| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2018/02814/и |
| Дугаар | 702 |
| Огноо | 2019-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 702
Л.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00322 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.А-т холбогдох
Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Босоо трейд” ХХК-ийн захирал М.Болд нь Л.Н-ийн төрсөн дүү Л.Мөнхчулуунтай худалдах-худалдан авах тухай гэрээг хийсэн бөгөөд уг гэрээгээр Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоотод орших нэг өрөө орон сууцыг худалдахаар харилцан тохиролцож мөнгөө өгсөн бөгөөд Л.Мөнхчулуун нь тухайн худалдан авсан байрандаа 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байсан. Уг орон сууцанд засвар хийж байсан бөгөөд засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Ш.Сосорбарам захиралтай “Эс Эм Эс” ХХК ажиллаж байсан. Ш.Сосорбарам болон М.Болд нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба М.Болд нь байрны засварын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө тухайн байрнаас орон сууц авахаар харилцан тохиролцсон учраас энэ байрны засварын ажил дууссан үед чиний байрыг шилжүүлж өгнө гэж хэлээд тус байрыг миний дүү Л.Мөнхчулуунд худалдсан. Тухайн үед энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байр худалдан авсан бөгөөд байрандаа амьдарч байгаад 2010 онд нас барсан тул бидний эх Ч.Отгон нь түүний шаардах эрхийг өвлөн авч хэрэгжүүлэхээр болсон. Л.Мөнхчулууныг бурхан болсноос хойш миний эх Ч.Отгон нь тус байранд амьдарч байгаад өөд болсон. Энэ хугацаанд М.Болдоос байраа шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар тухайн байрны гэрчилгээн дээр М.А байгаа. Л.Н-ийн эх Ч.Отгон бурхан болохоос өмнө Л.Мөнхчулуунаас шилжүүлэн авсан шаардах эрхээ Л.Н-т шилжүүлэн өгсөн. Иймд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, байрны гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугар байрны 19 тоот байрыг өөрийн төрсөн ах М.Болдтой 2004 онд урсгал зардалд хөрөнгө оруулалт хийж, засварын ажил дуусмагц нэг өрөө байр авах нөхцөлтэй аман хэлцлийн дагуу хөрөнгө оруулалт хийж авсан. Миний бие дээрх байрыг хууль ёсны дагуу хөрөнгө оруулалт хийж авсан ба хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон улсын бүртгэлийн 000042676 дугаар гэрчилгээтэй, уг гэрчилгээнд Улсын бүртгэлийн газраас одоогийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Уг байр нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Л.Мөнхчулуун нь уг байрыг тодорхой хугацаагаар түрээсэлж суухаар миний төрсөн ах М.Болдтой амаар гэрээ байгуулсан хүн юм. Ах маань уг байрыг миний эзэмшилд шилжүүлэхдээ ...Л.Мөнхчулуун гэдэг хүнд түрээслүүлж байгаа. Түрээсийн мөнгө гэж 2 000 000 төгрөг надад өгсөн. Чи энэ байрыг өөрөө хэрэглэх хүртлээ энэ хүнийг байлгаж байгаарай. Орон гэргүй, ядарсан хүн. Өгсөн 2 000 000 төгрөгөөсөө цувуулж авсаар 1 000 000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байсан. Миний тухайд уг байранд амьдарч байсан Л.Мөнхчулуун болон түүний ээжид байрыг чөлөөлж өгөх талаар 2008 оны 1 дүгээр сараас эхлэн удаа дараа мэдэгдэж байсан боловч тухай бүрт эдгээр хүмүүсийн зүгээс ямар нэгэн тайлбар, шалтаг тоочиж миний байрнаас гарахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогийн байдлаар уг байрны өмчлөгчөөр өөрсдийг тогтоолгож, байрны гэрчилгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ болон түрээсийн гэрээ зэрэг гэрээнүүдийг холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзсэн гэрээ нь өнөөдрийн байдлаар гэрээний хүчинтэй хугацаа үргэлжилж байгаа эсэх, гэрээнд заасан нөхцөлүүд хэрэгжсэн эсэх, гэрээний талууд эрх, үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, цаашид хэрэгжих боломжтой эсэх болон нэхэмжлэлд дурдагдсан шаардах эрхийг шүүхээр шинжлэн судлуулж хууль зүйн үндэслэлтэй шүүхийн шийдвэр гартал уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Л.Н-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н-ийн төрсөн ах гэх Л.Мөнхчулуун нь 2004 онд миний төрсөн ах М.Болдтой амаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг түрээсэлж суух талаар хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу 2004 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл дээрх байранд Л.Мөнхчулуун болон түүний хамаатан садангууд амьдарч байна. Л.Мөнхчулуун нь уг байрыг анх түрээслэх үедээ М.Болдод 2 000 000 төгрөг өгсөн байдаг. Гэхдээ Л.Мөнхчулуун гэх хүн түрээсийн мөнгө гэж өгсөн 2 000 000 төгрөгөөс цувуулж ...амьдрал хэцүү байна, мөнгөний хэрэгцээ байна, эхнэрээсээ салчихсан... гэж авсаар байгаад 1 000 000 орчим төгрөгийг буцааж авсан гэдэг. Миний тухайд уг байрны эзэмшигч болсныхоо дараагаас эхэлж Л.Мөнхчулуун болон түүний хамаатан саданд байр чөлөөлж өгөх тухай, байрны түрээсийн төлбөрийг төлж барагдуулах тухай, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засварыг цаг тухайд нь хийж өгөх талаар удаа дараа шаардаж байсан. Л.Мөнхчулуун болон түүний хамаатан садангуудын зүгээс миний удаа дараа тавьсан шаардлагад ямар нэгэн байдлаар шалтаг, шалтгаан тоочиж байрыг минь суллаж өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. Л.Мөнхчулуунаас байрны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалтай холбоотой бусад шаардлагыг шүүхээр тогтоолгон гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч Л.Мөнхчулуун 2010 онд нас барсан учир нэхэмжлэл гаргах боломжгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл Л.Н гэдэг хүн миний эзэмшлийн байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгож байрны гэрчилгээ гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Л.Н гэдэг хүн уг байрны түрээсийн төлбөрийг, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засвар зэрэгтэй холбоотой нэхэмжлэлд хариуцагчаар оролцох эрх бүхий хүн гэдгийг мэдэж авсан. Иймд Л.Мөнхчулуун болон түүний хамаатан садангийн миний эзэмшлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот 19 м.кв хэмжээтэй байранд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл ашигласан түрээсийн төлбөрийг 2004 оноос 2010 он хүртэл нэг сарын 100 000 төгрөгөөр тооцон 7 200 000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл 200 000 төгрөгөөр тооцон 19 200 000 төгрөг, нийт 26 400 000 төгрөгийг, ашиглалтын зардал, урсгал засварын зардал гээд нийт 33 000 000 төгрөгийг Л.Н-с нэхэмжилж байна. Мөн миний өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо 65 дугаар байрны 19 тоот байрыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр амьдарч буй тухайн этгээдүүдээс чөлөөлж өгөх тухай шүүхийн шийдвэрийн гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Мөнхчулуун нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг 4 500 000 төгрөгөөр худалдан авахаар М.Болдтой харилцан тохиролцож, тухайн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг өгч, үлдэх 1 000 000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсан өдөр өгөх байсан. Гэтэл дээрх байрны гэрчилгээ гарсан эсэх талаар Л.Мөнхчулуунд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. М.Болд болон М.А нартай холбоо барих гэсэн боловч утсаа авдаггүй, эсвэл хаягаа өөрчилсөөр өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс М.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зүйлс үндэслэлгүй худал бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгах үндсэн шаардлага, орон сууц хөлсөлсний төлбөр, засварын зардалд 33 000 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгөөс 140 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 117 550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Н-ийн төрсөн дүү Л.Мөнхчулуун нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр "Босоо трейд" ХХК-тай Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг худалдах-худалдан авах гэх хэлцэл байгуулан 3 500 000 төгрөгийг тухайн өдрөө өгч үлдэх 1 000 000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсан өдөр өгөхөөр тохиролцсон. Энэ үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн гол хариуцагч болох "Босоо трейд" ХХК-ийг хариуцагчаар татаж "Босоо трейд" ХХК болон "Эс Эм Эс" ХХК-ийн байгуулсан хамтран ажиллах гэрээ зэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. М.А-ийн зүгээс байр захиалгын гэрээний дагуу "Эс Эм Эс" ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот хаягт байрлах 19 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авсан гэх 2008 оны 01 дүгээр сард авсан боловч тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгч нь 2005 оноос хойш эзэмшиж байсан байдаг ба хариуцагч нь энэ талаар маргадаггүй. Хэрэв хариуцагч нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авсан бол түүний эзэмшлийг ч хүлээн авах шаардлагатай. Гэтэл өнөөдрийг хүртэл өмчлөлийг шилжүүлсэн үеэс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн боловч уг эд хөрөнгийг огтоос эзэмшиж байгаагүй бөгөөд тухайн байрыг чөлөөлөхийг шаардаж байгаагүй. Бодит үйл баримтын тухайд ч хариуцагч М.А-ийн ах М.Болд нь "Босоо трейд" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь байдаг. /энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж бодож байна/ Анх маргаан бүхий байр нь хоосон каркааз байсныг “Эс Эм Эс” ХХК нь Налайх дүүргийн засаг даргатай харилцан тохиролцож засвар хийж дахин ашиглалтад оруулахаар болжээ. Ингээд “Эс Эм Эс” ХХК-ийн зүгээс дээрх карказыг сэргээн засах хөрөнгөгүй байсан учир “Босоо трейд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний хөлсөнд 1 орцыг бүхэлд нь “Босоо трейд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэ талаар хариуцагч нь шүүх хуралдаанд тайлбарлаж хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий байрыг "Болд миний төрсөн ах, энэ байрны өмчлөгч нь манай ах М.Болд байсан. Учир нь манай ах “Эс Эм Эс” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнийхээ төлбөрийнхөө оронд тухайн орон сууцны нэг орцыг бүхэлд бартер хийж өмчлөлдөө авсан, би энэ байрыг ахаасаа авсан" гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд М.Болд нь хэдийгээр байрыг албан журмаар бүртгүүлээгүй ч гэсэн “Эс Эм Эс” ХХК-иар дамжуулан хариуцагчид шилжүүлсэн болох нь хэргийн бодит нөхцөл байдлаас харагдаж байна. Тиймдээ ч хариуцагч нь тухайн байрыг ахаасаа авсан гэдэг байх. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт /Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А даалгах/ өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч М.А-т холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Босоо трейд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах, “Эс эм эс” ХХК, “Босоо трейд” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “Босоо трейд” ХХК-д холбогдуулан гаргах шаардлага, үндэслэл, хэзээ байгуулсан ямар гэрээ зэрэг нь тодорхойгүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу байна. /хэргийн 141 дэх тал/
Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Ийнхүү шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгосон эрх зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүйгээс гадна дээрх нотлох баримтгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Учир нь “Босоо трейд” ХХК-ийн захирал М.Болд өөрийн дүү М.А-т маргааны зүйл болох орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн, эсхүл “Босоо трейд” ХХК-ийн захирал М.Болд уг орон сууцыг 2005 онд худалдах-худалдан авах гэрээний дагуу авч Л.Мөнхчулуунд шилжүүлсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй байна.
Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ