| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/01931/И |
| Дугаар | 101/ШШ2022/02034 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/02034
| 2022 05 16 | 101/ШШ2022/02034 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Гонгор овогт Пүрэвийн Б /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, тоотод оршин суух Өндөр овогт Гүнбаярын Н /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б би Г.Нтай 2022 оны 01 дугаар сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан “Дэнжин Транс” ХХК-ийн тоот дансаар 29,000,000 төгрөгийг авч хүүгүй, 2 сарын хугацаатайгаар 2022 оны 0З-р сарын 04-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээнд зээлийн төлбөрийг 2022 оны 01 сарын 15-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 01-ний өдөр 9,000,000 сая төгрөг тус тус төлж дуусгах байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг эргүүлэн төлсөнгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож гэрээнд зааснаар сүүлийн төлөлт хийх хугацаагаар тооцож хоногт 145,000 төгрөг 12 хоногийн алданги 1,740,000 төгрөг үндсэн зээлийн 29,000,000 төгрөг, нийт 30,740,000 төгрөгийг шүүхийн зардлын хамт хариуцагч Г.Нгаас гаргуулан өгнө үү.
Үндсэн зээл 29 000 000 төгрөг, алданги 1 740 000 төгрөг, нийт 30 740 000 төгрөг гаргуулна. Хариуцагч нь 29 сая төгрөгийг 2022.1.5-нд зээлж авсан. Гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний дагуу авсан мөнгөө өгөөгүй тул алданги тооцож байгаа юм. Буцаан төлөлт хийгдээгүй. Алдангийг нэг өдрийн 0.5 хувиар бодсон. Буцааж төлөх хуваариар бодсон. 2022.3.4-16 өдөр хүртэл бодсон. Нийт 12 хоног. Анх Нгаас машин худалдаж авсан. 29 саяыг төлсөн. Машин таалагдаагүй тул аваагүй. Ингээд мөнгөө авах гээд жил хагас болсон. Баталгаатай болгох гээд зээлийн гэрээ байгуулсан юм гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 0030 дугаар зээлийн гэрээний хуулбар /хэргийн 3 дугаар тал/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 9 ширхэг /хэргийн 20-22 дугаар тал/, Голомт банкны мемориалын баримтын хуулбар болон татвар төлсөн баримтын хуулбар /хэргийн 23 дугаар тал/, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г.Нямдаагийн гараар бичсэн баримтын хуулбар /хэргийн 24 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр Г.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 30,740,000 төгрөг гаргуулах тухай П.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж, үндсэн зээл 29,000,000 төгрөг, алданги 1,740,000 төгрөг, нийт 30,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Улмаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэж шүүхээс тодруулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагч Г.Нд холбогдох зээлийн гэрээний маргааныг хянан шийдвэрлүүлнэ гэснийг дурдах нь зүйтэй. /хэргийн 29 дүгээр тал/
Шүүх хариуцагч Г.Нд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар хэргийг өөрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаарх саналыг шүүгчийн туслахад мэдэгдсэн байна. /хэргийн 27 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ёстой, өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 0030 дугаар, 29,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгчээс гэрээний дагуу зээл олгосон гэх үйл баримтыг нотлох зорилгоор Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 9 ширхэг, Голомт банкны мемориалын баримтын хуулбар болон татвар төлсөн баримтын хуулбарыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 20-22, 23 дугаар тал/
Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр нийт 26,000,000 төгрөгийг “” ХХК-д шилжүүлжээ.
Харин татвар төлсөн баримтын хувьд “” ХХК нь татвар төлөгч байх бөгөөд нэхэмжлэгч төлсөн гэдэг нь нотлогдоогүй. /хэргийн 23 дугаар тал/
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид зээл олгоогүй байна.
Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд автомашин худалдах худалдан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө юм. Улмаар автомашиныг хүлээн авахаас татгалзсан тул төлсөн төлбөрөө баталгаажуулах зорилгоор зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарласан.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар маргаж буй зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй тул нэхэмжлэгчид уг гэрээний дагуу шаардах эрх үүсгэхгүй.
Харин нэхэмжлэгч нь автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан бол энэ талаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хуулийн этгээдтэй байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээний талаар энэ хэрэгт шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1-д зааснаар шүүхээс иргэний маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болговол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 30,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД