| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
2025 04 25 2025/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.МөнхЗ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч Т.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001150315 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Бгийн Б (РД: .......), 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Увс аймгийн Эрүүл мэндийн газарт хэлтсийн дарга, Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн .... сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, И ургийн овогт Б-ийн Б (РД: ...), 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд резидент эмчээр ажиллаж суралцдаг, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух хаягтай, одоогоор ... хот .... дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... тоотод түр оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, А ургийн овогт Бын Р (РД: ....), 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... аймаг ... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, статистик мэргэжилтэй, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, одоогоор ... аймаг .... сумын ... дугаар баг, ... аймгийн ..... байранд түр оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.БатЗ “шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олж авах зорилгоор Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Завхан сумын Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Бд хууль бусаар нөлөөлж, түүнтэй болон Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Р нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, өөрийн албан үүргийг урвуулан ашиглаж, тус төвийн хэрэгцээнд эмнэлгийн зориулалттай дөрвөн ширхэг орыг нийлүүлсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн, орны төлбөрт 3’400’000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл, технологийн инженер ажилтай Жаргалсайханы Бийн Хаан банкны 5822083884 тоот дансаар дамжуулан хүлээн авч өөртөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3’400’000 төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Б.Б нь Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Бд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй болон Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Р нартай санаатай нэгдэж, өөрийн албан үүргийг урвуулан ашиглаж, Завхан сумын Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн зориулалттай орыг нийлүүлээгүй байхад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн төвийн 2023 оны батлагдсан төсвийн “Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ” зардлын “эдийн засгийн тавилга” ангиллын зардлаас 3’400’000 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр “эмнэлгийн орны үнэ” гүйлгээний утгаар шилжүүлэг хийлгэж Б.Бд эдийн засгийн давуу байдал бий болгож, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3’400’000 төгрөгийн хохирол учруулсан;
- Шүүгдэгч Б.Р нь Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Бд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй болон Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Б нартай санаатай нэгдэж, өөрийн албан үүргийг урвуулан ашиглаж, эмнэлгийн зориулалттай орыг бусдаас худалдан аваагүй байхад төвийн дарга Б.Бн хууль бус үүргийг хэрэгжүүлж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн төвийн 2023 оны батлагдсан төсвийн “Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ” зардлын “эдийн засгийн тавилга” ангиллын зардлаас 3’400’000 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр “эмнэлгийн орны үнэ” гэх гүйлгээний утгаар шилжүүлэн Б.Бд эдийн засгийн давуу байдал бий болгож, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3’400’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), гэрч Ц.Мын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч Б.Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас), гэрч Я.Цийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), гэрч Ч.Ггийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), гэрч Д.Жгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас), гэрч С.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), гэрч Ж.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас), гэрч Э.Эгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр тал хуудас), гэрч Ц.Згийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), гэрч Ц.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрч Э.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75 дугаар хуудас), 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 96 дугаар хуудас), орлогын баримт (1 дэх хавтаст хэргийн 97 дугаар хуудас), нэхэмжлэлийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 98 дугаар хуудас), бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 113-124 дүгээр хуудас), Хаан банкны албан бичгийн хуулбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 173-199 дүгээр хуудас), гэрч Ж.Бийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/16679 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас), Увс аймгийн Эрүүл мэндийн газрын албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 146-152 дугаар хуудас), гэрч н.Агийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 151 дүгээр хуудас), гэрч Д.Бийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 164 дүгээр хуудас), гэрч Б.Бийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 149 дүгээр хуудас), Б.Б, Ж.Б нарыг ажилд томилсон тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), Б.Б, Б.Р нарын албан тушаалын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр модон оронд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, (1 дэх хавтаст хэргийн 150 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас), шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас), хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тайлан (2 дахь хавтаст хэргийн 126-138 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн: Увс аймгийн Завхан сумын эрүүл мэндийг төлөөлж Увс аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 7 дугаар хуудас), 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар хуудас), гэрч Я.Цийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), гэрч Ж.Бийн нэхэмжлэл үүсгэсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 97 дугаар хуудас), гэрч Ч.Ггийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), гэрч С.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), гэрч Ж.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас), гэрч Ц.Згийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), гэрч Э.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75 дугаар хуудас), гэрч Ц.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрч Д.Бийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 164 дүгээр хуудас), гэрч Б.Бийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 149 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Б.Батгэрэл: шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гын “...Хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон төрд буюу Завхан аймгийн эрүүл мэндийн төвд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх байр суурьтай байна. Эрүүл мэндийн төвд 4 ширхэг ор худалдан авахдаа худалдан авах ажиллагааны зарчмын дагуу нээлттэй, ил тод худалдан авалт хийх ёстой байтал аймгийн Эрүүл мэндийн газар, Завхан сумын эрүүл мэндийн төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ ашиглан хоорондоо хуйвалдаж, эрүүл мэндийн төвийн төсвийн мөнгийг өөрсдөө авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна гэж харж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэр хэмжээний хохирол тогтоогдоно, уг мөнгийг нэхэмжлэх болно. Мөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас);
- Гэрч Ц.Мын /Увс аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир спортын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/ “...Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн газраас тус суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотой аймгийн Засаг даргаас байгуулагдсан ажлын хэсэг тус суманд ажилласан. Тухайн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар н.Бадамсүрэн гэх Ховд аймгийн хүн томилогдсон байдаг ба уг хүнийг тус сумын Засаг дарга А.Ягаан томилсон байдаг. Тухайн томилгоог тус эрүүл мэндийн төвийн хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж гомдол гаргаад байгаа. Тэр гомдлын дагуу ажиллахад хэд хэдэн асуудлыг дурдсан зүйлийг бичсэн байсан тул ажлын хэсгийн гишүүд ярилцаж байгаад танай байгууллагаар 3.4 сая төгрөгөөр ор авсан гэх зүйлийг шалгуулахаар явуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22 дугаар хуудас);
- Гэрч Б.Нийн /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд бага эмч, ахлах сувилагч, вакцинатор сувилагчаар тус тус ажиллаж байсан/ “...Надаас цагдаа, мэргэжлийн хяналт, хүний эрхийн комиссоос хүмүүс ирж тайлбар авч байсан. Энэ үед би “Эрүүл мэндийн газрын Б.Бгийн ор гэж 3’400’000 төгрөг гаргаж авсан одоо ор нь ирээгүй байгаа. Г гэдэг жолооч мэдэж байгаа” гэх утгатай зүйлийг хэлсэн. ...Эрүүл мэндийн газрын дарга Б.Б нь эд материал өгөөгүй байж 3’400’000 төгрөгийн гүйлгээг хийлгэсэн. Б.Б эмч Улаанбаатар хот руу сургуульд явсан байж нярав Я.Цэрэнпэлтэй утсаар яриад орны мөнгө шилжүүлж, орлогод авч падааныг нягтлан бодогчид өг гэсэн бөгөөд ямар учиртай ор болох талаар тодруулахад Эрүүл мэндийн газрын дарга Б.Б загнаад уурлаад байна яаралтай мөнгийг нь шилжүүл гээд мөнгө шилжүүлсэн. Би асуудлыг л мэдэгдсэн. Намайг ажлаас гарах хүртэл тэр ор нь ирээгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас);
- Гэрч Я.Цийн /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн ариутгагч, нярвын ажлыгдавхар хариуцаж байсан/ “...2023 оны 10 дугаар сарын 02- ны өдөр манай Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Р надтай утсаар яриад 4 ор авах гэсэн юм, надад орлогын баримт бичээд чатаар явуулчих гэж хэлсэн. Тухайн 4 ор нь нэг бүр нь 850’000 төгрөгийн үнэлгээтэй 4 ширхэг орыг нийтдээ 3’400’000 төгрөгөөр авахаар болсон юм. Тэгэхээр нь би түүнээс яах гэж байгаа юм бэ ор нь хаана байгаа талаар асуухад “ор байгаа, Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн дарга Б.Бгаас авах гэж байгаа” гээд нэг бөөрөнхий зүйл яриад дуугүй болсон. Энэ талаар дарга Б.Б мэднэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би түүнтэй утсаар ярьж дуусаад дарга Б.Б руу утсаар залгахад тэр утсаа аваагүй. Тэр өдөр Б.Б Улаанбаатар хотод байсан ба нягтлан бодогч Б.Р аймагт байсан юм. Би дарга Б.Б руу хэд хэдэн удаа залгаад утсаа аваагүй юм. Тухайн үед миний хажууд вакцинатер Б.Н байсан. Тэр надтай Б.Р ярьсан зүйлийг сонссон. Мөн Б.Н бид хоёр байх үед жолооч Ч.Г ах орж ирэхээр нь нягтлан бодогч Б.Р 4 ширхэг ор авна гээд ярилаа гээд түүнд хэлж байсан. ...Тэр өдөр Б.Р дахиж над руу залгахаар нь би түүнтэй утсаар яриагүй. Таны надад үзүүлж байгаа 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн 73 дугаартай нийлүүлэгч Б Жаргалсайхан гэх нэрээр эмнэлгийн ор 4 ширхгийг нэг бүрийн 850’000 төгрөгөөр нийт 3’400’000 төгрөгөөр манай Завхан сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн гэх баримтыг миний бие 2023 оны 10 дугаар сарын 10-ны үед нягтлан бодогч Р аймгийн төвөөс ирсний дараа намайг өрөөндөө дуудаж байгаад бичүүлж авч байсан. Тухайн үед нягтлан бодогч орны гүйлгээ хийгдсэн орлогын баримт бичиж өг гээд орлогын баримт дээрх зүйлүүдийг надад өөрөө хэлж өгөөд бичүүлсэн. Миний бие хүлээн авсан гэх хэсэгт өөрийнхөө гарын үсгийг зураад хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг яах юм бэ гэж нягтлан бодогч Б.Раас асуухад тэр намайг хүлээлгэн өгсөн дээрх гарын үсгийг зурчих гэхээр нь би таталдуулсан байдалтай уншигдах боломжгүй гарын үсгийг зурж байсан. Ерөнхийдөө энэ орлогын баримт дээрх гарын үсгүүд болон бусад зүйлүүдийг миний бие Б.Рын хэлснээр бичиж түүнд өгсөн. Таны асуугаад байгаа нэг бүр нь 850’000 төгрөгийн үнэлгээтэй 4 ширхэг эмнэлгийн ор манай Завхан эрүүл мэндийн төвд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орлогын баримт бичигдсэн цаг хугацаанд болон нягтлан бодогч Б.Р нь надаар энэ орлогын баримтыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны үед бичүүлж авч байх үед ирээгүй байсан. Харин энэ ор манай Завхан сумын эрүүл мэндийн төвд 2023 онд ирээгүй ба 2024 оны 06 дугаар сард жолооч Ч.Г аймгийн төв рүү явахдаа 2 ширхэг модон орыг авч ирсэн. Тэр хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй байна. Үлдсэн хоёр орыг нь 2024 оны 10 дугаар 25-ны өдөр аймгийн төвөөс жолооч Ч.Г ах авч ирсэн. Одоо нийтдээ манай эмнэлэгт 4 ор ирсэн байгаа. Миний хувьд нягтлан бодогчийн хэлснээр энэ орыг орлогоор авч бүртгэлд оруулсан. Энэ ор 2023 оны 10 дугаар сард манайх орлогын баримт бичсэн цагаас хойш ирэхгүй болохоор нь аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Б.Б даргатай 2 удаа биеэр уулзаж ор авах талаар хэлэхэд тэр өгнө, өгнө, танай эмнэлгээс машин ирвэл хэлээрэй гэдэг байсан. Би тооллого явагдах гэж байна гэж хэлээд ороо авах гээд 2 удаа уулзаад авч чадаагүй. Жолооч Ч.Г ахыг аймаг явахаар нь Б.Б даргаас ор аваад ирээрэй гээд явуулахаар “Б.Б дарга өрөөндөө алга, сургалтад явсан гэж байна” гэж хэлж байсан. Сүүлд би 2024 оны зун 2 ор өгөхийн өмнө Б.Бтай утсаар ярихад тэр “за за мэдэж байна” гээд утсаа тасалсан. Миний хувьд орлогын баримт дээр нийлүүлэгчээр нэр нь бичигдсэн Жаргалсайхан Б гэх хүнийг танихгүй, тэрнээс ор авахаар уулзсан, утсаар ярьсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас);
- Гэрч Ч.Ггийн /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн жолооч/ “...2023 оны 10 дугаар сард өдрийн санахгүй байна. ...Би тэдний өрөөнд ороход Я.Ц надад хандан нягтлан бодогч Б.Р эсхүл дарга Б.Б ярилаа гэж байсан ч билүү тэр хоёрын нэгэнтэй нь ярьсан юм шиг байна лээ. Манай эрүүл мэндийн төвд 4 ширхэг ор ирэх гээд байгаа юм шиг байна, ороо авч байж орлого авмаар байна гэсэн зүйлийг хэлж байсан. Уг 4 орыг хэнээс авч байгаа талаар хэлээгүй. Түүний дараа манай эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, эмчлэгч эмчээр ажиллаж байсан Д.Ж би аймгийн төв рүү өвчтөн хүргэхээр явах үед /гэхдээ ямар өвчтөн байсныг санахгүй байна/ 2024 оны 07 дугаар сарын эхээр Эрүүл мэндийн газраас 2 ширхэг ор аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэгт ирсний дараа буцах гэж байхдаа Эрүүл мэндийн газар орж орж асуухад тус газрын жолооч /ногоон Hunter автомашинтай/ Баагий, мөн түүний хажууд зүс таних 30 орчим насны өндөр бор царайтай залуу хоёр надад гражид байх хоёр модон орыг ачилцаж өгсөн. Тэр орыг Завхан суманд аваачиж нярваар ажилд орсон Ширнэн гэх хүнд хүлээлгэж өгсөн. Уг хоёр орыг хүлээн авахад надад ачиж өгсөн жолоочоос өөр хүн байхгүй, тухайн орыг авахдаа ямар баримт дээр гарын үсэг зурсан, авсан удаа байхгүй. Мөн баримтаар хүлээлгэн өгөөгүй. Тухайн ор нь модон материалтай, хатуу падуушиктай, хоёр ор байсан. Түүний дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмч Д.Ж надад хоёр орыг аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр вакцин авахаар статистик эмч Атай ирсэн. Тэгээд аймагт ирсний дараа эрүүл мэндийн төвийн дарга Бтай утсаар яриад би аймагт ирсэн байна Ж эмч хоёр ор аваад ир гэж хэлчхээд утсаа авахгүй байна гэж хэлэхэд Б би мэдэхгүй, нягтлан бодогч Амраагаас асуу гэж хэлсэн. Тэгэхээр нягтлан бодогч Атай утсаар ярихад би бас мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цуг ирсэн статистик эмч Атай утсаар яриад нөгөө Д.Ж эмчийн хэлсэн орыг хаанаас авах юм бол гэж хэлэхэд энд байгаа гэж байна, та хүрээд ир хоёулаа очиж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аын хэлснээр түүнийг Эрүүл мэндийн газар дээрээс аваад А нэг хүнтэй утсаар ярихад тэр хүн нь Туулай халиун дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь тэр дэлгүүрийн тэнд очиход эрүүл мэндийн газарт ажилладаг Б гэх залуу нэг хашаа руу ороод надад модон материалтай 2 орыг ачуулсан. Уг ор нь урьд нь авсан хоёр ортой адилхан ба падуушик нь үйлдвэрийн пүрштэй байсан, харин эхэлж авсан 2 орны падуушик нь модоор хийсэн гар хийцийн байсан. ...Би тухайн дөрвөн орыг Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга ажилтай Б.Б нийлүүлсэн ба Б.Б уг орны мөнгийг эхэлж авалгүйгээр шилжүүлсэн юм шиг байна лээ. Тэр талаар надад нярваар ажиллаж байсан Я.Ц хэлсэн. Тэгэхээр нь би та нар надад албанд ганц дугуй аваад өг гэхээр заавал дугуйгаа авч ирээд ав гээд байдаг биз дээ, та нар миний юмыг орлогод авч байгаад мөнгийг нь гаргаж өгнө гээд хувь хүнд шилжүүлэхээр 10 хувийн татаад байдаг биз гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас);
- Гэрч Д.Жгийн /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчээр түр тушаалтай ажиллаж байгаа/ “...Би Завхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчээр ажилд орсны дараа 2024 оны 06 дугаар сарын сүүлээр эсхүл 07 дугаар сарын эхээр санагдаж байна. Гэхдээ сар, өдрөө сайн санахгүй байна. Би аймгийн төвд өвчтөн авч ирээд явж байхдаа Эрүүл мэндийн газар руу ороход хэлтсийн дарга ажилтай Б.Б надтай таарсан. Тэр надад “танай Эрүүл мэндийн газарт очих ёстой 2 ор байна, та энэ орнуудыг аваад яваарай” гэхээр нь би түүнд хандан ямар ор бэ, тооцоогийн хийсэн юм уу гэхэд тооцоо хийгдсэн, танай эрүүл мэндийн төвд очих ор гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр өдөр жолооч Ч.Г, нягтлан А нарын хамтаар тухайн орыг аваад явсан. Тэр орыг нярваар ажилд орсон н.Ширнэнд өгч байсан. Түүний дараа манай Эрүүл мэндийн төвийн ажилчид Б.Б дарга байхад авах ёстой ор байсан гэж байсан. 2024 оны 10 дугаар 25-ны өдөр би суманд ажил дээр байхад манай ажлын жолооч Ч.Г вакцинд явж байна гэсэн. Би явуулах өвчтөн байгаа юу гэж асууж байтал одоо эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа н.Б надад “наад Ч.Г жолоочийг ороо авч ирээрэй” гэж хэлэхээр нь би тэр үгийг нь Ч.Г, вакцинар н.А нарт дамжуулж хэлсэн. Түүнээс сүүлд авсан орыг хаанаас яаж авсан талаар мэдэхгүй. Харин эхний 2 орыг эрүүл мэндийн газраас авч байсан. Тэр газрын яг хаанаас нь ачсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ урд төв хаалгаар гаргаж ирж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас);
- Гэрч С.Аын /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч/ “...Би энэ ор авахаар гүйлгээ хийгдэх хугацаанд ажиллаж байгаагүй. Тэр үед сая дээр хэлсэн манай Эрүүл мэндийн төвийн хуучин нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Р ажиллаж байсан. Харин эрхлэгчээр Б.Б ажиллаж байсан. Санхүүгийн баримтаас харахад 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр манай Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс Жаргалсайханы Б гэх хүний Хаан банкны 5822083884 тоот данс руу 3’400’000 төгрөгийг “Эмнэлгийн орны үнэ” гэх утгаар шилжүүлсэн байсан. Тухайн мөнгөөр нэг бүр нь 850’000 төгрөгийн үнэлгээтэй 4 ширхэг ор авахаар шилжүүлсэн байсан. Тухайн мөнгийг манай байгууллагын тавилгын зардлаас гаргасан байсан. 2023 оны 10 дугаар 02-ны өдөр “орлогын баримт 73” гэсэн дугаараар “эмнэлгийн ор 4 ширхэг, нэг бүрийн 850’000 төгрөг нийт 3’400’000 төгрөг” гэж нярваар ажиллаж Я.Ц /утас:88452552/ нь хүлээн авсан тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байсан. Я.Ц нь манай Эрүүл мэндийн төвийн халдваргүйжүүлэгчээр ажилладаг ба тэр үед нярвын ажлыг давхар хавсарч байсан.
Гэхдээ 2023 оны 10 дугаар 02-ны өдрөө ямар нэгэн байдлаар ор хүлээн авахгүйгээр мөнгө шилжүүлсэн байсан. Би энэ ажилд орсны дараа таны асууж байгаа 3.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг орыг өмнө нь даргаар ажиллаж байсан Б.Б нь захиалсан болов ч аваагүй гэх яриа гарсан. Тэр үед манай Эрүүл мэндийн төвийн нярвын ажлыг хавсарч байсан Я.Ц нь 4 ширхэг ор ирэх ёстой болов ч ирэхгүй байгаа талаар Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Б.Бгаас асуугаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Бгаас манай Эрүүл мэндийн төв 3.4 сая төгрөгөөр 4 ор авах ёстой болов ч тэр ор нь ирээгүй байна гэж Б.Бгаас асууж лавлахад тэр надад хандан манай газрын харуул дээр 2 ширхэг ор байгаа тэр орыг аваарай гэж хэлсэн. Би тэр талаар Б.Б даргаас 2024 оны 03-04 дүгээр сард уулзахдаа асууж байсан. 2024 оны 06 дугаар сарын сүүлээр жолооч Ч.Ггийн хамтаар Эрүүл мэндийн газар дээр ирж харуулаар ажиллаж байсан нэг хүнээс орны талаар хэлээд 2 орыг авч сумын Эрүүл мэндийн төвд хүргэж, хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа өрөөнд тавьсан. Тэр 2 ор нь модон ор юм. Тэр орны зураг нь байгаа. Уг орыг эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст хэрэглүүлж байгаа. Тухайн ор нь 2023 оны 12 дугаар сард санхүүгийн баримтыг үндэслэн орлогод авч байсан. Би одоо үлдсэн 2 орыг дахиад эрүүл мэндийн газраас авах байх гэж бодож байна. Би тэр орыг нийлүүлэх хүн нь ороо бэлэн болгохоор аймгийн Эрүүл мэндийн газарт хүргэж өгдөг байх гэж бодоод байгаа. Түүнээс биш дээр хэлсэн Эрүүл мэндийн төвөөс Жаргалсайханы Б гэх хүний Хаан банкны 5822083884 тоот данс руу 3’400’000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн дагуу уг хүнтэй уулзсан, утсаар ярьсан удаа байхгүй. Би 2023 оны 12 дугаар сард хөрөнгийн жил эцсийн тооллого хийж байхдаа энэ гүйлгээг харж энэ мөнгөн дүнгийн дагуух ор хаана байгаа юм бэ гэж асуухад Я.Ц “ор нь ирээгүй, мөнгийг нь шилжүүлсэн байгаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас);
- Гэрч Ж.Бийн /Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл технологийн инженер ажилтай/ “...Би Хаан банкны 5822083884 тоот дансыг эзэмшдэг. Энэ миний хувийн данс юм. ...Эрүүл мэндийн газарт Хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Б.Б нь надад “данс руу чинь 3’400’000 төгрөг орно, энэ мөнгийг над руу шилжүүлээд өг” гэхээр нь би шилжүүлж байсан удаатай. Уг мөнгийг миний дансанд орж ирэхэд нь хаанаас ямар дансаар гүйлгээ хийгдэж орж ирсэн талаар лавлаж хараагүй ба мөнгө шилжиж ирсний дараа тэр өдрөө Б.Бгийн данс руу шилжүүлж байсан санагдаж байна. Би Б.Бгийн хэлсний дагуу түүний данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгийг хаанаас ямар учраас миний дансанд орж ирсэн талаар лавлаж хараагүй. Мөн Завхан сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн ор нийлүүлсэн удаа байхгүй. ...Би таны надад үзүүлж байгаа 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн 73 дугаартай бичигдсэн орлогын баримтыг харлаа. Уг баримтыг харахад 4 ширхэг орыг нийтдээ 3.4 сая төгрөгөөр нийлүүлсэн гэж байна. Би ямар нэгэн байдлаар Завхан суманд ор нийлүүлсэн удаа байхгүй. Мөн баримт дээрх хүлээлгэн өгсөн гэх хэсэгт зурагдсан гарын үсэг минийх биш” гэх мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас);
- Гэрч Э.Эгийн /Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан/ “...Би Бгийн Бг танина. Тэр надтай Эрүүл мэндийн газарт хамт ажиллаж байсан. ...Миний нөхөр Б.Ууганбаяр болон миний нэр дээр авсан банк бусын зээлтэй байсан ба тэр зээлийн төлбөрийг төлөх болчхоод Б.Бгаас мөнгө байгаа талаар асуухад тэр надад “3’000’000 төгрөг байна, удаахгүй өгөх юм уу” гэхээр нь би түүнд удахгүй өгнө гээд зээлж авч байсан. Тэр мөнгийг аваад өөрийн нөхөр Б.Ууганбаярт шилжүүлэн өгсөн ба 2 хоногийн дараа бэлнээр Б.Бд буцаан өгч байсан. ...Би Б.Бгаас зээлж авсан мөнгийг хаанаас ямар байдлаар орж ирсэн мөнгө болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр хуудас);
- Гэрч Э.Аын /Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер/ “...Эмнэлгийн зориулалттай ор нь өвчтөний ор, асаргааны ор, сэхээн амьдруулахын ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, төрөх ор гэх мэт зориулалтаасаа шалтгаалаад янз бүр байдаг. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах болон магадлан итгэмжлэл авахад тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж нь эмнэлгийн зориулалтай эсэхийг хянадаг. Тэгэхээр энгийн ахуйн хэрэглээний орыг эмнэлгийн байгууллагад ашиглах боломжгүй. ...Эмнэлгийн орноос хамгийн энгийн ор нь өвчтөний ор бөгөөд цээж өргөх, хөл өргөх механик үйлдэлтэй байхыг шаарддаг. Эмнэлгийн орнууд өвчтөнөө зөөхөд зориулж ихэнх нь доороо дугуйтай байдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75 дугаар хуудас);
- Гэрч Ц.Бын /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга/ “...Би Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2024 оны 04 дүгээр 16-ны өдөр томилогдоод 2024 оны 05 дугаар 22-ны өдрийг хүртэл ажилласан. Би ажлаас гарсны дараа их эмчээр ажиллаж байсан Д.Ж даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ажилласан. Би 2024 оны 07 дугаар 25-ны өдөр дахин Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдоод одоог хүртэл ажиллаж байна. Миний бие анх даргаар ажилд орсны дараа байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байхдаа эмнэлгийн өвчтөн хэвтдэг орнууд нь модон материалтай ахуйн хэрэглээний орнууд байсан. Тэгэхээр нь би эмнэлгийн зориулалтай /нэг үйлдэлтэй, эвхэгддэг/ орнуудыг авах шаардлагатай юм байна гэсэн зүйлийг хэлэхэд хажууд байсан ахлах сувилагч н.Баттогтох надад хандан Б.Б эмчийн үед манай эмнэлэгт эмнэлгийн зориулалтай 4 ор ирэхээр болж, эмнэлгээс мөнгийг нь шилжүүлсэн болов ч тухайн ор нь одоог хүртэл ирэхгүй байгаа гэх зүйлийг хэлсэн. ...07 дугаар сард ажилдаа эргэж ороход манай ажилчид тухайн орноос 2 ширхэг нь ор нь ирсэн. Гэхдээ эмнэлгийн зориулалтай бус модон ирсэн гээд надад харуулсан. Тэр хоёр орыг өвчтөний жижиг өрөөнд оруулж тавьсан байсан. Тухайн 2 орыг харахад модон материалтай падушик муутай ор байсан. Тэр хоёр ор нь ахуйн хэрэглээний ор байсан. Тухайн орыг манай байгууллагын ажилчид хэл ам хийж байгаад авсан юм ярьж байсан.
... би энэ оны 10 дугаар сарын дундуур сургалтад явсан ба намайг байхгүй үед манай эмнэлэгт 2 ширхэг модон ор ирсэн байлаа. Сүүлд ирсэн 2 ор нь эмнэлгийн зориулалтай биш ч гэсэн падушик сайн, модон ор байсан. Мөнгө гарсан баримтыг нь харахад эмнэлгийн ор гэж байсан.
Тухайн 4 ор нь бүгд эмнэлгийн зориулалтай бус ахуйн хэрэглээний ор ба бүгд шинээрээ ирсэн. Тэр орнуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Өмнө нь байсан орнуудаас эмнэлгийн зориулалтай 2 ширхэг ор байсан ба тэр орнуудын нэг нь ашиглах гэхээр эвдрэлтэй байгаа тул ашиглахгүй байгаа. Б.Б даргын нийлүүлсэн гэх 4 орыг эмнэлэгт өвчтөн хэвтэх өрөөнд ашиглаж байгаа. Тэр хоёр орноос сүүлд ирсэн 2 орыг нь төрөхийн тасагт, эхэнд ирсэн 2 орыг нь дотрын тасагт ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар хуудас);
- Гэрч Б.Агийн “...Тухайн сумын төрийн сангийн системд байгууллагын дарга, нягтлан бодогч нарын 1, 2 дугаар гарын үсгийн баталгаа орсон байх ёстой. Тухайн гарын үсгийн баталгаанууд орсон үед дарга, нягтлан бодогч нар нь цахим гарын үсгээ зураад гүйлгээг хийх боломжтой.
Энэ талаар Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.10-д Төсвийн байгууллага төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор Төрийн сангаас батлагдсан загварын дагуу ТТ-1 /төлбөрийн хүсэлт/, ТТ-2 /бэлэн мөнгөний хүсэлт/ маягтын мэдээллийг цахим хэлбэрээр бэлтгэж урьдчилан илгээж болно гэсний дагуу цахимаар гүйлгээг хийж болно. Таны асууж байгаа гүйлгээ нь цахимаар хийгдэхдээ төрийн сангаас батлагдсан загвар ТТ-1 /төлбөрийн хүсэлт/ маягтын дагуу хийгдэн. Мөн журмын 8.4-д цахим хэлбэрээр шивсэн гүйлгээг гүйцэтгэж болохоор заасан байдаг.
Харин цахимаар гүйлгээг тухайн байгууллагын нягтлан бодогч хийхдээ дээрх журмын 7.8-д заасны дагуу нэхэмжлэл, бараа материалын орлого, зарлагын баримттай байвал төрийн сангийн мэргэжилтэн гүйлгээг хянаж, санхүүгийн албаны дарга нь баталгаажуулна. Би төрийн сангийн цахим системээс таны асууж байгаа 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн 3’400’000 төгрөгийн гүйлгээг харахад тус гүйлгээг байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн хянаж, баталгаажуулсан байна. Энэ миний дээр хэлсэн дээрх журмын 7.8-д заасныг зөрчсөн гүйлгээг хянаж баталгаажуулсан байна. ...Манай хэлтсээс 2023 онд Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс илгээсэн цахим гүйлгээнд хяналт шалгалт хийгдээгүй. Харин 2024 онд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түүврийн аргаар явуулж байсан удаатай.
Таны асууж байгаа 2023 оны 10 дугаар сарын байдлаар миний дээр хэлсэн Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам” хэрэгжиж байсан. Харин энэ журам 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн батлагдсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);
- Гэрч Д.Бийн “...Манай Завхан сумын Эрүүл мэндийн төв нь ойрын хэдэн жил ор, тавилга авагдаагүй байсан ба 2023 онд тухайн байгууллагын төсөвт тавилгын зардал суугдсан. Тус төсөв батлагдсаны дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр надтай сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Б.Б нь уулзаад эмнэлгийн зориулалтай ор авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би төсөв чинь татагдахаас өмнө энэ орнуудаа аваарай гэдгийг хэлж байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу таны асууж байгаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Р нь надтай утсаар яриад “манай эмнэлэг хувь хүнээс эмнэлгийн ор авахаар боллоо, тэр хүн мөнгөө шилжүүлж байгаад ороо ав гээд байна, би гүйлгээг цахимаар илгээж, төрийн сангийн мэргэжилтэн Б.Бт хэлж хянуулсан, та энэ гүйлгээг баталгаажуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороо яаралтай аваарай гэж хэлээд гүйлгээг нь баталгаажуулсан. Тухайн гүйлгээ нь орлого, зарлагын баримт дутуу байсан ба тэр орыг авчих байх гэж бодоод баталгаажуулалт хийсэн. ...Түүний дараа буюу 2024 оны эхээр манай Завхан сумын Эрүүл мэндийн төвийн ажилчид энэ 4 орны талаар маргаан гаргаад байгааг сонсоод одоо нягтлан бодогчоор ажиллаж байгаа С.Ад тэр 4 орыг хөөцөлдөж байгаад аваарай гэж хэлж байсан. Тэр үед буюу 2023 оны 11 дүгээр сард нягтлан бодогч Б.Р, дарга Б.Б нар ажлаасаа гараад явсан байсан тул тэдэнтэй энэ орны талаар холбогдоогүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 164 дүгээр хуудас);
- Гэрч Б.Бийн “...2023 оны 10 дугаар 02-ны өдөр надтай Б.Р нь утсаар ярьсан. Тэр ярихдаа “би аймагт явж байна, манай Эрүүл мэндийн төв хувь хүнээс эмнэлгийн зориулалтай ор авах гэсэн юм. Уг орыг тухайн хүн нь мөнгө шилжиж гүйлгээ хийгдсэний дараа 4 орыг өгнө гээд байна, мөн нярав Я.Ц орлогын баримт бичиж өгөхгүй байна, чи миний явуулсан цахим гүйлгээг хянаад өгөөч, би Санхүүгийн албаны дарга Д.Б ахад хэлж байгаад гүйлгээг баталгаажуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний хэлснээр хянаж өгсөн юм. Тэр бид хоёр сумын Төрийн банканд хамт теллерээр ажиллаж байсан юм Тэр худал хэлээд байдаггүй тул түүний хэлснээр итгээд дээрх гүйлгээг хянасан. Харин миний хянасан гүйлгээг дарга Д.Б баталгаажуулсан байсан.
Түүний дараа буюу 2023 оны 12 дугаар сард миний хянасан 3’400,000 төгрөгийн эмнэлгийн зориулалтай 4 ширхэг ор манай Эрүүл мэндийн төвд ирээгүй талаар тухайн байгууллагын нярав Цээс сонсож байсан. Тэгээд Б.Раас нөгөө дээр чи хэлж байгаад хянуулсан гүйлгээний дагуу 4 ор танай эмнэлэгт ирээгүй юм биш үү гэж хэлэхэд тэр Б.Б мөнгө шилжүүлсэн хүнтэй ярьсан байгаа гээд утсаа тасалсан. Тэр тухайн үед ажлаасаа гарч аймгийн төв шилжсэн байсан.
Санхүүтэй холбоотой хууль, журмаараа бол анхан шатны баримт дутуу гүйлгээг хянаж, баталгаажуулахгүйгээр буцаах ёстой. Би энэ үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 149 дүгээр хуудас);
- Гэрч П.Ширнэнгийн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийн хүртэл Увс аймгийн Эрүүл мэндийн төвд нярваар ажиллаж байна. ...Манай Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Х.Баяраагийн 2023.12.14-ний өдрийн А/10 дугаартай “Хөрөнгө тоолох тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны бүтэн жилийн тооллогыг явуулсан байдаг. Уг тооллогоор таны асуугаад байгаа 2023 оны 10 дугаар 02-ны өдөр 73 дугаартай бичигдсэн орлогын баримтаар Б Жаргалсайхан гэх нэрээр Эмнэлгийн ор 4 ширхгийг нэг бүрийн 850’000 төгрөгөөр тооцож, нийт 3’400’000 төгрөгөөр манай Завхан сумын Эрүүл мэндийн төвд ор нийлүүлсэн гэх 4 орыг тоолоогүй байдаг.
...Би ажилд орох өдөр буюу 2024 оны 07 дугаар 01-ний өдөр энэ 4 орны 2 орыг эмнэлэгт ирүүлсэн байсан ба нэг орыг нь угсраагүй агуулахад хураасан байсан. Харин нэг орыг нь эмч ажилчдын амрах байранд угсраад тавьсан байсан. Тухайн 2 ор нь модон материалтай нимгэн падушиктай ор байсан. Тухайн 2 ор хаанаас хэнээс ирсэн талаар мэдэхгүй.
Харин 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгийн жолооч Ч.Г нь дахин 2 ширхэг модон орыг амралтын өдөр аймгаас авч ирээд эмнэлэгт агуулахын үүдэнд коридорт хураасан байсан. Би нэг дэх өдөр ажилд очоод уг орнуудыг ямар учиртай ор талаар статистик эмч Ааас асуухад тэр өмнө нь манай эмнэлэгт ирэх ёстой ор гэж хэлээд аймагт байсныг авч ирсэн гэж хэлсэн. Тэр 2 ор нь модон материалтай пүрштэй падушиктай ор байсан. Эхний 2 ор нь падушик дээр гудас тавихаар орууд байна лээ. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 5 дугаар хуудас);
- 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн баримтын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр хуудас);
- Увс Завхан сумын Эрүүл мэндийн төвийн Төрийн сангийн данснаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ж.Бийн Хаан банк дахь 5822083884 тоот данс руу 3’400’000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 96 дугаар хуудас);
- Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн №73 дугаартай “Орлогын баримт”-ын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 97 дугаар хуудас);
- Ж.Бийн Увс Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс 3’400’000 төгрөг нэхэмжлэх хуудасны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 98 дугаар хуудас);
- Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дансны зарлагын дэлгэрэнгүй хуулганы хуулбар (1 дэх хавтаст хэргийн 99-103 дугаар хуудас);
- Хаан банк дахь гэрч Ж.Бийн 5822083884 тоот дансны хуулганд, гэрч Э.Эгийн 5031292263 тоот дансны хуулганд, Хас банк дахь шүүгдэгч Б.Бгийн 5005349925 тоот дансны хуулганд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн дансны хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 173-199 дүгээр хуудас);
- Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/16719 дугаар албан бичгээр ирүүлсэн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны батлагдсан төсвийн талаарх баримтууд (1 дэх хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Бг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 147-152 дугаар хуудас);
- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Б.Рыг Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилсон тушаалын хуулбар, шүүгдэгч Б.Бг Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 162, 165, 167 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Бгийн Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн гэх 4 ширхэг модон оронд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 250 дугаар хуудаснаас 2 дахь хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Бн “...Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Б нь намайг дунд сургуульд байхад манай гудамжинд байдаг байсан бөгөөд нэгнийгээ тэр үеэс таньдаг. 2021 онд би их сургууль төгсөөд аймгийн эрүүл мэндийн газарт ажиллах хүсэлт өгөх үед Б.Бг тус газарт ажиллаж байгааг мэдсэн. Би 2021 оноос 2023 онд Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх үед буюу 2023 онд би төвдөө эмнэлгийн зориулалтын ор авахаар хайж байсан юм. Тэр үед Б.Б надад “ахад нь эмнэлгийн зориулалттай орнууд байгаа, ах нь нийлүүлээд өгье” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Би гэхдээ Б.Б ахыг хэлсэн болохоор түүнийг яг эмнэлгийн зориулалттай ор нийлүүлэх юм байх л гэж бодоод итгээд зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үед орны үнэ төлбөр яриагүй. Түүнээс биш Б.Бг ороо нийлүүлэхгүй бараг жил орчим болж байгаад сүүлдээ модон ор өгнө гэж бодоогүй.
Б.Б ах сүүлд нь буюу 2023 оны 09 дүгээр сарын үед 4 ширхэг орыг 3’400’000 төгрөгөөр нийлүүлнэ гэсэн тул Б.Б ахын хэлсний дагуу Ж.Б гэгчийн данс руу 3’400’000 төгрөг шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлэх үед буюу 2023 оны 09-10 дугаар сарын үед би Улаанбаатар хотод резидент эмчийн шалгалт өгөх гээд ирсэн байсан үе юм. Тийм болохоор эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Рт хэлж мөнгийг шилжүүлж байсан. Резидент эмчийн шалгалтдаа би тэнцэж 2023 оны 10 сард ажлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу явсан. Ажлаа өгөхдөө би нягтлан нярав нартаа Б.Бгаас ороо аваарай гэж хэлж байсан. Ажлаа хүлээлгэж өгсөн учраас Б.Бг нийлүүлнэ гэсэн ороо нийлүүлээгүй гэдгийг мэдээгүй. Би түүнийг өгчихсөн байх л гэж бодож явсан. Гэтэл манай эрүүл мэндийн төвөөс 2023 оны 12 сард яриад “Б.Б ороо одоо хүртэл нийлүүлээгүй байна” гэхээр нь би Б.Б руу ярихад “одоо удахгүй өгчихнө” гэж хэлж байсан.
Миний хувьд Б.Бгийн гуйлтаар түүнээс эмнэлгийн зориулалтын дагуу ор худалдан авах болсныг хүлээн зөвшөөрч байна. Үүнд маргах ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас);
- Хөрөнгийн үнэлгээний “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч Б.Бгийн нийлүүлсэн гэх модон орыг хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 126-138 дугаар хуудас) зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
2.2. Дээр дурдсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад баримтуудтай харьцуулан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч “...Миний хувьд Б.Бгийн гуйлтаар түүнээс эмнэлгийн зориулалтын дагуу ор худалдан авах болсныг хүлээн зөвшөөрч байна. Үүнд маргах ямар нэгэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэгт дурдсанаар шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай 4 ширхэг ор нийлүүлэх саналыг тавьсан байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Б.Бг нэг гудамжинд буюу хөрш амьдарч байсан гэдгээр нь таньдаг боловч холбоогүй байж байгаад 2021 оноос ажил хэргийн хүрээнд харилцаж эхэлсэн байна. Тухайлбал шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ба түүний албан тушаалын тодорхойлолт зааснаар Эрүүл мэндийн газрын дарга харьяа эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах, эмч сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг мэргэжлийн зэргийн шалгалтад хамруулах, амжилттай хамгаалсан тохиолдолд журмын дагуу зэргийн нэмэгдлийг олгох, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн биелэлтэд хяналт тавих, багц цагаа хангасан мэргэжилтнүүдийн сунгалтыг хийх, эмч мэргэжилтнүүдийн шалгалт өгөх хугацаанд ажлыг нь зохицуулах зэрэг чиг үүрэгтэй. Уг чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн төвүүдтэй байнга харилцдаг байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь албан тушаалын чиг үүргийн хүрээнд шүүгдэгч Б.Бтай харилцдаг байсан тул албан тушаалын байдлаа ашиглан шүүгдэгч Б.Бд эмнэлгийн ор нийлүүлэх санал тавьсан гэж үзэх үндэслэлтэй.
Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тушаалаар баталсан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй барааг шүүгдэгч Б.Б худалдан авах эрхтэй боловч шүүгдэгч Б.Бгаас шууд худалдан авалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн үед шүүгдэгч Б.Б орыг нийлүүлээгүй, хэрэг шалгаж эхэлсний дараа нийлүүлсэн 4 ширхэг ор нь эмнэлгийн бус ахуйн зориулалттай ор болох нь тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Б.Б нь эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй атлаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс 3’400’000 төгрөгийг гэрч Ж.Бийн Хаан банк дахь 5822083884 тоот дансаар дамжуулан авчээ. Уг мөнгийг шилжүүлэхийг шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Рт даалгасан байх бөгөөд шүүгдэгч Б.Р нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч Б.Бийг “би аймагт явж байна, манай Эрүүл мэндийн төв хувь хүнээс эмнэлгийн зориулалтай ор авах гэсэн юм. Уг орыг тухайн хүн нь мөнгө шилжиж гүйлгээ хийгдсэний дараа 4 орыг өгнө гээд байна, мөн нярав Я.Ц орлогын баримт бичиж өгөхгүй байна, чи миний явуулсан цахим гүйлгээг хянаад өгөөч, би Санхүүгийн албаны дарга Д.Б ахад хэлж байгаад гүйлгээг баталгаажуулна” гэж, тус тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж Д.Бийг “манай эмнэлэг хувь хүнээс эмнэлгийн ор авахаар боллоо, тэр хүн мөнгөө шилжүүлж байгаад ороо ав гээд байна, би гүйлгээг цахимаар илгээж, төрийн сангийн мэргэжилтэн Б.Бт хэлж хянуулсан, та энэ гүйлгээг баталгаажуулаад өгөөч” гэж тус тус ятгана төрийн сангийн гүйлгээг баталгаажуулж, шүүгдэгч Б.Бд уг 3’400’000 төгрөгийг авах нөхцөл боломжийг олгожээ.
Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Б, тус төвийн нягтлан бодогч Б.Р нартай бүлэглэн тус төвд эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй байж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг, гэрч Ж.Бийн эзэмшлийн Хаан банк дахь дансаар 3’400’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2.3. Шүүгдэгч Б.Б яллагдагчаар “...Би нэг зүйл хэлэхэд Б.Б нь ажлаа өгөөд явж байхдаа эмнэлэгт 4 ор авч байгаа, уг орыг Ж.Б гэж хүнээс авч байгаа, манай сумынх нь их хэл амтай хүн шүү та энэ орыг нийлүүлэх тал дээр нь түргэвчлээд өгөөрэй гэж надад сануулж байсан юм.
...Гэхдээ над руу тэр орыг тухайн сумаас шаардсан зүйл байхгүй. Би Завхан суманд ёс зүйн хорооны шалгалтыг ахалж очиж байхад тэр орны талаар нэг яриа гарч байсан.
Ийм нөхцөл байдалтай байхад яагаад ийм болсон бэ гэж бодоод байхад манайх 2023 оны 09 дүгээр сард байранд орохоор хөөцөлдсөн ба тэр үед банкны шаардлагын улмаас дансандаа үлдэгдэлтэй бай гэсэн нөхцөлийн улмаас хүнээс мөнгө зээлж дансандаа оруулж гаргаж байсан. Тэр үед Ж.Боос мөнгө байна уу гэхэд тэр удаахгүй гэж хэлэхээр нь би уг мөнгийг дансандаа байлгаад буцааж өгч байсан. Тэр надад 3.0 сая төгрөг зээлж байсан санагдаж байна. Мөн байршуулсан шалтгаан нь цалингийн зээл 19.0 сая орчим байсан ба тэр мөнгийг баталгаажуулахын тулд дансандаа мөнгийг хийж байсан. Тэр үед хүнээс мөнгө зээлж авч байгаад ахуйн шинжтэй ийм хэрэгт орсон тул хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ... би нэг ажлын хэсэг ахалж очиход Ховд аймгаас тэтгэвэрт гарсан хүнийг гуйж ажиллуулж байсан. Бид очиж ажлын нөхцөл байдалтай танилцаад сумын удирдлага, эрүүл мэндийн төвийн ажилчдыг, сумын иргэд, хэвтэн эмчлүүлэгчдийн төлөөллийг хамруулсан өргөтгөсөн хурал хийж байсан. Тэгэхэд тэр орны асуудал яригдсан ба уг орноос 2 ор нь очоогүй байсан. Тэр хурлын дараа сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид албан бичиг явуулаад ажлаа хаяж явсан вакцинатор хүнийг зөрчлийг нь арилгуулахаар санал хүргүүлж байсан. Тухайн хүнийг Б.Н гэж байсан ба тэр хүн уг албан бичгийн дагуу түүнийг ажлаас халсан гээд надад өш хөөж худал зүйл яриад байгаа байх гэж бодож байна” гэж (2 дахь хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас);
Шүүхийн хэлэлцүүлэгт “...2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын гадаа Б.Бтай тааралдсан. Тухайн үед мэнд мэдээд хэвтэн эмчлүүлэгчийн ор, ширээ сандал сонирхоод явсан олддоггүй гэж хэлсэн. Тэгээд сонирхоод асуухад эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ор гэж хэлсэн. Тухайн үед би Б.Бд надад хүнээс өрөнд авсан чиний хайж байгаа 2 ширхэг модон ор байна. Нэг орыг 600’000 төгрөгөөр үнэлж авсан гэж хэлээд санал тавих нь тавьсан. Тухайн үед Б.Б орны хүрэлцээ байхгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид шалан дээр хэвтэх нь холгүй байна. Дор хаяж 4 ор авмаар байна гэж хэлсэн. Тэгээд ор авахаар бол миний орыг аваад ашиг гэхгүй зах зээлийн ханш нь хэд байна тэрнээс 50-100 төгрөгөөр татаад өгнө гэх яриа болоод өнгөрсөн. Тухайн үед манайд ажиллаж байсан н.Б гэх залуу надад 2 ор зарчих гэж хэлсэн. Тэгээд би 2 орыг үзүүлж харуулаад өнгөрсөн. Тэрний дараагаар Завхан суманд хүлээж авах дарга, нягтлан байхгүй 7-8 сарын нүүр үзсэн байх. Дунд нь нэг хүн ирээд 3-7 хоноод явдаг. Эзэнгүй учраас цаг хугацаа алдсан асуудал байсан. Миний хувьд мэдлэг дутмаг юм уу, хайхрамжгүй байдлаас болоод өөр байдлаар 2 ор зарах боломжтой байсан. Үүндээ харамсаж байна. Би хүмүүсийн мэдүүлээд байгаа шиг 4 ор нийлүүлээгүй 2 ор нийлүүлсэн. Би санал тавьсан. Ж.Бтой ярилцаад 4 орыг нэг мөр өгөхөөр болсон. Тэр дунд надад байсан 2 орыг оролцуулаад гаргаж өгсөн байгаа. Тухайн үед байрны ипотекийн зээл хөөцөлдөж байсан. Тэгээд намайг дансандаа шийдвэр гарах хүртэл хэдэн төгрөг байршуулж бай гэж хэлсэн тул 3-4 хүнээс 10 гаруй сая төгрөг дансандаа хэд хонуулсан. Тэгээд банкны тавьсан шаардлагад 3’000’000 төгрөг дутуу байсан. Тэрийг авч байршуулаад бэлнээр бүгдэд нь авч өгсөн. Маргааш нь миний байрны зээл гарч дансанд 145’000’000 төгрөг орж ирэхээр нь барилгын компани руу шилжүүлсэн. Ийм л зүйл болсон. Үүндээ харамсаж байна. Өөр хэлэх зүйл алга” гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.
Шүүгдэгч Б.Бгийн дээрх хоёр мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрөөтэй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Ж.Боос 3 сая төгрөг зээлсэн гэх боловч гэрч Ж.Бийн эзэмшлийн Хаан банк дахь 5822083884 тоот дансанд Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс 3’400’000 төгрөгийн шилжүүлэг ирсэн даруй шүүгдэгч Б.Бгийн данс руу шилжүүлсэн байна. Гэрч Ж.Б нь шүүгдэгч Б.Б руу 3’400’000 төгрөг шилжүүлсний дараа дансны үлдэгдэл нь 1’893.97 төгрөг болсон байх ба тухайн өдрөө 50’000 төгрөгийн зээл бусдаас авсан нь түүний харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд гэрч Ж.Б нь тухайн орны мөнгийг шүүгдэгч Б.Бд зээлүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.
Нөгөөтэйгөөр шүүгдэгч Б.Б нь тухайн үед зээл авах зорилгоор дансандаа хүнээс мөнгө зээлж хуримтлуулж байсан гэх боловч уг 3’400’000 төгрөг шилжиж орж ирсэн өдөр гэрч Э.Эд 3’000’000 төгрөг зээлсэн болох нь түүний Хас банк дахь харилцах дансны хуулга, гэрч Э.Эгийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бгийн мэдүүлэг худал болох нь нотлогдож байх тул түүний өмгөөлөгчийн үйл баримтын талаар маргаж гаргасан дүгнэлтийг мөн үндэслэлгүй гэж үзнэ.
2.4. Шүүгдэгч Б.Р яллагдагчаар “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэж мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 107 дугаар хуудас) өгсөн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд “10 дугаар сарын 02-ны өдөр тухайн гүйлгээг Б.Б дарга над руу утсаар ярьж байгууллагатай 4 ор авах гэсэн юм. Эрүүл мэндийн газраас 4 ор авах шаардлагатай байна. Гүйлгээ хийгээд өгөөч гэсэн тул гүйлгээ хийсэн. Тухайн үед би аймагт байна. Цахимаар хийх боломжтой гэж хэлсэн. Тэгээд би цахимаар хийсэн. Гүйлгээ хийхдээ нярав руу яриад Б.Б дарга байгууллагад 4 ор авах шаардлагатай байгаа юм байна. Та орлогын баримтын гүйлгээг бичээд цахимаар явуулаад өг гэхэд гүйлгээг өнөөдөр хийх шаардлагатай байна гэж ярьсан болов нярав гүйлгээний баримтыг явуулаагүй. Тухайн үед Б.Б дарга над руу ярихад нярваас орлогын баримт ирээгүй байна гэж хэлэхэд би яриад үзье гээд утсаа тасалсан. Тэгээд эргээд над руу 3-4 удаа залгасан. Нярав утсаа авсангүй. Чи гүйлгээ хийчих гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр орлогын баримт дутуу гүйлгээ хийсэн миний буруу байсан Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн зэрэгцээ шинжийг хуульчилжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж;
- Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус иш татаж тодорхойлжээ. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж байсан тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. Шүүгдэгч Б.Б нь албан тушаалын чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийдэг, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангадаг байсан тул албаны эрх нөлөөгөө ашиглан шүүгдэгч Б.Бд эмнэлгийн ор нийлүүлэх санал тавьсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн тус хуульчилсан тайлбарт зааснаар “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т зааснаар “давуу байдал” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгодог.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Б, тус төвийн нягтлан бодогч Б.Р нартай бүлэглэн тус төвд эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй байж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг, гэрч Ж.Бийн эзэмшлийн Хаан банк дахь дансаар 3’400’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангасан байна.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Б.Бг эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй байхад эмнэлгийн зориулалттай 4 ширхэг орны мөнгийг шилжүүлэхээр урьдчилан амлаж, өөрийн шууд удирдлагад байдаг нягтлан бодогч Б.Рт үүрэг өгч төрийн сангаас шилжүүлэг хийлгэж шууд дэмжлэг үзүүлсэн, мөн шүүгдэгч Б.Р нь санхүүгийн анхан шатны баримтгүй, төрийн сангийн шилжүүлэг хийх үндэслэл бий болоогүй байхад эрх бүхий албан хаагч нарыг хуурч төрийн сангаас гүйлгээ хийлгэж шууд бусаар шүүгдэгч Б.Бд дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Р нарыг шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.
3.3. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Б, Б.Б, Б.Р нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон. Тодруулбал энэхүү гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг алдагдуулдаг. Мөн олон нийтийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, төрийн байгууламжийн үнэлэмжийг сулруулснаар Үндсэн хуульт байгуулалд буюу үндэсний ашиг сонирхолд хохирол учруулдаг.
Энэхүү гэмт хэргийн улмаас Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3’400’000 төгрөгийн материаллаг хохирол учирсан ба шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч уг хохирлыг төлсөн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар нотлогджээ. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Б, Б.Б, Б.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 115 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 37 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Бн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 117 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 33 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Рын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 116 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 38 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал;
- Шүүгдэгч Б.Р нь тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал;
- Шүүгдэгч Б.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд резидент эмчээр ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч Б.Б, Б.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Шүүгдэгч Б.Бд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч “...Бид нарын хувьд 1 жил 3 сарын хорих ялыг нь өөрчлөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөөч гэж хүсэж байна” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч “...сурч байгаад ирчихсэн нөхцөл байдалтай байгаа, хичээл сургууль дүнгээ гаргаж тооцоогоо хийгээд ирэх энэ хугацаа миний үйлчлүүлэгчид хэрэгтэй байгаа учраас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгөөч гэсэн ийм саналтай байна. Улсын яллагчийн санал болгосон ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Б.Рын өмгөөлөгч “...хувийн амьдралынх нь нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл, оролцоо зэргийг нь харгалзаж үзээд улсын яллагчийн санал болгосон зорчих хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн ийм саналтай байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
3.2. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Энэ агуулгын хүрээнд шүүгдэгч нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, шүүгдэгч Б.Б, Б.Р нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулах тул шүүгдэгч Б.Б болон шүүгдэгч Б.Б, Б.Р нарт оногдуулах ялын хэмжээг ялгамжтай тогтооно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял; шүүгдэгч Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял; шүүгдэгч Б.Рт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон. Нөгөөтэйгөөр энэхүү заалтын агуулга нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрүүдийг тогтоосон агуулгатай юм.
Шүүгдэгч Б.Б, Б.Р нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, цаашид ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул тэдгээрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Б.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд резидент эмчээр ажиллаж суралцдаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 44а байрны 1103 тоотод түр оршин суудаг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргээр тогтоож шийдвэрлэв.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх журамтай.
Шүүгдэгч Б.Б нь 3’400’000 төгрөг авснаас буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш 8 сарын дараа 2 ширхэг ахуйн зориулалттай орыг, үлдсэн 2 ширхэг орыг 1 жилийн дараа Увс аймгийн Завхан сумын эрүүл мэндийн газарт өгсөн байна. Эхний 2 ширхэг орыг өгсөн цаг хугацааны хувьд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдээс уг асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсний дараа байна. Тодруулбал шүүгдэгч Б.Б нь гэмт үйлдлээ халхавчлах зорилгоор дүр үзүүлэн уг ахуйн зориулалттай 4 ширхэг нийлүүлсэн гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Б.Бгаас Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн 4 ширхэг, модон орыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэж тус эрүүл мэндийн төвийн өмчлөлд үлдээж шийдвэрлэв.
4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/237 дугаартай захирамж (3 дахь хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас)-аар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба тэдгээрийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүгдэгч Б.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд резидент эмчээр ажилладаг, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргээр тогтоосон, түүний өмгөөлөгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан тул хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.Б, Б.Р нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц ургийн овогт Бгийн Б, И ургийн ургийн овогт Бийн Б, А ургийн овогт Бын Р нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
- Шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
- Шүүгдэгч Б.Рыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан: шүүгдэгч Б.Б, Б.Р нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор;
- Шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 ширхэг модон орыг Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн өмчлөлд үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын хоногоор тооцож, дүйцүүлэн солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Бд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг;
- Шүүгдэгч Б.Б, Б.Р нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА