авсан тухай тэмдэглэл /хх 184 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 185-186 тал/, Хаан банкнаас харилцагчийн мэдээлэл гаргуулан авах тухай тогтоол, түүнд хавсаргасан баримтууд /хх187-199 тал/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ний Орхон салбарын дүгнэлт /хх 210-219 тал/, Кайзер Флайшерай ХХК-ийн малын зах зээлийн үнэлгээг тогтоосон Лэндс ХХК-ийн дүгнэлт /2 дугаар хх 312-317 тал/, Кайзер Флайшерай ХХК-ийн тээврийн хэрэгсэлд зах зээлийн үнэлгээ гаргасан Лэндс ХХК-ийн дүгнэлт /2 дугаар хх 319-324 тал/ эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 ширхэг малын ээмэг зэргийг шинжлэн судлав.

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд Ц.Очирсүрэн нь Кайзер Флайшерай ХХК-ийн 754 тооны хонийг хөдөлмөрийн гэрээгээр маллаж байгаад 180 тооны хонь үрэгдүүлсэн хууль зүйн факт болжээ.

Энэ үйл баримт нь шүүгдэгч Ц.Очирсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Хайхрамжгүй байдлаасаа болж компаний малыг дутааж үрэгдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Би компанийн малыг үрэгдүүлж хохирол учруулсандаа маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, хохирогч Н.Мөнхбаярын өгсөн ...Ц.Очирсүрэнгийнд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр очиж малаа тоолж бүртгэхэд гэрээнд заасан малын тооноос 180 тооны хонь дутсан. Мөн 22 тооны хонь 4 төлөг, 1 эм хонь, 18 эр хонь байсан нь хорогдсон гэх ба бидэнд 15 тооны сэг зэмийг үзүүлж харуулсан. Нэхэмжлэлээ бүрэн хангуулна.. гэх мэдүүлэг, гэрч Т.Чулуундорж, Д. Баасансүрэн, А. Батжаргал Н. Энхболд нарын өгсөн ...01 дүгээр сарын 31-ний өдөр малаа тоолоход 180 эр хонь дутсан, бид нар уг хотонд байгаа бүх хонийг тоолоход хотноос нийт 764 хонь гарснаас эхлээд 33 эм хонь, 51 хургаа ялгаж гаргасан.. гэх мэдүүлэг ,гэрч З.Ууганбаярын өгсөн ...банкны хүмүүс ирж мөнгө нэхэж ирсэний маргааш  байх  Очирсүрэн ах компаний хониноос миний мэдэхийн 3 удаа авсан. Эхний удаа өөрийнхөө Портер машинаар 22 тооны хонь, дахин өөрийнхөө машинаар 25 хонь,  дараа нь хэд хоноод Гурванбулагийн гэх цагаан өнгийн микро машинаар 15 хонь ачаад засмал замаар нийлж Дашинчилэн сум руу явахыг харсан. Очирсүрэн ах хонь зарсан мөнгөө банк руу шилжүүлнэ гээд Дашинчилэн явсан бодвол өрөө дарсан байх. Өөрсдийнх нь яриагаар 1 хонио 45000 төгрөгөөр зарсан гэж байсан. Компани хонины чихийг улаан бариултай хайчаар тасдаж хаяж байсан  гэх мэдүүлэг, гэрч Б.Батдуламын өгсөн: ...манайх ахуйдаа хэрэглэдэг улаан бариултай хайчтай байсан гэх мэдүүлэг, гэрч  Ё. Ганбатын өгсөн ..Очирсүрэнгээс мал худалдаж авч байгаагүй гэх мэдүүлэг, гэрч М.Баянмөнхийн өгсөн ...Би 2015 онд Ц.Очирсүрэнгийнд 2 удаа очсон. Эхлээд 2015 оны 7 дугаар сарын дундуур Номын булагийн урдхан талд Цагаан дов гэх газарт зусаж байхад нь очиж 20 тооны хонь худалдан авсан. Дараа нь 7 сарын сүүлээр бас зуслан дээрээ байхад нь очиж 20 тооны хонь худалдан авсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Оюунцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, Ж.Равданцэрэн, Д.Алтангэрэл, Э.Ариунболд, О.Энхтүвшин нарын өгсөн...Очирсүрэнд хүлээлгэж өгсөн хонинууд янз бүрийн имтэй,нэгдсэн ээмэгтэй байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, мал хүлээлгэн өгсөн акт, малын тооцоо бодсон акт, малын ээмгэнд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримт болон зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Очирсүрэнгийн дээрхи үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Очирсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Кайзер Флайшерай ХХК-д 24208346 төгрөгийн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 180 тооны хонь үрэгдүүлсний үнэ 16200000 төгрөг,  2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шатахууны зардал 170000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдрийн шатахууны зардал 80011 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдрийн шатахууны зардал 26750 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдрийн шатахууны зардал 68000 төгрөг, 01 дүгээр сарын 29-ний өдрийн шатахууны зардал 59000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн шатахууны зардал 173000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн шатахуун, бээлээний зардал 231805 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн шатахууны зардал 70147 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн шатахууны зардал 249500 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн шатахууны зардал 249027 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн буудал, унааны зардал /тиз/ 81300 төгрөг,  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн шүүх ажиллагаанд оролцох унаа, байр, хоолны зардал 273000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн шатахуун, замын хураамж, тос, тосолны үнэ 210000 төгрөг, нийт 18141540  төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй боловч шүүгдэгчийн төлсөн мал 920000 төгрөг, 1 дүгээр сарын цалин 298000 төгрөг, 2 дугаар сарын ацлин 213000 төгрөг, үхэр 350000 төгрөг, адуу 500000 төгрөг, нийт 2281000 төгрөгийг хасч 15860540 төгрөг гаргуулж хохирогчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангахгүй болон хоолны зардал 1155972 төгрөг, хорогдсон малын 2120000 төгрөг, баримтгүй 509834 төгрөг, нийт 3785806 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч томилолтын зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ. 

Хохирлыг малын зах зээлийн үнэлгээг тогтоосон Лэндс ХХК-ийн дүгнэлт болон хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Очирсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 ширхэг малын ээмгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-63 БУЛ улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож түүнийг худалдан авсан эзэмшигч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг, 2 дугаар хороонд оршин суух Сүрэн-Очирын Батжаргалд буцаан олгож, мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 6х9 харьцаатай дүнзэн байшин, 1 га газар болон ?000121712 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ?000088225 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ц.Очирсүрэн нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож биеийн эрүүл мэндйн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цагаан овогт Цэдэндоржийн Очирсүрэн нь бусдын эд хөрөнгийг санаатай үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар шүүгдэгч Ц.Очирсүрэнг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Очирсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Очирсүрэнгээс 15860540 төгрөг гаргуулж хохирогч Кайзер Флайшери ХХК-д олгох, нотлох баримтын шаардлага хангаагүй 3275972 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, компаний ажилчдын томилолтын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 ширхэг малын ээмгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-63 БУЛ улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож түүнийг худалдан авсан эзэмшигч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг, 2 дугаар хороонд оршин суух Сүрэн-Очирын Батжаргалд буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 6х9 харьцаатай дүнзэн байшин, 1 га газар болон ?000121712 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ?000088225 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Ц.Очирсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 03 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Очирсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ