| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2024/0006/э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, хохирогч И.Л (цахимаар), Я.Б (цахимаар), тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл, Т.Эрдэнэбат (цахимаар), хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц (цахимаар), шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2235001700246 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Чын Л (РД: ог86121003), 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл долоо, нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Ч.Л нь 2021 оны 10 дугаар сарын үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Ж.Цд Увс аймгаас тэмээ авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны худалдаа эрхэлж их хэмжээний ашиг олж байгаа гэх байдлаар Ж.Цыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Цаас 9 удаагийн гүйлгээгээр 24’756’000 төгрөг, мөн түүгээр дамжуулан хохирогч Я.Бгаас 37 удаагийн гүйлгээгээр 678’280’000 төгрөг, хохирогч И.Лгээс 19 удаагийн гүйлгээгээр 442’800’000 төгрөг, хохирогч Я.Дгаас 9 удаагийн гүйлгээгээр 38’850’000 төгрөг, хохирогч А.Хаас 2 удаагийн гүйлгээгээр 29’000’000 төгрөгийг өөрийн болон нөхрийнхөө арилжааны банкны харилцах дансаар дамжуулан авч залилж, хохирогч нарт нийт 1’213’686’000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогч Я.Б, И.Л нараас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албанд гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, тус өргөдлийг Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас), хэрэг бүртгэлтийн 223500170 дугаартай хэрэг нээх тухай мөрдөгчтийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хохирогч Я.Бгийн Хаан, Төрийн банк дахь дансны хуулгууд, түүний нөхөр Д.Хын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 36-81 дүгээр хуудас), хохирогч И.Л болон түүний эхнэр Я.Д нарын Хаан, Хас, Төрийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 82-145 дугаар хуудас), хохирогч Я.Дгийн Хаан, Хас, Төрийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 146-174 дүгээр хуудас), хохирогч А.Хын Төрийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 175-181 дүгээр хуудас), хохирогч Ж.Цын Хаан, Хас, Төрийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 182-250 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 1-144 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.Л болон түүний нөхөр Х.Б нарын Хаан, Хас, Төрийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (2 дахь хавтаст хэргийн 146-250 дугаар хуудас, 3 дахь хавтаст хэргийн 1-15 дугаар хуудас), Б.Хын Хаан, Төрийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 22-65 дугаар хуудас), Ж.Ц, Я.Б, И.Л, Ч.Л, Б.Х нарын банкны харилцах дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 70-96 дугаар хуудас), Г.Одсүрэнгийн Хаан банк дахь дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 154-158 дугаар хуудас), Я.Т, Ж.Ц нарын дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 160-229 дүгээр хуудас), И.Л, Я.Б, Ж.Ц, Ч.Л нарын хоорондоо бичиж байсан фейсбүүк чатын хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 230-250 дугаар хуудас, 4 дэх хавтаст хэргийн 1-72 дүгээр хуудас), хохирогч Я.Бгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 82-91 дүгээр хуудас), хохирогч И.Лгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 92-101 дүгээр хуудас), хохирогч Ж.Цын мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 102-106 дугаар хуудас), хохирогч Ж.Цын иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас), хохирогч Я.Дгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 110-118 дугаар хуудас), хохирогч А.Хын мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 119-124 дүгээр хуудас), гэрч Н.Нгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 158-161 дүгээр хуудас), гэрч Я.Тгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас), гэрч Х.Бгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 129 дүгээр хуудас), эрүүгийн 2235001700246 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, Ч.Лийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 208-218 дугаар хуудас), шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 189-199 дүгээр хуудас), эрүүгийн 2235001700246 дугаартай хэргийн хохирлын тооцоо (5 дахь хавтаст хэргийн 205 дугаар хуудас);
- Хохирогч Я.Б, И.Л нарын өмгөөлөгч Б.Батгэрэл: 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч Я.Бгийн орон сууц хөлслөх гэрээ (3 дахь хавтаст хэргийн 113 дугаар хуудас), хохирогч Я.Бгийн Увс аймагт ирэхэд буудалд байрласан тооцоо (3 дахь хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), хохирогч Б.Бгийн орон сууц хөлслөх гэрээ (5 дахь хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);
- Хохирогч Я.Б, И.Л нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат: Хохирогч Я.Бгийн Хаан болон Төрийн банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 36-81 дүгээр хуудас), хохирогч И.Л болон түүний эхнэр н.Д нарын Хаан, Хас болон төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 82-145 дугаар хуудас), шүүгдэгч Ч.Л болон түүний нөхөр н.Б нарын Хаан, Хас болон Төрийн банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 146-250 дугаар хуудас), хохирогч Я.Бгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 82-94 дүгээр хуудаст), хохирогч И.Лгийн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 92-101 дүгээр хуудас), шинжээчийн 70 дугаартай дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 189-199-р хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Хохирогч Я.Б, И.Л нараас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албанд гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, тус өргөдлийг Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас);
- Хэрэг бүртгэлтийн 223500170 дугаартай хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Хаан, Төрийн банк дахь хохирогч Я.Бгийн харилцах дансны хуулгууд, мөн түүний нөхөр Д.Хын Хаан банк дахь дансны хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 36-81 дүгээр хуудас);
- Хаан, Хас, Төрийн банк дахь хохирогч И.Л болон түүний эхнэр Я.Д нарын дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 82-145 дугаар хуудас);
- Хаан, Хас, Төрийн банк дахь хохирогч Я.Дгийн дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 146-174 дүгээр хуудас);
- Төрийн банк дахь хохирогч А.Хын дансний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 175-181 дүгээр хуудас);
- Хаан, Хас, Төрийн банк дахь хохирогч Ж.Цын дансны дэлгэрэнгүй хуулга тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 182-250 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 1-144 дүгээр хуудас);
- Хаан, Хас, Төрийн банк дахь шүүгдэгч Ч.Л болон түүний нөхөр Х.Б нарын дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (2 дахь хавтаст хэргийн 146-250 дугаар хуудас, 3 дахь хавтаст хэргийн 01-15 дүгээр хуудас);
- Хаан, Төрийн банк дахь Б.Хын дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 22-65 дугаар хуудас);
- 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ж.Ц, Я.Б, И.Л, Ч.Л, Б.Х нарын дансны хуулгад үзлэг мөрдөгчийн хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 70-96 дугаар хуудас);
- Хаан банк дахь Г.Одсүрэнгийн дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 154-158 дугаар хуудас);
- Я.Т, Ж.Ц нарын дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 160-229 дүгээр хуудас);
- И.Л, Я.Б, Ж.Ц, Ч.Л нарын хоорондоо бичиж байсан фейсбүүк чатын хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 230-250 дугаар хуудас, 4 дэх хавтаст хэргийн 01-72 дугаар хуудас);
- Хохирогч Я.Бгийн “...Би 2021 оны 09 дүгээр сард төрсөн ахын охин Ж.Цаар дамжуулж Увс аймгийн Завхан сумын харъяат Ч.Л гэх эмэгтэйтэй танилцсан. Ж.Ц нь Ч.Лт мөнгө өгч Увс аймагт тэмээний наймаа хийж байгаа ашигтай байгаа талаар ярьсан. Тухайн үед Ж.Ц нь Ч.Лээс түүн рүү шилжүүлсэн мөнгөний дансны мэдээллийг үзүүлж байсан. Тэр үед би байраа зарчихсан хөлсний байранд амьдарч байсан тул мөнгөтэй байсан. Тэгээд дүү Ж.Цд итгэж 2021 оны 10 дугаар сард 1’791’900 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө шилжүүлдэг болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сард Ч.Лтэй Улаанбаатар хотод ирсэн байхад нь биеэр уулзсан. Тэгэхэд Завхан сумын иргэдээс тэмээ худалдан авч Казакстан улс руу гаргадаг, Баян-Өлгий, Завхан аймгийн цэргийн ангиудад мах нийлүүлдэг гэж хэлж байсан. Энэ хугацаанд дүү Ж.Ц нь биднээс өөрийн дансаар мөнгө авч цааш нь Ч.Л рүү шилжүүлж байгаа талаар ярьдаг байсан. Эхэндээ манай шилжүүлсэн мөнгийг ашигтай нь буцаагаад шилжүүлдэг байсан тул бүрэн итгэсэн байсан. Ж.Ц утасдаад “түдэн тэмээ тийм газраас авахаар болсон байна, мөнгө шилжүүл гэж байна” гэхэд нь бид Ч.Л болон Ж.Цын данс руу шилжүүлдэг байсан. Ихэвчлэн Ж.Цын дансаар шилжүүлж байсан. Гэтэл 2022 оны 01, 02 дугаар сараас шилжүүлсэн мөнгийг гүйцэд буцааж өгөхгүй тэмээ авчихсан, Казакстанд үймээн гарсан тул махаа нийлүүлж чадахгүй байна. Хүүхэд ковид авсан сахиж байгаа, сэхээнд байгаа гэх зэргээр авсан мөнгө буцааж шилжүүлэхгүй байсан. 03 дугаар сараас хүүхэд гайгүй болсон, Казакстанаас хүмүүс ирж байгаа Баян-Өлгийн хүмүүсээр дамжуулж наймаагаа сэргээнэ гэж хэлээд 03, 04 дүгээр сард дахин мөнгө аваад буцааж өгөөгүй. Би одоо Ж.Лээс 103’154’900 төгрөгийн үндсэн мөнгө авах ёстой. Үүнд ашиг ороогүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 82-85 дугаар хуудас);
- Хохирогч Я.Бгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн “...Би цувуулж мөнгө өгсөөр байгаад 436’700’000 төгрөг өгсөн байсан. Ч.Л гэх хүн надаас тэмээний мөнгө гэж 265’750’000 төгрөг авсан бөгөөд Ч.Л, Ж.Ц нар нийт 702’484’000 төгрөг авсан. Авсан мөнгөнөөс Ж.Ц над руу ашиг гэж мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд ашиг гэж нийт 23’900’000 төгрөг над руу шилжүүлсэн байсан. Над руу шилжүүлсэн мөнгийг би буцаагаад тэмээний мөнгө гээд шилжүүлж байсан. Нийт шилжүүлсэн мөнгөнөөс 531’430’000 төгрөгийг Ж.Ц над руу шилжүүлсэн. Үлдэгдэл 171’054’000 төгрөгөөс Ч.Л түүний эгч Ч.Гэрэлмаагаас 33’000’000 төгрөг авсан юм. Одоо би Ч.Л, Ж.Ц нараас 135’054’000 төгрөг авах үлдэгдэлтэй байгаа” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 87 дугаар хуудас);
- Хохирогч Я.Бгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн болон нөхөр Д.Хын 340111123953, 240000253852, 5006501754, 5166192323, 5082055254 тоот данснаас Ж.Ц, Ч.Л нарын данс руу 2022 оны 05 дугаар сарын 10-ны үе хүртэл нийт 37 удаагийн гүйлгээгээр 678’280’000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ нь миний дансны хуулгад үзлэг хийхэд хамтран оролцсон учраас мөнгөн дүн яг таарч байгаа. Мөн турхайн хугацаанд миний данс руу Ж.Ц, Ч.Л нараас 599’010’000 төгрөг буцаж оруулсан байсан. Мөн ашиг гэж Ж.Цаас 23’900’000 төгрөг өгсөн байгаа боловч би тухайн ашиг гэж оруулсан мөнгийг буцаан Ж.Ц, Ч.Л нар руу шилжүүлсэн тул өөртөө ашиглаж ашиг хонжоо олсон зүйл байхгүй. Мөн би урьд өмнө мэдүүлэг өгснөөс хойш миний хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар миний авах мөнгөний үлдэгдэл 79’270’000 төгрөг байгаа учраас надаад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 89 дүгээр хуудас);
- Хохирогч Я.Б шүүх хуралдаанд “Ч.Лтэй 2021 оны 10 дугаар сараас эхэлж тэмээний наймаа хийдэг гэж төрсөн ахын охин Ж.Цаар дамжуулж танилцсан. 2021 оны 10 дугаар сараас 2022 оны хооронд эхний 1, 2 сарын мөнгийг нь буцаагаад өгөөд байсан. 12 сарын сүүлээр миний мөнгийг аваад ахиулаад 1 ахиу наймаа хийх юм байна. Мах цаашаа Казакстан руу гаргах юм бол ашиг ихтэй юм байна гэж хэлээд 12 сарын 30-аас хойш бүх мөнгө авчхаад таг болсон. Тухайн үед корона гараад нааш цаашаа ер нь явах хэцүү болоод байсан. Тэгээд л яасан юм гэхээр Казакстан махаа гаргаад энэ тэмээгээ авчихсан байж байна гэж зөндөө худлаа хэлсээр байгаад миний мөнгийг 5 сар хүртэл буцааж өгөөгүй. 2 өрөө байраа зараад томруулъя гээд мөнгө нэмэх боломж мөнгө цаас байхгүй байсан болохоор нөхөр урагшаа таван толгойд жолоочоор ажиллаж байгаад 3 өрөө байр болгочхоод ирье гээд орчихсон байдаг юм. 4-5 жил түрээсийн байраар явж байгаа. Энэ хүний цувуулж өгч байгаа мөнгө надад үнэхээр юу ч болохгүй байна. Түрээсийн байрны үнэ өсчихсөн, байрныхаа мөнгө дансыг өгнө тэгээд хойшлуулж өгөөч гээд шүүх хурал болохоор яаж ийж байгаад ямар нэгэн шалтаг хэлсээр байгаад бүтэн жил хойшлуулсаар байгаад л тэр хооронд би чинь 10’000’000 төгрөг алдчихсан.
...60’550’000 төгрөг авсан. Одоо 76’450’000 төгрөг авах ёстой гэж бодож байна. Хохирлоо төлөхгүй бол хуулийнхаа дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм тэрийг авч өгнө үү гэж хүсэж байна. Би хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг;
- Хохирогч И.Лгийн “...Би Ж.Ц гэх хүнтэй хамаатан бөгөөд эхнэрийн ахын охин байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын эхээр Ж.Ц нь Увс аймгийн Завхан сумын харьяат Ч.Л гэх хүнтэй танилцсан. Тэр хүн нь тэмээний наймаа хийдэг, би мөнгө шилжүүлээд ашиг гэж мөнгө авдаг гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн “Хово” гэх хүнд даацын машиныг зарсан, мөнгөтэй байсан тул Ж.Цд мөнгө өгч уг хүнээр наймаа хийлгэхээр болсон. 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл 5-40 сая хүртэл төгрөг шилжүүлж ашигтай нь буцаж авдаг байсан. 1 сая төгрөгөөс 115’000 төгрөгийн ашиг авдаг байсан. Бидний хоорондох тооцоо 2022 оны 03 дугаар сар хүртэл хэвийн ямар нэгэн тооцоо өгөө аваагүй болсон байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 28-нд 35 сая, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 50 сая төгрөгийг Ж.Цын данс руу шилжүүлсэн боловч уг мөнгийг буцааж өгөхгүй удсан. Тиймээс Завхан суманд очиж уулзаад 18 сая төгрөг буцааж авсан. Одоо үлдэгдэл 67 сая төгрөг авч чадаагүй байгаа. Ч.Лтэй урьд нь уулзаж байгаагүй. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан суманд очиж биеэр уулзсан. Гэрээ байгуулж байгаагүй. Ж.Ц нь би холбож өгч байна гэж хэлдэг байсан. Би Ч.Лийг судалж үзэх гэхэд эхнэр маань дургүйцээд байдаг байсан. Бид Ж.Цд итгэсэн, нэг удаа би Ж.Цаас их хэмжээний мөнгийг танихгүй хүнд бичиг цаасгүй өгөөд байж болох юм уу гэхэд Ж.Ц нь надад би байхад баталгаатай, мөнгөө алдана гэж байхгүй гэж хэлсэн. Би 85 сая төгрөг өгч залилуулсан, мөнгө өгөхгүй байсан тул Увс аймагт очиж уулзаад 18.5 сая төгрөг авсан одоо 67 сая төгрөг авах ёстой” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас);
- Хохирогч И.Лгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн “...Ж.Ц гэх хүн надаас тэмээ авгна гэж хэлээд мөнгө авсан. Би цувуулж өгсөөр байгаад 351’000’000 төгрөг өгсөн байсан. Надаас мөнгө авч байгаад 2022 оны 03 дугаар сард бид нарын хоорондын тооцоо дууссан. Сүүлд 85’000’000 төгрөг дахин Ч.Л, Ж.Ц нар надаас авсан. Надаас сүүлд өгсөн мөнгөнөөс ашиг гэж мөнгө шижлүүлээгүй. Харин Ч.Л, Ж.Ц нараас над руу 19’010’000 төгрөг орж ирсэн. Одоо 65’990’000 төгрөгийг Ж.Ц, Ч.Л нараас авна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 97 дугаар хуудас);
- Хохирогч И.Лгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн “...Би Ж.Цаар дамжуулан Ч.Л гэх хүнтэй тэмээний наймаа хийх нэрийдлээр харилцсан боловч турайн хүн огт тэмээний наймаа хийж байгаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл наймаа хийсэн бүх тооцоо дууссан боловч 2022 оны 04 дүгээр сарын 28-нд 35’000’000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-нд 50’000’000 төгрөг буюу нийт 85’000’000 төгрөгийг Ж.Цаар дамжуулан Ч.Лт өгсөн боловч буцаан авч чадааггүй. Цагдаагийн байгууллагад хандан гэж ярьснаас хойш 24 сая орчим төгрөг буцаан өгснөөс 5 сая төгрөг Я.Дгийн мөнгө байсан тул 19 сая төгрөгийг буцаан өгсөн гэж тооцож байгаа. Одоо надад учирсан 65 сая төгрөгийг яаралтай барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 99 дүгээр хуудас);
- Хохирогч Ж.Цын “...Би өнгөрсөн жил цахимаар бараа зардаг байсан бөгөөд 2021 оны 07 дугаар сард Увс аймгийн Завхан сумын харьяат Ч.Л гэх эмэгтэй надаар бараа захиалж авахуулж байсан. Тухайн үед дотуур хувцас зэрэг 400’000 төгрөгийн бараа аваад түүнээс хойш холбогдоод ойр зуурын зүйлс авдаг, таньдаг болсон. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ч.Лээс барааны мөнгө орж ирэх гэж байтал өөр Чимгээ гэх хүний данснаас 13.8 сая төгрөг миний дансанд орж ирсэн. Тухайн үед Ч.Л нь нөхөр маань андуураад их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна, барааны мөнгө болох 500’000 төгрөгөө аваад үлдэгдлийг нь над руу шилжүүлчих, нөхөр маань өглөө эрт тэмээнд явах гэж байгаа хэмээн хэлсэн тул би тэр мөнгийг Ч.Лийн 5804034521 Хаан банкны данс руу шилжүүлсэн. Түүний маргааш нь Ч.Л нь надад хүнээс зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаа юм. Чиний дансыг өгчихье өөрт чинь өглөгтэй гээд хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэр өдөртөө Шүрхүү гэх хүний данснаас 14 сая, Х гэх хүнээс 15.9 сая төгрөг миний 5336006890 Хаан банкны дансанд орж ирсэн. Энэ мөнгийг Ч.Лтэй ярилцаад түүний данс руу шилжүүлсэн. Өдрийн дээд лимит 20 сая төгрөг тул 2 хувааж шилжүүлсэн. Түүнээс хойш удалгүй Эрээний хил хаагдаад бараа таваар саатаад удаашралтай болж Ч.Лийн захиалсан ойр зуурын бараа саатаж хоорондоо ярьдаг болсон. Тэр үед Ч.Л нь миний нөхөр лам бөгөөд сумандаа нэртэй тул тэмээ авч Баян-Өлгий аймгийн казакуудад зардаг ашигтай гэж хэлсэн. Ч.Л нь намайг хэдэн төгрөг байвал хийгээд үзээч дажгүй ашигтай байдаг юм гэж хэлсэн, би бодож байгаад 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4 сая төгрөгийг Ч.Лийн Хаан банкны 5804034521 данс руу хийсэн. Уг мөнгөөр тэмээ авч заруулах ашиг хүртэх хүсэлтэй байсан. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ашиг гэж хэлээд 620’000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гүйлгээний утга дээр утасны дугаараа буюу 88459596 дугаарыг бичсэн байсан. Түүнээс хойш би гэр бүлийн хамаатны хүмүүстэй энэ талаар хэлсэн. Тэгэхэд Я.Б гэх аавын дүү эмэгтэй би хэдэн төгрөг хийж үзье, хэр найдвартай вэ гэж асуусан. Би урьд нь онлайнаар бараа авдаг байсан олон хүүхэдтэй хөдөө байдаг хүн гэдгийн нь хэлсэн... 60 сая төгрөгийг эгч нь, 2 сая төгрөгийг Ч.Л өөрөө төлсөн. Ч.Лээс мөнгө яасан бэ гэхэд мэдэхгүй гэж хэлээд байдаг. Хэдэн хүний хооронд ашиг гэж өгч байтал дууссан гэж хэлдэг юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 102-106 дугаар хуудас);
- Хохирогч Ж.Цын иргэний хариуцагчаар өгсөн “...Би Ч.Лт бүтэн жил хууртагдаж, өөрийн болон ах дүү нарынхаа мөнгийг залилуулсан. ...Миний хувьд өөрөө бодож үзэхэд Ч.Лээс ирсэн мөнгөнөөс 15’000’000 төгрөг доторх хохирлыг барагдуулна. Түүнээс дээш гарсан хохирлыг барагдуулж чадахгүй. Ч.Л гэх хүнээс болж би өөрийн нэр хүнд, эдийн засаг, ах дүүгийн тогтвортой харилцаа, гэр бүлээрээ маш их хохирч байгаа тул гомдолтой байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас);
- Хохирогч Я.Дгийн “...2021 оны 10 дугаар сарын сүүл үеэр манай төрсөн ах Жамсрангийн охин Ц над руу утсаар залгаад “манай танил найз Ч.Л гэх эмэгтэй махны ченж хийдэг, авсан махаа Казакстан улс руу экспортонд гаргадаг, орон нутагт цэргийн ангиудад нийлүүлдэг юм байна, мах их хэмжээгээр авахын тулд их хэмжээний мөнгө хэрэг болоод байгаа юм байна, би Я.Б, И.Л хоёрт хэлчихсэн байгаа та боломжоороо мөнгө өгөх үү, нэг сая төгрөгт 100-200 төгрөгийг 7-14 хоногийн хооронд ашиг болгож өгнө” гэж хэлэхээр нь би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Цын Хаан банкны 5336006890 дугаарын данс руу 950 мянган төгрөг хийсэн, үүний дараа мөн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн эгч Дын данснаас 2 сая төгрөг хийсэн чинь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Цын данснаас 950 мянга, 200 мянган төгрөг тус тусдаа орж ирсэн. Энэ мөнгө миний анх өгсөн болон ашиг гэж өгсөн миний Төрийн банкны 240000434344 тоот данс руу орж ирсэн. Даас авч миний шилжүүлсэн 2 сая төгрөгийг шилжүүлсэн гэж хэлэхээр нь би эгчээс асуусан чинь мөнгө орсон хадгаламж барьцаалсан зээлээ хаачихлаа гэж ярьсан.
...Мөн нэмж хэлэхэд найз С.Ааас 5 сая төгрөг аваад төрсөн эгч Я.Бгийн Хаан банкны данс руу 2022 оны 04 дүгээр 30-ны өдөр шилжүүлэг хийлгүүлсэн. Тухайн мөнгийг Я.Б эгч өөрийнхөө данснаас Ж.Цын данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Миний зээлсэн мөнгө болон найзаас авсан мөнгийг Ж.Ц удаагаад өгөхгүй болохоор нь асуусан чинь Ж.Ц “найз Ч.Лээс асуулаа мах авсан казакууд нь мөнгөө өгөхгүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзаасаа авсан 5 сая төгрөгийг хүргэн ах И.Лгээс 5 сая төгрөгийг аваад өгчихсөн юм. Үүний дараа би зээлсэн мөнгөө авах гэж удаа дараа холбогдсон боловч санхүүчилт орж ирээгүй, мах авсан хүмүүс мөнгөө өгөхгүй байна гэх зэрэг шалтгааныг Л хэлж байна гэж Ц хэлдэг байсан. Гэхдээ би Ч.Лтэй холбоо барьж үзээгүй холбоо барихыг оролдож үзээгүй Ж.Цаас л мэдээлэл авдаг байсан.
2022 оны 06 дугаар сард Ч.Лийн эгч н.Гэрэлмаа гэх хүнээс Цын дансанд 57 сая төгрөг орж ирсэн уг мөнгө нь Я.Б, И.Л нарын Ж.Ц руу шилжүүлсэн мөнгө гэж байсан. Урьд өмнө Я.Б, И.Л нар надтай адилхан Ж.Цаар дамжуулаад Ч.Л рүү мах авах мөнгө гэж шилжүүлж байгаад мөнгөө авч чадаагүй байсан юм байна лээ. Тухайн 57 сая төгрөгөөс И.Л ахаас авч найздаа өгсөн 5 сая төгрөгийг Ж.Ц, Ч.Л нараас авсанд тооцсон юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 110-118 дугаар хуудас);
- Хохирогч А.Хын “...2022 оны цагаан сарын өмнө миний нөхөр Я.Мятав нь “Ж.Ц нь Баян-Өлгий аймаг руу тэмээ, тэмээний махыг хүмүүстэй нийлж гаргадаг юм байна, 1 сая төгрөгийн мах гаргахад 150’000 төгрөгийн ашиг олдог юм гэсэн” гэж ярьсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манайх бас мөнгө нийлүүлж ашиг авахаар ярилцаж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16’000’000 төгрөгийг Я-гийн Бгийн Хаан банкны 5006501754 дугаартай дансанд шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Цын Хаан банкны 5336006890 дугаартай данснаас 18’000’000 төгрөг орж ирж манайх 2 сая төгрөгний ашигтай болсон. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Цын Төрийн банкны дансанд 13’000’000 төгрөгийг шилжүүлсэн. Я.Б нь Хаан банкны 5006501754 данснаас миний нөхөр Я.М-ын 5319012556 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6 сая төгрөг шилжүүлсэн үүний 1 сая нь манайд хувиараа зээлсэн мөнгө, харин 5 сая төгрөг нь 13’000’000 төгрөгөөс буцааж өгсөн мөнгө байгаа юм. Ингээд тооцохоор 13 сая төгрөгийн 5 сая нь буцаж орж, 8 сая төгрөг үлдсэн, өмнө ашиг гэж авсан 2 сая төгрөгийг хасч тооцоод 6 сая төгрөгийн авлагатай гэж үзэж байгаа юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас);
- Гэрч Л.Тгийн “...Би 2022 оны 02 дугаар сараас эхлэн миний дүү Л.Баярхүү нь танилцуулсны дагуу мотоциклын наймаа эрхэлж эхэлсэн. Л.Баярхүү нь надад тухайн хүнтэй хамтарч ажилбал нэг мотоциклоос 150’000 төгрөг авна гэж ярьж байсан. Ч.Л нь Улаанбаатар хотод байгаа “DAYUN” гэдэг кампанитай гэрээт гэдэг байсан. Би анх өөрийн дүү Баярхүүтэй хамтарч 2022 оны 02 дугаар сард 23’700’000 төгрөгийг Ч.Л болон Ж.Ц гэх хүний данс руу хийсэн. Гүйлгээний утга дээр оруулах кодыг Ч.Л өгсөн, 119768 88459596 гэж бичээд хий гэсэн бөгөөд гэрээний код гэж ярьж байсан. Би өөрийн машинд 10 ширхэг мотоцикл ачиж ирээд өөрөө зарж борлуулсан. Дахин мотоцикл худалдаж авахаар 2022 оны 03 дугаар сарын 01-нд 5’000’000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 10-нд 10’000’000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 24-нд 19 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 28-нд 20’000’000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 31-нд 3’700’000 төгрөг шилжүүлсэн. Би яг өөрийн Хаан банкны 5027338840, 5822433229 дугаартай данснаас 107 сая орчим төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сард Ч.Лтэй уулзаж байхдаа 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед бас Б.Ц гэх хүнээс мөнгө зээлж аваад хүртэл өгдөг байсан. Би яг өөрийн биеэр 15 ширхэг мотоцикл Увс аймагт авч ирсэн. Ч Л нь надад хэлэхдээ Ховд, Завхан аймгуудад зарах гэж байгаа талаар хэлээд мөнгө авдаг байсан. Би Ч.Л нь өөр ямар хүнтэй хамтарч ажиллаж байсныг нь хэлж мэдэхгүй байна. Би өөрөө анх ачиж авч ирээд 10 мотоциклыг зарж борлуулаад 25 сая төгрөг болоод өөрөө авсан. Мөн бэлнээр 120 сая орчим төгрөг буцааж дансаар авсан. Улаанбаатар хотоос 5 ширхэг мотоцикл ирээд би хүлээж аваад хоёрыг зарж байтал хотоос үл таних хүн яриад 5 ширхэг мотоциклын мөнгө хийнэ гэж хэлээд хийгээгүй байна гэхээр нь би 3 ширхэг мотоциклыг буцааж ачуулсан, зарсан байсан хоёр мотоциклын мөнгийг явуулсан. Би тухайн хүнийг ямар дугаартай хэн гэдэг хүн байсныг хэлж мэдэхгүй байна. Би тэмээний наймаа хийж байсан талаар огт мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 177 дугаар хуудас);
- Гэрч Х.Бгийн “...Миний эхнэр Ч.Л Завхан суманд ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд давхар 2021 оны 09 дүгээр сараас эхлэн Завхан сум болон бусад сумдад “Малчин” ХХК-аас мотоцикл бөөндөж ирээд зарж борлуулах бизнес эрхэлдэг гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сард миний данс руу 70 сая төгрөг орж ирэхэд асуухад мотоциклийн мөнгө гэж хэлээд 2-3 хоногийн дараа өөр хүн рүү шилжүүлсэн. ...миний эхнэр Ч.Л тэмээ худалдаж аваагүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 129 дүгээр хуудас);
- Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай “...Тооцоололыг хийж хавралтаар хүргүүллээ. 1. Хохирогч А.Х нь хоёр удаагийн давтамжтайгаар 29’000’000 төгрөг зарлага гаргасан, орлого 24’000’000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө нь 16’000’000 төгрөг байна. Я.Д нь 9 удаагийн давтамжтайгаар 38’850’000 төгрөгийн зарлага гаргасан, орлого 37’200’000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө 10’000’000 төгрөг байна. Хохирогч И.Л нь олон удаагийн давтамжтайгаар 440’800’000 төгрөгийн зарлага гаргасан, орлого 381’660’000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө нь 120’000’000 төгрөг байна. Хохирогч Я.Б нь олон удаагийн давтамжтайгаар 692’880’000 төгрөг зарлага гаргасан, орлого 603’995’000 төгрөг байна. Өөрийн үндсэн мөнгө 110-120 орчим сая төгрөг байна.
2. Хохирогч А.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 13’000’000 төгрөгийн зарлага гаргаснаас хойш алдагдалд орсон байна. Хохирогч Я.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш алдагдалд орж эхэлсэн. Хохирогч И.Л нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 05 дугаар сарын 03-ны өдөр нийт 85’000’000 төгрөг шилжүүлснээс хойш алдагдалд орсон байна. Хохирогч Я. Б нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш алдагдалд орж эхэлсэн байна.
Хохирогч нар 2022 оны 03 дугаар сараас хойш нийт 154’975’000 төгрөгийн алдагдалд орсон байна.
3. Хохирогч А.Хд 5’000’000 төгрөг, хохирогч Я.Дд 1’650’000 төгрөг, хохирогч И.Лд 59’140’000 төгрөг, хохирогч Я.Бд 71’906’000 төгрөгийг Ч.Л нь төлөх, хохирогч И.Лд 2’000’000 төгрөг, хохирогч Я.Бд 17’279’000 төгрөг Ж.Ц төлөх
4. Иргэний хариуцагч Ж.Ц нь өөрийн мөнгөнөөс давтамжтайгаар 16’256’000 зарлага гаргасан боловч орлого нь илүү давсан тул хохирсон гэж үзэх боломжгүй байна. Харин Ж.Ц нь Я.Бгаас шилжиж ирсэн мөнгөнөөс 17’279’000 төгрөгийг өөрөө зарцуулсан, мөн Ч.Лхагвацэцгээс орж ирсэн мөнгөнөөс 28’548’200 төгрөгийг өөрийн мөнгөний 16’256’000 зарлагыг хасаад 12’292’200 төгрөгийг ашигласан байна.
5. Хохирогч нараас Ж.Ц руу шилжүүлсэн мөнгийг Ч.Л рүү шилжүүлсэн боловч буцаж Ч.Лээс Ж.Ц болон хохирогч нар руу орсон баримт байхгүй тул Ч.Лийн төлөх мөнгөн дүн өндөр гарч байна” гэх дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 189-199 дүгээр хуудас);
- Эрүүгийн 2235001700246 дугаартай хэргийн хохирлын тооцоо (5 дахь хавтаст хэргийн 205 дугаар хуудас) зэрэг болно.
2.2. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Л нь 2021 оны 10 дугаар сарын үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Ж.Цд Увс аймгаас тэмээ авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны худалдаа эрхэлж их хэмжээний ашиг олж байгаа гэх байдлаар Ж.Цыг хуурч, түүнээс 9 удаагийн гүйлгээгээр 24’756’000 төгрөг, мөн Ж.Цаар дамжуулан дээрх аргаар хохирогч Я.Бгаас 37 удаагийн гүйлгээгээр 678’280’000 төгрөг, хохирогч И.Лгээс 19 удаагийн гүйлгээгээр 442’800’000 төгрөг, хохирогч Я.Дгаас 9 удаагийн гүйлгээгээр 38’850’000 төгрөг, хохирогч А.Хаас 2 удаагийн гүйлгээгээр 29’000’000 төгрөг, нийт 1’213’686’000 төгрөгийг өөрийн болон нөхрийнхөө арилжааны банкны харилцах дансаар дамжуулан авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Л нь 2021 оны 10 дугаар сарын үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд “Увс аймгаас тэмээ авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны худалдаа эрхэлж их хэмжээний ашиг олж байгаа” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг хуурч нийт 1’213’686’000 төгрөг авсан нь дээр дурдсан залилах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэмт хэргийн улмаас тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирвал их хэмжээний хохирол гэнэ. Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1’213’686’000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна. Тодруулбал залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангажээ.
3.2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ч.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхдээ адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Энэхүү гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Ч.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Бд 137’000’000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө 64’750’000 төгрөг төлсөн, 72’250’000 төгрөгийг төлөөгүй байна. Шүүгдэгч Ч.Л болон хохирогч Я.Б нар хоорондоо мөнгөн шилжүүлэг хийхдээ хохирогч/ иргэний хариуцагч Ж.Цаар дамжуулж байсан байх бөгөөд Ж.Ц нь Я.Бгаас шилжиж ирсэн мөнгөнөөс 17’279’000 төгрөгийг өөртөө зарцуулсан нь тэдгээрийн харилцах дансны хуулгаар нотлогдож байна. Иймд иргэний хариуцагч/ хохирогч Ж.Цаас 17’279’000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Лээс 54’971’000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Я.Бд олгох үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч И.Лд 85’000’000 төгрөгийн хохирол учирсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч хохирогч И.Лд 40’849’000 төгрөг төлсөн, 44’151’000 төгрөгийг төлөөгүй. Шүүгдэгч Ч.Л болон хохирогч И.Л нар хоорондоо мөнгөн шилжүүлэг хийхдээ хохирогч/ иргэний хариуцагч Ж.Цаар дамжуулж байсан бөгөөд Ж.Ц нь И.Лгээс шилжиж ирсэн мөнгөнөөс 2’000’000 төгрөгийг өөртөө зарцуулсан нь тэдгээрийн харилцах дансны хуулгаар нотлогдож байна. Иймд иргэний хариуцагч/ хохирогч Ж.Цаас 2’000’000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Лээс 42’151’000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч И.Лд олгох үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Ч.Л нь хохирогч Я.Дгаас 9 удаагийн гүйлгээгээр 38’850’000 төгрөг, хохирогч А.Хаас 2 удаагийн гүйлгээгээр 29’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд тэдгээрийн дансны хуулгаар шүүгдэгч Ч.Л нь хохирогч А.Хд 4’000’000 төгрөгийг, хохирогч Я.Дд 1’650’000 төгрөгийг төлөх ёстой болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Л нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч Я.Бд 54’971’000 төгрөгийг, хохирогч И.Лд 42’151’000 төгрөгийг, хохирогч А.Хд 4’000’000 төгрөгийг, хохирогч Я.Дд 1’650’000 төгрөгийг тус тус төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар нотлогджээ.
Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Ж.Цаас 17’279’000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Бд, 2’000’000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Лд тус тус олгохоор шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ч.Л нь хувийн байдлын хувьд 1986 онд төрсөн, 38 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг, түүний бага насны хүүхэд болох Б.Дүүрэнбилэг нь хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг, Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суудаг, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэлгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) гэх нөхцөл байдал 4 дэх хавтаст хэргийн 225-230, 232-236, 242, 244-250 дугаар хуудаст бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгааг шүүгдэгчид ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нотлох баримтаар, гэрч, түүний нөхөр Х.Бн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээро хуудас)-ийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар тус тус үнэлэв.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагч “...шүүгдэгч Ч.Лийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа харгалзан үзэж шүүгдэгч Ч.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лт оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал;
- Хохирогч Я.Б, И.Л нарын өмгөөлөгч Б.Батгэрэл “...Шүүгдэгч Ч.Лийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан. Шүүхээс гэм буруутайд тооцсон учраас тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй” гэх агуулгатай санал;
- Хохирогч Я.Б, И.Л нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат “...Эхнээсээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол бүрэн нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Ялын зорилго тодорхой хэмжээнд хангагдсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас шүүхээс ялын төрөл хэмжээ дээр харгалзаж үзнэ үү гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дурдаж байна” гэх агуулгатай санал;
- Хохирогч Я.Б “Хохирлоо бүрэн төлүүлээд авсан надад гомдол санал байхгүй. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу” гэх агуулгатай санал;
- Хохирогч И.Л “Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Гомдол, санал байхгүй” гэх агуулгатай санал;
- Иргэний хариуцагч, хохирогч Ж.Ц “...Би буруу хүнтэй нөхөрлөсөн байна. Буруу хүнээс болж та нарыгаа 3 жил хохирлоо. Би үнэхээр хохироод үлдэж байна. Адилхан эмэгтэй хүн болохоор шоронд явуулах бодол алга. Өөр хэлэх юм байхгүй” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав “...шүүх хурлын бүрэлдэхүүн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаж торгох ялыг оногдуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч Ч.Лийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн төрлийн ял болох торгох ял оногдуулах нь зүйтэй.
Ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Лт 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/289 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ч.Лт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 17 хоног цагдан хоригджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасахаар журамласан.
Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 17 хоног цагдан хоригдсон хугацааг торгох ялын 255 нэгжтэй дүйцүүлэн сольж, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж шүүгдэгчийн биечлэн эдлэх торгох ялыг 9’745 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9’745’000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилжээ.
Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, богино хугацаанд хохирогч нарт учирсан, их хэмжээний хохирлыг төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Лт оногдуулсан торгох ялыг 13 сарын хугацаанд сар бүр 749’615.4 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах тул шүүгдэгч Ч.Лийг даруй суллаж, түүнд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Чын Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Лийг 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Лийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 255 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 255’000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасаж, нийт эдлэх торгох ялыг 9’745 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9’745’000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Лт оногдуулсан торгох ялыг 13 сарын хугацаанд сар бүр 749’615.4 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Ж.Цаас 17’279’000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Бд, 2’000’000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Лд тус тус олгосугай.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА