| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/02890/И |
| Дугаар | 101/ШШ2022/03597 |
| Огноо | 2022-08-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2022/03597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух Цагаан адуут овогт М.Д /рд:/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух Боржигон овогт Г. Б /рд:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,490,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022.02.20-нд БЗД-н нутаг дэвсгэр болох Баянзүрх товчооны гүүрний доор байрлах мөсөн дээр найзуудтайгаа явцгаасан юм. Sonata-6 маркийн машиныг барьж явсан Э******* гэх залуу араасаа чаргатай 3 хүн чирч байсан бөгөөд хүчтэй чирэгдэж байхад хажуу тийш шидэгдэн унаж байхад 71-55 Mark-2 автомашины жолооч Б нь намайг мөргөсөн юм. Бийн машинд мөргүүлснээс болж гуяны булчин мах тасарч, хамрын таславч мурийж, нүдний дор бага зэрэг цуурсан. Энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн бэртэл гэж гарсан. Жолооч Бийн үйлдсэн энэ үйлдлийг тээврийн прокурорын газраас 2022.03.31-ны өдрийн 315-р тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Б нь хүн чанаргүй зан гаргаж миний эрүүл мэндэд санаа тавихгүй надтай уулзаж учрахгүй миний эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна. Прокурорын газраас надад хариу өгөхдөө Д нь өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээс нэхэмжлэх эрхтэй болохыг зөвлөсөн юм. Иймд миний бие эмчилгээний зардал болох нийт 1,490,079 төгрөг гаргуулж өгнө үү.
Мөргүүлснээс хойш гарсан зардал 1,490,097 төгрөг болсон. Энэ нь дан эмчилгээний зардал тул хохирлоо нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөсөн дээр гулгаж байгаад үйл явдал болсон. Цагдаа хариуцагчийг буруутай гэж тогтоосон. Гэмтлийн зэргээс болж эрүү үүсээгүй. Холбогдох баримт хэрэгт байгаа. Энэ нь иргэний хурал болохоос эрүүгийн хурал биш. Нэхэмжлэгч нь хөнгөн гэмтэл авсан байдаг. Одоо болтол эдгээгүй эмчлүүлсээр байгаа болно. Цагдаа дээр 500 000 төгрөгийн зардал шаардахад төлөхгүй гэсэн юм. Хэрэгт байгаа баримтаар шийдэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлээ дэмжинэ. Нэхэмжлэгч нь мөргөгдсөн нь тодорхой байна. Хохирлоо иргэний шүүхээр нэхэж байна. Өрхийн эмч нар цаасан дээр бичээд карт хөтөлдөггүй. Миний хувьд баримтаа бүрдүүлээд л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нотлогдсон баримтаар хохирол барагдуулах ёстой. Хөнгөн гэмтэл гэсэн боловч булчин тарсан юм. Хэрэглэсэн эм тарианы баримтаа л өгсөн гэв.
Хариуцагч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч М.Дт учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн үед миний бие санаатайгаар бус санамсар болгоомжгүй өөрийнх нь буруутай үйлдлээс болж гэмтэл учирсан тул татгалзаж байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь 100 хувь миний буруутай биш. Өөр хүний машинд чирэгдэж явсан тул тэр машины жолооч яагаад буруугүй юм бэ. Би нэхэмжлэгчийн өмгөөлөгчид намайг дарамталж байгаад гомдолтой байна. Би бодит зүйлийг ярьж байгаа болохоос хууль яриагүй. Тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан. Миний машин байсан.
Миний бие нэхэмжлэгч Дт хохирсон 447,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгч тал шүүхэд: Тээврийн цагдаагийн албан гаргасан өргөдлийн хуулбар /хх5/, Солонго эмнэлгийн төлбөрийн баримт /хх6/, 115,000 төгрөг болон 35,000 төгрөгийн баримт /хх7/, М******* ХХК, Д*******, Лхамганы 2 ширхэг төлбөр төлсөн баримтын хуулбар /хх8/, Э.М*******ны Хаан банк дахь дансны хуулга /хх9/, Монос ХХК-н 2 ширхэг, Дуб ХХК-н төлбөр төлсөн баримтын хуулбар /хх10/, ЭМЖЖ, М******* ХХК, А, Лхамганы төлбөр төлсөн баримтын хуулбар /хх11/, Алтболд гэсэн и-баримтын хуулбар /хх12/, нэхэмжлэх №10 гэсэн баримтын хуулбар /хх13/, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 315 дугаар тогтоолын хуулбар /хх16-18/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч зургийн хуулбар /хх19/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хх20-23/, 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх24/, 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр М.Дийг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /хх25/, шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3390 дугаар дүгнэлтийн хуулбар /хх26-27/, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн магадлагааны хуулбар /хх28-30/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хариуцагчаас гэм хорын хохиролд 447,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Д нь авто тээврийн хэрэгслийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1,490,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэн аль нь буруутай гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 447,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн.
Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр голын мөсөн дээр иргэн Б.Э*******ын жолоодон явсан машины араас нэхэмжлэгч чирэгдэн тоглож байх үед унасны улмаас хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол болсон үйл баримтын талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь намайг ирж мөргөсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь мөсөн дээр гулгаж харилцан мөргөлдсөн гэж маргаж байна.
Зохигчид тухайн цаг хугацаанд хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас осол болсон нь мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 315 дугаар тогтоолоор нотлогдож байна. /хх28-30, 16-18/
Энэхүү ослын улмаас нэхэмжлэгчийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, баруун гуя цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун шуу цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3390 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон. /хх26-27/
Энэхүү дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн хөлийн булчин тасарсан гэх тайлбар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан гэх зардлын талаарх нийт 16 ширхэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Улмаар эдгээр баримтаас өөр нэмж гаргах баримтгүй гэж тайлбарласан.
Эдгээр баримтаас үзэхэд дурдагдсан эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Тодруулбал, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, цаашлаад холбогдох эмчилгээг хийлгэх талаар эмчийн гаргасан эмчилгээний заавартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй. Улмаар эмчийн заавартай холбогдох баримтгүй гэж тайлбарласан.
Цаашлаад, Худалдаа хөгжлийн банкаар гүйлгээ хийгдсэн 115,000 төгрөгийн, “Монос фарм” ХХК-ийн 9,600 төгрөгийн, Лхамган гэсэн 28,550 төгрөг болон 10,300 төгрөгийн, Монос Улаанбаатар ХХК-ийн 96,525 төгрөгийн, “Монос фарм” ХХК-ийн 4,250 төгрөгийн, 30,004 төгрөгийн, А гэсэн 4,050 төгрөгийн, Лхамган гэсэн 16,100 төгрөгийн, Алтанболд гэсэн 905,700 төгрөгийн баримтууд нь нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулагдсан бөгөөд маргаж буй осолтой шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдохгүй байна. /хх7, 8, 10, 11, 12/
Мөн ор хоногийн гэх 405,700 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчийн зардал гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд мөнгөн дүнгүүд бүрэн уншигдахгүй, зөрүүтэй байна.
Дээрх баримтаар нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд нийт 235,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэх боломжтой байна.
Хэдийгээр баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээ нь 235,000 төгрөг байх боловч хариуцагч нь 2 автомашины жолооч болон нэхэмжлэгч хэн аль нь адил буруутай гэх үндэслэлээр хариуцагч 447,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгодог.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлээс хангасан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар хүргүүлж, 18-ны өдөр хуульд зааснаар хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Улмаар шүүх хуралдааны оролцогчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Бээс гэм хорын хохиролд 447,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,043,079 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ