Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00047

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Х.Батсайхан, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хайдавын Батсайханд холбогдох эрүүгийн 201706000076 дугаартай, 132/2017/0043/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг, Шандын 8 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Модныхон овогт Хайдавын Батсайхан /РД:НМ75081630/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Батсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг, Хайлаастайн гол гэх газар оршин суух Г.Оюунбаатарын гэрээс 11 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг монгол гутал, 1 ширхэг булган малгай, 1 ширхэг улаан торгон хөвөнтэй дээл, 6 метрийн урттай шар өнгийн дурдан бүс хулгайлж 3314520
2
төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджэээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Батсайханы өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
201706000076 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Шүүгдэгч Х.Батсайханы сэжигтнээр өгсөн: ...Тэгээд Г.Оюунбаатарынд 13 цагийн орчим очсон Г.Оюунбаатар эхнэр хүүхэдтэйгээ байсан. Тэнд хоол идчихээд 1 шил архи, монгол архи уусан. Тэгээд Г.Оюунбаатар намайг дүүтэйгээ хамт гэр сахиж бай гэж хэлчихээд 16 цагийн орчим Булган аймагруу машинтай эхнэр хүүхдээ аваад явсан. Тэгсэн Шоовдор би харьчихаад ирнэ гэж яваад дахиж ирээгүй. Тэгээд би Г.Оюунбаатарынд ганцаараа байж байгаад 21 цагийн орчим хонь малыг нь хашчихаад унтаад өгсөн. Өглөө босоод хонь малаа гаргаж явсан чинь Г.Оюунбаатарын хотонд байсан 1 үхэр 1 даага үхсэн байсан. Тэгсэн Шоовдор ирсэн. Шоовдор ирэхдээ 1 шил архи өвөртөлж ирсэнийг бид хоёр хувааж уусан. Тэгээд Шоовдор би харьлаа Оюунбаатар ахад мал үхсэн талаар хэлнэ гээд буцаад гэрлүүгээ явсан. Тэгсэн Оюунбаатарын хонь бэлчээд явсан байсан тул хонийг нь эргээчихээд буцаж Г.Оюунбаатарын гэрт нь ороод үлдсэн архи, гүцэнд байсан монгол архитай уучихаад авдар дээр байсан 11 ширхэг мөнгөн аяга, гэрийн баруун талд байх эмээл дээр байсан мөнгөн хазаарыг аваад, авдаранд байсан нимгэн улаан торгон дээлэнд авч юмаа хийж ороогоод авдаран дотор байсан булган малгай, баруун талын орон доор байсан хуучин монгол гутлыг өмсөөд, хонины хээр морийг нь унаад хулгай хийж авсан эд зүйлээ шуудайнд хийгээд мориндоо ганзаглаад гарсан. Тэр үед 17 цаг болж байсан. Тэгээд Булган аймаг явах замдаа Өлзий гэх айлд ороод пиво, айраг уучихаад гарсан. Тэндээсээ гараад Батсүх гэх хамаатан айлдаа орсон чинь Батсүх аймгаас дөнгөж ирлээ гээд галаа түлээд байж байсан. Эхнэр нь та энэ архийг авч яваад ууна биз, манайд ямар уух хүн байх биш гээд нэг шил архи өгсөнийг аваад Батсүхийн гэрээс гараад Пүржиг гэх айлд очиж уусан. Тэгээд тэнд Пүржигтэй хамт нөгөө архиа ууж байгаад согтсон байсан. Нэг мэдсэн цагдаа нар ирсэн байсан тэгээд өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн........гэх мэдүүлэг /хх 35-36 тал/, Хохирогч Г.Оюунбаатарын өгсөн: ..... Гэтэл маргааш нь орой 17 цагийн орчим манай саахалтын хүн Батцэнгэл утсаар залгаад хонь мал чинь эзгүй байгаа юм биш үү? гадаа чинь үхэр мал үхчихсэн хэцүү л байгаа юм байна. Чи хурдан ир гэсэн. Тэгэхээр нь би манайд Батсайхан байгаа шүү дээ гэсэн чинь Батсайхан халамцуу манайхаар ороод гарсан байна. Мориндоо шуудайтай юм ганзгалчихсан явж байна. Танай гэр эзгүй байгаа гэхээр нь дүү Шоовдорлуу утсаар залгаад манай гэр орон, мал эзгүй байгаа юм шиг байна. Нөгөө Батсайхан чинь байхгүй юм шиг байна. Чи очоод үзээдхээч гэж хэлсэн. Тэгсэн дүү Шоовдор 19 цагийн орчим надруу утсаар залгаад гэр орон чинь эзгүй авдар савыг чинь онгичоод хаячихсан Батсайхан өмсөж явсан хувцасаа тайлаад таны хувцаснаас өмсөөд явсан байна.Танай гэрт авдар дээр байсан мөнгөн аяга,мөнгөн хазаар авдар дотор байсан булган малгай дээл монгол гутал чинь байхгүй байна гэхээр нь би цагдаад хандан цагдаа нартай хамт гэртэй очсон чинь манай гэрийн авдар савыг онгойлгоод хаячихсан хувцас хунараа авдар луу хийсэн авдар дээр байсан мөнгөн аяга, эмээл дээр байсан мөнгөн хазаар байхгүй байсан тэгээд араас нь цагдаа нартай хамт хайж яваад Х.Батсайханыг Пүрэвжамц гэх айлд согтуу байхад нь барьж авсан. Тэгээд маргааш нь Х.Батсайханаас эд зүйлээ бүрэн бүтэн авсан... гэх мэдүүлэг /хх 09, 10 тал/,
3
Гэрч С.Пүрэвжамцын өгсөн: ..23 цагийн үед намайг гэртэй байж байхад Х.Батсайхан Хээр морь уначихсан Батсүх гэх айлаас ирлээ гээд согтуу ирсэн юм.Тэгээд манай гадаа морио тавиад хөөгөөд явуулсан тэгэхээр нь чи одоо морь малаа хөөж явуулж яах нь вэ гэсэн чинь би Булган явж байгаа гэж надад хэлсэн тэгээд нэг шуудайтай юм аваад манайд орж ирээд Батсүх өгсөн гээд 1 шил архи гаргаж ирсэнийг бид хоёр талд нь ортол уусан тэгж байхдаа Х.Батсайхан шуудайтай юмаа онгойлгоод дотор талаас 11 ширхэг дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг мөнгөн хазаарыг гаргаж ирээд би сая Оюунбаатарын ахынд мал маллаж байгаад ирлээ надад хөлсөндөө энэ мөнгөн хазаарыг 11 ширхэг мөнгөн аягны хамт өгсөн гэж хэлсэн тэгэхээр чи битгий худлаа яриад бай хүний юм авчихсан юм биш үү гэсэн чинь Х.Батсайхан үгүй би хөлсөндөө авсан маргааш өглөө аймаг явлаа танайд нэг хоночих уу гэхээр нь чи яв гэсэн чинь явахгүй сууж байгаад согтоод унаад өгсөн юм.Тэгээд Х.Батсайхан нөгөө авч явсан мөнгөн хэрэглэлээ дэрлээд унтаж байсан чинь цагдаа нар ирж Х.Батсайханыг авч явсан гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх 19 тал/, Гэрч Б.Батсүхийн өгсөн: ..2017 оны 03 дугаар сарын 13-ны орой намайг Булган аймгаас ирэхэд Х.Батсайхан манай гэрт ирсэн байсан тэгээд надаас архи нэхээд сар шинэ хийнэ гээд байхаар нь би нэг шил архи өгч явуулсан юм. Тэр үед Батсайхан нь Г.Оюунбаатарын гэрээс явж байна, Булган орох гэж яваа гээд морь уначихсан халамцуу явж байсан гэх мэдүүлэг /хх 20 хуудас/,
Орхон аймгийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17/29 дугаартай эд зүйлийн үнэлгээ
1. Дунд гарын мөнгө аяга 11 ширхэг, бүгд 1146420 төгрөг,
2. Битүү мөнгөн хазаар 1 ширхэг, бүгд 1350000 төгрөг,
3. Булган малгай 1 ширхэг 225000 төгрөг,
4. Улаан торгон хөвөнтэй дээл 1 ширхэг 49500 төгрөг,
5. Монгол гутал 1 ширхэг 495000 төгрөг,
6. Шар дурдан бүс 6 метр 48600 төгрөг, нийт 3314520 төгрөг, /хх 22-26 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх 02 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 05 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-09 тал//, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 12-14 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 15 тал/, сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол /хх 37, 38 тал/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 41 тал/, Х.Батсайханы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 42-49 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Батсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг, Хайлаастайн гол гэх газар оршин суух Г.Оюунбаатарын гэрээс 11 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг монгол гутал, 1 ширхэг булган малгай, 1 ширхэг улаан тогон хөвөнтэй дээл, 6 метрийн урттай шар өнгийн дурдан бүс хулгайлж бусдад 3314520 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг
4
бүртгэлтийн шатанд шүүгдэгч Х.Батсайханы хэргээ хүлээн мэдүүлсэн: ..авдар дээр байсан 11 ширхэг мөнгөн аяга, гэрийн баруун талд байх эмээл дээр байсан мөнгөн хазаарыг аваад, авдаранд байсан нимгэн улаан торгон дээлинд авсан юмаа хийж ороогоод авдран дотор байсан булган малгай, баруун талын орон доор байсан хуучин монгол гутлыг өмсөөд, хонины хээр морийг нь унаад хулгай хийж авсан эд зүйлээ шуудайнд хийгээд мориндоо ганзаглаад гарсан.. гэх мэдүүлэг, хохирогч Г.Оюунбаатарын: манай гэрийн авдар савыг онгойлгоод хаячихсан хувцас хунараа авдар луу хийсэн авдар дээр байсан мөнгөн аяга, эмээл дээр байсан мөнгөн хазаар байхгүй байсан.. гэх мэдүүлэг, гэрч С.Пүрэвжамц, Б.Батсүх нарын: ...Х.Батсайхан нь 11 ширхэг дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг мөнгөн хазаарыг гаргаж ирээд би сая Оюунбаатарын ахынд мал маллаж байгаад ирлээ надад хөлсөндөө энэ мөнгөн аяга, мөнгө хазаарыг өгсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг, ..Х.Батсайхан нь Г.Оюунбаатарын гэрээс явж байна, Булган орох гэж яваа гээд морь уначихсан халамцуу явж байсан гэх мэдүүлэг, эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Лэндс” ХХК-ийн үнэлгээ зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Батсайханы үйлдсэн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журмын дагуу хууль ёсоор явагдсан байх ба түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Иймд шүүгдэгч Х.Батсайханы дээрхи үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Батсайхан нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар хянан харгалзсан байх ба ялтай байдал нь арилсан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн ялын саналыг үндэслэн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Модныхон овогт Хайдавын Батсайханг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Х.Батсайханг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Х.Батсайхан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ