| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0155/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Л.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.А-эд холбогдох эрүүгийн 2538000000163 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.А-,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.А- нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг “... ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 8.2 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг унагаж бэлтгэж ойн санд 2.489.347 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А- нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг “... ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 8.2 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг унагаж бэлтгэж ойн санд 2.489.347 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ы мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, Хөвсгөл аймгийн “...” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 42-44 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын шинжээчийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 53 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-22 тал/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-ийн 78-80 тал/, “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 81-83 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2.489.347 төгрөгийн хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “...” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын шинжээчийн 16 дугаартай дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 7,468,041 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсоныг шүүгдэгч Л.А- нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Л.А-ээс 7,468,041 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000
төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 8,2 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 38 ширхэг, 2,489,347 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөний үнэ болох 130,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоо... зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан Гэрүүд овогт Л.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Л.А-ээс 7,468,041 (долоон сая дөрвөн зуун жаран найман мянга дөчин нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 8,2 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 38 ширхэг, 2,489,347 (хоёр сая дөрвөн зуун наян есөн мянга гурван зуун дөчин долоо) төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2538000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөний үнэ болох 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг шүүгдэгч Л.А-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Л.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноц... зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР