Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

 

 

  2021           04           27                                      2021/ДШМ/12

 

 

 

Г.Б, Ж.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.Г,

Шүүгдэгч Г.Б /зайнаас/, өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгч Ж.Б /зайнаас/, өмгөөлөгч Ю.Н,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Б, Ж.Б нарт холбогдох, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э шүүгдэгч Ж.Б, Г.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2019000000066 дугаартай, 2 хавтас, 450 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Г.Б, Ж.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Г-ын Б,

 

Б овогт Ж-ы Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод М.Б, А.Б нарт хүч хэрэглэн довтолж гутал, пүүз болон бэлнээр А.Б-аас 35.000 төгрөгийг, М.Б-аас 45.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.Б нь хохирогч М.Б-ын толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд нь унтраах, хөлийн булчинд төмөр сэрээ зоож, хатгах, хохирогч А.Б-ын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр зодон хохирогч М.Б, А.Б нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 1 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ял, шүүгдэгч Г.Б-т 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цагаан өнгийн гар утас, эрэгтэй хүний гутал 1 ширхэг, хоолны төмөр сэрээ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Г.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г овогтой Б миний бие Дорноговь аймаг, Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-65 тоотод аав, ээж, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 3 сарын нээлттэй хорих ангид ял эдлэхээр шийтгэгдсэн. Тухайн хэрэг гарах өдөр найз Ж.Б-тай хөдөө ажилд явна гэж ярилцаж байгаад өглөө эрт явахаар болсон. Тэр орой би найзынхаасаа ажлын хувцсаа авахаар Ж.Б, Н гэх эгчтэй гурвуулаа явсан. Дэнжийн гүүрэн дээр Ж.Б-ы 2 дүүтэй таарч суулгаад Б гэх манай найзын гадаа очсон. Би гэр лүү нь ороход танихгүй 2 залуу архи пиво тавьчихсан уугаад сууж байсан. Найз Б-г асуухад хашаа байшингаа зараад нүүсэн гэсэн. Тэгээд тэр 2 залуутай танилцаад ганц, хоёр татсан. Гадаа манай найз байгаа гэж хэлээд цуг уух уу гэтэл тэг тэг гэсэн. Би гарч Ж.Б-ыг дуудаж оруулж ирээд хамтдаа суусан Ж.Б нэг залуутай нь муудалцаж нөгөө залуугийн толгойноос цус гараад байхаар нь Ж.Б нөгөө өрөө рүү угаахаар авч орсон. Удалгүй нөгөө залууг орж ирэхээр нь архи дуусч байна, дахиад ганц хоёр юм уух уу, мөнгө байна уу гэж асуухад А.Б гэх залуу 20000 төгрөг, М.Б гэх залуу 46000 төгрөг өгсөн. Би архинд яваад ирье гэж хэлсэн. Гарахдаа үүдэнд байсан гутлыг ахдаа өгчих гэж гуйсан. Тэр 2 залуу тэг тэг гэсэн. Намайг гарахад Ж.Б 2 дүүтэйгээ, Н гэх эгчтэй хамт машиндаа байсан. Ж.Б 2 дүүгээ хүргэж өгөхөөр гэр лүүгээ явсан. Гэрт нь очоод би тортой гутлыг тэднийд үлдээсэн. Тухайн үед Ж.Б намайг мөнгө гутал авсныг мэдээгүй байсан. Бүр сүүлд мөрдөн байцаалтын явцад мэдсэн. Иймээс миний энэ үйлдэлд Ж.Б хамааралгүй юм. А.Б гэх залуугаас би 35000 төгрөг аваагүй. 20000 төгрөг л авсан. Гарнет-2 гэх пүүз нь 40000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг пүүз нь ориг пүүз биш одоогийн ханшаар 200000-250000 төгрөгийн ханштай зарагдаж байгаа. Тухайн зодоон болох үед хохирогч гэх 2 залууд хүч хэрэглэн /довтолж/ аваагүй ярилцаж ойлголцоод гуйж авсан. Надад тэр хүмүүсийг дээрэмдэх санаа бодол байгаагүй, цуг ууя л гэж бодсон. Эрхэм шүүгчдэд хандан миний энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг үнэн сэтгэлээсээ гуйж байна. Надад анхан шатны шүүхээс олгосон 2 жил 3 сарын ялыг харгалзан үзэж хөнгөн шийтгэлээр шийтгэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж овогтой Б миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын 8-9 тоотод аав, ээж, 6 дүүгийн хамт амьдардаг. Миний бие гомдол гаргах болсон учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлчлэлээр 2 жил, 1 сар, 20 хоног нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэгдээд байгаа. Тухайн хэрэг явдал болдог өдөр Г.Б-тай хөдөө ажилд явна гэж ярилцаж байгаад өглөө эрт явахаар болсон. Г.Б “найз нь айлд ажлын хувцсаа үлдээсэн байгаа, тэрийг очиж авчихаад амаръя” гээд Г.Б-ын нэг эгчтэй нь хамт бид 3 тэр айл руу явж байтал дэнжийн гүүрэн дээр манай 2 дүү явж байхаар нь суу гэж хэлж суулгаад айлын гадаа очиж зогссон. Г.Б буугаад айл руу орсон. Би дүүтэйгээ юм яриад байж байхад 10 орчим минутын дараа Г.Б “пиво байна, уух уу” гээд намайг ороод ир гэж дуудсан. Намайг айлд ороход 2 залуу пиво тавьсан сууж байсан. Би ороод юм ярьж танилцаж сууж байгаад хувийн маргаан болж М.Б бид 2 муудалцсан. Маргаж муудаж дуусаад М.Б-ын толгойноос цус гараад байсан болохоор нь би толгой дээр нь ус хийж өгөхөөр үүдний өрөөнд очиж тэнд байсан төмөр төмпөнд угаасан. Тэгээд толгойг нь арчиж цэвэрлээд уучлалт гуйгаад байж байхад гадаа машин сигналдаад байхаар нь би гараад явсан. Намайг гараад явсны дараа мөнгө гутал авсан гэдгийг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал дээр хохирогч М.Б хэлдэг. Мөн шүүгдэгч Г.Б ч хэлдэг. Энэ хэрэгт гэрч О-ээс тодорхой дэлгэрэнгүй асууж мэдүүлэг аваагүй. Учир нь Г.Б гутал тавихдаа юу гэж хэлсэн талаар, Ж.Б гутал авчрахад мэдсэн эсэх талаар асуугаагүй. Мөн хохирогч М.Б, А.Б хоёрын гэрийн гадаа Б, А, хамт явсан эгч гэсэн хүмүүс машинд суугаад хүлээж байсан. Г.Б бид хоёрын хэн нь түрүүлж гарч ирсэн талаар болон Г.Б, Ж.Б нар гарч ирээд юу гэж ярьсан талаар мэдүүлэг аваагүй. Гадаа машинтай хүмүүс сигналдаад дуудаад байсан талаар хохирогч нар мэдүүлдэг. Мөн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр хохирлын дүн тодорхойгүй гэж харагдаж байна. Хохирогч А.Б нь надаас 35000 төгрөг, цөлийн шар гутал, шинээр нь 400000 төгрөгөөр авч байсан пүүз, мөн хохирогч М.Б-ын түрийвчинд байсан 45000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Мөн эвдэрсэн жи-1 маркийн гар утсаа 200000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харин шүүгдэгч Г.Б нь мэдүүлэгтээ 20000 төгрөг, нэгнээс нь 46000 мянган төгрөг авсан гэж мэдүүлсэн байдаг. Налайх дүүргийн прокуророос шилжиж ирсэн эрүүгийн хэрэг 2021 оны 03 дугаар сарын 24-нд шүүхэд ирсэн байхад энэ хэрэгтэй нэгтгэж шийдээгүй тусад нь шийдэж ял оноож миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад дээрэм хийх санаа бодол, зорилго огтхон ч байгаагүй. Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие М.Б, А.Б нарын биед учирсан гэмтэл болон хохиролд нь хууль ёсны хариуцлага хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн хуулийн хүрээнд миний амьдралын хувь заяа болон ирээдүйг минь харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өмнө нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогч М.Б өөрийн биеэр оролцсон байдаг. Энэ дээр “миний цусыг угаачихаад Ж.Б явчихсан, тэгээд би гал тогооны өрөөнөөс гараад том өрөө рүү ороход Г.Б мөнгө, гутал зэргийг авч байсан” гэдэг. Тэгэхээр энэ үйл явдал Ж.Б-ыг тухайн өрөөнөөс гараад явсны дараа Г.Б-ын үйлдэл эхэлсэн гэж харагддаг. Энийг бас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Б мэдүүлсэн байдаг. Үүн дээр Ж.Б-ыг “гутлын ул салангуут орны хажуу тал руу шидчихээд сууж байгаад гараад явсан” гэж мэдүүлдэг. Тэгэхээр 2 хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд бага зэргийн зөрүүтэй ийм асуудлууд байна. Үүнд дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирогчдоос зөрүүтэй мэдүүлгийг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй. Хоёрдугаарт тухайн үед О гэж ганцхан гэрч байсан ба тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл бол аваагүй байдаг. “Баяаха гутал авчирч өгсөн” гэсэн ийм л зүйлийг ярьдаг. Гэтэл энэнээс гадна хэрэгт холбогдоогүй гэрчүүд байгаа гэдгийг анх дурдсан. Тухайлбал гадаа машин сигналдаад тэр хоёр гараад явсан гээд хохирогч М.Б, А.Б нарын мэдүүлэгт байдаг. Тэгэхээр гадаа хүмүүс байсан гэдгийг мэдүүлдэг. Энэ машинд бол Б, А, бас нэг танихгүй эмэгтэй байсан гэдэг. Эдгээр гэрчүүдээс Б, Б, Б нарын тухайн үед хэн юу ярьж байсан, хэн нь түрүүлж гарсан, мөн гутлын талаар ч гэдэг юм уу, хэн түрүүлж гарсан, ирсэн гэсэн энэ мэдүүлэг авах ажиллагаа орхигдсон гэж үзэж байна. Гуравдугаарт Г.Б-ын 20 000 төгрөг авсан асуудлыг гомдолтой нь уялдуулаад үзэхээр Г.Б байнга ярьдаг л даа, анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа болон хоёр удаагийн анхан шатны шүүх хурал дээр дандаа 20 000 төгрөг авсан гэдэг. Тэгэхээр 35 000 төгрөг, 45 000 төгрөгийг хоёр хохирогчоос авчихлаа гэдэг. Гэтэл нотолбол зохих буюу хохирлын дүн тодорхойгүй байна уу гэж харахаар байна. Иймд мөнгөн дүнг тодорхой болгож байж шийдвэрлэх нь зүйтэй. Дөрөвдүгээрт анхан шатны шүүх Г.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхийн өмнө нь Налайх дүүргийн Прокурорын газраас Г.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг анхан шатны шүүхэд шилжиж ирсэн байсан. Тэгээд энэ хэргийг нэгтгэж шийдвэрлээч ээ гэдэг хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргаж байсан. Ингээд тусад нь шийдвэрлэж байгаа нь миний үйлчлүүлэгчийн ижил нэг төрлийн гэмт хэрэг дээр тус тусдаа ял шийтгүүлж байгаа нь эрхзүйн байдлыг дордуулж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчим буюу нэг гэмт хэрэгт нэг удаа л ял оногдуулна гэсэн зарчим. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал энэ нь үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн байдаг. Ингээд энэ хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь буруу юм аа гэсэн Г.Б-ы гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

 

            Шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэрэг нь Улсын дээд шүүх хүртэл яваад буцаад анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг байгаа. Улсын дээд шүүхээс буцаахдаа Эрүүгийн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь ноцтой зөрчил гэж үзсэн. Анхан шатны хуралдаан дээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Учир нь хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн А.Б, М.Б нарын мэдүүлэг зөрүүтэй байна. Үүнийг дахин мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгуулъя гэсэн боловч энийг бол хүлээж аваагүй. Ж.Б-ы гаргасан гомдолд хэрэгт авагдаагүй нотлох баримтад дурдагдаагүй шинээр гэрчүүд гарч ирж байна гэж үзэж байна. Тэр машинд бол дахиад 2-3 хүн байсан гэж мэдүүлсэн байна. Мөн уг хэргийн хохирол бол 35000 төгрөг авсан гэж яваад байдаг. Гэтэл Г.Б анхнаасаа мэдүүлэхдээ 20000 төгрөг авсан гэдэг. Энэ бүгдийг тогтоохын тулд дахиад мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай байна гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Б, Г.Б нарт холбогдох хэрэг анх 2020 оны 04 дүгээр сарын 29-өөс 04 дүгээр сарын 30-н шилжих шөнө үйлдэгдсэн байдаг. Энэ шүүгдэгч нарын холбогдсон хэрэг анхан шатны хоёр шүүх хуралдаанд, Давж заалдах шатны нэг хуралдаан, Улсын дээд шүүхийн нэг шүүх хуралдаан гээд үндсэндээ өнөөдрийн шүүх хуралдаантай нийлээд тав дахь шүүх хуралдаан хийгдэж байна. Бүх шүүх хуралдаанд шүүгдэгч нарт холбогдох хэрэг, үйлдсэн хэргийн үйл нотлох баримтын талаар дүгнэлт хийгдсэн байдаг. Шүүгдэгч Г.Б бол дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй юм, би зөвхөн зодооны гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнээс гадна Налайх дүүргийн Прокурорын газраас үйлдэгдсэн яллах дүгнэлт үйлдэгдсэн хэрэгтэйгээ хамт нэгтгэж шийдвэрлүүлье гэсэн гомдлуудыг энэ хэрэг дээр гаргасан байна. Нэгдүгээрт шүүгдэгч Ж.Б бол хэрэгт авагдсан нотлох баримтаа хэргийн үйл баримтаар бусдын эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхээс энэ нотлох баримтад зөв дүгнэлт хийсэн гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Яагаад гэхээр дээрмийн хэргийн үндсэн шинж бол хүний эрүүл мэнд, амь насанд, хүч хэрэглэж довтолсон үйлдлээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг. Энэ гэмт хэргийг бусдын амь нас, эрүүл мэндэд довтолсон үйлдлээрээ хоёр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд зүйлийг нь дээрэмдэж авсан энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдаан дээр өгсөн хохирогчийн мэдүүлэг, хэрэг шалгагдаж байх үед шүүгдэгч Ж.Б, Г.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар зөрүүгүй нийцэж байгаа нь энэ үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн. Үүнтэй прокурор санал нэг байна. Хоёрдугаарт Ж.Б “би өөрөө тодорхой хугацааны дараа мэдүүлгээ өөрчилж, би энэ дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй” гэсэн өөрийн үзэл бодлыг бусдад итгэл үнэмшил төрүүлэх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж мэдүүлгээ өөрчилж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд ч энэ мэдүүлгээ өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч энэ агуулгыг багтаасан мэдүүлэг өгч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцэхгүй юм. Өөрийн үйлдсэн гэмт хэрэг нь бусад хүн эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Шударга ёсны зарчимд нийцүүлж, энэ хэрэгт авагдсан нотлох баримт дээр зөв дүгнэлт хийх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Энэ нь дээрэмдэх хэргийг Ж.Б үйлдээгүй гэдгийг үгүйсгэх нотлох баримт огт байхгүй. ... Тийм болохоор Ж.Б-ы энэ гомдол бол хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж нотлогдсон, анхан шатны шүүхээс өгсөн дүгнэлтээр тогтоогдож байгаа учраас дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй гэдэг өөрийнхөө үзэл бодлыг бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар өөр өөр нөхцөл байдалд мэдүүлж байгаа мэдүүлгээр энэ гомдол нь үгүйсгэгдэж байна. Мөн Налайх дүүргийн Прокурорын газраас 3 гэмт хэргийг үйлдсэнд нь нэгтгэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Энэ хэрэг нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүх цахимаар хүлээж авсан байна лээ. Би сая хуралд орж ирэхээс өмнө цахимыг шүүлгэж үзүүлчихээд орж ирсэн байгаа. ... Энэ хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор сүүлд үйлдэгдчихээд шүүх дээр байгаа хэрэгтээ нэгтгэж шийдэхгүй байхад Ж.Б-ы Эрүүгийн хуулийн ерөнхий ангид шүүх шийдвэр гаргахаас өмнө үйлдэгдсэн хэрэг нь гарсны дараа илэрсэн бол тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм аа гэсэн энэ зохицуулалтаар дараагийн хэрэгтээ нэгтгэж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Гуравдугаарт шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр төрлийн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхад түүнд 2 жил 1 сар 20 хоногийн ял оногдуулсан нь тухайн хэргийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон хэргүүдэд зүйл, хэсэг, заалтад заасан ялын хамгийн доод хэмжээг оногдуулж нэгтгэсэн байгаа нь харагдаж байна. Тэгэхээр дараагийн гэмт хэрэгтээ нэгтгэж шийдэж байгаа нь Ж.Б-ы хувьд эрхзүйн байдал нь хөнгөрөхгүй. Яагаад гэхээр энэ хэргийг хэдийгээр ингээд шийдчихсэн, ялын доод хэмжээг оногдуулаад нэгтгэчихсэн шүүхийн шийдвэр байгаа боловч шүүгдэгч Ж.Б-ы энэ 2 төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, үйл баримт, хэргийн оролцооны хэлбэр хэмжээг дүгнээд үзэх юм бол Ж.Б энэ нөхцөлөөрөө 2 төрлийн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн, дээр нь дээрмийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг шүүх дүгнэлт хийгээгүй ял оногдуулсан асуудал нь дараагийн гэмт хэрэг дээр оногдуулсан ялтай нэгтгэж, шийтгэх тогтоолыг хооронд нь нэгтгэхэд эрхзүйн байдал нь хүндрэхгүй зөрчигдөхгүй гэж үзнэ. Дөрөвдүгээрт анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч Ж.Б болон тухайн зүйл ангид нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан ял оногдуулсан хэдий боловч шүүхийн шийдвэрт бол эдгээр шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлт нь зөрүүтэй гэж үзэж байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тодорхой заасан байдаг. Гэтэл дээрмийн гэмт хэрэг дээр хүндрүүлэх бүрэлдэхүүний гэмт хэргийн үндсэн шинжид багтааж оруулаагүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж үзнэ. Хэрэв гэмт хэргийн шинж тусгагдсан байвал хүндрүүлэх нөхцөл байдлыг давхар барихгүй юм аа гэсэн зохицуулалтыг шүүх дүгнэлт хийгээгүй учраас давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс энэ хүндрүүлэх нөхцөл байдал, шийтгэх тогтоолд нь нэмж дүгнэлт хийж шийдвэрлэж өгөөч ээ. Ялын тухайд бол прокуророос өөрчлөх, хүндрүүлэх санал тавихгүй, шүүгдэгч Ж.Б-ын тухайд ял хөнгөрүүлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэст нь шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч талаас энэ хэргийг прокурорт буцааж, мэдүүлгийн зөрүүг арилгая гэдэг. Тэгэхээр энэ хэргийг буцааснаар ямар үйл баримтад  өөрчлөлт орох юм бэ гэдэг асуудал огт хөндөгдсөнгүй. Зөвхөн хохирогчоос шүүх хуралдааны явцад мэдүүлэг авчихсан байхад дахиад заавал ч үгүй мөрдөн шалгах ажиллагаанд очиж мэдүүлэг авахаараа зөрүү нь арилчихдаг юм уу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа аль ч шатанд хуулийн дагуу ижил түвшинд явагддаг учраас хэргийг прокурорт буцаах ямар ч шаардлагагүй. Шаардлагатай байсан бол Улсын дээд шүүхээс буцаах байсныг дүгнэх хэрэгтэй байх. Иймд энэ 2 хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд хамт оролцуулж авсан хохирогчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинэчлэн судалж, тал бүрээс нь дүгнэлт хийсэн учраас энэ хэрэг дээр нэмж шалгах зүйл байхгүй, харин авагдсан нотлох баримтуудынх нь хэмжээнд дүгнэлт хийж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нараас гарсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнээс гадна энэхүү шийтгэх тогтоол дотор шүүгдэгч нар нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг дүгнэлтийг хийж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ж.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Ж.Б, Г.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод хохирогч М.Б, А.Б нарын амьдарч байсан байранд очиж Болдоо гэгчийг асуун сурж, улмаар шүүгдэгч Ж.Б нь хохирогч нарын ууж байсан пивог асгаж, шилэн стаканаар хохирогч М.Б-ын толгой руу цохиж, нүүр лүү нь өшиглөж, толгой дээрээс нь ундаа болон пиво асгаж, татаж байсан тамхиа түүний хүзүүн дээр дарж унтраасан, гар утсыг нь булаан авч газар шидэж, түүний хөлийн булчин хэсэгт төмөр сэрээгээр хатгаж, мөн хохирогч А.Б-ын толгой, нүүрийг гутлаар зодох зэргээр хохирогч М.Б, А.Б нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба гарч явахдаа  Ж.Б, Г.Б нар нь хохирогч нарын гутал, пүүз болон бэлнээр А.Б-аас 35.000 төгрөгийг, М.Б-аас 45.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, тэдэнд нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан тухай хэргийн үйл баримт хэрэгт цугларсан хохирогч М.Б, А.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэсэн дээрэмдэх гэмт хэргийн, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, тэдэнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хамгийн бага ялыг буюу шүүгдэгч Ж.Б-д нийт 2 жил 1 сар 20 хоногийн, шүүгдэгч Г.Б-т 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцжээ.

 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч М.Б, А.Б нарын мэдүүлэг болон эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг /Ашид билгүүн ХХК 1хх-60-62/ үндэслэн гар утас 60000 төгрөг, гутал /цөлийн шар/ 65000 төгрөг, пүүз /гарнетт/ 350000 төгрөг, бэлэн мөнгө 80000 төгрөг, нийт 555000 төгрөгөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 1.5, 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт эдгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд болох эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэх өөр нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Г.Б-ын “...хохирогч А.Б-аас 20000 төгрөг авсан, пүүзний үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тогтоосон...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй ба ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоогоогүй гэж үзэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

            Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй.

 

            Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэхээр, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр заасан ба эндээс үзвэл хоёр буюу түүнээс дээш тооны этгээдүүд гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран үйлдэл, үзэл бодол, зорилго, сэдэлтээрээ нэгдэж, тэдний гэмт үйлдлийн үр дагавар нь оролцогч бүрийн хийсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх, оролцогч бүрийн гүйцэтгэсэн үйлдэл нь бусад оролцогчдын зүгээс гэмт үйлдэл хийх шалтгаан болсон байх зэрэг нь гэмт хэрэгт хамтран оролцох буюу гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

            Мөн дээрэмдэх гэмт хэрэг гэдэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын  эд хөрөнгө, эд юмсыг хууль бусаар авах зорилгоор тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж халдаж довтолсон үйлдлийг ойлгоно.

 

            Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хохирогч нарын өгсөн мэдүүлгийг үүнд: шүүгдэгч Г.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ  “...би нөгөө үл таних залуугаас дүү мөнгө байна уу гэж асуухад нөгөө залуу түрийвчнээсээ 20.000 төгрөг гаргаж надад өгсөн. Тэгтэл Б үл таних 2 залуу руу хандаж түрийвчээ, утсаа өг гэж хэлэхэд 2 үл таних залуу цагаан өнгийн iphone 5 маркийн гар утас, хар өнгийн дэлгэдэг болон хүрэн өнгийн 2 ширхэг түрийвчийг ширээн дээр тавьсан. Тэгээд би хүрэн өнгийн түрийвчнээс 46.000 төгрөгийг нь авсан. Нөгөө түрийвчинд нь мөнгө байгаагүй. Цагаан өнгийн iphone 5 маркийн гар утсыг нь буцаагаад 1 залууд нь өгсөн. Мөн би шар өнгийн хагас түрийтэй 1 ширхэг цөлийн шар гутал, хар өнгийн найяк нэртэй пүүзийг үл таних 2 залууд ахдаа өгчих гэж хэлээд авсан....” гэж /1хх-52/,

 

Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Би Б-ыг хүн зодоод байхаар нь салгаж гэрээс гаргасан. Б-ыг гарч явсны дараа би гэрт үлдээд тухайн 2 залуугаас эхлээд 20.000 төгрөг, дараа нь дахиад пиво авч ууя гэж хэлээд 46.000 төгрөг авсан. Мөн шар өнгийн гутал, хар өнгийн пүүз авч гараад …” гэж /1хх-8/

 

Шүүгдэгч Ж.Б  гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Гарахдаа би ширээний хажууд байсан хар гутлыг нь аваад тухайн залуугийн шилэн хүзүү рүү нь цохиод гэрээс гарсан. ... Мөн намайг уг 2 залууг зодчихоод юм яриад сууж байхад Баяахай уг 2 залуугийн түрийвчинд байсан мөнгийг гаргуулж авсан. Нэг залуугаас нь 20.000 төгрөг, нөгөө залуугаас нь 45.000 төгрөг тус тус авсан....” гэж /1хх-50/,

 

Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би Б-ыг мөнгө авсан талаар нь мэдээгүй, цагдаа дээр ирээд л мэдсэн. Гутал авсныг нь ээжээсээ мэдсэн. Манай ээж Б 2 гутал авч ирсэн гэж надад хэлсэн....” гэж /1хх-15/

 

Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “... Тэгээд уг хоёр залуу явахдаа ах нар нь мөнгийг чинь авлаа гээд Б-аас 35000 төгрөг, надаас 45000 төгрөг, мөн Б-ын хагас түрийтэй шар гутал аваад өмсөөгүй байсан, мөн Гарнетт-2 загварын хар өнгийн пүүзийг аваад явсан....” гэж /1хх-37/

 

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “... Б болон хамт орж ирсэн залуу явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, мөн шинээр нь 400.000 төгрөгөөр авч байсан пүүз, мөн миний түрийвчинд байсан 35000 төгрөг, Б-ын түрийвчинд байсан 45000 төгрөгийг ах нар нь авлаа гээд яваад өгсөн ...” гэж  /1хх-43/ мэдүүлснээс тус тус үзэхэд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй буюу тэдний мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, санаа зорилго нэгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарыг эхнээсээ бусдын эд хөрөнгийг дээрэмдэх зорилготой хохирогч нарын бие эрүүл мэндэд халдсан гэж үзэх сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй хэдий ч довтолгоон хийж хүч хэрэглэх явцдаа хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан, шүүгдэгч нарын хэн аль нь ямар нэг байдлаар энэхүү хууль бус үйлдлийг зогсоогоогүй, харин ч гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хамтран захиран зарцуулсан, хохирогч нар хүчинд автаж, эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүссэний улмаас эд хөрөнгөө авч явахыг эсэргүүцээгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул тэднийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр санаа зорилго нэгдсэн буюу хамтран оролцож бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

 

            Улмаар шүүгдэгч Г.Б “ ... тухайн үед Б намайг мөнгө гутал авсныг мэдээгүй байсан. ... миний энэ үйлдэлд Б хамааралгүй ...” гэж, шүүгдэгч Ж.Б “...намайг гараад явсны дараа мөнгө гутал авсан ... надад дээрэм хийх бодол санаа зорилго огтхон ч байгаагүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан нь үндэслэлгүй ба гэмт хэрэг үйлдсэн газраас түрүүлж гарч явсан, эд зүйлийг хэн авсан нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй, санаа сэдэл нэгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүйн гадна энэхүү гомдолд дурдсан нөхцөл байдал хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Ж.Б нь өөр гэмт хэрэг үйлдсэн, ялыг нэгтгэж оногдуулаагүй нь эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргаж, гомдолдоо Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аяанагүлээс үйлдсэн яллах дүгнэлтийг хавсаргаж ирүүлжээ.

 

            Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар “Ялтан ... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2-т “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ.

 

            Эндээс үзвэл шүүгдэгч Ж.Б-ыг шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар ялыг нэгтгэж, эсхүл тусад эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аяанагүлээс үйлдсэн яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх ба энд заасан гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шүүгдэгчийн хувьд ойролцоо цаг хугацаанд, нэг төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлэх нөхцөл бүрдсэн байгаа хэдий ч шүүгдэгч Ж.Б-д одоо хорих ял оногдуулсан ба тухайн зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүйн гадна Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчихгүй юм.

 

Иймд шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ж.Б нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь 33 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

 

                                   ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                        Н.БАТЧИМЭГ