| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/207 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Э.Б, Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б, Г.Ж нарт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн *********сумын ****** дүгээр багийн нутаг “**” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиг, баримтгүйгээр хууль бусаар 1,571 метр куб хэмжээтэй 16 ширхэг хуурай хуш модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, 2025 оны ** дүгээр зарын **-ны өдөр иргэн Г.Ж-д худалдан борлуулж экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 277,105 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Ж нь 2025 оны ** дүгээр сарын //-ны өдөр зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиг, баримтгүйгээр хууль бусаар бэлтгэсэн 1,571 метр куб хэмжээтэй 16 ширхэг хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн *** сумын иргэн Э.Б-ээс гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр худалдан авч, Хөвсгөл аймгийн *** сумын төвөөс **аймгийн ***сум руу Бонго-3 загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ***сумын *** дүгээр багийн нутаг “****” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1,571 метр куб хэмжээтэй 16 ширхэг хуурай хуш модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, 2025 оны 01 дүгээр зарын 16-ны өдөр иргэн Г.Ж-д худалдан борлуулж экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 277,105 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Ж нь 2025 оны ** дүгээр сарын **-ны өдөр зохих зэвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн 1,571 метр куб хэмжээтэй 16 ширхэг хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн **сумын иргэн Э.Бээс гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр худалдан авч, Хөвсгөл аймгийн ***сумын төвөөс **аймгийн ***сум руу Бонго-3 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-25 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 26 тал/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 27 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 тал/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 30 тал/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 165 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 166 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай санал /хх-ийн 33 тал/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 тал/, иргэний нэхэмжлэгч Д.А-ийн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, гэрч А.О-ийн мэдүүлэг /хх-ийн 47,70 тал/, гэрч Б.Т мэдүүлэг /хх-ийн 54 тал/, гэрч Ч.Б мэдүүлэг /хх-ийн 56 тал/, гэрч З.Б мэдүүлэг /хх-ийн 58 тал/, гэрч Ц.А мэдүүлэг /хх-ийн 60 тал/, гэрч Д.Э мэдүүлэг /хх-ийн 62, 68, 73-74 тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 64 тал/, гэрч Э.Б мэдүүлэг /хх-ийн 66 тал/, гэрч Н.Э мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/, ** аймгийн **сумын сум дундын ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-88 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 11 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 925/12177 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-103 тал/, УАЗ-31 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Бонго-3 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /хх-ийн 151 тал/, Байгаль экологид учирсан 831.315 төгрөгийн хохирол төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь **тоот дансанд шилжүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 158 тал/ зэрэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Б, Г.Ж нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Э.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 277.105 төгрөгийн шууд хохирол учирсан нь **аймгийн ***сумын сум дундын ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 831.315 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Б нь экологи эдийн засагт учирсан хохирлын 831.315 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь ***тоот дансанд төлсөн Хаан банкны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 158 тал/-д хэрэгт хавсарган ирүүлсэн байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Бийг Хөвсгөл аймгийн ***сумын нутаг дэвсгэрт 3 ширхэг мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Бт сануулж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Б, Г.Ж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 1.571 м3 мод, шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Орос улсад үйлдвэрлэсэн УАЗ-469 загварын ***улсын дугаартай цэнхэр өнгийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр импортлогдсон тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго-3 загварын ***улсын дугаартай хөх өнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр импортлогдсон тээврийн хэрэгсэл зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байх тул прокурорын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээтэй, УАЗ-469 загварын ***улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Г.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй, Киа бонго-3 загварын ***улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж олсон 1.571 м3 хэмжээтэй 2.5 метрийн урттай, 16 ширхэг хуш модыг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй 1 ширхэг хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б, Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б, Г.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн, худалдан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 3 (гурав) ширхэг мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Б-т сануулсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Г.Ж нарт оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Г.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээтэй УАЗ-469 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Г.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй, Киа бонго-3 загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж олсон 1.571 м3 хэмжээтэй 2.5 метрийн урттай, 16 ширхэг хуш модыг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б, Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Г.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН