Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

  2025       06         06                                        2025/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Г.Даваахүү,  шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Иргэдийн төлөөлөгч Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Жд холбогдох эрүүгийн 2538000000134 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт Бийн Ж,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ***** сумын *********** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Этай маргаан үүсгэж, хэвлийн хэсэгт нь нэг удаа хутгалж, улмаар биед хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн бугалгад сорви бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ***** сумын *********** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Этай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний хэвлийн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн бугалгад сорви бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-12-р хуудас),

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-14-р хуудас),

Шүүгдэгч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Нэг ухаан орсон чинь Э газар хэвтэж байсан би харин хажууд нь сууж байсан тэгээд юу болсон юм бэ гэж асуусан чинь Э үг дуугарахгүй байсан тэгээд би Э би чамайг хутгалсан юм шиг байна гэж хэлээд гэрээс нь гараад эмч дуудах гээд Т бид хоёр явсан харин Эыг гэдсийг нь боож өгөөд би орон дээр өргөж хэвтүүлээд гэрээс нь гараад явсан Т бид хоёр нутгийн Г гэдэг айлын гэрт нь очиж утсаар нь сумын төв рүү залгаж эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд буцаад Б ахын гэрт ирээд байж байхад эмч ирээд намайг Эын ар гэрт нь хэл гээд би ахиж явж ар гэрт нь хэлсэн ийм л зүйл болсон...Эмчилгээний зардал нөхөн төлсөн мөн дээрээс өөрийнхөө найзын эрүүл мэндэд нь хохирол учруулсаны хувьд Э нь малчины зээл авсан байсан тэрийг нь бас төлж байгаа...Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж харамсаж байна архи гэдэг зүйлийг би уугаагүй бол өөрийнхөө найзыг ийм болгохгүй байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жы гэрт нь ганцаараа очсон. Тэгээд Жыг би аваад бид хоёр нутгийн айл болох Б ахын гэрт очсон. Тухайн үед би архи их байсан зарим болсон асуудлаа бол санахгүй байгаа. Ж бид хоёр Б ахын гэрт очиж байсан тэр айлд сууж байсан тэрнээс би яаг юу болсон талаар санахгүй байгаа Ж бид хоёр яаг юунаас болж маргалдсанаа бол мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний зүүн гарнаас цус гараад байхаар нь би харсан чинь миний өмсөж явсан дээл цус гарсан би газар хэвтэж байсан. Миний хажууд Ж зогсож байгаад Ж нь надад би чамайг хутгалчих шиг боллоо яаг юунаас болов гэж хэлж байсан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй миний хэвлий хэсэг рүү өвдөөд байсан намайг Ж өргөөд орон дээр гаргаж хэвтүүлээд тэр айлын охин нь болох Т тэр хоёр эмнэлэг дуудана гээд яваад өгсөн. Би харин тэнд эмнэлэг иртэл хэвтэж байсан эмч ирээд надад тусламж үзүүлээд тэндээ байж байгаад өглөө нь намайг сумын төв рүү оруулж ирсэн тэгээд би тухайн өдрөө хагалгаанд орсон...Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт манай нутгийн залуучууд болох Ж, Э, З нар нь мотоциклтой согтуу ирээд З нь манай хажуу айлд унтаж үлдээд Ж, Э хоёр манай гэрт орж ирсэн. Тэгээд гэрт суугаад байсан би харин гадаа гарч үхэр малаа хотлуулах ажилтай байсан болохоор гэрээс гарсан. Тэгээд буцаад гэрт орж ирсэн чинь Э нь надаас хоол байна уу гэж асуухаар нь би байгаа хоол халааж өгөх үү гээд гал дээр тогоотой хоол тавьж байсан чинь Ж надад хандаж хэнд нь хоол халааж өгөөд хэнд нь халааж өгөхгүй байгаа юм бэ гэж надад үг хаяад байсан чинь Э нь Ж руу чи яагаад байгаа юм бэ гээд хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад Э нь Жыг манай гэрийн баруун хойд талын модон ор руу түлхсэн Э нь мөн өөрөө согтуу байсан болохоор дээрээс унаад тэр хоёр хоорондоо барьцалдаж зодолдоод байсан. Тэгээд Э нь Жы дээрээс нь босоод ирсэн чинь Ж нь босож ирээд чамайг ална гээд шууд Э нь Жд хандаж чаддаг юм бол алчих гэсэн чинь Ж нь нөгөө гартаа барьж байсан хутгаараа гэдэс хэсэг рүү дүрэх шиг болсон тэгэхээр нь би айгаад салгаж чадахгүй байсан болохоор гарч зугтаад гэрээс гараад 10-20 минут болоод буцаад гэрт ороод ирсэн чинь Э манай гэрийн ширээний хажууд нүүр нь дээшээ харсан хэвтэж байсан. Би ойртож харсан чинь баруун гараас нь цус гарч байгаа бололтой өмсөж явсан хувцасны цаанаас цус гарсан бололтой дээл нь цус болсон байсан...Эрдэнэ гэдэг ахын гэрт очоод утсаар нь түргэн дуудсан...Хоол халааж өгсөн чинь л Ж чи надад хоол халааж өгсөнгүй гээд тэрнээс болж хэрүүл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-28-р хуудас),

Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 04-ны өдөр ****** сумын **-р баг буюу **** багийн ************** гэдэг газраас манай эх баригч эмч рүү хүний гэдэс нь гарсан байна гэсэн дуудлага өгсөн байсан. Тэгээд манай эх баригч эмч ээлжийн сувилагч руу дуудлага өгсөн байсан. Тухайн дуудлага өгсөны дагуу би сумын төвөөс 03 цагийн үед хөдөлсөн тухайн дуудлага өгсөн дугаар руу ахиж залгахад утас нь холбогдохгүй байсан тухайн газар нь сумын төвөөс 40 орчим км зайтай байсан. Бид нарыг очих үед Э гэдэг хүн Б гэдэг айлын орон дээр ганцаараа хэвтэж байсан цус их алдсан байдалтай тэрнээс болоод биен байдал хүнд байсан. Би үзлэг хийгээд хамгийн түрүүнд амин үзүүлэлт нь даралт нь унаад зүрхний пүлс өндөр байсан тэгээд би анхан шатны тусламж үзүүлээд цус тогтоох тариа, өвдөлт намдаах, өрөвсөл дарах, тухайн шарханы анханы цэгцлэлт хийж оёдол хийж ариун боолтоор боосон тэр үед гаднаас Т, Ж хоёр орж ирсэн тэгээд би Ж энэ хүний ар гэрт нь хэл дууллага гээд буцаагаад явуулсан. Эын биед тухайн айлд эмчилгээ хийж байгаад амин үзүүлэлт болон биен байдлыг нь тогтворжуулаад сумын төв рүү тээвэрлэж оруулж ирсэн. Тэгээд нарийн шинжилгээ болон бусад шаардлагатай зүйлсийг хийж байгаад аймгийн нэгдсэн эмнэлэгийн их эмч Т руу холбогдож зөвлөгөө авч аймгийн нэгдсэн эмнэлэгээс мэс заслын баг дуудаж 01 цаг өнгөрч байхад хагалгаанд орж 02 цагийн үед дууссан....” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),

Гэрч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлээд хамт явж айлаар золгууд хийсэн. Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бид хоёр айлд золгууд хийж яваад Э бид хоёр ****** сумын **-р багийн нутаг Э гэх газарт Жы гэрт очоод бид гурав архи уусан... Ямар ч байсан бид гурав нэг мотоциколтой Жы гэрээс гараад Д гэдэг газар Б ахын гэрт очих гээд явж байсан. Тэнд очоод би нилээн муудсан байсан болохоор Б ахын хажуу талын айл болох Б гэдэг айлд ороод шууд унтсан. Тэрнээс хойш юу болсоныг бол мэдэхгүй байна. Намайг унтаж байхад Т нь орж ирээд намайг дуудаад Ж Эыг хутгалчихлаа гээд намайг дагуулаад гэртээ ирсэн. Би гэрт ороод харсан чинь Э нь газар хэвтэж байсан. Ж болохоор хажууд нь сууж байсан. Э нь гараараа гэдсээ дарсан байдалтай гар нь цус болсон байсан. Тэгээд би шууд тэндээс мотоцикл унаад Э гэх газарт байдаг Г гээд эмч залуугийн гэр рүү явсан тэгээд замдаа О гэдэг айлд ороод Г байгаа талаар асуухад Г согтуу байгаа байх гэж хэлсэн... Тэгээд би буцаад явж байгаад мотоциклоос унаад хөл эвгүй болоод би О гэдэг айлд унтаж амарсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 15-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 95-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаартай:

1. Б.Эын биед хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн бугалгад сорви бүрхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохилын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 56-р хуудас),

Хохирогч Б.Э нь шүүгдэгч Б.Жтай 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “...Эрүүл мэндийн хохирлыг бүрэн төлүүлж авсан. Цаашид гаргах санал гомдолгүй болсон...” гэх эвлэрлийн гэрээ (хх-ийн 85-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000134 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Жы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг гэм буруутай...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Эын биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд  хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.  

Тодруулбал шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.Этай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь Б.Эын хэвлий хэсэгт хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирлууд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Б.Эын биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Жы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан.

“Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлдэг ба дээрх хуулийн тайлбаруудаас үзэхэд шүүгдэгч Б.Ж нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Эын хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн бугалгад сорви бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ***** сумын *********** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Этай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний хэвлийн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн бугалгад сорви бүхий хүнд хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлт, улсын яллагчийн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч Б.Жаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр (хх-ийн 31-32-р хуудас) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Ж нь хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Хохирогч Б.Э нь шүүгдэгч Б.Жтай 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “...Эрүүл мэндийн хохирлыг бүрэн төлүүлж авсан. Цаашид гаргах санал гомдолгүй болсон...” гэх эвлэрлийн гэрээ (хх-ийн 85-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 431,975 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж,  уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан Хөвсгөл аймгийн ******* сумын **** багийн засаг даргын тодорхойлолт,  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-84-р хуудас), шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Н.Шгийн (хх-ийн 44-45-р хуудас), гэрч О.Бийн (хх-ийн 48-49-р хуудас), гэрч Б.Б (хх-ийн 52-53-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Жы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ж нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 11 см урттай бор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,

цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Бийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Бийн Жыг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн 2538000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 11 см урттай бор иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР

 

 

                                   

                                        ШҮҮГЧИД                               Г.ДАВААХҮҮ

 

 

 

                                                                                   А.ДӨЛГӨӨН