| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/03125/и |
| Дугаар | 669 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 669
Л.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00295 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Г-д холбогдох
Гэм хорын хохирол 4 364 821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ү,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дээд давхрын Н.Г-нх 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн цагаас өглөөний 07 цаг хүртэл ус алдаж 4-1 давхрын бүх айлд ус алдаж манайх хамгийн их хохирсон. Мөн өдрийн 03:00 цагт бидний дуудлагын дагуу шуурхай албаны засварчин ирж 01 дүгээр сарын 24-ний өдөр ОСНААУГ-н Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-оос техникийн комиссын акт №4-ийг гаргасан. Комиссын дүгнэлтээр ус алдсаны улмаас манай гал тогоо, ванн, 00-ийн өрөө, коридор, 2 том өрөөний хана, таазны шохой, эмүльс, обой хууларсан, цахилгаан монтаж гэмтэлтэй, паркетан шал хөөж бөмбийсөн, хаалганы хавтас норж гажсан хэмээн тодорхойлсон. Мөн Bendo ХХК-д хандаж 3 784 821 төгрөгийн хохирол учруулсан тухай дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар Н.Гансүх манай хохирлыг барагдуулаагүй, ердөө л ханын обойг хуулж, таазны шохойг цэвэрлэснээс өөр ажил хийгээгүй. Энэхүү байдлын үр дүнд тоосонцор ихтэй, аюултай орчинд сүүлийн 5 сар гаруй хугацаанд амьдарч байна. Мөн түүнчлэн хохирлын шаардлагыг үл зөвшөөрч, хэл амаар удаа дараа доромжилж, гэртээ тав тухтай, тайван амьдрах эрхийг минь 5 сар ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байна. Мөн Хаан даатгалаас бидний хохиролд өгсөн 500 000 төгрөгийг засварын ажилд нэмэрлэх гэж авсан нь хууль бус юм. Иргэн Гансүх өөрийн хөрөнгөөр хохирол барагдуулж өгөх ёстой. Иймд ус алдасны улмаас үүссэн хохирлыг арилгах засварын төлбөр болох 3 784 821 төгрөг, Bendo ХХК-д даатгалын хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 80 000 төгрөг, Хаан даатгалаас манайд өгсөн 500 000 төгрөгийн хамт нийт 4 364 821 төгрөгийг хариуцагч Гансүхээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гадаад улс руу гэр бүлийн хамт яваад 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Явахаас өмнө нүүр гарын угаалтуурын крантаас ус гоожоод байна шалгуулъя гэсэн дуудлагыг ОСНААУГ-т БЗД-ийн 4 хороо хариуцсан ХҮТ 2-т дуудлагыг өгч засварлуулсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө нүүр гарын угаалтуурын холигч тас буудаж, ус алдсан тухай техникийн актад тэмдэглэгдсэн байдаг. Энэ үед доод айл болох У.Ү (нэхэмжлэгч Л.А-ийн хүү) нь эзгүй байсан гэж хөршүүд хэлсэн. Ус юунаас болж алдсан байж болохыг тодруулахад ус алдахаас өмнө орон сууцны усыг нийтээр нь тасалж, шугам гэмтсэн учраас засварлаж байгаа гэсэн хариуг контороос суугчдад хэлсэн байдаг. Энэ талаар 1-3 давхарын айлууд бидэнд өөрсдөө мэдээлсэн. Ингээд шугамд гарсан гэмтлийг засварлаж дуусаад 2018 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрөө усыг буцаан тавьсан гэж тухайн өдөр байсан СӨХ-ийн ажилтан бидэнд хэлсэн үүнээс үүдэн нүүр гарын угаалтуурын холигч хүчтэй даралттай ус ирсний улмаас даралтаа даалгүй зад буудсан. Ус алдсаны маргааш Г.Н /онгоцноос бууж/ бүх айлуудаар орж нөхцөл байдалтай танилцаж, уучлал хүсч айл бүртэй уулзаж, ярилцсан. Ингээд ОСНААУГ-ын ХҮТ-2-ын хариуцсан байцаагчаас тодруулахад, танайх явахаасаа өмнө дуудлага өгч, шалгуулж, янзлуулсан байна. Бид танайх өмнө нь дуудлага I үйлчилгээ авсныг шалгасан. Бид шөнө ус алдаж байна гэсэн гомдол хүлээн аваад шугамаа хаасан, дуудлага 2, 3 давхрын айлаас ирсэн. Ус 4 давхрын айлаас алдаад байна энэ айл ус алддаг болохоор дахин ус алдсан байх гээд хаалгыг тогшиход эзгүй байсан гэж суугчид хэлсэн. Шугам хаагаад удаагүй 2 давхрын айл нялх хүүхэдтэй гээд усаа нээ гээд бид шугам нээхэд улам их ус алдаж 1 давхар хүртлээ ийм байдал үүссэн. Энэ явдалд танай 2 давхрын айл бас буруутай гэсэн. Манайх даатгуулсан Хаан даатгал ХХК-д материалаа өгч даатгалаас хохирлыг үнэлж 1 053 000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулан төлбөрийг 4, 2, 1 давхрын айл тус бүрт гаргуулж мөнгийг шилжүүлж, нэхэмжлэгчид 503 000 төгрөгийг У.Үнэнхүүгийн дансанд хийсэн. Харин 3 давхрын айл танайх яавч ус алдах айл биш энэ контороос л болсон байх гэж бидэнд хэлсэн. 1 давхрын айл бид хохирлын төлбөрөө авахгүй харин засвараа хийлгэнэ гэснээр бид засварыг хийж өгсөн. Нэхэмжлэгч анх “Бид ийм бага мөнгөөр засвараа хийж чадахгүй нь мэдээж, тэгэхээр танайх засвар хийж өгөөрэй” гэсэн шаардлагыг тавьсан. Бид ус алдсан нь манайхаас хамаараагүй харин ямар учраас холигч буудаж задарсныг мэдэхгүй ч энэ талаар асуудал тавьж конторт гомдол гаргаж шийдвэрлүүлэх бодолтой байгаа гэдгээ хэлсэн. Манайхаас хамаараагүй гэдгийг бид өөрсдийн санаатай болон болгоомжгүй байдлаас уг үйл явдлыг бий болгоогүй нь дараах үндэслэлтэй. Гадаад улс руу явахаасаа өмнө холигчоос ус гоожоод байгааг засварлуулж бүх зүйлсээ сайтар шалгаад явсан. Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хуульд заасан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй, олон цагаар ус алдуулж бүр 1 давхарын айл хүртэл ус алдуулсан нь ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Гэвч бид хэн нэгэнд бурууг өгч асуудлыг хүндрүүлэхийг бодоогүй харин асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Бид засвар хийх материалуудаа худалдан авсан, мөн засвар хийлгэх хүндээ урьдчилгаа төлбөрийг төлсөн зэрэг зардал гарсны дараа засварын ажлаа хийлгэхгүй гэж хэлж байгаа нь биднээс илүү их төлбөр авч, байрандаа бүтэн засвар хийлгэх хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь хувь хүний ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч зөвхөн учирсан хохирлыг бус өөрийн байрандаа иж бүрэн засвар хийлгэх хэмжээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Даатгалын нөхөн төлбөрөөс нэхэмжлэгчид төлсөн 500 000 төгрөгийг бид буцаан авч засвар хийхээр ууттай багс, зүлгүүр, өнхрүүш, төмөр резинэн бээлийнд 20 500 төгрөг, 505 цавуу, зүлгүүрт 13 500 төгрөг, 40 цавуунд 15 500 төгрөг, орос потрон, мушгиа гэрэл, лед гэрэлд 11 000 төгрөг, обой, цавуу, эмульст 234 000 төгрөг, замаскт 26 000 төгрөг, гялгар ууттай наалтанд 14 000 төгрөг нийт 334 500 төгрөгийг, ОСНААУГ-ын ХҮТ-2-ийн цахилгаанчны ажлын хөлсөнд 6 000 төгрөгийг 5 сарын байрны төлбөрт тооцуулж төлсөн, барилгын засварын ажлын хөлсний урьдчилгаанд бэлэн бусаар 350 000 төгрөг, бэлнээр 100 000 төгрөгийг нийт 450 000 төгрөгийг, А шатны түрээст өдрийн 10 000 төгрөгөөр тооцож 10 өдөрт нийт 100 000 төгрөгийг, барилгын материал зөөхөд зарцуулсан шатахууны үнэд нийт 60 000 төгрөгийг нийт 950 500 төгрөгийг зарцуулаад байна. Тухайн өдөр ус алдаж, гэм хор учирсан нь бидний санаатай болон болгоомжгүй үйлдэл (эс үйлдэл)-ээс шалтгаалаагүй харин бид өөрсдөө хохирогчдын нэгж болж байна. Иймээс нэхэмжпэгч талын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнг эс зөвшөөрч Хаан даатгал ХХК-аас хохирлын нөхөн төлбөрт нэхэмжлэгчид гаргуулсан 500 000 төгрөгт дүйцүүлэн авсан барилгын материалыг нэхэмжлэгч талд буцаан өгөх саналтай байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №02-05-095 тоот Шинжээчийн дүгнэлтээс харахад ус алдсан шалтгаан нөхцөлийг мэргэжлийн үүднээс нарийвчлан тогтоосон байх бөгөөд нийт 5 ажлын хүрээнд: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113-43 тоотод орших хариуцагч Н.Г-ийн өмчлөлийн орон сууцны угаалтуурын холигч кран хагарч, задарснаас ус алдсан шалтгааныг тодруулсан. Тус дүгнэлтийн 2.1-д ...ариун цэврийн угаагуурын холигч кран хуучирч элэгдсэнээс холигчийн голд гэмтэл үүсч, ус алдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байхад уг холигч краныг иж бүрнээр нь солихыг хэрэглэгчид зөвлөөгүй, 2.2-т ...Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1.1 /хэрэглэгчийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийж заавар, зөвлөгөө өгөх/ гэх заалтыг хангалтгүй зохион байгуулсан гэх зэрэг дүгнэлтэд дурдсан хариулт болон шинжээчийн ажигласан бусад нөхцөл байдлыг харахад, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас болоогүй харин ОСНААУГ-ын ХҮТ-2-ын мэргэжлийн ажилчдын хариуцлагагүй байдлаас шалтгаалж ус алдсан байгааг тодорхой дурдсан байна. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу бидний санаатай үйлдэл болон болггомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээс гэм хор учраагүй гэдэг нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ОСНААУГ-ын ХҮТ-2-т өгсөн дуудлага болон гадаад паспортын хуулбаруудаар тус тус нотлогдож байна. Мөн түүнчлэн Л.А нь засвараа хийлгэнэ гэж харилцан тохиролцоод хэсэг хугацааны дараа хийлгэхээ болилоо гэх мэтчилэн яах нь мэдэгдэхгүй явсаар байсан ингэхдээ гэр бүлийг минь элдвээр байнга доромжилсноос ээжийн минь зүрх өвдөж эмнэлэгт хүртэл хэвтсэн, бидний сэтгэл санаа, амар тайван байдлыг илтэд алдагдуулсан. Үүнтэй холбоотой бидэнд эмчилгээний зардал, эмнэлгийн зардал, эм тарианы зардал хүртэл гарсан. Хэрвээ бидний зүгээс уг айлд засвар хийхгүй илтэд амьдрах нөхцөл байдлыг алдагдуулж хохироосон, ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар байсан бол бид хариуцлагаа үүрэх нь зүйн хэрэг. Гэвч ийм нөхцөл байдал үүсээгүй байхад өөрсдөө энэхүү нөхцөл байдлыг үүсгэчихээд биднийг юу ч хийхгүй байгаа мэтээр аашилж, илтэд гүтгэж, байрандаа иж бүрэн засвар хийх хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж байгаа гэж бид үзэж байна. Иймээс засвар хийхтэй холбогдон гарсан нийт зардал болох 950 500 төгрөгөөс Хаан даатгалаас олгосон нөхөн төлбөр болох 500 000 төгрөгийг хасч, мөн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш32018/17313 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу шинжээчийн төлбөрт 500 000 төгрөгийг төлсөн зардлыг нэмээд нийт 950 500 төгрөгийг Л.А гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээд талын айлаас ус алдсан. 2 хоног дараалан их хэмжээний ус алдсан. Обой, шал, жижиг цахилгааны монтаж гэмтсэн. Өвөл засвар хийгээд хэрэггүй гээд хойшилсон. 3 сард ээж нь өвдсөн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Шууд үгүй гэж хэлээгүй. Би н.Г-тэй уулзаад засвар хийнэ гэхэд 6 сард их засвар хийнэ тэр хүртэл хүлээ гэсэн. Би тэр үед бухимдсан. Ээж нь болохоор 10 хэдэн жил засвар хийгээгүй элэгдэлд орсон гэж байсан. Үүнээс болж үл ойлголцсон. Ус алдсанаас болж амьдрах боломжгүй болсон. Засвар хийхэд бэлдээрэй гэсэн учир, бүх тавилгаа жижиг өрөөндөө оруулаад өөр газар амьдарсан. Би хаяадаа эргэж очиж, заримдаа хонодог байсан. Даатгалаас 503 000 төгрөг өгсөн. Даатгал бол 100 хувь үнэлгээгүй, тодорхой хувийг үнэлдэг. Би 3 давхрын өвөөтэй далимдуулаад засвар хийнэ гэх зүйл яриагүй. Барилгын материалыг хэрэглээгүй, гэрт байгаа. Буцаагаад өгч болно. Засвар хийх гэж А шат түрээсэлсэн гэх зүйлийг мэдэхгүй. Шинжээчид өгөх зардлыг яагаад бид хариуцах болсныг мэдэхгүй байна. Үүнийг контортой холбоо бариад шийдэх нь зүйтэй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Г-с 3 861 821 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.А д олгож, нэхэмжлэлээс 500 000 төгрөгийн шаардлага болон, хариуцагч Н.Г-ийн нэхэмжлэгч Л.А гаас 950 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 81 787 төгрөг, хариуцагчаас төлсөн 27 362 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Г-с 76 739 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.А д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хуульд заасан өмчлөгчийн үүргийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т зааснаар "Өөрийн орон сууцан доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн засвар үйлчилгээний хөлсийг төлөх" гэж заасан. Бид энэхүү хуульд заасан үүргээ гадаад улс руу зорчихоос өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ОСНААУГ-ын "ХҮТ-2" болох харьяалагдах конторт нүүр гарын угаагуурын крантнаас ус гоожоод байгаа талаар дуудлага өгч засварыг гүйцэтгүүлсэн. Энэхүү нотлох баримт нь биднийг хуульд заасан өмчлөгчийн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь бид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагад /ОСНААУГ-ын ХҮТ-2/ хандаж үйлчилгээнийхээ хөлсийг төлсөн. Иймээс биднийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдөр ус алдах үед гэртээ байгаагүй, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас угаалтуурын холигч задарч ус алдаагүй..." гэсэн нь бидний буруутай үйлдлийн улмаас ус алдаагүй гэдгийг шүүхээс тогтоосон атал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг үндэслэн гэм хорыг арилгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэх заалтыг зөрчиж байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагчийн гэм буруугүйг үгүйсгэнэ гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа үндэслэл бүхий байдлаар өөрөө нотлох, зохих баримтуудаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна." гэжээ. Гэтэл бид тус шүүхэд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулаагүй гэдгээ нотлож, холбогдох нотлох баримтыг гаргаж, бүрдүүлж өгсөн. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх нэгээхэн хэсгийг ч үндэслэл болгоогүй, иш татаагүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Бид баримтыг зүгээр нэг гаргаж өгөөгүй харин бидний хууль бус үйлдлээс болоогүй гэдгээ хангалттай нотлохын тулд гаргаж өгсөн. Гэтэл тус шүүх нотлох баримтыг хангалттай үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчиж байна.
Бид гадаад улс руу зорчихоос өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр угаагуураас ус гоожоод байгаа талаар ХҮТ-2-т утсаар дуудлага өгч засуулсан. Мөн үүнтэй холбогдуулан ус алдсан шалтгааныг тодруулахаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийн 2.1 дэх хэсэгт дурдсанаар, "...холигчийн голд гэмтэл үүсч, ус алдаж...", мөн тус дүгнэлтийн 2.3-т "нэгэнт эзэнгүй байгаа айлд ус алдсаны улмаас хэрэглээний усыг ташираар нь босоо шугамаар нь хаасан байхад холбогдох арга хэмжээг авалгүйгээр дахин ус тавьж алдалтыг ихэсгэж, хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн" гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээс харахад, бид гадаад улс руу явахаасаа өмнө дуудлагыг ХҮТ-2-т өгч, дуудлагын дагуу мэргэжлийн засварчин ирж угаагуурын холигчийн голыг сольсон байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд холигчийн голд гэмтэл үүссэнээс ус алдсан байна гэж дүгнэсэн. Иймээс бидний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас угаагуурын холигчийн голд гэмтэл үүсч, ус алдсаны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Шинжээчийн дүгнэлт гаргах явцад гарсан нөхцөл байдлын шинжээчийн зүгээс нэмэлт тайлбар гаргасан бөгөөд тус тайлбарын 2-т "Ус алдсан байдалд үйлдэгдсэн Техникийн комиссын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны 05 тоот актуудын бичилт хангалтгүй тухайлбал, ус алдсан шалтгааныг өөр өөр байдлаар тодорхойлсон комиссын гишүүд газар дээр нь очиж үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй, актуудын дугаар ойлгомжгүй зэрэг нь уг асуудалд оролцсон ОСНААУГ-ын ХҮТ-2-ийн засварчид, инженер техникийн ажилтнуудын мэдлэг чадвар тааруу, сахилга хариуцлага сул байгааг харуулж байна." гэсэн байтал техникийн комиссын актаар хохирол учруулсан нь нотлогдож байна гэсэн нь илтэд үндэслэлгүй юм. Мөн шинжээчийн дүгнэлтийн агуулгад "...хуульд заасан өмчлөгчийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс ус алдаж нэхэмжлэгчид хохирол учруулсан” гэх утга, агуулга бүхий дүгнэлт, үг, үсэг нэг ч байхгүй байхад гэм буруутай нь нотлогдож байна гэж үзсэн нь тус шүүх нотлох баримтыг хангалттай уншиж судлаагүйгээр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хэргийн материалын 20 дүгээр хуудсанд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Вендо" компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт барилгын материалын хэрэгцээ гэх хэсгийн цифр 555-д заасан "паркетан шал нийт 54.81 м.кв"-ыг солихоор үнэлсэн байна. Гэтэл хэргийн материалын 29 дүгээр хуудсанд иргэн У.Үнэнхүү, Л.А , У.Лхамжав нарын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс харахад тус орон сууцны нийт талбай 39 м.кв гэж тэмдэглэсэн байна. Энэхүү үнэлгээний тайлангаас харвал нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн дүн нь иж бүрэн засвар хийлгэх хэмжээний мөнгөн дүн, түүнээс илүүг биднээс нэхэмжилж буй гэдгийг хангалттай нотлож байгаа юм. Гэтэл тус шүүхээс "Вендо" ХХК-ийн гаргасан үнэлгээний мөнгөн дүнгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй юм.
Тус шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасныг үндэслэн биднийг хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл бид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэлийг дээр дурдсан. Нэхэмжлэгч тал засвараа хийлгэнэ гэж хэлээд биднээс их хэмжээний зардлыг гаргуулсан. Тэгэхээр бид ямар их хэмжээгээр хохирсон, мөн биднийг хохирогч гэдэг талаас нь биш гэм буруутай этгээд заавал бусдад хохирол төлөх ёстой хэмээн үзэж, мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байхад тус шүүхээс гэм буруутай гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Н.Г-д холбогдуулан 4 364 821 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч Л.А-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 113 дугаар байрны 40 тоот орон сууцанд тус байрны 43 тоотын угаалтуурын холигч задарсан шалтгааны улмаас ус алдсан болох нь хэргийн 8 дах талд авагдсан ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 тоот техникийн комиссын актаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2018/17313 дугаар захирамжаар шинжээч томилж, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүх хохирлын хэмжээг тодорхойлсныг буруутгах боломжгүй юм.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 113 дугаар байрны 40 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээ, хохирол учирсан талбайн хэмжээ хоёр зөрүүтэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч талаас энэ талаар тайлбар өгсөн бөгөөд “Вендо” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан хохирлыг 3 784 821 төгрөгөөр үнэлж, үнэлгээ хийсэн ажиллагааг хөрөнгийн үнэлгээний тайлан, фото зургаар баримтжуулснаас үзвэл өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх 39.м.кв бүхий талбай бус орон сууцны м.кв-ын хэмжээг бодитой талбайгаар хэмжсэн гэж үзнэ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5-д тус тус заасны дагуу сууц өмчлөгч буюу хариуцагч Н.Г өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууц, эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдол үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүх хохирол 3 784 521 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоолгохоор төлсөн 80 000 төгрөг, нийт 3 861 821 төгрөгийг хариуцагч Н.Г-с гаргуулж нэхэмжлэгч Л.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч нь 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч буруугүй тул нэхэмжлэгчийн орон сууцыг засварлуулахтай холбоотой гарсан 1 450 000 төгрөгийн зардлаас “Хаан даатгал” ХХК-ийн 500 000 төгрөгийг хасч 950 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч буруугүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагчийн өмчлөлийн орон сууцны угаалтуурын холигч задарсан шалтгааны улмаас ус алдаж зогсоох боломжгүй уг орон сууц түгжээтэй байсан нөхцөл байдалд хариуцагч гэм буруугаас гадна хариуцагчийн орон сууцны угаалтуурын холигч задарсан, холигчид засвар үйлчилгээ хийлгэсэнд хувь байгууллага буруутай байж болох боловч тэрээр эд хөрөнгөө удаан хугацаагаар эзэнгүй орхин явсан тохиолдолд орон сууцанд ус алдах болон бусад аюул учрахаас урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг бүрэн гүйцэт авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн гэм буруугүй гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасны дагуу гадаад улс руу зорчихоос өмнө 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ОСНААУГ-ын “ХҮТ-2” болох харьяалагдах конторт нүүр гарын угаагуурын крантнаас ус гоожоод байгаа талаар дуудлага өгч завсар гүйцэтгүүлж хуульд заасан өмчлөгчийн үүргээ хангалттай биелүүлсэн гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 болох орон сууцны конторыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн гэм буруутай эсэхийг шүүх дүгнэх боломжгүй юм. Орон сууцны контороор гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээтэй холбоотой хохирол учирч бусдын өмнө өр төлбөр үүссэн гэж хариуцагч үзэж байгаа бол энэ нь тусдаа маргааны асуудал байх ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ