| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
2025 06 06 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч Э.Г, Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тийн Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эын Г нарт холбогдох эрүүгийн 2538000000036 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Эын Г,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Тийн Л,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” зоогийн газрын модон хаалга, ширээ, өнгөт эслэг хавтан зэргийг цохиж эвдэн хохирогч Д.Бт 415,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Л нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг зодож, түүний эрүүл мэндэд хуйханд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Г нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” зоогийн газрын модон хаалга, ширээ, өнгөт эслэг хавтан зэргийг цохиж эвдэн хохирогч Д.Бт 415,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Л нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг зодож, түүний эрүүл мэндэд хуйханд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 14-р хуудас),
Шүүгдэгч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр манай сумын *** дугаар багт адуучин тэмцээн болоод би түүнд оролцчихоод дуусахаар нь сумын төвд орж ирээд таньдаг дүү нарын хамтаар сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Э гэдэг газарт орж нэг өрөөнд орж сууцгааж тэндээсээ хоёр том сэрүүн нэртээ пиво аваад ууцгаасан. Тэгээд байж байхад манай эхнэр надтай хамт явсан дүүгийн гар утас руу залгаад байхаар нь дөнгөж авсан пиво задлаж байсан учир нөгөө дүүдээ чи хөдөө үлдсэн болоод ярьчих би энэ хоёр пиво уучихаад харилаа гэж худлаа утсаар яриулсан. Тэгээд нөгөө авсан хоёр пиво дуусахад 1 дүгээр багийн таньдаг залуу ямар сонин хүн явж байгаа юм гээд надад нэг пиво авч өгсөн тэрийг нь уугаад талдаа оруулаад байж байхад манай эхнэр тухайн бид сууж байсан өрөөний хаалгыг тогшсон. Тэгэхэд нь манай дүү хаалга онгойлгож өгөхөд манай эхнэр ууртай байрын байдалтай орж ирээд эхлээд хаалга онгойлсон. Дүүг цохиж авсан. Дараа миний хажуу талд байсан дүү цохиод дараагаар ширээ тойрч ирээд намайг цохисон. Тэгээд намайг хоёр цохиод явъя гээд байж байхад гаднаас Б эгч орж ирээд манай эхнэр рүү ширээн дээр байсан аягатай пивыг аваад зайл гээд цацаад араас нь аягыг шидсэн. Тэгэхэд манай эхнэр уурлаад гүйж очоод тэр хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Манай эхнэр газарт унасан байдалтай болсон. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгэхэд нь С, О хоёр очиж тэр хоёрыг салгасан. Би нөгөө хамт байсан дүү нарыгаа та нар харьцгааж бай ах нь учрыг нь олоод хариад амарлаа гэж хэлээд нөгөө хэдийг гаргасан. Тэгээд би өрөөндөө суугаад үлдсэн. Тэгэхэд Б эгч манай эхнэр Л нар кордорт хэрэлдэж байгаад манай эхнэр буцаж орж ирээд үүдээ түгжчихлээ ш дээ балай минь гэж хэрэлдсэн. Тэгээд бид хоёр тэр газраас гарах гэсэн боловч үүд нь гаднаасаа түгжээтэй байсан тэгэхэд миний уур хүрээд нөгөө хаалттай байсан модон хаалгыг ширээгээр цохиж эвдсэн. Тэгсэн цаанаас нь Б эгч төмөр хаалгыг нь онгойлгож өгөхөд мөн тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгсэн Б эгч миний хаалгыг эвдэж байгаа юм чинь би машиныг нь эвдэнэ гээд цохиод байсан. Тэгж байгаад машины хамар дээр байдаг жижиг толийг хуга цохисон байсан...Би гэм буруугаа хүлээн зөввшөөрч байна...эвдэрсэн эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 09-ны орой 00 цаг өнгөрч байхад би нөхөр Гг хайгаад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Э нэртэй бааранд явж ороод нэг өрөөний хаалга татаж үзэхэд дотроосоо Цтой байхаар нь тогшиход дотор нь байсан манай нутгийн дүү О онгойлгож өгсөн тэгэхэд тэр өрөөнд манай нөхөр Г, Ггийн үеэл дүү Смөн ахиад нэг нутгийн дүү Л, Ц, Т нар пиво уусан байдалтай сууцгааж байхаар нь минии уур хүрээд эхлээд нөхрийгөө цохиж авсан. Тэгээд мөн үеэл дүүг нь мөн цохиж авсан. Ах дүүгээрээ архи уулаа гэж би загнасан. Тэгээд байж байхад гаднаас тухайн Э нэртэй баарны эзэн эмэгтэй Б нь орж ирээд зайл гэж хэлээд ширээн дээр байсан аягатай пивыг авч над руу шидсэн. Тэгэхэд нь би та яаж байгаа юм бэ би энд гэр бүлийн зүйл ярьж байна гэж хэлсэн чинь урдаас гуйлгачин түүлэгчин над шиг баян хүн байхгүй энэ тэрээр ярьж хэлж намайг доромжилсон. Тэгснээ ирээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд зулгаасан. Тэгээд бид хоёрын үс үснээсээ зулгаалцаад байж байхад үснээс тавь гэхээр нь чи өөрөө эхлээд тавь гэж хэлсэн тэгэхэд үснээс тавихгүй байсан. Тэгээд байж байхад С, О нар ирж бид хоёрыг салгасан. Тэгж байхад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгааг нь би утсаараа бичлэг хийсэн. Тэгээд хэрэлдэж байгаад Б нь цаашаагаа дэлгүүр рүү яваад өгсөн. Би нөхрөө аваад явах гэсэн боловч манай нөхөр явахгүй суугаад байхаар нь би эхлээд явлаа араас гэртээ хариарай гэж хэлээд гарах гэсэн чинь гадаа үүд нь түгжээтэй байсан. Тэгээд хэсэг хаалгыг нь тогшиж явмаар байна гэж дуудсан боловч хэн нэгэн хариу өгөхгүй байхаар нь буцаж нөхрийн байгаа өрөөнд орж нөхөртэйгээ хэрэлдсэн. Тэгэхэд манай нөхөр босож ирж уурлаад тэгвэл би онгойлгоё гээд нөхөр хаалгыг нь ширээгээр цохисон чинь наад талын модон хаалга нь эвдэрсэн. Тэгэхэд Б нь гаднаас хаалгаа онгойлгож орж ирээд мөн над руу дайрсан. Тэгээд бид нар бөөнөөрөө гадаа гарцгаасан. Тэгээд намайг санаандгүй байж байхад шатнаас түлхэж унагаасан. Тэгээд манай хаалгыг та хоёр эвдлэлээ гээд машины цонх руу хэд хэд цохиж авснаа урдуур нь тойрч очоод хамар дээр байдаг жижиг толийг Б нь цохиж унагаасан. Тэгж байхад нь би цагдаа дуудъя гэхэд Б нь цагдаа дуудахгүй би ингэж хүний муу үздэг хүн биш та нар одоо зайл гээд байсан. Би уул нь тухайн үед нь цагдаад дуудлага өгөх байсан юм. Би тухайн үед цагдаа шүүхийн асуудал гаргахгүй юм байна гэж бодоод хаясан байсан юм...Би үснээс нь л зулгаасан. Цохиж авсан зүйл байхгүй...Бын биед учирсан гэмтлийг би учруулаагүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний орой Э зоогийн газар дээр ажилаа хийгээд байж байхад 23 цагийн үед гаднаас Г 2 найзын хамт орж ирээд танай жижиг өрөөнд хэсэг суучихаад гаръя гадаа хүйтэн байна гэхээр нь би за тэг гэж хэлээд жижиг өрөөндөө оруулаад суулгасан. Тэгэтэл манайхаас 2 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад сууж байхад нь гаднаас Гийн эхнэр Л орж ирээд тэр гурвыг цохиж нүдээд ууж байсан аягатай пивонуудыг нь хана руу шидээд ханын эслэг хаванг цөмлөөд зарим нэгийг нь барьж аваад хана мөргүүлээд хана цөмөлсөн. Тэгэхээр нь би явж ороод чи яагаад хүний өмч хөрөнгөнд халдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь янхан авгай минь чамд хамаагүй угаасаа чиний энэ хана чинь ийм цөмөрхий байсан гээд над руу дайраад байхаар нь би уурандаа аягатай пиво Л руу цацаад барьж байсан аягаа шал руу шидчихээд тэр өрөөнөөс гарах гээд явж байсан чинь араас ирээд куртикнаас зулгааж татаад миний толгой руу цохисон чинь миний толгойноос цус гарч эхэлсэн тэгээд намайг тавихгүй байсан чинь тэнд байсан нэг залуу нь ирэээд арай гэж салгасан чинь Г над дээр ирээд эгч та өрөөнөөс гарч бай би эхнэртэйгээ учраа олно гэхээр нь би тухайн өрөөнөөс гараад хаалгыг нь хаагаад бие засах гээд гадагшаа гараад буцаад орох хооронд тэр 2 хоорондоо хэрэлдэж зодолдоод манай зоогийн газрын үүдний хаалга, болон ширээг эвдсэн байсан. Тэгэхээр нь би тэр 2 руу яаж байга юм бэ хүний эд хөрөнгө эвдээд байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь дуугай бай муу гацаа авгай минь би төлөөд өгч чадна гээд намайг хэл амаар доромжлоод байсан...Миний уур хүрээд гадаа байсан машины хамар дээр байсан жижиг толийг нь гараараа цохисон чинь сууриараа уначихсан...Л миний үснээс зулгааж байгаад толгой руу 3-4 удаа цохихдоо гартаа машины түлхүүрээр цохисон байх гэж бодож байна. Толгойны оройноос цус гараад бүр тогтохгүй цус гоожоод байсан...Би гомдолтой байна. Миний биед гэмтэл учраад байнга толгой өвдөөд хэцүү байна. Сэтгэцэд учирсан хохирол болон эд зүйлд учирсан хохиролд 500,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т багт адуучин цэмцээнд оролцож дуусаад сумын төв рүү Г ах О, С нарын хамт орж ирээд Э зоогийн газар дээр ирээд өрөөнд нь орж 3 ширхэг Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво уугаад сууж байсан чинь гаднаас Г ахын эхнэр Л орж ирээд та нар ингэж явдаг болоо юу гээд бид нарыг цохиод байж байсан чинь өрөө рүү Б эгч орж ирээд Л эгчийг хэл амаар доромжилж байгаад аягатай пиво аваад Л эгч рүү цацаад аягаа араас шидсэн. Тэгээд хоорондоо хэрэлдээд байж байхад нь би тэндээс гараад гадаа нь байж байхад Б эгч зоогийн газраасаа гарч ирээд хаалгаа түлхүүрээр түгжээд хажуу талын байшин руу орчихоод гарч ирээд хаалгаа онгойлгосон чинь дотроос нь Г, Л, С, О нар гарч ирсэн тэгээд байж байтал Г ах Б эгчийг цохих гэж байхад нь би дундуур нь орж салгаад Г ахыг аваад явсан...Л, Б нар нэг нэгнийхээ үснээс зулгагаад зогсож байсан тэгэхээр нь би тэндээс гараад ирсэн...Гадаа зогсож байхад дотор нь түр нар гээд юм дуугараад хаалгаа онгойлго гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г ахын эхнэр Л орж ирээд та нар ингэж явдаг болоо юу гээд намайг эхэлж нэг удаа мөр рүү цохиод нөгөөдүүлийг цохиод байж байсан чинь өрөө рүү Б эгч орж ирээд Л эгчийг хэл амаар доромжилж байгаад аягатай пиво аваад Л эгч рүү цацаад аягаа араас нь шидсэн. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад Б, Л эгч 2 хоорондоо зодолдоод үснээсээ зулгаацаад байхаар нь С бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай:
1. А.Бын биед хуйханд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. А.Бын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
А хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11651 дугаартай: “...2024 оны 12 дугаар сарын байдлаар 415,000 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-54-р хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1071 дугаартай:
1. “Дийн Бын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000000036 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Г нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” зоогийн газрын модон хаалга, ширээ, өнгөт эслэг хавтан зэргийг цохиж эвдэн хохирогч Д.Бт 415,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Л нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг зодож, түүний эрүүл мэндэд хуйханд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Т.Л нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Д.Бын эрүүл мэндэд хохирол учруулаагүй...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч Т.Л нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Д.Бтой хамт байсан буюу шүүгдэгч Т.Лгаас өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч Т.Л нь хохирогч Д.Быг үсдэж зодсоны улмаас түүний биед хуйханд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Д.Бын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Лгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Шүүгдэгч Т.Л нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг зодож, түүний эрүүл мэндэд хуйханд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.Г нь “Э” зоогийн газрын модон хаалга, ширээ, өнгөт эслэг хавтан зэргийг цохиж эвдэн хохирогч Д.Бт 415,000 төгрөгийн хохирол учирсан болох нь А хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11651 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-54-р хуудас)-ээр тогтоогдсон бөгөөд бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” зоогийн газрын модон хаалга, ширээ, өнгөт эслэг хавтан зэргийг цохиж эвдэн хохирогч Д.Бт 415,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, шүүгдэгч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн шүүгдэгч Т.Лгийн нүүр рүү пиво цацсан зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Л нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, шүүгдэгч Э.Г нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, эд хөрөнгийг устгаж, гэмтээн хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Лгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч Д.Бын эрүүл мэндэд хохирол учруулаагүй...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэж байх боловч уг мэдүүлгийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Шүүгдэгч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Б эгч орж ирээд манай эхнэр рүү ширээн дээр байсан аягатай пивыг аваад зайл гээд цацаад араас нь аягыг шидсэн. Тэгэхэд манай эхнэр уурлаад гүйж очоод тэр хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан манай эхнэр газарт унасан байдалтай болсон. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан тэгэхэд нь С, О хоёр очиж тэр хоёрыг салгасан... “ гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Л миний үснээс зулгааж байгаад толгой руу 3-4 удаа цохихдоо гартаа машины түлхүүрээр цохисон байх гэж бодож байна. Толгойны оройноос цус гараад бүр тогтохгүй цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Л, Б нар нэг нэгнийхээ үснээс зулгагаад зогсож байсан тэгэхээр нь би тэндээс гараад ирсэн...Гадаа зогсож байхад дотор нь түр нар гээд юм дуугараад хаалгаа онгойлго гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б, Л эгч 2 хоорондоо зодолдоод үснээсээ зулгаацаад байхаар нь С бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 43-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Лгийн би Д.Бын эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгаа болно.
Тодруулбал дээр дурдагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч Э.Г нарын мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хохирогч Д.Б, шүүгдэгч Т.Л нар нь харилцан маргалдан үсдэлцэж зодолдсон гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байх ба тухайн үсдэлцэж зодолдсон үйлдлийн улмаас Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.
Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч Э.Г, Т.Л нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр (хх-ийн 26-28, 30-31-р хуудас) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд, эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Т.Л хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас)-ээр, шүүгдэгч Э.Г хохирогч Д.Бын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас 415,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “А” хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11651 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-54-р хуудас)-ээр тус тус тогтоогдсон.
Хохирогч Д.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролд 500,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 500,000 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжилж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1071 дугаартай:
1. “Дийн Бын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлтээр хохирогч Д.Бт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар дүгнэлт гарчээ.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч Д.Бт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, сэтгэл зүйн тогтворгүй байдал, тайван бус болох, санаа зовних, нийгмийн идэвх оролцоо буурах зэрэг гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүдийг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сард хүчин Т үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660,000х5=3,300,000 төгрөг)-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт 3,300,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч нараас тус бүр 1,650,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Бын эд хөрөнгөд учирсан хохирол 415,000 төгрөгийг шүүгдэгч Э.Г нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Э.Ггээс эд хөрөнгөд учирсан хохирол 415,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 1,650,000 төгрөг нийт 2,065,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бт, шүүгдэгч Т.Лгаас сэтгэцэд учирсан хохирол 1,650,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бт олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Бын эд хөрөнгөд учирсан хохирол 720,000 төгрөгийн зарлагын баримт хэрэгт авагдсан байх боловч тамга тэмдэг дарагдаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн хохирогч нь эмчилгээний зардал 500,000 төгрөгийг, эд хөрөнгөд учирсан хохирол 500,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч эмчилгээний талаарх баримт хэрэгт авагдаагүй тул эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Т.Лгаас, үнэлгээгээр эд хөрөнгөд учирсан хохирлын үлдэгдэл 85,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Э.Ггээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял, шүүдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.
Шүүгдэгч Э.Г: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Л: “...Хэлэх зүйл байхгүй...” гэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-84-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Лгийн хувийн байдлыг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87-90-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ггийн хувийн байдлыг тус тус тогтоов.
Шүүгдэгч Э.Г, Т.Л нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84, 90-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г, Т.Л нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Г, Т.Л нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч Э.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нар нь мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Г, Т.Л нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Г, Т.Л нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Э.Г, Т.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Тийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б овогт Эын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тийн Лг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эын Гг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Г, Т.Л нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Э.Ггээс 2,065,000 (хоёр сая жаран таван мянга) төгрөгийг, шүүгдэгч Т.Лгаас 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Бт олгосугай.
6. Эрүүгийн 2538000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Т.Лгаас, эд хөрөнгөд учирсан хохирлын үлдэгдэл 85,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Э.Ггээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Э.Г, Т.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР