| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/167 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн эрх зүй мэргэжилтэй, хувиараа худалдаа наймаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******0/
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалт тоотод байрлах байшинд байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлын хуурай үндсийг хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2021 онд байраа түрээслүүлнэ гэж зар тавьсан ба Тогтох гэдэг хүн над руу яриад байрыг маань түрээсэлье гэсэн. Тэр хүн надад эрвэгэр жирвэгэрүү үндэсний хэрэг байна гэхээр нь би 2021 оны 07 дугаар сард танихгүй хүнээс 200 орчим килограмм худалдан авч хадгалсан асуудал байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлдэх нь хууль бус байдаг. Миний зүгээс иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг эдэлж, оролцож байгаа болохоор байгаль, экологид учирсан хохирол байх юм бол тэр зүйлийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 63-67 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оноос Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна... 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн хэмжээнд хууль бусаар байгалийн ховор ургамал худалдан авч болзошгүй иргэдийг илрүүлэх зорилгоор хяналт шалгалтаар ажилласан. Ингээд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоот хашаанд ургамлын үндэс авч байгаа талаар мэдээлэл ирсэний дагуу хяналт шалгалт хийхэд тус хашаанд байрлах цагаан тоосгон байшинд шуудаатай ургамлын үндэс цонхоор харагдаж байсан. Улмаар Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн. Хэний эзэмшлийн хашаа, байшин байсныг би сайн мэдэхгүй хяналт шалгалт хийх үед очсон...” гэжээ. /хх-ийн 70-73 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 10-р багийн ажлын албанд 0-3 дугаар гудамж хариуцсан хэсгийн ахлагчийн ажил хийдэг. Би 2020 оны 04 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 4 жил ажиллаж байна... Би Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1Б тоотод амьдардаг иргэн ******* гэх залууг танихгүй. Би харж байгаагүй. Харин тус тоотод амьдардаг иргэн *******ын 2 хүүд нь 2022, 2023 онуудад цэргийн зарлан ирэхээр нь ******* утсаар мэдэгдэж хэлэхэд ******* гэх залуу өөрөө баг дээрээс авна гэж хэлээд утсаа салгадаг хүн байгаа юм... Намайг ажлаар Ялалтын 1Б тоот хаягд очих болгонд хаалга нь цоожтой байдаг бөгөөд бүртгэлээр эхнэр 3 хүүхдийн хамт бүртгэлтэй байгаа боловч 2 хүү нь гадаад улсад оюутан гэсэн. ******* гэртээ хэнтэйгээ амьдардгийг би мэдэхгүй байна... Би иргэн *******тай уулзаж байгаагүй болон нарийвчилсан судалгаагүй болохоор уг хүний талаар надад мэдэх зүйл байхгүй байна... Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй... Миний мэдэхийн ******* гэх залуу амьдардаг үгүйг нь сайн хэлж мэдэхгүй байна. Намайг очих болгонд гэр нь цоожтой байдаг... Миний санаж байгаагаар 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна. Би Ялалтын 1Б тоот хаягаар очиход танихгүй бор царайтай, дунд зэргийн биетэй эмэгтэй хүн ганцаараа байсан ба өөрийгөө түр оршин суугаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 87-91х/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 48 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-52 тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-59 тал/
- Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн экологийн шинжээч Э.Мөнхсайханы 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дор0325/052 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 210-213 тал/
- *******ын яллагчдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-116 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалт тоотод байрлах байшинд байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлын хуурай үндсийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , , , иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвйн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дор0325/052 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар ховор ургамлын жагсаалтыг баталсан. Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний...зориулалтаар тус тус ашиглаж болно” гэж тухайн ургамлыг ашиглах зориулалтыг хуульчлан тогтоожээ. Шүүгдэгч *******ын Дорнод аймгийн Хэрлэн сумын Ялалтын тоотод байрлах байшин дотор хууль бусаар хадгалж байсан “Дэрвэгэр жиргэрүү” нь ховор ургамал юм. Ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна.
Шүүгдэгч ******* нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан байгаль орчинд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн байгаль орчинд учирсан 50,725,415 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, улсын яллагч, шүүгдэгч нарын санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь байгалийн ховор дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 233.65 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалж, байгаль орчинд 50,725,415 төгрөгийн хохирол учруулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас ургамлын аймагт учруулсан хохиролд 50,725,415 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар дэрэвгэр жиргэрүү ургамлын 233.65 килограмм үндсийг шүүгдэгч *******аас ургамлын аймагт учруулсан 50,725,415 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 30 шуудай 233.65 килограмм ургамлын үндэс нь Дорнод аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц 233.65 килограмм ургамлын үндсийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас ургамлын аймагт учруулсан хохиролд 50,725,415 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар дэрэвгэр жиргэрүү ургамлын 233.65 килограмм үндсийг шүүгдэгч *******аас ургамлын аймагт учруулсан 50,725,415 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 30 шуудай 233.65 килограмм ургамлын үндэс нь Дорнод аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц 233.65 килограмм ургамлын үндсийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээр хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ