Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

 

    2021         05           05                                       2021/ДШМ/13

 

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Х.Е /зайнаас цахимаар/,

Яллагдагч: М.Н /зайнаас цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Э /зайнаас цахимаар/,

Хохирогч: Д.Б /зайнаас цахимаар /,

Хохирогч: П.Э /зайнаас цахимаар/,

Хохирогч: Ц.Ж /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/56 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч М.Н-д холбогдох, эрүүгийн 201526030052 дугаартай, 6 хавтас, 1302 хуудас бүхий хэргийг прокурор Х.Е-ны эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овогт М-ын Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Яллагдагч М.Н нь хохирогч Д.Б-г “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ын өмчлөлийн 52-55 ДГА улсын дугаартай Лексус-470 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.У-ыг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2014 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.У-ын өмчлөлийн 48-80 УБЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер-80 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч 15.000.000 төгрөгийн, мөн 2014 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкны харилцах дансаар 11.000.000 төгрөг шилжүүлэн авч нийт 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ц.Ж-г “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 21.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

хохирогч П.Э-ыг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тариалан банкны 6228480876075608565 дугаартай харилцах дансаар 100.000.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 140.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Э-ын “...хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, яллагдагч Ш овогт М-ын Н-д холбогдох эрүүгийн 201526030052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

 

хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон яллагдагчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Х.Е эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.  

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Яллагдагч М.Н нь хохирогч Д.Б, Г.У, Ц.Ж, П.Э нарыг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар тэдгээрийг төөрөгдөлд оруулж, улмаар 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Д.Б-ын өмчлөлийн 52-55 ДГА улсын дугаартай Лексус-470 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 23.000.000 төгрөгийн, хохирогч Г.У-ын өмчлөлийн 48-80 УБЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер-80 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 15.000.000 төгрөгийн, мөн 2014 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ХААН банкны харилцах дансаар 11.000.000 төгрөг шилжүүлэн авч нийт 26.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Ж-ээс бэлэн мөнгө шилжүүлэн авч, 21.000.000 төгрөгийн, хохирогч П.Э-оос бэлэн мөнгө авч, 40.000.000 төгрөгийн бодит хохирол учруулсан.

Мөн хохирогч П.Э-оор дамжуулж иргэний нэхэмжлэгч О.З-ээ 2014 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны 6228480876075608565 дугаартай харилцах дансаар 100.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сард иргэний нэхэмжлэгч Д.А-аас 6.000.000 төгрөг, хохирогч Д.Б-оор дамжуулж иргэний нэхэмжлэгч У.Э-аас 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 28.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир иргэн Д.Б, Г.У, Ц.Ж, П.Э нарыг энэхүү хэрэгт хохирогчоор, харин иргэн О.З, Д.А, У.Э нарыг иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон дээр дурдсан журмыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч ... хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байх бөгөөд яллагдагч М.Н-аас “хохирогч П.Э-оор дамжуулж иргэний нэхэмжлэгч Д.А-аас 6.000.000 төгрөг шилжүүлэн авсан талаар заавал тодруулан мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байгаа болно.

Түүнчлэн залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг яллах дүгнэлтийн хавсралтад ялган зааж тусгасан байгааг буруутгах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгчийн захирамжид “Яллагдагч М.Н нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий иргэдэд залилуулсан талаар БНХАУ-ын Эрээн хотод гомдол гаргасан үүний дагуу Эрээн хотын Цагдаагийн газраас хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж байгаа талаар мэдэгдэл ирүүлсэн байна. /1хх-ийн 208/ Мөн яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шалгаж байгаа, өөрийн биеэр шүүх, цагдаад шинээр мэдүүлэг өг гэсэн. 2 хятад хүнд итгэмжлэл хийж өгсөн чинь өөрийн биеэр заавал ир гээд байгаа юм? Нийслэлийн цагдаагийн газар хүсэлт гаргасан, бичиг явуулах гэж байгаа...” гэж мэдүүлсэн. 3хх-ийн 125 дугаар хуудсанд Н-г залилангийн хэрэгт холбогдуулан шалгаад хэрэгсэхгүй болгосон шийдвэр авагдсан байх тул энэ талаар хэрхэн шийдвэрлэгдэж байгаа, ямар шатандаа явж байгаа талаар тодруулах” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Учир нь Мөрдөн байцаах албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14/н570 дугаартай “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.14, 28.2.15 дахь хэсэг, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Цагдаагийн газар хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус удирдлага болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн байгууллагаас дээрх материалыг хуулбарлан авах хүсэлтэд дурдагдсан нэр бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийг гэрчээр байцаалгахаар ... мөрдөн байцаагчийн даалгавар хүргүүлж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн албан бичиг: /2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 42а-31581 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын цагдаагийн газарт” гэсэн албан бичиг: /3 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Цагдаагийн газрын ЭХЦГ/2017/75 дугаартай албан бичиг, “М.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” шийдвэр, М.Н-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Тариалан банкинд нээлгэсэн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий хүмүүсээс авсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар /3 дугаар хавтаст хэргийн 124-141 дүгээр хуудас/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавсаргасан байгаа болно.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тодорхойлжээ.

Үүний дагуу прокуророос залилах гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ын өмчлөлийн 52-55 ДГА улсын дугаартай Лексус-470 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бодит үйлдлээр эхэлж,

Хохирогч П.Э-оос 2014 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны 6228480876075608565 дугаартай харилцах дансаар 100.000.000 төгрөг шилжүүлэн авсан бодит үйлдлээр төгссөн гэж дүгнэн, яллагдагч М.Н-д холбогдох хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын уг шийдвэр нь Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “ Прокурорын шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх” шаардлагад нийцсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бодит үнэлэлт, дүгнэлт өгөөгүй эрүүгийн 201526030052 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Яллагдагч М.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тэр надад 40 000 000 төгрөг өгсөн гээд байгаа нь 320 000 юань л Замын-Үүд суманд очиж миний данс руу хийж өгсөн. Ингээд худал мэдүүлэг өгөөд байх юм. Эрээн хотын цагдаагийн газар намайг та өөрийн биеэр ирж шүүхэд материалаа өг гэсэн тийм бичиг надад ирсэн” гэв.

 

Яллагдагч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс дараах гаргасан үндэслэлүүдийг хуульд нийцсэн үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан зарим зүйлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгийг зөрчсөн байгаа. Энэ хууль маань өөрөө хэргийг хэлэлцээд, гэм бурууг шүүх ажиллагаанаас гарсан тогтоолд давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт хийхтэй холбоотой ийм зохицуулалт байгаа. Бусдаар энэ заалт нь хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид үнэлэлт дүгнэлт хийхтэй холбоотой ийм заалт биш юм. Өөрөөр хэлбэл тус хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байж болно. /техникийн доголдол гарав/ Иймд ер нь бол прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Эсэргүүцэл нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тайлбараа бичгээр хүргүүлсэн байгаа. Түүнийгээ дэмжиж оролцож байна” гэв.

 

            Хохирогч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй” гэв.

 

            Хохирогч П.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг бол маш олон жил болж байгаа. Энэ бол маш ойлгомжтой. Замын-Үүд суманд мөнгө төгрөгөө өгч авалцсан. Тэгээд мөрдөн байцаалтын хугацаанд 6 000 000 төгрөг гээд яриа гарсан юм. Тэрийг тэртээ тэргүй Н авсан. Гэрчлэх хүн гэвэл эхнэр нь байгаа. Миний зүгээс прокурорын эсэргүүцэлд татгалзах зүйл байхгүй. Бүх зүйл ойлгомжтой байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               

                Дорноговь аймгийн Замын-Үүд сум  дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/56 тоот “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

                Учир нь: Нийслэлийн прокурорын газрын прокурор Х.Е-аас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй болсон ба шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

 

                Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад яллагдагч М.Н нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг “Банзат хайрхан” гэх газарт уул уурхайн хөрс хуулалтын ажлыг хятадуудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулагдсан, энэ гэрээний дагуу 10 өөрөө буулгагч автомашин оруулж ирнэ, машин 90 сая төгрөгийн үнэтэй, автомашины 30% болох 27 сая төгрөгөө одоо өгвөл машиныг Бугатын үйлдвэрт захиаллаа, үлдэгдэл 70%-ийг ашиглаж байх явцдаа төлж болно гэж 2013 оны 12 дугаар сард хохирогч Д.Б-ын “Лексус-470” маркийн автомашиныг 28 сая төгрөгт тооцож авсан,  

 

                хохирогч  Г.У-аас мөн үндэслэлээр 2014 оны 02 дугаар сард  27 сая төгрөгт “Ланд крузер автомашин, бэлнээр 11 сая төгрөгийг,

 

                хохирогч Ц.Ж-гээс 2014 оны 03 дугаар сарын эхээр хохирогч Д.Б-оор дамжуулан мөн үндэслэлээр  21 сая төгрөгийг,

 

                хохирогч П.Э-ыг 2014 оны 03 дугаар сарын 29-30-ны хооронд Өмнөговь аймгийн Ноён суманд уул уурхайн ажил руу орох гэж байгаа, ажлаа эхлүүлэхийн тулд зам тавих ёстой, зам тавих ажлаа эхлүүлэхийн тулд дансандаа 500 мянган юань байршуулсан байх шаардлагатай, энэ мөнгийг гаргаж байршуулж өгвөл 1 сарын дараа мөнгийг чинь буцааж өгөхдөө 100 сая төгрөг нэмж өгнө гэж хэлж 146.000 сая төгрөгийг авч тус тус бусдыг залилж хохироосон буюу 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

                Хэрэгт эдгээр 4 хохирогчдоос гадна иргэн У.Э, О.З, Д.А нарыг  иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг  иргэний хариуцагчаар татах эрх хэмжээ нь мөрдөгч, прокуророос гадна шүүхэд, шүүгчид мөн байна.

 

                Иргэн Д.А “ ... 2014 оны 03 дугаар сарын 20-ны үед Эрдэнэ-Очир найздаа 6 сая төгрөг зээлээч гээд би бэлнээр зээлсэн боловч одоо болтол өгөөгүй, би өгөх байх гээд итгээд хүлээж байгаа” гэж  гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр /1-р хх-ийн 16-17, 5-р хх-ийн 195-196/-ээр асуусан тэмдэглэлд,  

 

                У.Э “ ... би өөрөө буулгагч автомашин авахаар Б руу  28 сая төгрөгийг шилжүүлсэн, би Б-оос мөнгөө нэхэмжилмээр байна”  гэж хохирогчоор асуусан тэмдэглэл /3-р хх-ийн 50-51/-д,  

 

                О.З-ийн  “ ... П.Э-т өгсөн 100 сая төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна “ /5-р хх-ийн 194/ гэж иргэний нэхэмжлэгчээр асуусан тэмдэглэлд  тус тус мэдүүлснийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д тус тус зааснаар шүүх хуралдааны шатанд яллагдагч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нарыг бүрэн оролцуулж хохирлыг хэнээс нэхэмжилж байгаа, тооцоо тооцоолол зөв эсэх зэргийг нарийвчлан тодруулж нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих зэргээр хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм.

 

                Иймээс хэрэгт иргэн Д.А, У.Э, О.З нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасанд нийцсэн буюу энэ гэмт хэргийн улмаас эдгээр нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсныг хохирогч Д.Б, П.Э нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, яллагдагч М.Н-гийн үйлдлийн улмаас нийт учирсан хохирлыг мөрдөгчөөс 236.500.000 төгрөг /5-р хх-ийн 101, 208/-өөр тогтоосон ба энэ хохирлын тооцоонд дээрх 3 иргэний нэхэмжлэгч нарын хохирлууд орж тооцогдсон, хохирлын тооцоо дээр яллагдагч маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг тул хэрэгт иргэний нэхэмжлэгчээр дээрх 3 иргэнийг тогтоосон нь үндэслэлтэй болсон  ба анхан шатны шүүх иргэний хариуцагчийг тогтоож хэргийг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой.

 

                Яллагдагч М.Н нь БНХАУ-иргэн Ч, Б гэсэн иргэдэд холбогдуулан тус улсын Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын Цагдаагийн газарт гомдол гаргасан асуудал нь хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр хэрэгт /3-р хх-ийн 125-141/ авагдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчигдсөн гэх нөхцөл хэрэгт тогтоогдоогүй, хохирогч П.Э-ийн 146.000.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө хамгийн сүүлд Замын-Үүд суманд валютын ченжээр дамжигдан БНХАУ-ын Тариалан банкны яллагдагч М.Н-гийн харилцах дансанд шилжүүлэгдсэн үйлдлийг гэмт хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төгссөн гэж прокурор үзэж шүүхийн харьяаллыг Замын-Үүд дэх Сум дундын шүүх гэж үзсэн нь энэ хуулийг зөрчөөгүй.

 

                Анхан шатны шүүх шүүхийн харьяаллыг зөв тогтоогоогүй гэж үзсэн боловч энэ үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар тодорхойлж чадаагүй байж шүүхийн харьяаллыг зөв тодорхойлж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

                Мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл тогтоогдоогүй, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

                Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь үндэслэлгүй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

                Шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/56 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд буцааж, прокурор Х.Е-ы эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                     А.САЙНТӨГС