Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00050

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүгдэгч Х.Сугар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Халтарын Сугарт холбогдох эрүүгийн 201706000002 дугаартай 132/2017/0044/Э хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт ТХНҮА-д ажиглалтын хэсгийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан гэрүүд овогт Халтарын Сугар /РД:РЭ80040413/.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Х.Сугар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Гангатын дөрөлж” гэх газарт 21 -44 УНЛ улсын дугаартай, “Тoyota, ALLION” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөлдөлгөөнд оролцож яваад замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Батбаярын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Сугарын өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүү Санчирдуламын хамтаар Улаанбаатар хот руу явахаар болсон. Бид замдаа ярилцах, мөн тээврийн хэрэгсэлдээ шатахуун хийх зорилгоор хүн авч явахаар болсон юм. Ингээд фэйсбүүктээ Мөрөн сумаас Улаанбаатар хот руу хүн авч явах зарлал тавьсан юм. Энэ зарлалын дагуу Батбаяр, Бямба-Очир нар утсаар холбогдож орой 1800 цагт Улаанбаатар хот руу явахаар тохиролцсон юм. Би 1800 цагийн үед Батбаяр, Бямба-Очир нар руу утсаар ярихад тэмцээн дуусаагүй байгаа учраас хэсэг хүлээхийг гуйсан. Үүнээс хойш 1 цагийн дараа утсаар залгахад тэмцээн дууссан, бид хоёр хоол идэх гэж байна гэж хэлсэн. Мөн 2000 цагийн үед утсаар залгахад хоол болоогүй байна гэж хэлсэн. Ингээд би 2100 цагийн үед Батбаяр, Бямба-Очир нарыг байгаа газраас нь очиж авсан. Зарлалын дагуу над руу ярихдаа Улаанбаатар хот руу явах 3 хүн байгаа гэж байсан. Харин намайг очиход 2 хүн буюу Батбаяр, Бямба-Очир нар л байсан. Би тэр хоёроос Улаанбаатар явах 1 хүн нь хаана байгаа талаар асуухад явахаа больсон талаар хэлсэн. Бид 2100 цагийн үед Мөрөн сумаас гарсан. Замдаа Булган аймгийн Түлүүгийн даваа гэх газар шөнийн 0100 цагийн үед ирсэн бөгөөд бид биеэ засаад 5-10 минутын дараа хөдөлсөн. Намайг Түлүүгийн даваа уруудаад “Чачиртын гүүр” хүрэх үед тээврийн хэрэгслийн урд зам дээр хар зүстэй адуу гарч ирсэн. Би тэр хар зүстэй адууг мөргөсөн. Үүнээс болж зам тээврийн осол болсон. Би зам тээврийн осол болсны дараа тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсийг зүгээр эсэхийг асуусан. Санчирдулам, Бямба-Очир нар зүгээр байгаагаа хэлсэн. Харин Батбаяр унтаж явсан учраас сэрэхгүй байсан. Би Батбаярын судасны цохилтыг үзэхэд цохилж байсан. Би үүний дараа замаар явж байгаа тээврийн хэрэгслүүдээс тусламж авах гэсэн боловч бүгд зогсоогүй. Миний тээврийн хэрэгсэл асаж байсан учраас Булган аймгийн төв рүү явсан. Шөнө хар зүстэй адуу харагдахгүй юм байна лээ. Батбаярыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь би байсан бөгөөд эмчилгээний мөнгийг өгч байсан. Батбаяр болон түүний ар гэрийнхэнтэй байнга холбоотой байсан. Өмнө нь хохирол төлбөрт 2400000 өгсөн, үүн дээр өнөөдөр нэмж 1000000 төгрөг өгсөн. Манай аав Батбаярыг эмнэлэгт сахиж, эм тариа авч өгч байсан. Бямба-Очир хохирол төлбөр төлсөн гэх баримт үйлдэж өгнө гэсэн боловч холбоогүй болсон. Би Бямба-Очирт хохирол төлбөрт 450000 төгрөг өгсөн. Санчирдуламын хохирол төлбөрийг бид өөрсдөө гаргасан бөгөөд эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батбаярын өгсөн: Бид бямба гарагийн өглөө Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн. Бид тэмцээнд оролцохоор ирсэн юм. 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу гарсан. Бямба-Очир надад Улаанбаатар хот руу явах тээврийн хэрэгсэл олсон гэж хэлсэн. Ингээд бид 2100 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу гарсан. Би замдаа суудлын бүсээ зүүх бодолтой байсан боловч суудлын бүс хийх нүх байхгүй байсан. Би бямба, ням гарагуудад тэмцээнд оролцсон байсан учраас ядраад замдаа унтаж явсан. Үүнээс хойш би юу болсооныг огт санахгүй байгаа юм. Би эмнэлэгт хагалгаанд орсоны дараах үйл явдлыг санаж байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Сугар манай ахтай зүй бус харьцсан байсан. Сугартай болон надтай Булган аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаагч утсаар ярьсан. Үүнээс хойш Сугар, түүний аав биднээс уучлалт гуйсан. Сугарын аав намайг эмнэлэгт хэвтэж байхад сахиж байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч намайг эмнэлгээс гарахад Сугар эмнэлгийн гадаа байж байсан. Надад уушигний бяцралт, хацар цөмөрсөн, эрүүний яс хугарсан гээд олон гэмтэл учирсан. Намайг аав, ээж маань ажлаа орхиод сахьсан. Миний шүдэнд амны төхөөрөмж хийсэн бөгөөд би гуурсаар хооллодог байсан. Би Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би эмийн сангаас эм тариа авч байсан. Үүний дараа буцаад Улаанбаатар хотод эмчийн хяналтад байсан. Манай ажлаас намайг эмнэлэгт хэвтэж байсан ч цалин өгч байсан. Би 3 дугаар эмнэлэгт хэвтэж байхдаа эрүүний ясаа үзүүлэхэд дээд яс нь эдгэрээгүй байна гэж хэлсэн. Би одоо шүдний эмчилгээгээ хийлгээгүй байгаа. Миний баруун эрүүний яс хугарсан бөгөөд үүнийг нөхөх эмчилгээ хийлгэх гэсэн боловч Монгол улсад ийм эмчилгээ хийдэггүй юм байна лээ. Харин Солонгос улсад эмчлүүлэх боломжтой гэж сонссон юм. Хэрвээ Солонгос улс руу эмчлүүлэх тохиолдолд Сугараас эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна. Би ажилдаа орсоны дараа их ядардаг, миний хоёр гар чинэрч өвддөг болсон. Надад учирсан гэмтлийн эмчилгээг хийлгээд намайг эрүүл болгочих юм бол надад гомдол, санал байхгүй. Сугар энэ гэмт хэргийг санамсаргүй үйлдсэн. Надад хохирол төлбөрт 2400000 төгрөг шилжүүлж байсан. Манай аав, ээж хохирол төлбөр болон бусад асуудлыг шийдвэрлэж байсан. Би яг хохирол төлбөрт хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
201706000002 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч Б.Бямба-Очирын өгсөн: “.. 2016 оны 12 сарын 11-ны өдөр орой 21 цагийн үед хот руу жолооч болон түүний эмэгтэй дүүгийн хамт дөрвүүлээ гарсан. Булган аймаг явах замд арын суудалд унтаж явсан. Тэгтэл нэг мэдэхэд адуу мөргөлөө гэж жолооч хэлээд дүү нь чанга орилсон. Тэгээд миний хажууд мөн ард сууж байсан Батбаяр хөдөлгөөнгүй болсон байсан. Машины дээвэр ханзарсан шил нь эвдэрсэн байсан. Тэгээд замын машинд гар өргөсөн боловч зогсоогүй. Тэгэхээр нь машинаа асаагаад Булганы зам руу очтол цагдаагийн машин ирж эмнэлэгт хүргэж өгсөн юм. би яг адуу хаанаас гарч ирж яаж мөргөснийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Осол болсон дараа нь сэрсэн юм. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол мөнгөө бүгдийг нь барагдуулж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/, Гэрч Х.Санчирдуламын өгсөн: “.. 2016 оны 12 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөс төрсөн ах Х.Сугарын машинтай утсаар ярьж холбогдож байгаад замын хоёр хүнийг аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тухайн үед Мөрөнгөөс гарахад тээврийн хэрэгслийг ах жолоодон хажуугийн суудалд нь би суугаад арын суудалд нь зүс таних Бямба-Очир, Батбаяр нар суугаад хөдөлсөн. Тухайн үед арын суудалд суусан хоёр унтаад өгсөн би харин унтаагүй 4 орчим цаг яваад Булган аймгийн нутаг дэвсгэр Төлүүгийн даваан дээр гарч ирээд түр зогсож хүмүүс бие зассан. Тэгээд Төлүүгийн даваа дөнгөж уруудаад явж байхад арын хоёр дахин унтаад өгсөн. Тэгээд удалгүй замаар явж байхад машины гэрэлд нэг хар юм гэнэт ороод ирсэн юу гэдгийг нь бол би сайн харж чадаагүй. Тэгэхээр нь ах Сугар тоормоз гишгэсэн боловч машин зогсолгүй нөгөө зүйлийг мөргөсөн. Удалгүй машин зам дээр зогссон. Тэгээд ах надаас зүгээр үү гэж асуухад нь: би зүгээр байна гэж хариулсан, тэгээд арын суудалд явж байсан хоёроос асуухад Батбаяр ухаангүй шахуу болсон, харин Бямба-Очир харьцангуй гайгүй зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд машинаас бууж очоод мөргөсөн зүйлийг харсан чинь 1 тооны адуу байсан. Тэгээд эмнэлэг дуудах гэсэн боловч утасны сүлжээ байхгүй байсан замаар явсан машинуудад гар өргөсөн боловч зогсохгүй зөрөөд өнгөрөөд байсан. Тэгэхээр нь машинаа асаагаад Булганы төв рүү хөдөлсөн ба утасны сүлжээ ормогц түргэн тусламж дуудсан. Булганы төв рүү чиглэж машинтайгаа явсаар Булган сумын захад орж ирсэн ба өмнөөс цагдаагийн машин ирсэн. Тэгээд цагдаагийн машинаар Бямба-Очир, Батбаяр бид гурав Булганы нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргийг тогтоолгохгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, Шинжээч Г.Батхуягийн өгсөн: “... миний гаргасан 70 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан заалтаас жолооч Х.Сугар нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэхь заалтыг зөрчсөн, малчин О.Болдбаатар нь замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалтыг зөрчиж засмал замд 50 метрээс дотогш хариулагагүй мал оруулсан зөрчлийг гаргасан. Үүнээс үзэхэд малчин О.Болдбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн, жолооч Х.Сугар нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 394 тоот: 1. Б.Батбаярын биед тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эвэрлэг биеийн эдийн няцрал, цус хуралт, зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, гавлын суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн хугарал, баруун уушгины няцрал, доод эрүү ясны ооч хэсэг ба баруун талын үений сэртэн, хоншоор ясны түүшин, хатуу тагнай, баруун гайморовын хөндийн урд ба ар хана, гадна, дотор ханын хугарал, эрүүнд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Зам тээврийн ослын үед үүсч болно. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 43 тал/, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 70 тоот: 1. Жолооч X. Сугар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч X. Сугар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Зам тээврийн осол гарах шалтгаан нь: Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, зорчих хэсэг дээр явж байсан ба тухайн замд хөдөлгөөний дагуу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс шалтгаалсан байна. 4. Засмал зам дээр дайруулсан гэх адууны эзэн О.Болдбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 5. О.Бодбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
6. 2016.12.12-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тээврийн хэрэгслийн техникийн эвдрэлийн талаар тусгагдааагүй тул техникийн хувьд бүрэн бүтэн байна гэх дүгнэлт /хх 64-65 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 371 тоот:
1. Б.Батбаярын биед тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд, эвэрлэг биеийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, гавлын суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн хугарал, хоншоор ясны түүшин, хатуу тагнай, баруун гайморовын хөндийн урд, доод ар ханын хугарал, эрүү ясны оочны зүүн хэсгийн хэлтэрхий үүсгэсэн хугарал, 2 шүдний булгарал, эрүүнд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. 2016.12.12-ны №01 дүгнэлтийн 1-р хариултад 2 шүдний булгаралт болон тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд, эвэрлэг биеийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, гавлын суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн хугарал, баруун гайморовын хөндийн урд, доод ар ханын хугарал гэмтлүүд нь КТГ хийгдээгүй байсан тул тогтоогдоогүй байсан байна. 2016.12.19-ний №394 тоот дүгнэлтийн 1-р хариултанд 2 шүдний булгаралт гэмтэл дурьдагдаагүй. 1-р хариултын баруун уушгины няцрал гэмтэл тогтоогдсонгүй. Бусад хариултууд үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-н 157-159 тал/,
Лэндс ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №322 дугаартай шинжээчийн “21-44 УНЛ улсын дугаартай, “Тoyota, ALLION” маркийн тээврийн хэрэгслийн гэмтлийг 2643000 төгрөг” гэх дүгнэлт /хх-н 70 тал/,
Лэндс ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №322 дугаартай шинжээчийн “хохирогч О.Болдбаатарын шүдлэн адууг 350000 төгрөг” гэх дүгнэлт /хх-н 88 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4 тал/, хэрэг учирлын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх 5-7 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх 9-12 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-27-28 тал/, сэжигтнээр тооцох тогтоол, тэмдэглэл /хх 99-101 тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх 101-102 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 104-107 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 109-115/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 117-119 тал/, хохирогчийн өвчний түүх /хх 121-130 тал/, хохирлын баримт /хх 134-140, 147-151 тал/ зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Сугар нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 21-44 УНЛ улсын дугаартай, “Тoyota, Allion” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зорчигч Х.Санчирдулам, Б.Батбаяр, Б.Бямба-Очир нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 04 цагийн үед Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Гангатын дөрөлж” гэх газарт засмал зам руу орж ирсэн адууг дайрсаны улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Батбаярын биед хүнд гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримт болсон нөхцөл байдлын талаар гэрч Б.Бямба-Очир, Х.Санчирдулам нарын өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 70 тоот дүгнэлт, хохирогч Б.Батбаярын биед тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд, эвэрлэг биеийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, гавлын суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн хугарал, хоншоор ясны түүшин, хатуу тагнай, баруун гайморовын хөндийн урд, доод ар ханын хугарал, эрүү ясны оочны зүүн хэсгийн хэлтэрхий үүсгэсэн хугарал, 2 шүдний булгарал, эрүүнд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 371 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Сугарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Х.Сугарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батбаярын биед хүнд гэмтэл учирч мөрдөн байцаалтын шатанд гаргасан түүний эмчилгээ, оношлогоо, сувилгаатай холбоотой болон байцаан шийтгэх ажиллагааны зардал нийт 14156900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1986900 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 16143800 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хэргийн 134-140, 147-151 дүгээр талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 7 хуудас бүхий баримтуудыг хууль зүйн дагуу үнэлээд дараахь хохирлыг шүүгдэгчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: хэргийн 139 дүгээр талд байгаа эмийн үнэ 814000₮ /246000₮, 280000₮,144000₮,144000₮, 150000₮/, эмнэлгийн ор хоногийн төлбөр 140000₮, КТГ-ийн төлбөр 80000₮, ГССҮТ-ийн ор хоногийн төлбөр 76194₮, толгойн MRI хийлгэсний төлбөр 160000₮, толгой, цээжний зураг авахуулсан төлбөр 290000₮, Гуравдугаар төв эмнэлэгийн төлбөр 40900₮, хэргийн 140 дүгээр талд авагдсан эрүү, нүүрний зэрэг авахуулсаны төлбөр 20000₮, Булгани аймагт осолд орсоны дараа Хөвсгөл аймагт хүргэх үеийн шатахууны зардал 97100₮ /30000₮, 67100₮/, хэргийн 147 дугаар талд авагдсан эмчилгээний төлбөрийн 420000₮-ийн зардлаас зөвхөн ор хоногийн зардал 240000₮/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын дагуу хохирогч ор хоногийн зардал 240000₮ дээр гаднаас авсан 180000 төгрөгийн эмийн зардлыг нэмж бичүүлсэн гэх ба баримтыг ирүүлээгүй гэж тайлбарласан тул хасаж/, эмийн үнэ 134900₮, хохирогч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 02-н хүртэл Улаанбаатар хотын эмнэлэгт аав, ээжийнхээ асаргаанд байсан нөхцөл байдлаас дүгнэж 149 дүгээр талд авагдсан байрны түрээсийн төлбөр 400000₮-ийг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаас шүдний гажиг заслын зэмсгийн үнэ 850000₮, “Марал” эмийн сангийн эмийн үнэ 267000₮, “Оюу” эмийн сангийн эмийн үнэ 171000₮, шүүх хуралдаанд оролцохоор Хөвсгөл аймгаас Булган аймагт ирж буцахад хэрэглэсэн шатахууны үнэ 123900₮, толгой, нурууны MRI-ны төлбөрийн /хохирогч үзүүлэх дарааллыг авч төлбөрийг урьдчилж хийсэн гэж тайлбарласан баримт нь хуулбар хувь/ ГССҮТ-ийн кассын орлогын ордер №1162 гэсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 485000₮ буюу нийт 4539994 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбаярт олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн 137, 150 дугаар талд авагдсан иргэний эрх зүйн хэлцлийн үндсэн гэрээ байгуулж ашигласан тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр нийт 900000₮ /600000₮, 300000₮/ болон хэргийн 140 дүгээр талд авагдсан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн нэхэмжилсэн кридет цагийн төлбөр 1156900₮ буюу нийт 2056900 төгрөгийн нэхэмжлэл нь энэ гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоогүй гарсан зардал гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаа ирүүлээгүй 9546906 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Сугар нь мөрдөн байцаалтын шатанд 2400000 төгрөгийг, шүүхийн шатанд 1000000 төгрөгийг тус тус шилжүүлгийн баримтаар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1800000 төгрөгийг бэлнээр тус тус төлж баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хохиролд нийт 5200000 төгрөгийг төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Сугарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх хохирогчийн хүсэл зориг болон бага насны олон хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд үндэслэн түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Сугар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн №0339266 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Х.Сугарт буцаан олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангилалын №208352 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Хэрэгт 21-44 УНЛ улсын дугаартай “Тoyota, Allion” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж Тээврийн хэрэгслийн түр саатуулах байрны сахиулд хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Сугарт олгохоор шийдвэрлэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290,3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагаан гэрүүд овогт Халтарын Сугарыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Х.Сугарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Сугарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Сугар нь 4539944 /дөрвөн сая таван зуун гучин есөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийн төлбөрт 5200000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2056900 /хоёр сая тавин зургаан мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Батбаяр нь эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурсугай.
5. Шүүгдэгч Х.Сугар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Сугарын тээврийн хэрэгслийн №0339266 дугаартай гэрчилгээг буцаан олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангилалын №208352 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21-44 УНЛ улсын дугаартай “Тoyota, Allion” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Сугарт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Сугарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Х.Сугарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сугарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Сугарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД