Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

2025      04         29                                           2025/ШЦТ/101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000390060 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, З ургийн овогт Б-ын А (РД: ....), 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл зургаа, эцэг эх, гурван дүүгийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Б.А 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр наадмын талбайн хажууд О.Мыг үл ялих зүйлээр шалтаглаж нүүрэн тус газарт хэд хэдэн удаагийн үйлдлээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хохирогч О.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Хын мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 91 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг(хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч О.Мын “...2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 01:50 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байтал Б.Х гэх миний үеийн танил хүүхэд над руу утасдаад ойр зуурын зүйл ярилцаж байсан. Тэгтэл ярианы дундуур нэг хүн ороод “чи намайг таньж байна уу? Би чиний эцэг чинь байна” гэх зэргээр томроод үг хаяад байсан. Би тэр хүнийг нь таниагүй тул “Би чамайг таньж яадаг юм бэ? Юу гэж томроод байгаа юм” гэх зэргээр бага зэрэг маргалдсан. Гэтэл тэр залуу “чи гэрийнхээ гадна гараад ир” гэж хэлсэн тул би гэрээс гараад замын эсрэг талын дэлгүүрийн гадна очоод зогсож байтал дээрээс буюу наадмын талбай талаас зам дагаад 2 хүн ирж байгаад нэг нь намайг хараад гүйж ирээд шууд хацар руу нэг удаа гараараа цохисон. Би тонгойгоод дээш өндийхөд тэр залуу урдаас хамар руу мөргөсөн. Мөн дахин шанаа орчимд нэг удаа гараараа цохисон. Тэгтэл хажуугаас хамт явсан залуу болох Б.Х нь ирж салгасан. Намайг гүйж ирж цохисон залууг харахад зүс таних Б.А гэдэг залуу байсан. ...Би эмнэлэгт үзүүлж хамрын зураг авхуулсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Хохирол тооцоогүй байгаа. Миний сэтгэцэд хохирол учраагүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй гэрч Б.Х “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө найз Б.Аын гэрт байж байгаад танил О.М гэх хүүхэд рүү утсаар ярьсан. Намайг түүнтэй ойр зуурын зүйл ярьж байтал хажуугаас Б.А орж ирээд О.Мтай утсаар яриад “чи намайг таних уу? чи эцгийгээ таньдаггүй юм уу” гэх зэргээр маазарч ярьж байгаад сүүлдээ хэрэлдэж маргалдаад уулзахаар болж Б.А бид хоёр тэдний гэрээс гарч О.Мын гэрийн ойролцоо буюу гурилын үйлдвэрийн дээд талд очсон. Тухайн үед харанхуй шөнө болсон байсан. Б.А түрүүлж гүйгээд О.М дээр очоод тэр хоёр барьцалдаж авсан. Би яваад очих хооронд Б.А нь О.Мын нүүр рүү нэг мөргөөд дахин гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Би дундуур нь орж салгасан. Тэгэхэд О.Мын хамраас цус гарч байсан. О.М цусаа тогтоогоод гэр рүүгээ орсон. Би Б.Аыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “....Дэлгэрэх дэлгүүрийн хажууд хүрээд ир гэж дуудсан. Би Б.Хын хамт гурилын үйлдвэрийн дээд талын Дэлгэрэх дэлгүүрийн орчимд шөнө дэлгүүр хаасан хойно очиход О.М ганцаараа зогсож байсан. Би тэр үед утсаар ярьж маргалдаж уурласан байсан тул шууд очоод О.Мын нүүр рүү мөргөөд нүүр рүү нь гараараа түлхэж мангастаж унагаасан. Тэгэхэд О.Мын хамраас цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэргээр 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, наадмын талбайн хажууд шүүгдэгч Б.А нь хохирогч О.Мыг утсаар томорлоо гэх буюу үл ялих зүйлээр шалтаглаж нүүр рүү нь хэд хэдэн удаагийн үйлдлээр цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч О.Мын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 91 дугаартай “...О.Мын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, доод зовхи, хамарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг эзэлж байна. Хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, доод зовхи, хамарт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, наадмын талбайн хажууд шүүгдэгч Б.А нь үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч О.Мыг нүүр рүү нь мөргөх, мөн гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, доод зовхи, хамарт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед мөргөх, цохих зэргээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

3.4. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Б.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас хохирогч О.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эсэх нь хохирогчийн эрх бөгөөд хохирогч О.М “...Б.Ат ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт, “...Миний сэтгэцэд хохирол учраагүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) гаргажээ.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахуун үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 02 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...О.Мын нүүр рүү мөргөөд гараараа түлхэж мангасдаж унагасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, мужааны ажил эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна” гэх санал, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт Б-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 650 (зургаан зууг тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА