Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

2025       02          26                                         2025/ШЦТ/109

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч О.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б холбогдох эрүүгийн 2525000480092 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, О.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Бнь 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум О багийн 00 хороолол Платинум паласе хотхоны 0-0-000 тоот гэртээ хохирогч П.Оийг“...согтуу орж ирж хэрүүл хийлээ, хүүхэд өшиглөлөө...” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд “баруун нүдний алимны салст, нүүр, цээж, хоёр гарын бугалга, баруун шуу, алга, зүүн тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч О.Б мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

            эрүүгийн 2525000480092 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:        

          -Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182 дугаартай “...П.Оийн биед баруун нүдний алимны салст, нүүр, цээж, хоёр гарын бугалга, баруун шуу, алга, зүүн тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/

            -хохирогч П.Оийн мэдүүлсэн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ламд үзүүлж засал ном хийлгэхээр гараад С багийн 0-00-р байранд өөрийн төрсөн дүү Огийн хамт очтол үзмэрч хүний очер дараалал их байхаар нь үзүүлж чадалгүй О гэрлүүгээ яваад би С багийн 0-00-р байранд байдаг Билгүүн гэх үеэл дүүгийнхээ гэрт орж хоол унд идэж уугаад хоёр, хоёр лааз пиво ууцгаасан. Тэгээд 01 цагийн орчимд би дуудлагын жолооч дуудаж машинаа жолоодуулж яваад гэртээ ортол манай нөхөр 3 настай охинтойгоо жижиг өрөөнд унтаж байсан. Том өрөөнд нөхрийн төрсөн дүү З, манай том охин М нар унтаж байсан. Тэгээд би жижиг өрөөндөө унтах гээд орондоо ортол манай нөхөр Б намайг хөлөөрөө өшиглөж түлхэж ойртуулахгүй уурлаад байхаар нь би нөхөртөө хандаж “чи сүүлд ямар шалтгаанаар Улаанбаатар хот явснаа тайлбарлахгүй юм уу, чи цэцэрлэгийн багш ангийн хүүхэнтэйгээ зууралдаад холбоотой байгаа юм уу” гэтэл босож ирээд үгийн зөрүүгүй газар унагааж толгой тархигүй зодож цохисон. Жижиг өрөөний цонх руу шахаж цохиж хагалсан. Баруун талын нүд рүү цохиж би манарч нүд харанхуйлж газар унасан. Манай 3 настай охин айж уйлаад байж байтал том өрөөнөөс манай том охин М, нөхрийн дүү З хоёр орж ирж хүүхдийг том өрөө рүү аваад орсон. Тэгээд би айж өвдөөд уйлтал намайг гичий, янхан, писда гөлөг минь зайлаарай гэх зэргээр хараагаад байсан. Манай нөхөр намайг зодоод орилж хашгираад байсан учраас манай том охин айсандаа цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээгүй байхад Б гэрээс гараад явчихсан. Тэгээд тэр өдрөөс хойш одоо болтол гэртээ ирээгүй. 2025 оны 01 сарын 18-ны орой гэрт ирж охинтойгоо уулзаад гараад явсан. Бид хоёрын харилцаа сүүлийн 5 сар гаруй хугацаанд таарамжгүй байгаа манай нөхөр шалтгаангүйгээр над руу огцом уурлаж хэл үгээр доромжилдог болсон. Мөн гэртээ ирэхгүй гадуур худлаа хэлж явдаг болсон. Намраас хойш элэг нь өвдөөд нэг их архи уугаад байдаггүй болсон. Надад чамайг эмэгтэй хүн гэж харахаа болиод удаж байна, чамтай суусандаа харамсаж, салмаар байна гэж хэлдэг болсон. Манай нөхөр Б намайг урьд өмнө нь 2024 оны 12 сарын 20-ны өдөр гараа атгаж байгаад толгой руу нэг удаа цохиж, таавчиг шидэж хөл рүү өшиглөж байсан. Ямар шалтгаанаар гэвэл би Улаанбаатар хот руу ямар шалтгаанаар явж ирсэн юм бэ гэж сүүлийн сар маргалдсанаас болсон. Миний хаашаа явах чамд ямар хамаатай юм гэж уурлах болсон. Би нөхөртэйгөө гэрлэлтийн баталгаатай 2020 онд гэрлэлтээ батлуулж, 2018 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа 3 настай нэг хүүхэдтэй. Манай нөхөр намар 9 сараас хойш элэг нь муудаад архи уухаа больсон. Миний сэтгэцэд гэм хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/ 

           -гэрч П.Огийн мэдүүлсэн:..2025 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай эгч О охин М над руу фейсбүүк чатаар Б ах ээжийг сая зодчихоод гараад явчихлаа гэж бичээд эгч О хөл, гар нүд нь хөхөрч хавдаж, хөлнөөс нь цус гарсан зургийг над руу явуулсан байсан. Би тухайн чатыг шөнө унтаж байсан учраас өглөө босоод уншаад санаа зовоод шууд О эгчийн гэр лүү очоод эгчээсээ юу болсон талаараа тодруулахад урд шөнө намайг Б хэрүүл хийж зодсон гээд баруун гараа дийлэхгүй, нүд нь хавдаж хөл нь зүсэгдсэн босож чадахгүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би Орхон аймгийн цагдаагийн газарт очиж өргөдөл бичиж өгсөн юм. Урьд өмнө нь зодож байсан талаар би харж байгаагүй. Гэхдээ сүүлийн олон сар хэрүүл маргаантай 2024 оны 12 дугаар сард цохисон гэж хэлж байсан. Б нь манай эгч О 2018 оноос хойш амьдарч байгаа дундаасаа 1 хүүхэдтэй. Надтай бол зүгээр л харилцаатай дуу цөөтэй л байдаг. Намайг байхгүй үед эгчийг янз бүрээр хараадаг юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

          -гэрч Б.Мгийн мэдүүлсэн:.. Тухайн өдөр би гэртээ том өрөөнд ээжийн нөхөр Б ахын дүү Этай хамт орондоо унтах гээд хэвтэж байтал 01 цагийн орчимд манай ээж О гаднаас орж ирээд жижиг өрөө рүүгээ орсон. Тэгээд удалгүй жижиг өрөөнд цохиж байгаа чанга чимээ гарахаар нь би гүйж ороод гэрлийг нь асаатал Б ах ээжийг толгой руу нь цохиж байсан. Хажууд нь дүү уйлаад байхаар нь би дүүгээ тэвэрч аваад ЭнхЗд өгөөд жижиг өрөөнөөс гаргаад би айж сандраад орц руу гүйж гараад цагдаагийн 0000000 дугаарт дуудлага өгсөн юм. Тэгээд эргээд гэртээ ороод үүдэндээ зогсож байтал ээж уйлаад орилоод байсан. Удалгүй Б ах жижиг өрөөнөөс гараад хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан... Би жижиг өрөө рүү яваад ортол валконы цонх хагарсан байдалтай, ээж шкафын урд нүд нь хөхөрч хавдсан хөл нь зүсэгдсэн, хөл гар нь гарсан хөхөрсөн байдалтай уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад Б ахыг зодчихлоо гэж хэлсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/

            -шүүгдэгч О.Б яллагдагчаар мэдүүлсэн:..Би Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ харамсаж байна. 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө манай******* П.О гэрт согтуу орж ирээд намайг сэрээж, татаж, зулгааж бусадтай хардаж, хэрүүл маргаан хийсний улмаас миний уур хүрч надтай зууралдаад байхаар нь гараа татаж автал нүдэн дээр нь цохигдсон. Мөн орон дээр миний дээр хэвтээд салахгүй зууралдаад байхаар нь би салах гээд эргэтэл орноос унахдаа хөлөөрөө цонх руу өшиглөж цонх хагарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/

 -Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04-р сарын 11-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-89-р тал/ 

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23/185 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 90-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.

        Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

       Шүүгдэгч О.Бнь 2025 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум О багийн 00 хороолол Платинум паласе хотхоны 0-0-000 тоот гэртээ шөнийн 01 цагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн******* П.Оийг зодож эрүүл мэндэд “баруун нүдний алимны салст, нүүр, цээж, хоёр гарын бугалга, баруун шуу, алга, зүүн тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч О.Б үйлдлийн улмаас П.Оийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар  тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

      Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

        Шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

             Шүүгдэгч О.Бгэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

       Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал болгосон,саналаа дэмжиж байна гэж,

       -шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураараа гаргасан гэж,

     -шүүгдэгч: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                  

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.

       Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.    

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: 

Хохирогч П.О нь шүүхэд мэдүүлэхдээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Оийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ