Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

 

    2021         05          05                                       2021/ДШМ/15

 

 

Ч.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Ч.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Э, Б.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Г-т холбогдох, эрүүгийн 1920002660018 дугаартай, 2 хавтас, 391 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ч.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Ч-ын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ч.Г 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах иргэн Ч.Э-ын хашаанаас 1 тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ч-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

шүүгдэгч Ч.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 56-86 ДАХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Д-д буцаан олгохоор,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ч.Г давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Э өөрөө над руу залгаж мод хамтарч тарих санал тавьсан. Би Ч.Э-тай ярьсан болохоор тэр саванд ус хийх гэж зорьж очсон. Гэтэл крант нь эвдэрсэн байсан болохоор би янзлах гэж гэртээ авч ирсэн. Түүнээс хулгай хийх ямар ч бодол санаа байгаагүй. Ч.Э-тай хамтарч мод тарих л санаа байсан. Гэтэл надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэсэн зүйлчлэлээр 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлээд байгаад гомдолтой байна. Миний бие 17.1 дүгээр зүйлийн 2.4 гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрхэм шүүгч та бүхэн миний гомдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Машин механизм гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгохоор Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд тайлбарласан байна.

Гэтэл Ч.Г тухайн өдөр 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд савтай ус ачин, Хаан банкны ажилчдын байрны урд талын модыг усалж явж байгаад хохирогч Ч.Э-ын хашааны хажуугаар өнгөрөхдөө усгүй байсан 1 тонны саванд нь ус дүүргэж өгөхөөр машиндаа ачиж явсан байдаг. Мөн хохирогч Ч.Э өмнө нь Ч.Г-тай утсаар яриад ногоо тарьж байгаа, манай хашаанд ирээд машинаараа ус татаад өгөөрэй гэж хэлж байсан талаараа өмнөх 2 удаагийн шүүх хуралд болон хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Дээрх үйл баримтаас үзэхэд Ч.Г хулгайлах гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдаас тээврийн хэрэгсэл бэлтгэн, үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн эд мөрийн баримтын тухайд 2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр ижил төрлийн 1 тонн усны савны зах зээлийн дундаж үнийг 100.000 төгрөгөөр тогтоосон, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заажээ. Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байх бөгөөд хэргийн нөхцөл байдал хэрэг хууль заасан үндэс журмын дагуу цуглуулагдсан нотлох баримтуудаас бол үзэхэд шүүгдэгчийн хувийн байдал, тухайн үеийн нийгмийн аюулын байдлын хэр хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол учруулсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Г хувиараа цэвэр усны газар ажиллуулж, цэцэг мод усалж,  бусдад туслах гэсэн чин хүсэл эрмэлзэлдээ автан хохирогч өмнө нь ус татаад өгөөрэй, ногоо тарж байгаа гэсэн үгэнд автан тусалж байна гэсэн ойлголтыг бий болгосон нь дээрх гэмт хэргийг хэргийн шинжтэй үйлдэл хийхэд хүргэсэн гэж үзэж байгаа юм. Мөн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Г-т холбогдох хэрэг бол давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн байдаг. Шүүх магадлалдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох эсэх, шийтгэх тогтоолыг Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгах учиртай гэдгийг магадлалдаа дурдаж өгсөн байдаг. Гэтэл прокуророос хэрэг буцаагдаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар ерөөсөө ажиллагаа хийгдээгүй, авч хэлэлцэгдээгүй, буцаагаад шүүх рүү шилжүүлсэн асуудал байгаа. Тэгэхээр дээрх үндэслэлүүдээр машин механизм ашигласан эсэх асуудал дээр шүүх анхаарч үзээсэй, улсын дээд шүүхийн тайлбар дээр бол урьдчилж бэлтгэсэн байхыг шаарддаг. Гэтэл Г-ын хэрэгт авагдсан материал, гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр машин механизм зориуд хулгайн гэмт хэрэг үйлдэхийн тулд бэлтгэсэн зүйл огт авагдаагүй байдаг. Анхан шатны шүүх бүр тодорхой дүгнээд өгчихсөн байна. Тэгэхээр Г-ын үйлдэл зөрчлийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй, нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх зөвхөн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээг бодитой гэж үзсэн нь гэмт хэрэг биш болох, гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан” гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн нотлох баримтаас үзэхэд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэх асуудал мөн прокурор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн эсэхийг шалгаж тогтоож чадаагүй байхад шүүх: ... хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн боловч зүйлчилсэн хуулийн шаардлагад ... учрах саадыг арилгах зорилго-г бүрэн шалгаж нотлоогүй байна. Шүүх субьектив санаа зорилгын талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хэргийг тал бүрээс нь хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гэм буруутай байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоолд: ... хуулийн шаардлага хангасан эсэхийг шийдвэрлэхгүйгээр “гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь “хууль зөрчсөн” шийдвэр болно гэж шийдвэрлэснийг “анхан шатны шүүх” гэм буруутай гэж үзэн шийдвэрлэсэн үндэслэлгүй. Улсын дээд шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш “зөвхөн үнэлгээ” гаргаснаас өөр Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй байгаа нь хэргийг тал бүрээс нь бодитой тогтоож чадаагүйг нотолж байна. Мөн машинаар механизм ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Тухай усны савыг бодитоор хэн ч үзээгүй байдаг. Үүн дээр 3 янзын үнэлгээ байгаа. Тэгэхээр аливаа халдлагын зүйлийг бодитоор үнэлж, тухайн савыг 1 тонн гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Энэ сав нь маш олон төрөл байдаг. Өөрийнх нь жинг гадна талд нь бичсэн байдаг бөгөөд гадуураа төмөр хамгаалалттай. Гэтэл тэр хавтаст хэрэгт байгаа зургаас шөл өөр сав бодит байдал дээр байна. Хуучирч, агшаад хэмжээ нь багассан, гадуураа төмөр хамгаалалтгүй байгаа юм. Энэ байдлаас харахад 1 тонны савыг хүн өөрөө аваад явах боломжгүй учир машин ашигласан гэж анхан шатны шүүх шийдээд байгаа юм. Мөн сэдэл санаа зорилгын хувьд шинэ, хуучин 2 сав байсан ба тухайн үед хуучин савыг биш шинэ савыг нь аваад явах боломж байсан. Гэтэл засаж янзлах зорилгоор хуучин савыг авч явсан нь энэ савыг хулгайн сэдэлтэй аваагүй гэдгийг харуулаад байгааг анхан шатны шүүх авч үзээгүйд гомдол гаргасан юм. Хэрэв үүнийг гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл хохирлын хувьд гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн гомдлыг гаргасан” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Урьдчилан бэлтгэсэн гэдэг талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байдаг. Үүнд тухайн үед энэ хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ гэдэг. Тэгэхээр би энэхүү шүүхийн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, Ч.Г-ын холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан “...шүүгдэгч тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар хууль бусаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирол учруулсан” гэм буруутай гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Мөн Прокуророос шүүгдэгч Ч.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид буюу “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон гэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй төдийгүй хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

 

Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдалд хамаарах шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээ болон тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, ашигласан байх зэрэг хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоож, тодорхойлоогүй байна гэж үзлээ.  

 

1/  Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэдгийг тухайн этгээдээс өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас бэлтгэж улмаар хэрэгжүүлснийг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг тус тус ойлгох учиртай.

 

Шүүгдэгч Ч.Г-ын тухайд машиныг урьдчилан бэлтгэж, ашигласан нь нотлогдож, тогтоогдохгүй байх ба харин 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкны ажилчдын байрны модыг усалчихаад цааш явж байх замдаа бусдын эд хөрөнгийг авч, өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нь хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон,  тогтоогдож байх тул түүнийг машин механизмыг  урьдаас бэлтгэж,  ашигласан гэж үзэхгүй.

 

 Энэ талаар шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Ч.Г нь уг хулгайн гэмт хэргийг урьдаас бэлтгэж урьдчилан төлөвлөөгүй ч тухайн үед машинтайгаа явж байгаад усны хоёр савыг хараад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго гэнэт үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна” гэж хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

 

2/ Хэргийн эд мөрийн баримт болох усны савны үнийг бодитой тогтоогоогүй, шүүгдэгчийн хулгайлсан гэх 1 тонны усны савыг хохирогчид буцаан өгсөн нь тогтоогдож байх ба уг усны сав устаж үгүй болсон нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байхад савыг  эд мөрийн баримтаар тооцоогүй, хураан аваагүй, хохирлын үнэлгээг эх хувь буюу биет байдлаар гаргуулаагүй, шинжилгээнд 1 тонны усны савыг хүргүүлэв гэж тэмдэглэсэн байтал шинжээч фото зурагт үндэслэж дүгнэлт гаргасан нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчжээ.

 

            Тухайлбал мөрдөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ч.Г-ын холбогдсон хэрэгт шинжилгээ хийж, үнэлгээ гаргуулах зорилгоор хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийг томилж, мөрдөгчийн тогтоолд “1 тонны усны савны үнэлгээг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргах, шинжээчийн мэдэлд мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол 2%, 1 тонны усны сав хүргүүлэв”/1хх-30/ гэж тэмдэглэсэн байх боловч усны савыг хүргүүлээгүй, зөвхөн 3 ширхэг фото зургийг тогтоолын хамт хүргүүлсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн шинжээчийн мэдүүлэг/2хх-96, 97/-ээр тогтоогдож байна.

 

Мөн “Хас үнэлгээ” ХХК-ийн зүгээс усны савны үнэлгээг 3 ширхэг фото зураг, крант эвдэрхий, хуучин усны сав гэсэн мэдээлэлд үндэслэн үнэлгээг мөрдөгчийн даалгаснаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар биш 2020 оны 10 дугаар сарын байдлаар “...усны сав/1 тонн/ 100 000, хуучин крант эвдэрхий”/1хх-31/ гэж гаргажээ.

 

Эндээс дүгнэхэд эд мөрийн баримт болох усны савны тухайн зах зээлийн үнэ цэнийг үнэн зөв, бодитой тогтоогоогүй байх тул  шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх бөгөөд нэгэнт шүүгдэгч Ч.Г-ын үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байх  тул Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэх эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүйн гадна шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж эсхүл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Хулгайлах” гэмт хэргийг “машин механизм” ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Энэхүү нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.Г-ын холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Г 34 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                             ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                   Н.БОЛОРМАА