Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

 

    2021          05            05                                     2021/ДШМ/14

 

 

Т.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                          

Прокурор: Э.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н, С.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/41 дүгээр цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Т.Г-д холбогдох, эрүүгийн 2019000000141 дугаартай, 1 хавтас, 209 хуудас бүхий хэргийг прокурор Э.А-ын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овогт Т-ын Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Хонгор бичигтийн 1-13 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Б-тай маргалдаж, улмаар Э.Б-гийн баруун мөрөн тус газар нь баруун гараараа цохих үедээ өөрийн хүү Г.Г /1 настай/-ийн толгойн тус газар нь цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн прокурорын газраас Ш овогт Т-ын Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

 

Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Э.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгт авагдсан Э.Б-гийн гэрчээр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед манай нөхөр болох Т.Г нь архи уучихсан ажлаасаа ирээд ... намайг цохих гэхээр нь би хүүхдээ аваад урд талын өрөө рүүгээ ороод хүүхдээ тэврээд буйдан дээрээ сууж байхад хойд талын өрөөнөөс орж ирээд дахиад намайг цохих гэхээр нь би газар өвдөглөөд хүүхдээ тэврээд суутал миний нүүрний зүүн дээд хэсэгт цохих шиг болтол миний хүү уйлсан ... тэр өдөр намайг цохиход давхар цохигдсон байх” /хх-ийн 7-9, 10-р тал/ гэж хэрэг болсон тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн байна.

            Түүнчлэн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт Г.Г-ийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, дотрын эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 132-142-р тал/ болон гэрч Л.Б-ийн “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ...амбулаториос Г.Г-ийг яаралтай хэвтэх бичгээр Г эмч хэвтүүлсэн. ...Хүүхдийг дагуулж явсан ээж нь болох Б хэлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 02 цагийн үед Г-ийн аав нь намайг цохих гэж байгаад хүүхдийн зулай хэсэг рүү цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р тал/

            Гэрч Б.Г-ын “... 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би өдрийн цагаар амбулаторийн үзлэг хийж байсан. Тухайн өдөр яг хэдэн цагт үзүүлснийг санахгүй байна, Г овогтой Г гэх 1 настай хүүхэд үзүүлсэн. ...Өчигдөр аав нь ээжийг нь цохих гэж байгаад толгой хэсэгт нь цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152-р тал/

            Шинжээч Э.А-ын “...шинжээчийн дүгнэлт гаргахдаа эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан, өөрийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан ч гэмтлийг ямар ч нөхцөл байдалд хэрхэн учруулсан болохыг тогтоох боломжгүй ...зулай ясны гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг. Г.Г нь 8 сартай хүүхэд, тийм бага насны хүүхэд тухайн гэмтлийг авсан ч өөрт илэрч байгаа зовуурийг илэрхийлэх боломжгүй. Харин зулай ясны хугарал гэмтлийн улмаас хатуу хальсны дээр цусан хураа үүсэж мэс засалд орсон бол тухайн хагарсан судасны хэмжээ болон түүгээр алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарч шинж тэмдэг тодорхой хугацааны дараа илрэх боломжтой. Цаг хугацааг яг тэдэн цагийн дараа, тэд хоногийн дараа гэж тогтоох боломжгүй. Тархины эдийн няцрал гэмтэл нь хэддүгээр зэргийн няцрал байснаас хамаарч шинж тэмдэг бүдэг илрэх боломжтой. Хэрэв няцралтын хэмжээ бага байвал шинж тэмдэг удаан илэрнэ, няцралтын хэмжээ их байвал шинж тэмдэг хурдан илэрнэ. ... Г.Г-ийн биед учирсан гэмтэл нь толгой хэсгээр унах үед үүсэх боломжтой. Учир нь 8 сартай хүүхдийн гавлын яс бэхжээгүй байдаг. Энэ үед тухайн хэсгээрээ газарт унах үед гавлын ясанд хугарал гэмтэл хурдан үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар Т.Г-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүү Г.Г-ийн толгой тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдсон, тухайн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учирсан байхад хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй, шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.Г-д холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Учир нь улсын яллагч, эсэргүүцэлдээ гэрч, мэс заслын эмч Г болон Г нарын мэдүүлгийг яллах талын нотлох барим гэж дурдсан байдаг. Гэвч уг гэрч Г, Г нар нь тухайн үйл явдал болох үед яг хажууд нь байгаагүй, нүдээр үзэж хараагүй, зөвхөн хохирогч Б-ийн өгүүлэмжээс сонссон асуудлыг мэдүүлэгтээ дурдсан байдаг. Б-д анхан шатны шүүх хурал дээр мөн энийг тодруулж асуухад би хүүхэд цохисон гэж бол яриагүй, аав нь намайг цохисон гэдэг асуудлыг ярьсан юм. Энэ гэрчүүд яагаад ингэж мэдүүлэг өгсөн юм бэ гэдэг асуудлыг өөрөө тодорхой мэдүүлдэг. Тэгэхээр нэгдүгээрт дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь шууд бус аргаар буюу эх сурвалж нь бол хохирогч Б-аар дамжигдан илэрч байгаа учраас энэ нь дамжмал нотлох баримт болоод байгаа юм. Дамжмал нотлох баримт маань өөрөө яллах талын шууд нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт шинжээч эмч А-ыг оролцуулсан байдаг. Оролцуулаад  шат дараатайгаар тодорхой асуултуудыг тавихад хариултыг тодорхой хариулсан байдаг. Гуравдугаарт бага насны хохирогч Г-д учирсан гэмтэл нь өөрөө шууд чиглэсэн хүчтэй үйлдлийн улмаас учрах боломжтой гэмтэл. Мөн тэгш гадаргуу дээр гадны биет буюу тоглоом шагай ч юм уу, ямар нэгэн гадны биет дээр хохирогч зулай хэсгээрээ унасан тохиолдолд энэ гэмт хэрэг авах боломжтойг гэмт хэрэг юм. Харин ээждээ тэврүүлээд байж байхад ээжийг цохих явцад үүссэн байх гэмтэл үү гэж асуухад энэ үед цохилтын хүч саарч очиж байгаа учраас энэ хэмжээний гэмтэл бол учрахгүй гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүх бол хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Э өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн ганцхан шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэчихлээ гэж харж байна л даа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд ч гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б гэрчээр гээд удаа дараа мэдүүлгүүд өгсөн байгаа. Энэ мэдүүлгүүдийг харахад Г хүүгээ яг цохисныг хараагүй байдаг. Цохих шиг болсон, намайг цохихдоо давхар цохигдсон байх гэж бодож байна гэж мэдүүлсэн байдаг. Хүүгээ яг цохисон гэдэг талаар бол огт мэдүүлээгүй. Үүнийг ч бас анхан шатны шүүх хуралдаанд орж ирээд мэдээж талуудын асуултаар тодорхой тайлбарласан. Дараагийн гол үндэслэл бол 2 эмчийн мэдүүлдэг гэж үзэж байна. Энэ бол Э өмгөөлөгчийн тайлбарласантай адил хохирогчоос авсан мэдүүлгээ шууд бусаар гэрчилдэг гэрчүүд юм гэв. Шүүх хуралдаанд мөн шинжээч эмч оролцсон байгаа. Энэ нь Б-г цохиод, дараа нь давхардуулсан тэр хүүхдийг цохиход эхний биетээс дараагийн биет рүү хүрэхэд үүсэх ийм гэмт хэрэг биш гэдгийг тодорхой тайлбарлаж өгсөн байдаг. Улсын яллагдагч анхан шатны шүүх хуралдаан дээр аливаа нэг хүн рүү чиглэсэн үйлдэлд бол санаатай үйлдэл байдаг юм гэж тайлбарлаад байдаг. Гэтэл гэм буруугийн санаатай үйлдэл өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаад тухайн үйлдлийг хүсэж, хохирол хор уршигт зориуд хүрч хүргэсэн байхыг хэлнэ гэж хуульд заасан байдаг. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г-ын үйлдэл, эс үйлдлээр хохирогч Г-д энэ гэмтэл учирсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож чадахгүй байгаа учраас хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн учраас анхан шатны цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны 2021/ШЦТ/41 тоот цагаатгах тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь:  Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Э.А-ын эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад 2020 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4-р баг, Хонгор бичигтийн 1-13 тоотод орших гэртээ шүүгдэгч Т.Г нь архи ууж согтуурсан үедээ эхнэр Э.Б-тай маргалдах үедээ түүний баруун мөрөн тус газар гараараа цохих үедээ ээждээ тэврүүлсэн байсан 1 настай хүү Г.Г-ийн толгойн тус газар нь давхар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны хугарал, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг бүрэн нотлогдоогүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан  шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн буюу шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг гэрчилж байгаа гэрчүүд болох  Л.Б /хх-ийн 147-148/, Б.Г /хх-ийн 149-150/ нарын  “ ... өвчтөнийг эмнэлэгт хүлээж авч биеийг үзэх үед ... аав нь намайг цохих гэж байгаад хүүхдээ цохисон  гэж хүүхдийн ээж нь  хэлж байсан”  гэсэн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч” гэж шууд үзэх боломжгүй ба хүүхдийн ээж Э.Б-аас сонсож мэдсэнээ хэлсэн шууд бус мэдээлэл байх ба уг мэдүүлгүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн байцаалт /хх-ийн 144-145/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгэсэн байна.

 

Бусад  нотлох баримтууд болох шинжээч Э.А 02/0281 тоот шинжээчийн дүгнэлтдээ “Г.Г-ийн биед зулай ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29/ -ийг гаргасан боловч уг дүгнэлтээ мөрдөн байцаалт /хх-ийн 155-156/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “ ... ээжийн баруун мөр хавьд нь аав цохих үед ээждээ тэврүүлсэн байсан хүүхэд хавсаргагдан цохигдоход дээрх гэмтэл учрах боломжгүй, хүүхэд толгойгоороо унах үед үүсэх боломжтой гэж дүгнэлтээ тайлбарласан.

 

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан гэх гэрч Ц.Ц /хх-ийн 21-22/ мөн энэ талаар мэдүүлдэггүй.

 

 Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн дүгнэвэл прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон “ шүүгдэгч Т.Г  нь эхнэр Э.Б-тай маргалдах үедээ түүний баруун мөрөн тус газар гараараа цохих үедээ ээждээ тэврүүлсэн байсан 1 настай хүү Г.Г-ийн толгойн тус газар нь давхар цохиж хүүхдэд тархинд нь хүнд гэмтэл учруулсан” гэсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй байна гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлтэй, зөв болсон байна.

 

Өөрөөр хэлбэл: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь хянаж үзээгүй буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, шүүгдэгч Т.Г, хохирогч Г.Г, гэрч Ц.Ц нар нь нэг гэр бүлийн гишүүд болох нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар биенийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул тэдний мэдүүлгүүдийг үгүйсгэх боломжгүй юм.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд прокуророос гаргасан “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн ...” тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/41 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.А-ын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                     А.САЙНТӨГС