| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/104 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/104
2025 02 19 2025/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э, З.Б
Өсвөр насны шүүгдэгч Г.Ө, Э.Гнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө, Э.Гнарт холбогдох эрүүгийн 2425000000523 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Монгол Улсын иргэн, .....
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч Э.Г, Г.Ө нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 08 дугаар сарый 19-ний шөнө 05-06 цагийн хооронд Орхон аймгийн Б-Өндөр сум У багт үйл ажиллагаа явуулдаг Б худалдааны төвийн гадна талын таксины зогсоол дээр хохирогч Э.Эыг “хүний гар утас авсан” шалтгаанаар зодож “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, завж, дээд уруулын салстад цус хуралт, дух, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-өсвөр насны шүүгдэгч Э.Гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, эрүүл мэндийн хохирлыг төлнө. Бид нар бөөнөөрөө харих гээд явж байсан. CU-н тэнд олон хүмүүс байсан. Согтуу эхнэр нөхөр 2, энэ хүн гар утас авчихлаа гэсэн. Тэр хүн нь дээгүүрээ шалдан, согтуу гэрийн өмд шиг өмдтэй байсан. Тэгээд бид нар хөөсөн гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч Г.Өийн мэдүүлсэн: Миний буруу гэм буруугаа хүлээж байна, эрүүл мэндийн хохирол төлнө, гар утасны хохирлыг төлөхгүй гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2425000000523 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
- Мөрдөгчийн, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймаг Б-Өндөр сум Хүрэнбулаг баг Төв зам Т гэсэн бичиглэлтэй хяналтын камерын 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 05 цаг 20 минутын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн бичлэг нь 22 минут 15 секундийн бичлэг бөгөөд У баг Х спорт цогцолборын урд байрлах ТҮЦ-ний хажууд байрлах сандал дээр цагаан өнгийн өмд, цагаан өнгийн пудволк, хар өнгийн хантаазтай эрэгтэй хүн сууж байх бөгөөд бичлэгийн 01 минут 19 секундэд босож алхаад явж байна. Бичлэгийн 02 минут 56 секундэд цагаан өнгийн пудволк, хар өнгийн өмд өмссөн, хар өнгийн цамц, хар өнгийн өмд өмссөн, цагаан өнгийн пудволк, хар өнгийн өмд өмссөн 3 эрэгтэй хүн зам гараад Т худалдааны төвийн Си Ю дэлгүүрийн урагшаа Х спорт цогцолбор Т худалдааны төвийн завсар орж байна. Бичлэгийн 06 минут 59 секундэд Т худалдааны төв Х спорт цогцолборын завсраас цагаан пудволк, цагаан өмд, хар хантааз өмссөн эрэгтэй хүн төв зам гараад Т худалдааны төвийн завсраар орсон эрэгтэй хүмүүсээс зугтан гүйхэд хар цамц, хар өмд өмссөн хүн ардаас нь гүйцэн ирж хөлөөрөө өшиглөн унагааж цагаан пудволк хар өмд өмссөн 2 эрэгтэй хүн ардаас нь ирээд Си Ю дэлгүүрийн хананд шахан цохиж байна. Бичлэгийн 14 минут 21 секундэд цагаан өмд, цагаан пудволк, хар өнгийн хантааз өмссөн байсан хохирогч Эыг зам гаргаад ирсэн хүмүүс нийлэн зодож байгаа бичлэг эхэлж 20 минут 04 секундэд Т худалдааны төвийн урдуур ертөнцийн зүгээр баруун тийш алхаж байна. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р тал/,
-Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р тал/,
-хохирогч Э.Эы мэдүүлсэн:. 2024 оны 08 сарын 18-ны орой 20 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ажлын 2 дүүтэй уулзсан. Ажлын 2 дүүгийн хамт Вегас баар ороод 1 шил 0.5 грамм савлагаатай архи, 2 шилтэй пиво уугаад 02 цагт баар хаагаад гарсан. Баарнаас гараад 2 дүү харихаар яваад би харихаар Т худалдааны төв рүү алхаад таксины буудал орсон. Такси барихаар зогсож байхад танихгүй хэдэн залуучууд юу ч хэлэхгүй намайг цохиод эхэлсэн. Би эхлээд зугтаагаад Б худалдааны төвийн 4 замын уулзвар орсон, миний гадна талаараа өмсөж явсан хантааз байхгүй буцаж авахаар очоод дахин зодуулсан. Буцаж зугтаагаад М худалдааны төвийн автобусны буудлын гадаа ирэхэд тэд нар ардаас хөөж ирээд дахин зодсон. Намайг зодуулж байхад танихгүй залуу эхнэртэйгээ ирээд намайг өмөөрсөн тэр залууг надтай хамт зодсон. Бид 2 зодуулж байхад дахин 1 эмэгтэй гарж ирээд утсан дээрээ бичлэг хийж байсан. Тэд нар бид 2-ыг зодчихоод яваад өгсөн, би Т худалдааны төвийн Си Юу дэлгүүр орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би тухайн үед миний бие гэмтэл учирснаас 14 хоног ажил хийж чадаагүй мөн Iphone 11 рго, А23 маркийн гар утас болон бусад бичиг баримтаа үрэгдүүлсэн, тухайн үед миний хамар гэмтсэн бөгөөд 1,500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байна. А-23 загварын гар утсыг Хөвсгөл аймгийн Юнител ХХК-с 1,200,000, Iphone-11 про загварын утсыг 2023 онд 1,450,000 төгрөгөөр Орхон аймаг С худалдааны төвөөс авч байсан Би Өмнөговь аймгийн Ц суманд Монгол майнинг ХХК-д засварын механикаар ажилладаг бөгөөд хэргийн материалтай очиж танилцахгүй....” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18, 21-р тал/,
-насанд хүрээгүй гэрч Т.Мын мэдүүлсэн:.. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ ганцаараа байсан тул Өтэй холбогдоод ээж нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг шөнийн ээлжтэй хонож байсан, бид 2 эхлээд уулзсан. Манай гэрийн гадаа Ө, Г, Тдөр, Т, Оюунтөгс бид нар уулзсан. Бид нар уулзаад Т худалдааны төв орсон... Бид нар Т дэлгүүрийн урдуур явж байхад 2 ах 1 хүнийг дээрэлхээд гар утсыг нь авчихсан өгөхгүй байсан. Бид нар салгах гэж очиход уурлаад дайраад байсан. Өийг цагаан фудволктой Э ах эхлээд цохиод Ө буцаагаад цохиод зодолдсон. Ө, Э 2 зодолдож байх үед би гар утсаа булаалгасан гэх ах дээр очоод уулзаж байсан. Зодоон дуусаад Э гэх ах Төв Хаан банкны чиглэлд алхаад явсан. Ө, Тдөр 2 ардаас нь хөөгөөд Мын автобусны буудал дээр барьж аваад дахин зодолдож маргалдаж байхад нь би, Т, Г нарын хамт очсон. М худалдааны төвийн гадна маргалдаад байж байхад танихгүй согтуу ах ирээд та нар олуулаа хүн дээрэлхлээ гээд дайрсан. Тдөр зодолдсон. Мын автобусны буудал дээр Ө, Г, Тдөр нар Э гэх ахтай анх Т худалдааны төвийн гадаа маргалдсан хүн болон эхнэртэй хамт, өмөөрч ирсэн согтуу ахтай зодолдоод байж байхад өмөөрч ирсэн ахын эхнэр гар утсаа гаргаад бичлэг хийгээд бид нар явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Бн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 742 дугаартай “...Э.Эы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, завж, дээд уруулын салстад цус хуралт, дух, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчны муруйлт, нүүр, завж, дээд уруулын салстад цус хуралт, дух, баруун өвдөгт зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, холбогдох эмнэлгийн баримтууд /хх-ийн 46-53-р тал/
-өсвөр насны шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би хохирогчийн мөр болон гэдэс хэсэг рүү хөлөөрөө болон гараараа 1 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх Тдөр, Ө, М бид нар уг дэлгүүрийн гадаа хохирогч ахтай тааралдахад цээж нүцгэн мөн доогуураа нимгэн цагаан өмдтэй согтуу өөрийгөө хянах чадваргүй байсан. Хохирогч ахад ямар нэгэн утас байтугай эд зүйл хадгалах карматай хувцас ч байгаагүй. Хохирогч ах бас өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаад газар уначихсан хэвтэж байсан. Хохирогч босож ирээд Өийн гэдэс рүү нь хөлөөрөө жийхэд нь Ө буцаагаад хөлөөрөө жийхэд хохирогч ах газарт унасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 71-р тал/
-өсвөр насны шүүгдэгч Г.Өийн яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдөр зодоон болох үед хохирогч цагаан нимгэн өмдтэй, цагаан фудволктой байсан. Яг зодоон болох үед хувцсаа тайлчихсан цээж нүцгэн байсан. Тэгэхээр хохирогч ах утастай байх ямар ч боломжгүй. Өмссөн хувцас нь кармагүй байсан. Гартаа ч утас бариагүй байсан. Би хохирогч ахын гэдэс рүү нэг удаа өшиглөчихөөд толгой тус газар нь нэг гараараа цохиход газар уначихсан. Уг хохирогч ах архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэчихсэн байсан. Г хохирогч ахын толгой нүүр хэсэг рүү хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд би болиоч гэж хэлээд салгасан.Тдөр хохирогч ахын хацар хэсэг рүү 2 удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Хохирогч ах нэг залуугийн утсыг гартаа барьчихсан байсан. Тэгээд хохирогч ах нэг юүдэнтэй залуу карманд нэг утас хийсэн чинь нөгөө залуу нь зугтаад гүйгээд явчихсан. Тэгээд бид нар утас авсан ахын ардаас гүйсэн боловч олоогүй. Эхлээд би хохирогч ахыг цохисон чинь хохирогч ах буцаагаад миний шанаа болон элэг рүү цохисон. Хохирогчид цохиулснаас болоод миний эрүү 2 өдөр хөндүүрлээд байсан. Гэмтэл шарх бол учраагүй...”гэх мэдүүлэг/ хх-ийн 87-р тал/
-Нас тоолсон тухай:…Өсвөр насны шүүгдэгч Ггийн Ө /РД-00000000/ нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 16 нас 08 сартай буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 08 сар 5 хоногтой байсан байна…гэх мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 93-94-р тал/
-Нас тоолсон тухай:…Өсвөр насны шүүгдэгч Э Г /РД-00000000/ нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 нас 01 сартай буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 02 сар 6 хоногтой байсан байна…гэх мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114-115-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
2024 оны 08 дугаар сарый 19-ний өглөөний 05-06 цагийн хооронд насанд хүрээгүй Э.Г, Г.Ө нар найзуудын хамт У баг Т худалдааны төвийн хажуугаар явж байхад нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хоорондоо “гар утас авлаа”гэж маргалдаж байхтай таарч, Э.Эыг “хүний гар утас авсан” шалтгаанаар зодож, араас нь хөөж, Уртбулаг баг М худалдааны төвийн гадна зодож “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, завж, дээд уруулын салстад цус хуралт, дух, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, өсвөр насны шүүгдэгч Э.Г, Г.Ө нарын үйлдлийн улмаас Э.Эы биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан, шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Өсвөр насны шүүгдэгч Э.Г, Г.Ө нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Э.Эы биед халдаж зодсоноос эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь, өөрсдийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Г, Г.Ө нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэрэг гарсан өдөр шүүгдэгч Э.Г 17 нас 02 сар 6 хоногтой, Г.Ө 16 нас 08 сар 5 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон ба шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нар нь Э.Эыг бүлэглэн зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогч эрүүл мэндэд учирсан хохирол 1,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримт гаргаагүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн. Хохирол нэхэмжилсэн баримт байхгүй тул гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б: шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,
-хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх үйлдсэн хэргийн шинж байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 130 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э: өсвөр насны шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн.Хүнд туслах гэж байгаад ийм зүйл болсон,нөхцөл байдлыг дүгнэж чадаагүй.Сургуулийн сурагчид тул ял оногдуулахгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу гэж ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б: хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу гэж тус тус санал гаргасан.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч 1,500,000 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гаргаагүй, шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг заалаа. Шүүгдэгч нар төлөх төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Э Г, М овогт Ггийн Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ө, Э.Гнарт тус тус ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ө, Э.Гнарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт даалгаж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Г.Ө, Э.Гнарт авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Тдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ