| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/01071/И |
| Дугаар | 183/ШШ2021/02927 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2021/02927
| 2021 оны 12 сарын 1* өдөр | Дугаар 18*/ШШ2021/02927 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, *, * корпус, * давхар, * тоотод байрлах ЭБӨМТХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х дүүрэг, * дүгээр хороо, * байрлалтай * хотхон, * байр, *тоот хаягт оршин суух М* А* /РД:*/-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: * дүүрэг, *-р хороо, * гудамж, *р төв, 1 давхарт байрлах ББ ХХК,
2019 оны 2 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, Х дүүрэг, *тоот хаягт байрлах 99.45 м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг буцаан авах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М*
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.У*
Нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны * дугаар сарын 2*-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭБӨМТТК ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани болон иргэн М.А нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Х дүүрэг, *тоот хаягт байрлах 99.45 мкв талбай бүхий * өрөө орон сууц түүний хамт граж М.Агийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. М.Агийн хувьд гэрээнд заасны дагуу 2*8 680 000 төгрөгийг * хувааж тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Гэрээ байгуулагдсан даруйд орон сууцны гэрчилгээг шилжүүлсэн тухайн үед граж ашиглалтанд ороогүй байсан тул гражийг шилжүүлж өгөөгүй. Хариуцагч гэрээгээр төлөх ёстой төлбөрийг хугацаандаа төлөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 99 000 000 төгрөгийг төлсөн байсан. Бидний зүгээс удаа дараа М.Атай холбогдож гэрээний төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тул гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлсээ буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд бидний хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заасныг үндэслэн татгалзаж авсан өгснөө буцаах буюу Х дүүрэг, *тоот хаягт байрлах 99.45 мкв талбай бүхий * өрөө орон сууцыг буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус компантай 2019.02.22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 1.2 дахь заалтаар гэрээ байгуулмагц худалдагч талаас орон сууц, авто зогсоолыг надад хүлээлгэн өгөх, гэрээний 2.2 дах залалтаар худалдан авагч тал 2019.02.22-ны өдөр 25 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээг байгуулаад би гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлж, мөн өдрөө 25 000 000 төгрөгөө төлж байраа хүлээн авах болоход уг байр нь бүтэн баригдаж дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, ЭБӨМТХХК-ийн өмчлөлд шилжээгүй байсан тул тус компани надад автозогсоолыг хүлээлгэн өгөөгүй тул өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ цагт нь биелүүлээгүй. Тус компани авто зогсоолыг одоо хүртэл ашиглалтад өгөөгүй надад шилжүүлээгүй байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан бид 2019.04.01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ болгон өөрчилснөөр уг байрыг хүлээж авсан. Иргэний хуулийн 204.5-т гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч тал нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгох эрхтэй байсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тооцсон тухай нэн даруй мэдэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн татгалзал хүчин төгөлдөр бус байна гэж заасан. ЭБӨМТХХК нь 2020.05.1*-ны өдрийн 02/55 дугаар, 2020.05 сарын 02/57 дугаар албан бичгээр гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн. Орон сууц захиалан бариулах гэрээгээр би байр, авто зогсоолын төлбөрийг төлөх, ЭБӨМТХХК автозогсоолыг хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн үүрэг гүйцэтгэгч нар бөгөөд тус компани гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэснээр төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй, гэтэл авто зогсоолоо шилжүүлэн өгөөгүйгээс үүдэн нэхэмжлэгч компани гэрээнээс татгалзах санал гаргасны дараа автозогсоолоо надад шилжүүлэх үүргээ больж, ийнхүү тохиролцож шийдвэрлэсэн тул тус компанийн тухайн үед гэрээнээс татгалзах татгалзал дээрх санал хүчин төгөлдөр бус юм. Миний бие Х ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн үйл ажиллагаагаар олсон ашгаас ногдол ашиг хүртэн, уг ашгаасаа орон сууцны төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан. гэтэл 2020.01 сараас дэлхий даяар Ковид-19 цар тахал тархсантай холбоотой улс орнууд хилээ хааж, миний орлого олдог эх сурвалж болсон компанийн үйл ажиллагаа доголдож, би эдгээр компаниас ногдол ашиг олж чадахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд ороод байна. Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ байдлыг нотолж, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрээг Х ХХК-д гаргаж өгсөн бөгөөд уг гэрчилгээнд Ковид-19 буюу коронавирусын цар тахлын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байхыг тогтоосон байна. Иргэний хуульд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан бол үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхгүй байхаар заасан тул уг хуулийн дагуу гэрээнээс татгалзах, цуцлах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Гэрээний үүрэгт нийт 16* 680 000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл төлбөрийн 75 000 000 төгрөгийг хугацаа тохирч төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүйгээс үүдэн гэрээний гол зүйл болох үл хөдлөхийг буцаан шаардах, татгалзах нэхэмжлэл гаргасан. Гэтэл гэрээ хэрэгжиж байх явцад ББтай хариуцагч нь өөрийн 100 хувь эзэмшлээр зээл авч зээлийн барьцаанд Х дүүрэг *тоот хаяг үл хөдлөхийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш ямар нэгэн хугацаа хэтэрсэн, гэрээний үүргийг зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнд заасны дагуу алданги, хохирол гэсэн байдлаар гаргах байсан юм уу гэж харж байгаа тул хариуцагч талын тайлбарыг дэмжиж байгаа ковид-19 цар тахлын үед үр төлбөр тодорхой хэмжээгээр тасалдах, аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдах гэх мэт зүйлс гарч байгааг харгалзан үзэх нь зөв гэсэн байр суурьтай байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭБӨМТТК ХХК хариуцагч М.Ад холбогдуулан 2019 оны 2 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, Х дүүрэг, *тоот хаягт байрлах 99.45 мкв талбай бүхий * өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг,
2019 оны 2 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, Х дүүрэг, *тоот хаягт байрлах 99.45 мкв талбай бүхий * өрөө орон сууцыг буцаан гаргуулахаар өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч М.А нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, шилжүүлсэн орон сууцаа буцаан авахаар шаардсныг, хариуцагч тал гэрээний үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
ЭБӨМТТК ХХК, М.А нарын хооронд 2019 оны 02 сарын 22-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр******* ХХК болон Тэргүүн чансаа ХХК нарын хоорондын 2018.12.18-ны өдрийн **** тоот орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, худалдагч нь Х дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн аманд байрлалтай Номун виллаж хотхонд байрлах 99.45 мкв талбай бүхийн * өрөө орон сууц, ******дугаар байрны доор барлах автомашины зогсоолыг хүлээлгэн өгөх, орон сууцны 1 мкв талбайн худалдах үнэ 2 400 000 төгрөг, автозогсоолын төлбөр 25 000 000 төгрөг буюу орон сууцны худалдах нийт үнэ 2*8 680 000 төгрөг байх бөгөөд дээр төлбөрийг 2019.02.22-ны өдөр зогсоолын төлбөр 25 000 000 төгрөг, 2019.06.01-ний өдөр 119 *40 000 төгрөг, 2020.0*.01-ний өдөр 119 *40 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирчээ./хх-ийн 9-12/
Дээрх гэрээний дагуу хариуцагч М.А нь тус компанийн захирал Г.******ын Хаан банкны данс руу 2019.02.22-ны өдөр 25 000 000 төгрөг, 2020.01.22-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.01.2*-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020.02.04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020.02.11-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020.0*.25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020.04.0*-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020.04.20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020.05.05-ны өдөр 2 500 000 төгрөг, 2020.05.08-ны өдөр 1 500 000 төгрөг төлсөн байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна. /хх-ийн *9-48/
Иргэний хуулийн 24* дугаар зүйлийн 24*.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, түүнчлэн гэрээний дагуу нэхэмжлэгч ЭБӨМТТК ХХК нь орон сууцыг шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч М.Агийн нэр дээр шилжүүлэн өгсөн асуудлаар талууд маргаагүйн дээр, хариуцагч М.А нь дээрх үл хөдлөх хөрөнгийг ББ ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж зээл авсан үйл баримт тогтоогджээ.
Нөгөөтэйгүүр, хариуцагч М.А нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дээрх гэрээний үүрэгт нийт 64 680 000 төгрөгийг төлж, нийт 16* 680 000 төгрөгийг төлсөн талаар тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлснийг нэхэмжлэгч тал маргаагүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч ЭБӨМТТК нь 2019.11.28-ны өдөр 2******* дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020.01.14-ний өдөр 20/004 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020.05.1*-ны өдөр 02/55 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж байсан нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг нэхэмжлэгч тогтоосон байна.
Харин дээрх хугацаанд хариуцагч нь төлбөр төлөх гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлж, үр дүн гаргасан байх ба энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэлд хамаарна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Тус шүүх хуралдааны товийг хариуцагчийн төлөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Д.Э нарт 2021 оны 11 сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.*, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 24* дугаар зүйлийн 24*.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ад холбогдох нэхэмжлэгч ЭБӨМТТК ХХК-ийн 2019 оны 2 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, Х дүүрэг, *тоот хаягт байрлах 99.45 мкв талбай бүхий * өрөө орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭБӨМТТК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 546 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ