Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/02087

 

 

 

 

 

 

                              2022       05          04

                   101/ШШ2022/02087

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Даваа овогт Гансүхийн О /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын О /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,427,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О нь зээлдэгч Н.Оын гуйлтын дагуу түүнтэй 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож түүнд 6.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээл олгохдоо зээлдүүлэгч Г.О 6.000.000 төгрөгийг Н.Оад бэлнээр хүлээлгэн өгсөн. Н.О зээлийг хүлээн авч, энэ талаараа талуудын харилцан тохиролцон 1 хувийн хүүтэй , 20 хоногийн хугацаатай хэрэв зээлийн хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутам 7.000 төгрөгийн торгууль төлөхөөр анзаа тохиролцож гэрээг өөрийн гараар бичиж байгуулсан. Гэтэл О нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул түүнээс үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 1.200.000 төгрөг, анз 3.227.000 төгрөг, нийт 10.427.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн эзгүйд хурлаа үргэлжлүүлье. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт байгаа баримтаар 3.888.000 төгрөгөөс татгалзаж, 6.515.000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь мөнгөө авахаар олон удаа холбогдож байсан. Анх 6 сая төгрөгийг зээлүүлсэн. 1 хувийн хүүтэй, мөн торгууль төлөхөөр тохирсон. Хуулгаар зарим мөнгийг буцаан шилжүүлсэн байна. Хариуцагчийн дансны хуулганд тодруулсныг зөвшөөрнө. Торгуульд 3.227.000 төгрөг тооцсон. Анзаа нягтлангаар бодуулсан тул тайлбарлаж чадахгүй байна.

Миний бие итгэмжлэлд заасан эрх үүргийн дагуу Н.Оаас нэхэмжилсэн 10,427,000 төгрөгөөс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн 3,888,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 6,515,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн гараар бичсэн баримт /хх3/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй боловч шүүхэд Төрийн банк болон Голомт банк дахь өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. /хх26-35/

 

Хэрэгт байгаа байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,989,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,526,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.О нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, анз 3,227,000 төгрөг, нийт 10,427,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,888,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 6,515,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Гэвч эдгээр мөнгөн дүнгийн нийлбэр нь нийт нэхэмжилсэн 10,427,000 төгрөгөөс зөрүүтэй байх тул 6,515,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэж үзсэн болно.

 

Хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй боловч 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд мөнгө зээлсэн талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Н.О нь 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 6,000,000 төгрөгийг нэг хоногт 1 хувь хүүтэй, 20 хоногийн хугацаатайгаар зээлж авсан талаарх баримтыг гараар бичсэн байна. Цаашлаад энэхүү баримтыг үйлдсэн бөгөөд зээл авсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Мөн дээрх баримтад нэг хоногт 1 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т нийцэж байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй.

 

Түүнчлэн нэг хоногт 1 хувийн хүү тооцох нь зээлдэгчид илтэд хохиролтой байх боловч хариуцагч нь энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг багасгах боломжгүй.

 

Эдгээрээс хариуцагчид үүссэн хүү төлөх үүргийг тооцвол 1,200,000 /6,000,000*20%/ төгрөгийн хүү тооцогдоно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй байдаг.

Хариуцагчийн гараар бичсэн баримтаас үзэхэд зохигчид зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол 7,000 төгрөгийн торгууль төлөхөөр тохиролцсон байна.

Тодруулбал, баримтад торгууль гэж анзыг тодорхойлсон тул алдангиар буюу хоног тутам тооцох үндэслэлгүй юм.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчид зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, торгууль 7,000 төгрөг, нийт 7,207,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Улмаар хариуцагчийн Төрийн банк болон Голомт банк дахь дансны хуулганд тэмдэглэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зөвшөөрсөн буцаан төлөлтүүдийг нэмж тооцвол хариуцагч нь нийт 4,218,000 төгрөгийг буцаан төлжээ. /хх26-35/

 

Энд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн дансны хуулгыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул буцаан төлсөн төлбөрийг багасгасан шаардлагаас бус харин үүссэн үүргээс хасаж тооцох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 2,989,000 /7,207,000-4,218,000/ төгрөгт холбогдох хэсгийг гүйцэтгээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Харин мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсэгт холбогдох хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Н.Оаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,989,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,526,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,774 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД