| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0059/э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
2025 04 28 2025/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, хохирогч Д.Ц, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000270042 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Сгийн Б (РД: ....), 1965 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, ... аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суудаг, урьд Увс аймгийн шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил, 169 дүгээр зүйлийн а-д зааснаар 6 сар, 109 дүгээр зүйлийн а-д зааснаар 1 жилийн хорих ял, 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 12 жил хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-т зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн 2-17 тоотод хохирогч Б.Цтай маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед нь дээд уруулын зүүн талын дотор салст, дээд уруулын гадна зүүн хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас), хохирогч Д.Цгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), гэрч С.Ргийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), гэрч Ц.Оийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), гэрч Ц.Нийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч С.Огийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), хохирогч Д.Цгийн Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт (хавтаст хэргийг 56 дугаар хуудас), Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлсөн баримт (хавтаст хэргийг 61 дүгээр тал) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах үйл баримтыг тогтоов.
2.1. Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Д.Ц миний бие 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хадам ах болох С.Т гэх хүн дуудсан бөгөөд би нөхөр, хүүхдүүдийнхээ хамт очсон. Очоод 2 шил архи хүргэж өгөөд миний нөхөр, Т ах, хадам аав С.Р, өөр бас 2 эмэгтэй хувааж ууж дуусаад дахин намайг архи авч ир гэж 20’000 төгрөг өгөхөд нь би чадахгүй гэж хэлснээс болж намайг зодож миний уруул сэтэлж, би эмнэлэг дээр очиж гадна 2, дотор 3, нийтдээ 5 оёдол тавиулсан. Мөн манай нөхрийн хүзүүнд хутга Тж эхнэрийгээ оруулж ир гэж дарамталсан байсан. Өглөө хүүхдээсээ юу болсон талаар асуухад Т гэдэг хүн миний хоолой боосон гэж хэлсэн бөгөөд би энэ хүнд гомдолтой байна” гэх гомдол (хавтаст хэргийг 3 дугаар хуудас) Увс аймгийн Цагдаагийн газарт гаргажээ.
Уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Д.Цг хохирогчоор тогтоон 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байтал манай хадам аавын төрсөн дүү С.Т гэх хүн миний 90093763 дугаарын утас руу хадам аав С.Ргийн 99450885 дугаартай утсаар залгаад “би танай хадам аавынд байна, хүрээд ир ярих юм байна. Ирэхдээ нэг шил архи аваад ир” гэж хэлээд миний данс руу 35’000 төгрөг шилжүүлсэн. Би нөхөр Р.Т болон өөрийн хүүхдүүд Т.Б /2 настай/, Т.А / 7 настай / нарын хамт гэрээсээ гарч дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн савлагаатай “Ерөөл” гэх архи, 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” гэх пиво тус бүр нэг нэг ширхэг аваад хадам аав С.Ргийнд очиход С.Т, хадам аав С.Р, мөн Нандиа гэх эмэгтэй болон өөр нэг үл таних эмэгтэй, бас нэг үл таних эрэгтэй хүн, нийт 5 хүн байсан юм. Бид нар авч очсон архи пивоо оруулж өгөхөд архиа ууж дуусгачхаад намайг дахиад архи аваад ир гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь С.Т нь над руу архины шил, цайны данх авч шидээд байсан. Би айгаад хоёр хүүхдээ дагуулаад гараад явчихсан чинь манай охин Т.А нь би ороод аавыг дагуулаад гараад ирье гэж хэлж орчхоод удаад байхаар нь би араас нь хаалгаар шагайтал С.Т нь гэрийн хаалганы ойролцоо зогсож байгаад намайг гэр рүү татаж оруулаад миний уруул хэсэгт нэг удаа цохиод халааснаасаа хутга гаргаж ирж байх үед хажууд байсан хүмүүс С.Тыг барьж авахаар нь би гараад зугтаачихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийг 13 дугаар хуудас);
- Дахин 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. С.Б нь манай хадам аавын дүү бөгөөд надаас уучлалт гуйж бид эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийг 15 дугаар хуудас) тус тус авсан байна.
Хохирогч Д.Цгийн дээрх хоёр удаагийн мэдүүлэг нь гэрч С.Ргийн “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа нэг шил 0.75 литрийн савлагаатай “Ерөөл” гэх архинаас ганцаараа 100-150 грамм орчим уугаад сууж байтал манай гэрт манай төрсөн дүү С.Б, мөн С.Бтай хамт Нандиа гэх нэртэй эмэгтэй, бас Нандиагийн найз гэх эмэгтэй, бас нэг танихгүй эрэгтэй нийт дөрвөн хүн манай гэрт халамцуу орж ирцгээсэн. Би тэд нарт ууж байсан архинаасаа хийж өгөөд дуусгачхаад байж байтал гаднаас манай бага хүү Р.Т болон түүний эхнэр Д.Ц, тэдний хоёр хүүхэд болох Т.А /7 настай /, Т.Б нар орж ирсэн. Тэрнээс хойш 30-40 минут орчмын дараа манай гэрт маргаан болоод миний төрсөн дүү С.Б болон бэр Д.Ц нар барьцалдаад авчихсан байсан бөгөөд удаагүй байтал Д.Ц нь намайг цохичихлоо гээд гараад явчихсан. Яг цохиж байхыг нь би хараагүй. Д.Ц манай гэрт орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Би гэртээ унтаад маргааш нь бэртэйгээ уулзахад уруул хэсэгтээ оёдол тавиулсан байсан бөгөөд миний уруул руу С.Б өчигдөр танай гэрт цохиод тэрнээс болж би эмнэлэг дээр очоод 5 ширхэг оёдол тавиулаад ирж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийг 17 дугаар хуудас);
- Гэрч Ц.Оийн “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би өөрийн найз Ц.Нтэй Улаангом сумын 9 дүгээр баг “Тэс арвижих” хүнсний дэлгүүрийн ойролцоо уулзсан. Ц.Нтэй уулзахаар явахдаа би өөрийн найз н.Нямдоржийг хөдөөнөөс аймгийн төвд автомашинтайгаа ирсэн байхаар нь түүнийг гуйж автомашинаар нь “Тэс арвижих” дэлгүүр дээр хүргүүлсэн. Би Ц.Нтэй уулзахад тэр ганцаараа нэлээд архи уусан байдалтай байсан. Надад “манай нэг найзын хамаатны охин өнгөрчихлөө, хамт яваад нэг эргээд ирье” гэж хэлсэн. Ц.Н бид хоёр “Нурагт” гэх хүнсний дэлгүүрээс хоёр хоёр лааз пиво аваад замдаа н.Нямдоржийн автомашинд ууж дуусаад Ц.Нийнд очих гэж байсан айлд хүргүүлсэн. Бид нар С.Р гэх айлд очсон бөгөөд тухайн хүн гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. С.Б гадна байсан гэрээсээ орж ирсэн. Бид нарт архи хийж өгөөд бид нар уугаад сууж байтал гаднаас С.Ргийн хүү, бэр гэх хоёр хүн хүүхдүүдтэйгээ хамт орж ирсэн. Бид нарыг архи ууж байхад С.Ргийн бэр нь гэрээс гараад явчихсан. Түүнийг явсны дараа С.Б нь “бэр яагаад ахыгаа тоохгүй гараад явчихдаг юм” гэж хэлээд сууж байсан ба тухайн үед бид нар түүнийг эргээд ороод ирэх байх гэж хэлээд байж байтал удалгүй бэр нь буюу Д.Ц нь гаднаас гэрт орж ирсэн. Тэр үед С.Б нь Д.Цд хандаж “ахын дүү яагаад байгаа юм” гэж хэлээд уурлаж, Д.Цгийн нүүр, хацар хэсэгт гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэр үед Д.Цгийн хацар, амны хэсгээс цус гарсан бөгөөд тэнд байсан хүмүүс салгаж авч байх шиг байсан. Тухайн үед би архи уучихсан халамцуу байсан болохоор энд хэрүүл маргаан гарлаа гэж бодоод гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийг 21 дүгээр хуудас);
- Гэрч Ц.Нийн “...С.Ргийн гэр рүү буюу талийгаач найзынхаа аавыг эргэх гээд Улаангом сумын 6 дугаар багт байх тэдний гэрт очсон. Тэдний хашаанд Та буюу С.Бын гэр хамт байдаг бөгөөд С.Р ахын гэрт очиход гэртээ ганцаараа байсан. Бид нар тэднийд архи ууж байтал Р.Т, түүний эхнэр хүүхдүүд гаднаас орж ирж байсан. Тухайн үед би нэлээд согтсон байсан бөгөөд тэр хүмүүстэй хамт архи ууж байсан ба цааш нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийг 23 дугаар хуудас) зэргээр нотлогдож байна.
Дээрх мэдүүлэг нь нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлбэл: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх С.Ргийн гэрт шүүгдэгч С.Б, гэрч С.Р, Ц.О, Ц.Н нар нь нэг үл таних эрэгтэйн хамт архидан согтуурсан. Улмаар шүүгдэгч С.Б нь гэрч С.Ргийн гар утсаар хохирогч Д.Ц руу залгаж, мөнгө шилжүүлэн архи авч ирэхийг захисан байна. Уг захиалгаар хохирогч Д.Ц нь нөхөр Р.Т болон хоёр хүүхдийн хамт шүүгдэгчид архи, пиво зэргийг хүргэж өгчээ. Шүүгдэгч С.Б нь дахин архи авч ирэхийг хохирогч Д.Цд даалгахад хохирогч татгалзсан байх ба энэ асуудлаас үүдэж хохирогч шүүгдэгч нар маргалдах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хохирогч Д.Цгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 72 дугаартай “...Д.Цгийн биед дээд уруулын зүүн талын дотор салстад дээд уруулын гадна зүүн хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээд уруулын зүүн талын дотор салсад, дээд уруулын гадна зүүн хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндийн хөнгөн хохиролд хамаарч байна. Тодруулбал шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
2.3. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Д.Ц нь “...Манай хадам аавын гэрт хүн ирлээ гэхээр нь миний бие очиж үйлчилсэн. Ирсэн хоёр хүн манай найзууд байсан. Тэнд архи уугаад миний бие тасарчихсан. Хадам аавынд ирсэн хоёр хүн хоорондоо утас булаалдаад маргалдахад би тухайн хоёр хүнийг салгах гэхэд тэр хоёрыг хүргэж ирсэн Г.Мөнхбат бид гурвыг салгах явцад намайг түлхсэн байсан. Миний бие гоожуурын өнцөг мөргөж унаад уруулаа гэмтээчихсэн юм. Тухайн үед миний бие С.Б ахыг цохисон гэж бодоод дүүдээ хэлсэн. Манай дүү цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний бие найз нартайгаа уулзаад болсон зүйлийг найз нараасаа сонссон. Миний бие С.Б ахыг хэлмэгдүүлж, чирэгдэл учруулсандаа уучлалт гуйж байна. Цагдаагийн газарт миний бие гомдол гаргаагүй миний дүү тухайн болсон зүйлийг хараагүй мөртлөө гомдол гаргасан байсан. Иймд С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай хүсэлт гаргаж, мөн хууль сануулж баталгаа гаргасны дараа “2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хадам аавынхаа гэрт очоод тухайн хүмүүстэй хамт архи уусан. Архи ууж чаддаггүй болохоор 4-5 хундага архи уугаад тасарчихсан. Яг хэн цохисныг сайн мэдэхгүй. Тэр хүмүүсийн хэрүүл дундуур орж, түлхэлтэд нь орчихсон юм шиг байсан. Чи архи ууж чадахгүй байж яах гэж архи уусан юм бэ? гэж манай нөхөр загнасан. Тэгээд С.Б ах чамайг цохичихлоо гэж хэлсэн. Тэхээр нь би С.Б ах яагаад намайг цохиж байгаа юм бэ? гээд уурлаад өөрийн дүүдээ очоод хэлчихсэн. Манай дүү цагдаа дуудаад өргөдөл бичээд өгчихсөн. Би С.Б ахад гомдол гаргахгүй гэж бодож байсан. Манай дүү хүнээр цохиулж алуулах гэж байна гэж хэлээд гомдол гаргасан байсан. Тэр талаар нь би уурлаад өргөдөл бичээд өгчихсөн. Би энэ хүнийг гүтгэсэндээ маш их харамсаж байна. Би шүүх хуралд орж үзээгүй болохоор сандраад айгаад байна” гэх мэдүүлэг өгчээ.
Хохирогч Д.Ц нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хадам аавынхаа гэрт очоод тухайн хүмүүстэй хамт архи уусан. Тэгээд С.Б ах чамайг цохичихлоо гэж хэлсэн. Намайг түлхэж унагасан хүн нь Б.Мөнхбат гэж хүн байгаа. Сүүлд хүмүүсээс сонссон. Би энэ хүнийг гүтгэсэндээ маш их харамсаж байна. Миний бие С.Б ахыг хэлмэгдүүлж, чирэгдэл учруулсандаа уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг өгсөн байна.
Хохирогч Д.Цгийн хоёр удаагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд дээр (2.1-т) дурдсан түүний болон гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн газарт гаргасан гомдол зэргээр няцаан үгүйсгэгдэж байна. Иймд түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Нөгөөтэйгөөр шүүгдэгч С.Б нь хохирогч Д.Цгийн хадам аавын төрсөн дүү буюу тэдгээр нь садангийн холбоотой байх бөгөөд хохирогч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “2025 оны 01 дүгээр сарын 09-нд хадам аавын дүү болох С.Б нь намайг цохисон. Үүнд миний бие хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) гаргасан байдаг. Энэхүү үйл баримтаас дүгнэвэл хохирогч нь садангийн холбоотой учир шүүгдэгчийг уучилж, хэргийн бодит байдлыг гуйвуулах замаар шүүгдэгчид ял завшуулах зорилгоор шүүх хуралдаанд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хохирогч Д.Цгийн шүүх хуралдаанд хоёр удаа худал мэдүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг гэмт хэргийн мэдээллээр шалгуулахаар Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.
2.4. Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б “...Хамгийн гол нь дүүгээ би цохиогүй. Манай дүүгийн дүү гомдол гаргасан. Хүний өмнөөс хэрэг үүрсэндээ гомдолтой байна. Түлхэж унагасан хүн нь байгаа. Манай дүү согтуу байсан тул ойлгоогүй байсан. Би нөхөрт нь намайг цохисон гээд хэлчих тэгэхээр ямар гомдол гаргах вэ гэж хэлээд явуулсан. Хүний өмнөөс хэрэг үүрэх гэж байгаад энэ хэрэгт холбогдсондоо гомдолтой байна” гэж гэм буруугийн талаар маргажээ. Гэвч шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар нотлогдохгүй байна.
Мөн шүүгдэгч С.Б нь яллагдагчаар “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Асууж тодруулах зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэж (хавтаст хэргийг 44 дүгээр хуудас) мэдүүлсэн байх ба 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгчийн хамт “...С.Б нь үйлдсэн хэргийн талаараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, хохирогчийн зүгээс гаргуулах хохирол төлбөр байхгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй хүлээн авч хянаад “...Эрүүгийн хуульд шүүхээс хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон хүний эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмж нэгтгэхээр хуульчилсан байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 261 дугаартай захирамжаар шүүгдэгч С.Бын эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан байна.
Тодруулбал шүүгдэгч нь энэхүү хэрэгт гэм буруутайд тооцогдвол 3 жил 4 сар 15 хоногийн хорих ялаа биечлэн эдлэх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол дээрх хорих ялыг биечлэн эдлэх нөхцөл байдал бий болсон тул шүүх хуралдааны явцад хохирогчийг мэдүүлгээс нь буцаах, хэрэгт гэрчээр тогтоогоогүй этгээдийг оролцуулах хүсэлт гаргаж, гэм буруугийн талаар маргасан гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэх асуултад согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдүүлэх ба гэрч С.Ргийн “...манай гэрт манай төрсөн дүү С.Б, мөн С.Бтай хамт Нандиа гэх нэртэй эмэгтэй, бас Нандиагийн найз гэх эмэгтэй, бас нэг танихгүй эрэгтэй нийт дөрвөн хүн манай гэрт халамцуу орж ирцгээсэн. Би тэд нарт ууж байсан архинаасаа хийж өгөөд дуусгачхаад байж байтал гаднаас манай бага хүү Р.Т болон түүний эхнэр Д.Ц, тэдний хоёр хүүхэд болох Т.А /7 настай /, Т.Б нар орж ирсэн” гэх мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэв.
2.5. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх С.Ргийн гэрт шүүгдэгч С.Б нь хохирогч Д.Цг архи авч ирсэнгүй, хүндлэхгүй байна гэх шалтгаанаар маргалдах явцдаа хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохиж, хохирогч Д.Цгийн биед дээд уруулын зүүн талын дотор салстад дээд уруулын гадна зүүн хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Дээрх гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж маргалдах явцдаа хохирогчийн уруул хэсэгт нэг удаа цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч С.Бын үйлдлийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
3.2. Шүүгдэгч С.Бын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Шүүгдэгч С.Бын үйлдлийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 116’303 төгрөгийн зардал гарсан нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл гэх баримт (хавтаст хэргийг 59 дүгээр хуудас)-аар нотлогдож байна. Уг зардлыг шүүгдэгч С.Б 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийг 61 дүгээр хуудас) гэх баримтаар тогтоогджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эсэх нь хохирогчийн эрх бөгөөд хохирогч Д.Ц “...2025 оны 01 дүгээр сарын 09-нд хадам аавын дүү болох С.Б нь намайг цохисон. Үүнд миний бие хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. С.Б нь манай хадам аавын дүү бөгөөд надаас уучлалт гуйж бид эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийг 15 дугаар хуудас) тус тус гаргажээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахуун үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Увс аймгийн шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), мөн тус шүүхийн 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас), 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас), 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), тус шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас), тус шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 261 дугаартай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл шүүгдэгч С.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч С.Бын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Бын урьд эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 900’000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэнэ нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн санал болгосон 900’000 төгрөгөөр торгох саналыг дэмжиж байна. Мөн урьд эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацаа тогтоох саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулаагүй, мөн хувийн байдал зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч нь урьд дараа дараа бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосноор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ. Мөн тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг тус хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх журамтай.
Шүүгдэгч С.Б хяналтын хугацаа дуусаагүй байхад санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 261 дугаартай захирамжийг буюу хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн нийт 60 хоногийн хорих ялаар сольж, эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.
3.3. Шүүгдэгч С.Бын удаа дараа хорих ял эдэлж байсан гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 261 дугаартай захирамжийг буюу шүүгдэгч С.Бд хяналтын хугацаа тогтоосныг хүчингүй болгож;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Бд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн нийт 60 хоногийн хорих ялаар сольж, эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Цгийн шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа худал мэдүүлсэн үйлдлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн талаарх мэдээллээр шалгуулахаар шийтгэх тогтоол, тэмдэглэлийн хуулбарын хамт Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА