Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00051

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Б.Анхбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Алтан-Уяа, шүүгдэгч Ч.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт Чимэдийн Амаржаргалд холбогдох 201706000037 дугаартай, 132/2017/0045/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын 8-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Авга овогт Чимэдийн Амаржаргал /РД: ГН84052012/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Амаржаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт түлшний мод бэлтгэх явцдаа болгоомжгүйгээр Б.Дэмбэрэлдоржийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
шүүгдэгч Ч.Амаржаргалын өгсөн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Дэмбэрэлдоржийг дуудаад Гансүх ахынд очсон. Дэмбэрэлдорж, Гансүх ах бид нар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын Тал булаг гэх газар руу мод бэлтгэхээр явсан юм. Бид 1200-1300 цагийн үед мод бэлтгэх газраа очсон. Эхлээд 4 ширхэг модоо унагасан. 5 дахь модыг унагахад модны доор хүн байгаагүй. Яг мод унагах үед Дэмбэрэлдорж модны доор очсон байсан. Би Дэмбэрэлдорж руу холдоорой гээд олон удаа хашиграсан боловч модонд дарагдчихсан. Би барьж байсан цахилгаан хөрөөгөө шидээд Дэмбэрэлдорж руу очиход толгойгоороо цасанд зоогдсон байдалтай байж байсан. Би Гансүх ахыг дуудаад хамт Дэмбэрэлдоржийг татан гаргасан. Бид Дэмбэрэлдоржийг уулнаас авч буугаад утасны сүлжээтэй газар очиж эхнэр рүүгээ болсон явдлын талаар хэлсэн. Мөн Дэмбэрэлдоржийн ах Анхбат руу утсаар яриарай гэж хэлсэн. Үүний дараа бид Дэмбэрэлдоржийг эмнэлэг рүү авч явсан. Эмч Дэмбэрэлдоржийг нас барсан гэдгийг хэлсэн. Үүний дараа намайг цагдаагийн газар руу авч явсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Анхбатын өгсөн: Би мод бэлтгэхэд хамт яваагүй учраас болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Ийм учраас болсон үйл явдлын талаар ярих зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийг үнэлсэн байгаа. Хохирол төлбөр буюу оршуулгын зардлыг төлж барагдуулсан тохиолдолд надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Амаржаргалд заавал хорих ял оногдуулахыг хүсэхгүй байна. Би хохирол төлбөр буюу оршуулгын зардал 3142500 төгрөг нэхэмжилж байна. Энэ талаарх нотлох баримтыг шүүх хуралдаан шинээр гаргаж өгсөн. Тээврийн хэрэгслийг 1300000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би үнэлгээ гаргахад оролцоогүй. Амаржаргал өөрөө 1300000 төгрөгөөр үнэлсэн” гэх мэдүүлэг,
201706000037 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Б.Анхбатын өгсөн: “...Өнөөдөр 11 цагийн үед байх манай төрсөн дүү Дэмбэрэлдорж нь Амаржаргал гэх хүний машинтай ирж манай хашаанд байдаг нагац эгч Нарантуяагийн нөхөр Гансүхийг авч явсан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Амаржаргал гэх хүн нь миний утас руу залгаад талийгаачийг модонд цохиулаад ухаангүй болчихлоо хурдан ир гэхээр нь би өөдөөс нь найз Зундуйжамцын хамт машинтай явсан. Тэгсэн Булган сумын зах оршуулгын газрын ойролцоо таарч машинаас авахад манай дүү ухаангүй дух хэсэг нь цус хурсан хамар амнаас нь цус гарсан байдалтай, цус нь хатсан байсан. Машины кабинаас авахад амьсгаагүй зүрхний цохилт мэдэгдэхгүй байсан. Тэгээд шууд эмнэлэг дээр авчирхад нас барсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 28-30 тал/, Гэрч Д.Гансүхийн өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед манай эхнэр Нарантуяагийн дүү Дэмбэрэлдорж нь хамт модонд явъя гээд Ч.Амаржаргал гэх танихгүй залуугийн цагаан өнгийн "Портер" маркийн машинтай ирж гэрээс авсан. Тэгээд Ч.Амаржаргал жолоо бариад талийгаач бид хоёр хажууд нь суугаад Булган аймгийн Булган сумын нутгаас Бухын гол гэх газарлуу явсан. Би газар нутгийг нь сайн мэдэхгүй ээ. Нэг уулын аманд очоод Ч.Амаржаргал ургаа 5-6 метр мод хөрөөдөж жижиглээд талийгаач бид 2 чирч буулгаж байсан. Бид нар машинаа модны захад үлдээгээд явган нилээн өгсөж мод бэлдсэн. Тэгээд би мод чирээд явж байхад араас талийгаач явж байснаа намайг модоо наанаа орхичих дээшээ гарья гээд өөрөө дээшээ явсан. Тэгээд би араас нь нэлээн зайтай өгсөж явахад Амаржаргал “Дэмбээ” гэж муухай орилохоор нь “юу болов” гээд очиход талийгаач дээшээ харсан байдалтай Амаржаргал цээжин дээр нь гараараа дарчихсан амнаас нь цагаан хөөс сахраад амьсгаатай байсан. Тэгээд Амаржаргал бид хоёр талийгаачийг уулнаас буулгаад машинд суулгаад Эрдэнэт рүү хөдөлсөн. Эрдэнэт рүү дөхөөд сүлжээ оронгуут Анхбат гэдэг ах руу нь утсаар залгаж мэдэгдээд урдаас тосч аваад эмнэлэг рүү явсан. Амаржаргал бид хоёр машинтайгаа гэрт нь очиж машинаа тавиад эмнэлэг дээр ирсэн. Замд бол амьсгаатай байсан, эмнэлэг дээр ирэхэд өнгөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 31-33 тал/, Гэрч Т.Мөнхбуянгийн өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ, 18 цаг өнгөрч байхад ухаангүй, амьсгал зүрх судас зогссон, бие нь хөшиж хөрсөн байдалтай нэг хүн Бугатад модонд цохиуллаа гэж ирсэн. Тухайн үед хоёр залуу машинаараа авч ирж байсан. Манайх дамнуургаар оруулж үзэхэд нас бараад 1 цаг гаран болсон байсан. Хүүхэн хараа өргөссөн гэрлийн урвалгүй болсон байсан. Тэгээд амьлуулах болон лавшруулах суурь эмчилгээ үзүүлсэн боловч амьсгал зүрх судас орж ирээгүй. Тэгээд моорог руу оруулаад Эрдэнэтийн цагдаад мэдэгдэж хүлээлгэж өгсөн. Хувцасыг нь тайлаагүй учир харах боломжгүй байсан ба дух хэсэгтээ шалбарсан, цус гараад хатсан байдалтай, ам хамарнаас нь бас цус гараад хатсан байдалтай байсан. Хэлээ хазсан, хэл нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 36 тал/, Гэрч Д.Зундуйжамцын өгсөн: “..17 цагийн үед Анхбат над руу утсаар ярьж манай дүү Дэмбэрэлдорж модонд цохиулаад ухаангүй байна гэнээ хоёулаа урдаас нь явж тосч авъя гэж хэлээд бид хоёр Амаржаргалын эхнэрийг замаасаа аваад Эрдэнэтээс баруун хойш Бугат руу явахад Эрдэнэтээс дөнгөж гараад Амаржаргалтай таарсан. Тэгээд Амаржаргалын машинаас талийгаачийг аваад өөрийнхөө машинд суулгаад эмнэлэг рүү аваачсан. Тухайн үед талийгаач ямар ч ухаан мэдрэлгүй, хамарнаас нь цус гараад хатсан байдалтай, толгойдоо халцарсан шархтай байсан ба зүрх нь зогссон байна гэж бодож байсан. Би машин барьж явахдаа Анхбатыг судсыг нь бариад үз гэхэд Анхбат судас нь цохилохгүй байна ш дээ гээд уйлсан. Тэгээд эмнэлгийн хүлээн авах дээр авч ирээд тасагт оруулаад хүлээн авахын эмч нь үзээд нас барсан, аль хэдийнээ зүрх нь зогссон байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 37-38 тал/, Гэрч Ж.Дэжидсүрэнгийн өгсөн: “...16 цагийн үед Амаржаргал над руу утсаар яриад Анхаагийн дүү модны үзүүрт цохиулаад ухаангүй байна, Анхаа руу залгаад хэлээдэх гэхээр нь би Анхаа руу залгахад утас нь холбогдохгүй байсан болохоор эхнэр рүү нь залгахад эхнэр нь утсаа авсан битанай дүү модонд цохиулаад ухаангүй байна гэнээ” өөдөөс нь явъя гэхэд намайг “за тэгвэл чи гудамжныхаа үзүүр рүү гарч бай, бид нар хаашаа модонд явсан гэдгийг иь мэдэхгүй байна чи заагаад өг” гэж хэлсэн. Удалгүй манай гудамжны үзүүрээс намайг аваад гэр хорооллоос хойш нь дөнгөж гараад оршуулгын наахан талд Амаржаргалтай таарсан. Тэгэхэд талийгаач ухаангүй байсан ба Зундуйгийн машинд шилжүүлээд шууд эмнэлэг рүу явсан. Машин дотор явж байхдаа Анхаа өвөр дээрээ хэвтүүлээд авч явж байсан ба замд явж байхдаа Анхаа “ухаангүй, хамаг бие нь хөрсөн байна ш дээ” гээд байсан. Тэгээд эмнэлгийн яаралтай тусламж руу аваачихад эмч үзээд нас барсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 40 тал/, Шүүгдэгч Ч.Амаржаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 01 сарын 29-ний өдөр манайх түлээгүй болчихоод түлээ бэлтгэх санаатай өөрийнхөө 23-46 УБИ дугаартай тээврийн хэрэгсэлтэй 10 цагийн үед манай найз Анхбатын дүү талийгаач Дэмбэрэлдорж, түүний хүргэн ах Гансүх нарыг гэрээс очиж аваад Дэмбэрэлдорж Гансүх бид 3 Булган аймгийн Бугат сумын “Тал булаг” гэх газар луу мод бэлтгэхээр явсан. Тэгээд 12 цагийн үед мод бэлтгэх газраа очсон бөгөөд би өөрийнхөө шар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн хөрөөгөөр босоо мод хөрөөдөөд, талийгаач Дэмбэрэлдорж, Гансүх нар нь явган чирч доошоо машин руу дөхүүлж миний хөрөөдсөн модыг цагаалж байсан. Би 4 ширхэг мод унагаад 5 дахь модоо доод талаас нь тал хүртэл, дахин дээД талд нь гараад хөрөөдөөд яг унах гэж байхад талийгаач Дэмбэрэлдорж нь доороос гүйгээд гараад ирсэн. Тэгээд би “зугтаагаач ээ” гэж хашгирахад талийгаач цааш гүйж байснаа эргээд гүйх шиг болсон. Миний хөрөөдөж байсан мод унахад талийгаач газар унасан, би хөрөөгөө хаяад хар хурдаараа гүйгээд очтол талийгаач цас руу толгойгоор зоогдоод унасан байдалтай байсан, би өргөөд босготол нэг амьсгалах шиг болсон. Би талийгаачийн цээжин дээр хиймэл амьсгал хийх санаатай 2-3 удаа дарсан боловч сэргэхгүй байсан. …Би эхний 4 босоо модоо хөрөөдөж бэлтгэчихээд нэг тамхи татчихаад талийгаачтай одоо нэг мод унагаад болих уу гэж ярьж байгаад боссон. Энэ үед Гансүх ах бид хоёроос түрүүлээд нэг мод чирээд доошоо явсан байсан удаа ч үгүй би босоод сүүлийн модоо хөрөөдөж эхэлсэн. Талийгаач нэг мод чирээд доошоо явсан би бодохдоо цагаалах газар хол учраас талийгаачийг гарч ирэх болоогүй байх гэж бодоод модоо унагаасан, гэхдээ мод унахаас өмнө нэлээн сайн харсан боловч хүн харагдаагүй юмаа. Тэгээд мод унах гэж байхад талийгаач гэнэт гараад ирсэн ба би “зугтаагаарай” гэж орилоход зугтааж амжихгүй цохиулах шиг болсон. Би модны яг аль хэсэг нь цохисон гэдгийг нь харж амжаагүй, талийгаач миний унагасан модны үзүүр хэсгээс арай жоохон хойно 4-5 метрийн орчим зайтай модныхоо хажууд хэвтэж байсан. Би бодохдоо модонд цохиулчихлаа л гэж бодсон. Надад аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг байхгүй гэхдээ бид нар мод бэлтгэж байхад би Гансүх болон талийгаач нарт хандаж болгоомжтой ажлаарай гэж хэлж байсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Надад одоохондоо талийгаачийн ар гэрт нь хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа. Би мод хөрөөдөж байгаад болгоомжгүй байдлаар Дэмбэрэлдорж гэх хүний амь насыг хохироосон үйлдлээ зөвшөөрч энэхүү үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-н 94-97 тал/, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №957 тоот 1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны: улаан футболканд гарсан 6х6 см, саарал өмдөнд гарсан 15х13 см, хар гутланд гарсан 6.5 см, 5.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Улаан фүтбопканд гарсан 6x6 см, саарал өмдөнд гарсан 15х13 см хэмжээтэй уранхай шинэ уранхай байна. Харин хар гутланд гарсан 6.5см, 5.5см хэмжээтэй уранхай хуучин уранхай байна. Дээрх уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Саарал цамцанд гарсан 30х20 мм, 12х10 мм, 4х2 мм, 8х5 мм, саарал өмдөнд гарсан 5х5 мм, 10х8 мм, 25х5 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Саарал цамцанд гарсан 30х20 мм, 12х10 мм, 4х2 мм, 8х5 мм саарал өмдөнд гарсан 5х5 мм, 10х8 мм хэмжээтэй цоорхой хуучин цоорхой байна. Харин саарал өмдөнд гарсан 25х5 мм хэмжээтэй уранхай шинэ уранхай байна. Дээрх цоорхой уранхайнууд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Хар оймсонд гарсан 15х10 мм хэмжээтэй цоорхой эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна гэх дүгнэлт /хх-60-64 тал/, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №1754 тоот
1. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон алаг өнгийн өмд, саарал өнгийн өмд, тэлээ, 3 хос оймс, дотоож болон хос гутал дээр цус илрээгүй. 2. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3. Дэмбэрэлдоржийн гэх цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-66 тал/, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1753 тоот 1. Шинжилгээнд ирүүлсэн Дэмбэрэлдоржийн гэх цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 0.9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх- 67 тал/, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №13 тоот 1. Талийгаачийн биед дагзны төвгөрөөс баруун, зүүн чамархай хэсгийг дайрч суурийн баруун, зүүн жигүүр, нугасны том нүх хүртэл олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух,зулай, чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу, дагз болон бага тархины 2 тал бөмбөлөг, суурийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8-р хавирга эгэмний дунд шугам, суганы арын шугамын хугарал, өвчүүний дээд 1/3 хэсэгт эгэмтэй бэхлэхдэх хэсэг, баруун, зүүн уушгины уг, бөөрний хальсан дахь цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4. Талийгаач нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Б.Дэмбэрэлдорж нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-73-76 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14 тал/, талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тогтоол /хх-17-18, 22-23 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-24-25 тал/ шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 93-97 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 102-103 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Амаржаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Гансүх, Б.Дэмбэрэлдорж нарыг хөлслөн Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт түлшний зориулалтаар ургаа мод хөрөөдөж, мод бэлтгэх явцдаа хайхрамжгүй хандсанаас түүний хөрөөдсөн модонд Б.Дэмбэрэлдорж нь цохигдож амь хохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хохирогч Б.Анхбат, гэрч Д.Гансүх, Т.Мөнхбуян, Д.Зундуйжамц, Ж.Дэжидсүрэн нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, талийгаач Б.Дэмбэрэлдоржийн биед “Талийгаачийн биед дагзны төвгөрөөс баруун, зүүн чамархай хэсгийг дайрч суурийн баруун, зүүн жигүүр, нугасны том нүх хүртэл олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу, дагз болон бага тархины 2 тал бөмбөлөг, суурийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8-р хавирга эгэмний дунд шугам, суганы арын шугамын хугарал, өвчүүний дээд 1/3 хэсэгт эгэмтэй бэхлэхдэх хэсэг, баруун, зүүн уушгины уг, бөөрний хальсан дахь цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, духанд зулгаралт үүсч, гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №13 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, амь хохирогчийн нас барсан шалтгаан болон хэргийн ул мөр бүхий эд зүйлд криминалистикийн шинжилгээг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд хийж дүгнэлт гаргажээ.
Иймд шүүгдэгч Ч.Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, түүнийг оршуулахтай холбогдож гарсан зардлаас хохирогч Б.Анхбат нь хөшөөний чулуу болон бичвэрийн үнэ 500000 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг, талийгаачийн хойдын буяны үйлтэй холбоотой зардалд 448000 төгрөг, шүүх хуралдаанд ирсэн буцсан замын зардалд 21000 төгрөг буюу нийт 971000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж, оршуулахтай холбоотой бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дээрхи нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байх тул шүүгдэгч Ч.Амаржаргалаас 971000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Анхбатад олгох нь зүйтэй байх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Амаржаргал нь хохирогчид 1505000 төгрөгийн эд зүйл, мөнгө буюу 1300000 төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн 23-46 УБИ улсын дугаартай, цагаан өнгийн "Портер" маркийн тээврийн хэрэгсэл, үхрийн хаа буюу 65000 төгрөг, 1 шуудай гурил буюу 25000 төгрөг, 10 летр сүү буюу 15000 төгрөг, бэлнээр 100000 төгрөгийг өгөлцөж авалцсан талаар талууд маргаагүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд материаллаг хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Анхбат нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Амаржаргалд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн хүсэл зориг, бага насны олон хүүхэдтэй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогооор гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд үндэслэн түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Амаржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор битүүмжилж шүүгдэгч Ч.Амаржаргалд хариуцуулсан 5 ширхэг хуурай, шинэс мод болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн “дружба” цахилгаан хөрөөг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга овогт Чимэдийн Амаржаргалыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Ч. Амаржаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Амаржаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.Амаржаргал нь 971000 /есөн зуун далан нэгэн мянга/ төгрөгийн төлбөрт 1505000 /нэг сая таван зуун таван мянга/ төгрөг төлсөнийг, мөн хохирогч оршуулгатай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5 ширхэг хуурай шинэс мод болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн “дружба” цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
8
Ч.Амаржаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Амаржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД