Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С,

улсын яллагчаар Ж.М,

шүүгдэгч Г.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Эт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явган зорчигч Ц.Д мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Э нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явган зорчигч Ц.Д мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол /хх-ийн 3 тал/,
  • Хохирогч Ц.Д бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,
  • Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/,
  • Хохирогч Ц.Д мэдүүлэг /хх-ийн 21-26 тал/,
  • Иргэний хариуцагч С.С мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
  • Гэрч Ө.Д мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  • Гэрч Г.Эийн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
  • Гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
  • Гэрч Г.Эийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
  • Гэрч Ө.Д мэдүүлэг /хх-ийн 43 тал/,
  • Гэрч М.Х мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
  • Гэрч Ц.Д мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
  • Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,
  • Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 тал/,
  • Шинжээчийн дүгнэлтийн маягт /хх-ийн 142-144 тал/,
  • Шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 161 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 175 тал/,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 64 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-177-178 тал/ 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Г.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Эийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

 мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Эийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнийг “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Эрүүгийн ..... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Эт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДЭЛГЭРМӨРӨН