Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00048

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Иргэдийн төлөөлөгч Ц.Догмидмаа,
Хохирогч Ц.Энхээ, Д.Гэрэлт-Од, тэдний өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар толгой овогт Энхбаатарын Энх-Эрдэнэд холбогдох 201606000305 дугаартай 132/2016/0034/Э индекстэй хэргийг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Рашаант сумын 1-р баг "Хөгнө" гэх газарт оршин суух, ял шийтгэлтэй, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаартай захирамжаар 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Шартолгой овгийн Энхбаатарын Энх-Эрдэнэ /РД:ЙЕ79022011/.
Холбогдсон хэргийн талаар:
Э.Энх-Эрдэнэ нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Ц.Ёндонжунайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гэрэлт-Одын өгсөн: Талийгаач Ёндонжунай миний нөхөр байгаа юм. Шүүгдэгч Энх-Эрдэнэ болон түүний дүү Энх-Эрдэнэ нар манай нөхрийг зоддог байсан. Урьд өмнө нь дүү Энх-Эрдэнэ нь манай нөхрийг зодож байсан ба цагдаад мэдэгдэх гэсэн боловч тэнсэн харгалзах ялтай байгаа гээд гуйгаад байхаар нь цагдаад мэдэгдээгүй. Шүүгдэгч Энх-Эрдэнэ манай нөхрийн амь насыг санаатай хохироосон. Тухайн өдөр манай нөхөр адуундаа явахаар гэрээсээ гарсан бөгөөд маргааш нь нас барсан байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Миний нөхөр тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би маш их гомдолтой байна. Миний нөхөр хөл нь доголсон байдалтай Дуламсүрэнгийн цайны газарт орсон байдаг. Шүүгдэгч Энх-Эрдэнэ миний нөхрийг архиар шахсан бичлэг байдаг. Би 3.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байсан. Уг нь 8.000.000 гаруй төгрөгний зардал гарсан. Би насанд хүрээгүй 4 настай Баяржавхлан, 9 настай Нарансолонго, Хулан нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд 48.580.344 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед миний нөхөр малгайтай байсан бөгөөд малгай нь байхгүй болсон байсан. Баярсайхан болсон үйл явдлыг сайн мэдэж байгаа. Мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхээгийн өгсөн: Ёндонжунай миний хүүхэд байгаа юм. Шүүгдэгч Энх-Эрдэний дүү өөртэй нь адилхан Энх-Эрдэнэ гэдэг нэртэй. Би түүнийг энэ гэмт хэрэгт холбоотой гэж үзэж байна. Би хүү Ёндонжунайтай үхэхээс нь өмнө уулзаж чадсангүй. Би түүнийг маш их санаж байна. Эхнэр Гэрэлт-Од нь маш их харамсаж байгаа. Би Энх-Эрдэний дүүг энэ гэмт хэрэгт татан оролцуулах хүсэлтэй байна. Миний хүү Ёндонжунай нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Надаас архины болон бензиний мөнгө ч авч байгаагүй. Хүү Ёндонжунай нь тээврийн хэрэгсэл засварладаг. Тэр мөнгөөрөө амьдралаа авч явдаг байсан. Энэ гэмт хэрэг архинаас болсон байна. Би хүү Ёндонжунайгийн эхнэр Гэрэлт-Одыг цаашид хэрхэн амьдрах бол доо гэж бодох юм. Хүү Ёндонжунайг нас барснаас хойш зүрхний өвчтэй болсон. Хэрэгт дүрс бичлэгийн СД-д бичлэг байгаа боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Энэ дүрс бичлэгийн СД-нд шүүгдэгч Энх-Эрдэнэ миний хүү Ёндонжунайг архиар шахаж байгаа харагддаг. Би маш их гомдолтой байна. Би шүүгдэгч Энх-Эрдэний дүүг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгуулмаар байна. Миний хүү Ёндонжунайгийн хүүхдүүд аавыгаа их асууж байгаа. Хоёр адуунаас болж маргалдсан байна. Би хүү Ёндонжунайг архи уугаад ирэхэд загнадаг, мөн зоддог. Харин миний хүү Ёндонжунай буруугаа ойлгоод дахиж архи уухгүй гээд миний урдаас хэрэлдэж ч байгаагүй гэх мэдүүлэг,
201606000305 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Гэрэлт-Одын өгсөн...Манай талийгаач нөхөр Ёндонжунай 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед малаа харна гээд гэрээсээ ганцаараа өөрийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикольтойгоо явсан. Тэгээд тэр шөнө гэртээ ирээгүй. Би тухайн үед гайхаад байж байхад маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 9 цагийн үед манай талийгаач нөхрийн төрсөн дүү Мандах манай гэрт ирээд ахын бие муу байна. Сумын төв рүү явъя гээд намайг аваад явсан. Тэгээд би сумын төвд ирээд нөхрийгөө нас барсан талаар мэдсэн. Талийгаач нөхөрт маань архаг хууч өвчин байхгүй. 2016 оны 7 дугаар сарын
28-ны үед Энх-Эрдэнэ гэх залуугийн дүү Жоохноо, Энхсайхан гэх хоёр залуу нөхрийг маань зодсон байсныг би сүүлд нөхрөөсөө сонссон. Тэгж зодуулснаас хойш манай нөхрийн толгой хааяа нэг өвддөг болсон. Би гомдолтой байна. Үр хүүхдүүдээ яаж өсгөж тэжээнэ, яаж амьдралаа авч явна даа гэж бодож байна. Оршуулгын зардал болон бусад бүх зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуудас/,
Гэрч З.Мөнхнастын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын төвд хөдөөнөөс ганцаараа морьтой 18-19-ны цагийн үед орж ирсэн. Сумын төвд Амгалан гээд айлд очиж хашаанд нь морио уяад эзгүй байхаар нь хойшоо 2 гудамжны ард Ө.Баасанжавынд очсон. Тэнд хоол идэж нилээд хэсэг хугацаа өнгөрөөгөөд шөнийн 23 цагийн орчимд байх бид хоёр дэлгүүрээс ганц шил архи авахаар болж мотоцикльтой тэдний гэрээс гарсан. Бид хоёр Рашаант сумын цайны газруудаар очиж архи хайсан боловч олдоогүй. Тэгээд байж байхад Т.Баярсайхан, Энх-Эрдэнэ хоёр явган алхсаар бид хоёр дээр ирсэн. Э.Энх-Эрдэнэ “би архи олоод ирье” гээд надаас 10.000 мянган төгрөг аваад тэр хавийн дэлгүүрээр орж байгаад 1 шил Ерөөл билүү Хараа нэртэй архийг худалдаж аваад ирсэн. Тэгээд 4-лээ архиа Дуламсүрэнгийн цайны газарт очиж уугаад сууж байтал Ц.Ёндонжунай гаднаас согтуу байрын ганцаараа орж ирсэн. Тэгээд 5-лаа болж архиа уугаад дөнгөж суугаад удаагүй байж байтал Ц.Ёндонжунай, Э.Энх-Эрдэнэ хоёр хоорондоо “2 адуу өгнө” гэсэн яалаа гээд нэг зүйл ярьж байснаа маргаад эхэлсэн. Тэгээд удалгүй цайны газраас 5-лаа зэрэг гараад Ө.Баасанжав бид хоёр мотоцикльтойгоо шууд яваад өгсөн. Цайны газрын гадаа Ц.Ёндонжунай, Э.Энх-Эрдэнэ хоёр маргалдаад хажууд нь Т.Баярсайхан зогсоод үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Гэрч Ө.Баасанжавын өгсөн:…манай нутгийн Ц.Ёндонжунай нилээд халамцуу согтуу гаднаас орж ирээд бид нартай сууж эхлээд удалгүй Э.Энх-Эрдэнэтэй хоорондоо юунаас болсныг нь мэдэхгүй байна маргаж эхэлсэн. Тэгээд бид нар 1 шил архиа ууж дуусгаад цайны газраас гарсан тэгтэл Э.Энх-Эрдэнэ, Ц.Ёндонжунай нар маргасаар байсан. Тэгээд Мөнхнаст бид хоёр мотоцикильтой шууд яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,
Гэрч Г.Вандандоржийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуудлагын эмчийн хуваарьтай байсан. Тэгтэл 17-ны шөнө 04 цаг 20 минутад Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хаан банк”-ны урд талд шороон зам дээр нүүрэн хэсэг нь цус болсон ухаангүй хүн байна гэх дуудлагын дагуу сувилагч Энхтайван, асрагч Бадам нарын хамтаар 06 минутын дараа тухайн газар очиход 35-37 орчим насны эрэгтэй, ногоон өнгийн дээлтэй, бор өнгийн гуталтай хүн газар хэвтэж байсан. Тэгээд тухайн хүний биеийг үзэхэд хоёр нүдний хүүхэн хараа хоёр талд бүрэн өргөссөн гэрлийн урвалгүй, эвэрлэгийн реплекс үгүй, амьсгал сонсогдохгүй, зүрхний авиа сонсогдохгүй, гүрээний судасны лугшилт мэдэгдэхгүй байсан. Гадна үзлэгээр толгойн үстэй хэсэгт 1.2 см орчим шархтай, шархнаас цус гарсан байдалтай байсан. Хоёр хамраас цус гарсан, баруун духны хэсэг рүү цус урссан байдалтай байсан. Тухайн хүн намайг очоод биеийг нь үзэхэд нас барсан байсан. Тэгээд сумын цагдаа хэргийн газрын хамгаалалт авсан гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,
Гэрч Т.Баярсайханы өгсөн:…Мөнхнаст, Баасанжав нар архи уусан согтуу таарсан. Тэгээд тэр хоёр Э.Энх-Эрдэнэ бид хоёроос “10.000 мянган төгрөг байна яах уу” ганц юм хувааж байгаад авах уу гэж асуусан. Тэгээд бид 4-ний нэг нь архи авахаар орсон боловч мөнгө хүрээгүй. Тэгэхээр нь би цайны газарт ажилладаг найз Оюунцэцэг рүү орсон чинь 5000 мянган төгрөг өгсөн. Тэгээд Мөнхнастын 10000 төгрөг дээр 5000 төгрөгөө нэмээд 0,5 литрийн хараа нэртэй архийг худалдан авч Дуламсүрэнгийн цайны газарт орж 4-лээ ууж байхад гаднаас Ц.Ёндонжунай ганцаараа орж ирээд бид дөрөвтэй нийлж ууж дуусгасан. Тэгээд сууж байхад Э.Энх-эрдэнэ Ц.Ёндонжунай хоёр хоорондоо маргаж
муудалцаж эхэлсэн. Тэгээд удалгүй архи дуусаж 5-лаа цайны газраас гарсан. Цайны газрын гадаа Ц.Ёндонжунайг Э.Энх-Эрдэнэ дүү нь хуучин зодож байсан талаар яриа гаргаад оронд нь өгөх байсан 2 адуугаа өгөөгүй гээд хоорондоо барьцалдаж аваад Э.Энх-Эрдэнэ түрүүлээд 2 удаа толгойн тус газарт нь цохиод авсан. Тэгэхээр нь би хажуугаас нь “та хоёр чинь яасан заяагүй новшнууд вэ, архи ууж чадахгүй хоорондоо зодолдоод байх юм” гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр барьцалдаж байснаа салсан. Тухайн үед Мөнхнаст, Баасанжав хоёр мотоцикльтой ямар нэгэн зүйл хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд Э.Энх-Эрдэнэ, Ц.Ёндонжунай бид 3 дэлгүүрийн гадаа үлдээд тэндээс 3-лаа сумын төв рүү алхаад явж байхад тэр хоёр хоорондоо маргасаар байсан. Тэгэхээр нь би түрүүлээд та хоёр заяагүй хоёр новш юмаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл миний хажуугаар мотоцикль явж байхаар нь гараа өргөсөн чинь зогссон. Тэгээд тэр мотоцикльтой залуу намайг малын Баяраа ах уу гээд таньсан. Тэгэхээр нь би ах нь нэлээд согтуу явж байна, ахыгаа гэрт хүргээд өгөөч гэсэн. Тэр үед цаг шөнийн 01 цаг болж байсан байх, шууд Баянаагийн гэрт ороод унтаж амарсан. Тэгээд өглөө сэрээд гэрээс гараад сумын тамгын газрын ойролцоо явж байхад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,
Гэрч П.Отгонцэцэгийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө гаднаас шөнийн 02 цаг өнгөрч байхад танихгүй, дээлтэй 4 хүн нилээд архи ууж халсан байдалтай орж ирсэн. Тэгээд тэр 4-н танихгүй хүмүүс сууж байснаа нэг талын нүд нь сохор хүн ирээд ах нь архи уух гэсэн юм гээд гуйгаад байхаар нь өгөөгүй. Тэгтэл 1 аягыг маань өөрөө авч 4-лээ нэг архи гаргаж ирээд хувааж уугаад сууж байтал дахиад нэг танихгүй дээлтэй эрэгтэй хүн нэмэгдэж ирээд суусан байсан. Хүмүүсийн дунд байсан сохор нүдтэй ах архи ууж суух зуураа сүүлд ирсэн хүнтэй адууны талаар яриад маргалдаад байсан. Мөн тэр нэг нүд нь сохор ах дүүгийнхээ талаар яриад л хэрэлдээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/, Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №88 тоот дүгнэлтэнд: 1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл: хатуу хальсан доорх цусан хураа /80 гр/, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, ховдлуудын цус иврэлт, толгойн хуйхны дотор гадаргуут цус хуралт, дух, баруун хацар, хамрын баруун угалз, зүүн хацар уруулын нугалаасанд зулгаралт, дух, баруун хацарт цус хуралт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын зүүн дотор салтад цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Дээрх гэмтлийг босоо, суугаа, хэвтээ байрлалын аль алинд нь авах боломжтой. 6. Талийгаачийн биед 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагт үзлэг хийхэд нас бараад 10-11 цаг орчим болсон байх боломжтой байна гэх дүгнэлт / хх-ийн 96-97 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №10133 тоот дүгнэлтэнд: Цэнхэр эмжээртэй ногоон өнгийн дээлийн зүүн талын хормой хэсэг дэх бүдэг хүрэн толбонд, бор өнгийн урт түрийтэй гуталны зүүн болон баруун хөлийн хэсэгт дэх хүрэн толбонд цус илэрсэн, шүлс илрээгүй. 2. Ногоон цэнхэр эмжээртэй цэнхэр өнгийн дээлийн гадуур өмсдөг хүрэм, улбар шар өнгийн бүс, бор шаргал өнгийн ноосон малгай, бор өнгийн үзэг балны сав, цагаан өнгийн хуванцар дугуй саван дээр цус, шүлс илрээгүй. 3. Цэнхэр эмжээртэй ногоон өнгийн дээлийн зүүн талын хормой хэсэгт, бор өнгийн урт түрийтэй гуталны зүү болон
баруун хөлийн хэсэгт илэрсэн цус нь Ц.Ёндонжунай гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 105-106 хуудас/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №138 тоот "1.2. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Ёндонжунай гэх цусанд 5.0 % промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 5.0 % промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-ийн 94 хуудас/, Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаанд 1. Сэжигтэн Э.Энх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан, тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдах чадвартай байсан. 2. Э.Энх-Эрдэнэ нь “Эрүүл” хэрэг хариуцах чадвартай. 3 Албадан эмчилгээ шаардлагагүй / хх-ийн 104 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-96-102 хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-19 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгах тухай тэмдэглэл / хх-ийн 27-28 хуудас/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 40-41 хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 134-136 хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/12 тоот Булган аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын албан тоот /хх-ийн 173 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэжигтнээр Э.Энх-Эрдэний өгсөн:...Орхон дэлгүүр лүү ороод дахиад нэг шил 0.33 литрийн “Хараа” гэх нэртэй архи аваад Сүрэнгийн дугуй засварын цайны газарт нь орж 2 шил 0.33 литрийн архийг Баярсайхан ах, Орхон бид 3 хувааж ууж байгаад би нэг шил архийг нь уугаад тэр газраасаа гарснаа санахгүй байна. Би ер нь архи уухаараа тасарсан хирнээ зүгээр яриад яваад байдаг юм. Тэгж явж байгаад нэг ухаан ороход “Хаан банк”-ны урд талд амь хохирогч Ёндонжунайг хавсарч унагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн гэдгээ санаж байна. Тэгээд л би Ёндонжунайгийн нүдэн дээр дарахад хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би хүн алчихлаа гээд шууд цагдаа руу өөрөө очиж “би хүн алчих шиг боллоо” гэж хэлсэн. Цагдаа шууд гараад явсан. Хэрэг болсон газар нь цагдаагийн яг ар талд ойрхон байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуудас/,
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуургаар иргэн Ц.Ёндонжунайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг хавсарч унагаан толгойн тус газарт нь өшиглөж гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь санаатай хохироосон факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ болсон үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн Э.Энх-Эрдэний….нэг ухаан ороход “Хаан банк”-ны урд талд амь хохирогч Ёндонжунайг хавсарч унагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн гэдгээ санаж байна. Тэгээд л би Ёндонжунайгийн нүдэн дээр дарахад хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би хүн алчихлаа гээд шууд цагдаа руу өөрөө очиж “би хүн алчих шиг боллоо” гэж хэлсэн гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гэрэлт-Одын…Талийгаач Ёндонжунай миний нөхөр байгаа юм..., Энх-Эрдэнэ манай нөхрийн амь насыг санаатай хохироосон..., тухайн
өдөр манай нөхөр адуундаа явахаар гэрээсээ гарсан бөгөөд маргааш нь нас барсан байсан..., оршуулгын болон замын зардалд 3.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байсан. Уг нь 8.000.000 гаруй төгрөгийн зардал гарсан..., би насанд хүрээгүй 4 настай Баяржавхлан, 9 настай Нарансолонго нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд 48.580.344 төгрөг нэхэмжилж байна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхээгийн…Ёндонжунай миний хүүхэд байгаа юм. Шүүгдэгч Энх-Эрдэний дүү өөртэй нь адилхан Энх-Эрдэнэ гэдэг нэртэй. Би түүнийг энэ гэмт хэрэгт холбоотой гэж үзэж байна. Би хүү Ёндонжунайтай үхэхээс нь өмнө уулзаж чадсангүй. Би түүнийг маш их санаж байна…, би маш их гомдолтой гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Мөнхнастын…Ц.Ёндонжунай, Э.Энх-Эрдэнэ хоёр хоорондоо “2 адуу өгнө” гэсэн яалаа гээд нэг зүйл ярьж байснаа маргаад эхэлсэн гэх, гэрч Ө.Баасанжавын…манай нутгийн Ц.Ёндонжунай нилээд халамцуу согтуу гаднаас орж ирээд бид нартай сууж эхлээд удалгүй Э.Энх-Эрдэнэтэй хоорондоо юунаас болсныг нь мэдэхгүй байна маргаж эхэлсэн гэх, гэрч Г.Вандандоржийн…17-ны шөнө 04 цаг 20 минутад Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хаан банк”-ны урд талд шороон зам дээр нүүрэн хэсэг нь цус болсон ухаангүй хүн байна гэх дуудлагын дагуу сувилагч Энхтайван, асрагч Бадам нарын хамтаар 06 минутын дараа тухайн газар очиход 35-37 орчим насны эрэгтэй, ногоон өнгийн дээлтэй, бор өнгийн гуталтай хүн газар хэвтэж байсан…, тухайн хүн намайг очоод биеийг нь үзэхэд нас барсан байсан гэх, гэрч Т.Баярсайханы...цайны газрын гадаа Ц.Ёндонжунайг Э.Энх-Эрдэнийн дүү хуучин зодож байсан талаар яриа гараад оронд нь өгөх байсан 2 адуугаа өгөөгүй гээд хоорондоо барьцалдаж аваад Э.Энх-Эрдэнэ “түрүүлээд 2 удаа толгойн тус газарт нь цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч П.Отгонцэцэгийн…хүмүүсийн дунд байсан “сохор нүдтэй ах архи ууж суух зуураа сүүлд ирсэн хүнтэй адууны талаар яриад маргалдаад” байсан. Мөн тэр нэг нүд нь сохор ах дүүгийнхээ талаар яриад л хэрэлдээд байсан гэх мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №88 тоот дүгнэлтээр…талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байна. Хэрэгт талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон хэргийн газраас олдсон хэргийн ул мөр үлдсэн эд зүйлд хийгдсэн шинжилгээнүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлэв. Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ба Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаартай захирамжаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 19 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан байх ба ялтай байх хугацаандаа онц хүнд ангилалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлүүлэгт хохирогч нар энэ хэрэгт шүүгдэгчийн дүү Энх-Эрдэнэ оролцоотой гэж, мөн түүний өмгөөлөгч П.Ган-Очир энэ хэргийг танхайн сэдэлтээр хүнд
зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн гэж тус тус мэтгэлцэж байна.
Амь хохирогч хэрэг үйл явдал болохоос өмнө шүүгдэгч Э.Энх-Эрдэний дүү Энх-Эрдэнэ /жоохноо гэж дуудах/-д зодуулсан асуудлаа хуулийн байгууллагад мэдэгдэлгүй 2 адуу авч өгөлцөхөөр тохиролцсон нь гэрч Энх-Эрдэнэ /хх-58/, хохирогч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэрэг үйл явдал болох өдөр талийгаач уг 2 адуугаа нэхэж, дүүг нь өгсөнгүй гэх шалтгаанаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнэтэй маргалдаж байсан талаар гэрч З.Мөнхнаст, Т.Баярсайхан, Ө.Баасанжав, П.Отгонцэцэг нар мэдүүлдэг бөгөөд улмаар маргаан даамжирч барилцан авч ноцолдож байгаад салахад нь орхиод явсан талаар мөн гэрч Т.Баярсайхан тодорхой мэдүүлдэг. Үүнээс үзэхэд шүүгдэгч, амь хохирогч нарын хооронд өмнө нь болсон үйл явдалтай холбоотой таарамжгүй харилцаа үүсч маргаан бий болсон нь энэ хэрэг үйл явдал болох сэдэлт шалтгаан болсон байх бөгөөд тухайн цаг хугацаанд дүү Энх-Эрдэнэ нь байгаагүй болохыг дээрхи гэрчүүд болон хэрэг үйл явдал болохоос өмнөх үеийн нөхцөл байдлыг бэхжүүлж авсан…”Шунхлай”, “Талын говь”, “Булган зоог” гэх цайны газруудын хяналтын камерт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч, амь хохирогч нарын аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэртүүлэн хэрэглэснээс хүнд зэргийн согтолттой, биеэ хянах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч хохирогчийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг ухамсарласны үндсэн дээр зодож дээрхи хор уршигт хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих зүйл нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөлд байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураар илчилсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсанаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь оршуулгын болон замын зардал 3.528.403 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 42.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд 48.580.344 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн оршуулгын болон замын зардлын нотлох баримтуудыг шүүх үнэлээд шүүгдэгч Э.Энх-Эрдэнээс 1.925.403 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гэрэлт-Одод олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Харин хохирогч Д.Гэрэлт-Од нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг насанд хүрээгүй 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Ё.Нарансолонго, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн Ё.Баяржавхлан нарыг насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болтол Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4-т заасны дагуу шаардах эрхтэй боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Учир нь хохирогч насанд хүрээгүй Ё.Баяржавхлан нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа гэх боловч амь хохирогч нь ямар хөдөлмөр эрхлэдэг байсан, сарын орлого нь хэдэн төгрөг, нийгмийн даатгал төлдөг байсан эсэхийг тодорхойлсон баримт болон насанд хүрээгүй Ё.Нарансолонго, Ё.Баяржавхлан нар тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр хэдэн төгрөг авдаг болохыг тодорхойлсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн өмсөж байсан ногоон өнгийн хуучин дээл, бор өнгийн хуучин 2 ширхэг урт түрийтэй гутал, шаргал өнгийн хуучин бүс, шаргал өнгийн ноосон хуучин малгай, цэнхэр өнгийн хүрэм, талийгаач Ц.Ёндонжунайгийн өмсөж байсан тод цэнхэр өнгийн нударгатай дээл, хар өнгийн үслэг материалтай майк, хар өнгийн саарал ханцуйтай ноосон цамц, ногоон өнгийн подвалк, улаан өнгийн урт ханцуйтай, босоо захтай ноосон цамц, биеийн тамирын хөх өнгийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, хар өнгийн турсик, 4 ширхэг цагаан өнгийн хөлийн ороолт, хүрэн шаргал өнгийн урт түрийтэй 2 ширхэг гутал, 2 ширхэг хар өнгийн оймс, ногоон өнгийн үстэй чихэвч, шаргал өнгийн бүс, 2 ширхэг ногоон эрээн өнгийн ороолт, 2 ширхэг саарал өнгийн хөвөнтэй бээлий, ногоон өнгийн цагаан канттай бэлтгэлийн өмд 1 ширхэг, хуванцар цагаан өнгийн дугуй өнгийн дугуй сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шартолгой овогт Энхбаатарын Энх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Энх-Эрдэний цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Энх-Эрдэнээс 1.925.403 /нэг сая есөн зуун хорин таван мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн Аргалхайрханд оршин суух Дашцэрэнгийн Гэрэлт-Од /РД:ЙЕ77051301/-д олгож, хохирогч Д.Гэрэлт-Од нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 48.580.344 /дөчин найман сая таван зуун наян мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөг болон оршуулгын зардалтай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн өмсөж байсан ногоон өнгийн хуучин дээл, бор өнгийн хуучин 2 ширхэг урт түрийтэй гутал, шаргал өнгийн хуучин бүс, шаргал өнгийн ноосон хуучин малгай, цэнхэр өнгийн хүрэм, талийгаач Ц.Ёндонжунайгийн өмсөж байсан тод цэнхэр өнгийн нударгатай дээл, хар өнгийн үслэг материалтай майк,
хар өнгийн саарал ханцуйтай, ноосон цамц, ногоон өнгийн подвалк, улаан өнгийн урт ханцуйтай босоо захтай ноосон цамц, биеийн тамирын хөх өнгийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, хар өнгийн турсик, 4 ширхэг цагаан өнгийн хөлийн ороолт, хүрэн шаргал өнгийн урт түрийтэй 2 ширхэг гутал, 2 ширхэг хар өнгийн оймс, ногоон өнгийн үстэй чихэвч, шаргал өнгийн бүс, 2 ширхэг ногоон эрээн өнгийн ороолт, 2 ширхэг саарал өнгийн хөвөнтэй бээлий, ногоон өнгийн цагаан канттай бэлтгэлийн өмд 1 ширхэг, хуванцар цагаан өнгийн дугуй өнгийн дугуй сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ
С.ЦЭРЭНХАНД