Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

 

     2025       04         29                                     2025/ШЦТ/102

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000100053 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, И ургийн овогт Бын Т (РД: ....), 2000 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт ... аймгийн .... сум, ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан;

- Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт З-гийн Б (РД: ...), 2000 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... айлын орон сууцны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн, С ургийн овогт Д-гийн Х (РД: ...), 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл тав, эцэг эх, ах, дүүгийн хамт ... аймгийн ... сум, ... дүгээр багийн .... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Thunder” нэртэй бааранд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө хохирогч Д.Ог шүүгдэгч Б.Т, З.Б Д.Х нар бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан гар болон хөлөөрөө цохиж тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад, дээд уруулын баруун хэсгийн салстад цус хуралт, баруун дээд 6 дугаар шүдний цөгц дотно хэсгээр сэтрэл гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

- Мөн тухайн үед өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хохирогч А.Мыг цохиж зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан;

- Шүүгдэгч Б.Т нь хохирогч О.Гын нүүр рүү гараараа цохиж дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан” гэж тус тус дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),  хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),  хохирогч А.Мын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 19, 21 дугаар хуудас), хохирогч О.Гын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас), хохирогч Д.Огийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 29, 31 дүгээр хуудас), иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ггийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), гэрч Б.Бн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 45, 46, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 52-54, 57-58, 61-62 дугаар хуудас), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 102 дугаар хуудас);

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүхэд шинээр гаргаж өгсөн 3 хуудас нотлох баримт болон шүүгдэгч Ч.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 139, 150, 162 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Thunder” нэртэй бааранд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө хохирогч Д.Ог үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас); 

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас); 

- Хохирогч Д.Огийн “...Өгөөж төвийн В1 давхарт байрлах Таандар нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед н.Магнай явж байгаад унасан. Тэр үед би босоод н.Магнайн хажуугийн ширээнд сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж унагаасан. Би босоод ирсэн чинь нүүр рүү дахин нэг удаа цохисон ба би газар унах үед Б.Т миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэрнээс хойш би толгойгоо бариад хэвтэж байхад дээрээс олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс бид нарыг салгахаар нь А.М О.Га бид хоёрыг дагуулж гараад баарны хаалгыг гаднаас нь хаагаад дарсан. Тэр үед бид хоёр шатаар дээшээ гарч байтал хаалга онгойгоод А.Мыг нэг хүн гарч ирээд цохиж унагаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  29 дүгээр хуудас);

- Хохирогч А.Мын “...Таандар нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед Магнай явж байгаад унасан. Тэр үед Д.О босоод н.Магнайн хажуугийн ширээн дээр сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд Д.Ог зодож эхэлсэн. ...Тэр үед Б.Т болон хамт явсан өндөр залуу хоёр Д.Ог нэлээн олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс тэд нарыг салгахаар нь би О.Га, Д.О нарыг дагуулаад баарны хаалгыг гаднаас нь хаах үед тухайн залуучууд хаалгыг дотор талаас нь өшиглөж гарч ирээд намайг нэг хүн цохисон ба тэр хүнийг хэн гэдгийг би харж амжилгүй манараад уначихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  19 дүгээр хуудас);

- Хохирогч О.Гын “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. ...Өгөөж төвийн В1 давхарт байрлах Таандар нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед Магнай явж байгаад унасан. Тэр үед Д.О босоод н.Магнайн хажуугийн ширээнд сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд Д.Отэй зодолдож эхэлсэн. Би араас нь очих үед Улаангом суманд үсчин хийдэг Б.Т гэх залуу босож ирээд миний уруул хэсэгт нэг удаа цохиж унагаахад намайг А.М босгож авсан. Тэр үед Б.Т болон хамт явсан өндөр залуу хоёр Д.Ог нэлээн олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс тэд нарыг салгахаар нь А.М Д.О бид хоёрыг дагуулж гараад баарны хаалгыг гаднаас нь хаагаад дарсан. Тэр үед Д.О бид хоёр шатаар дээшээ гарч байсан хаалга онгойгоод А.Мыг нэг хүн гарч ирээд цохиж унагаасан. Тэгээд А.М шатаар дээшээ гарч ирэхээр нь А.Мыг дагуулаад явах гэтэл үсчин Б.Т намайг цохих гээд дайраад би зугтаад холдох үед миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиход цаанаас нь нэг залуу Б.Тийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);

 - Гэрч Б.Бн “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сагил сумаас Улаангом суманд ирээд хамаатны Д.О гэх залуутай уулзаад Анхаа гэх залуугийн гэрт очиж найз нарын хамт пиво ууж байгаад орой Таандар бааранд орсон. Бааранд пиво уугаад сууж байгаад согтсон байна. Нэг мэдэхэд би цохиулаад газарт унасан. ...Намайг хэн хаана хэдэн удаа цохисныг би санахгүй байна. Бидэнтэй зодолдож байсан залуусын нэгэн З.Б гэх залуу байсан. Нэг санахад З.Бтай уулзаад ярилцаад зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас);

- Хохирогч Д.Огийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 47 дугаартай “...Тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад, дээд уруулын баруун хэсгийн салстад цус хуралт, баруун дээд 6 дугаар шүдний цөгц дотно хэсгээр сэтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас) зэргээр нотлогдож байна.

2.2. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Thunder” нэртэй бааранд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хохирогч А.Мыг өшиглөж зүүн хөмсөг язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас); 

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас); 

- Хохирогч А.Мын “...2024 оны 12 дугаар сарын 14-ний ...00 цагийн үед Өгөөж төвийн В1 давхарт байрлах Таандар нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед Магнай явж байгаад унасан. Тэр үед Д.О босоод н.Магнайн хажуугийн ширээн дээр сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд Д.Ог зодож эхэлсэн. О.Га яваад очих үед Улаангом суманд үсчин хийдэг Б.Т гэх залуу босож ирээд О.Гын уруул хэсэгт нэг удаа цохиж унагаахаар нь би О.Гыг босгож авсан. Тэр үед Б.Т болон хамт явсан өндөр залуу хоёр Д.Ог нэлээн олон удаа цохисон. Тэр хавьд байсан хүмүүс тэд нарыг салгахаар нь би О.Га, Д.О нарыг дагуулаад баарны хаалгыг гаднаас нь хаах үед тухайн залуучууд хаалгыг дотор талаас нь өшиглөж гарч ирээд намайг нэг хүн цохисон ба тэр хүнийг хэн гэдгийг би харж амжилгүй манараад уначихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);

- Хохирогч Д.Огийн “...Тэр хавьд байсан хүмүүс бид нарыг салгахаар нь А.М О.Га бид хоёрыг дагуулж гараад баарны хаалгыг гаднаас нь хаагаад дарсан. Тэр үед бид хоёр шатаар дээшээ гарч байтал хаалга онгойгоод А.Мыг нэг хүн гарч ирээд цохиж унагаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  29 дүгээр хуудас);

- Хохирогч О.Гын “...Тэр үед Д.О бид хоёр шатаар дээшээ гарч байсан хаалга онгойгоод А.Мыг нэг хүн гарч ирээд цохиж унагаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);

- Хохирогч А.Мын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 45 дугаартай “...Зүүн хөмсөг язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.3. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Thunder” нэртэй бааранд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Т нь хохирогч О.Гын нүүр рүү гараараа цохиж дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас); 

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас); 

- Хохирогч О.Гын “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. ...Өгөөж төвийн В1 давхарт байрлах Таандар нэртэй бааранд ороод пиво уугаад сууж байх үед н.Магнай явж байгаад унасан. Тэр үед Д.О босоод н.Магнайн хажуугийн ширээнд сууж байсан залуучууд дээр очих үед нэг өндөр залуу босож ирээд Д.Отэй зодолдож эхэлсэн. Би араас нь яваад очих үед Улаангом суманд үсчин хийдэг Б.Т гэх залуу босож ирээд миний уруул хэсэгт нэг удаа цохиж унагаах үед намайг А.М босгож авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);

- Хохирогч А.Мын “...О.Га яваад очих үед Улаангом суманд үсчин хийдэг Б.Т гэх залуу босож ирээд О.Гын уруул хэсэгт нэг удаа цохиж унагаахаар нь би О.Гыг босгож авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  19 дүгээр хуудас);

- Гэрч Б.Бн “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сагил сумаас Улаангом суманд ирээд хамаатны Д.О гэх залуутай уулзаад Анхаа гэх залуугийн гэрт очиж найз нарын хамт пиво ууж байгаад орой Таандар бааранд орсон. Бааранд пиво уугаад сууж байгаад согтсон байна. Нэг мэдэхэд би цохиулаад газарт унасан. ...Намайг хэн хаана хэдэн удаа цохисныг би санахгүй байна. Бидэнтэй зодолдож байсан залуусын нэгэн З.Б гэх залуу байсан. Нэг санахад З.Бтай уулзаад ярилцаад зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

- Хохирогч О.Гын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 46 дугаартай “...дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас) зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Уг гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг, өөрсдийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж танхайн сэдлээр хохирогч Д.О, О.Га, А.М нарыг зодсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Огийн эрүүл мэндэд, шүүгдэгч Б.Тий үйлдлийн улмаас О.Гын эрүүл мэндэд, өсвөр насны шүүгдэгч Д.Хын үйлдлийн улмаас хохирогч А.Мын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан тул шүүгдэгч тус бүрийн үйлдэл уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.

Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул тэдгээрийг бүлэглэсэн гэж үзнэ. Харин шүүгдэгч Б.Тий хохирогч О.Гыг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлд болон өсвөр насны шүүгдэгч Д.Хын хохирогч А.Мыг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлд бусад шүүгдэгч нарыг оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж дээрх гэмт хэргүүдийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж, 2.11-т “бүлэглэж” гэж тус тус хүндрүүлэх шинжийг заажээ.

Тодруулбал шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нартай үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжийг, шүүгдэгч О.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх шинжийг;

- Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь шүүгдэгч З.Б, Б.Т нартай үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжийг, шүүгдэгч А.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх шинжийг;

- Шүүгдэгч З.Б нь Б.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нартай үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хангасан байна.

3.3. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёроос дээш хүний эсрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч З.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

Өсвөр насны шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёроос дээш хүний эсрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарын үйлдлийн улмаас хохирогч О.Га, Д.О, А.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Га дахин “...Уг үйлдлийн улмаас миний дээд уруул язарсан гэмтэл учирсан. Тухайн үед эмнэлгээр явж эмчлүүлээгүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  26 дугаар хуудас);

- Хохирогч А.М “...Уг үйлдлийн улмаас миний хөмсөг задарсан тул 5 хоног эмнэлгээр явж боолт хийлгэсэн. Энэ хугацаанд хувиараа ажиллуулдаг автомашины дугуй засварын газраа ажиллуулж чадаагүй. Иймээс эм тариа, боолтын мөнгө болон 5 хоногийн засварын газрын орлого, нийт 500’000 төгрөг нэхэмжилж байна. Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас) тус тус өгсөн бол хохирогч Д.О “...Б.Т, З.Б, Д.Х нар учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад тэднээс нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй болно” гэх (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас) тодорхойлолт гаргажээ.

Хохирогч А.Мын мэдүүлэгт дурдсан нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул хангах үндэслэлгүй байна. Харин хохирогч О.Га, Д.О нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхээс татгалзсан тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохиролгүй гэж дүгнэв.

4.2. Иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ггийн “...цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч А.Мын мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ авч 116’303 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амбулаторийн үзлэгт хамрагдаж 40’000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амбулаторийн үзлэгт хамрагдаж 26’628 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амбулаторийн үзлэгт хамрагдаж 26’628 төгрөгийн зардлыг нийт 209’559 төгрөгийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна.

Хохирогч Д.Огийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүх үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэг амбулаторийн үзлэгт хамрагдаж 31’049 төгрөг, 73’128 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 49’980 төгрөгийн эмийн хөнгөлөлт, нийт 154’157 төгрөгийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна.

Энэ төлбөрүүд нь хохирогч нараас болон бусад хүнээс төлөгдөөгүй. Шууд Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт үзүүлсэн тусламж үйлчилгээний зардал болгож өгсөн байна. Иймээс энэ зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) өгчээ.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ггийн нэхэмжлэл нь Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим системээс авсан хохирогч А.М, Д.О нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүснэгт (хавтаст хэргийн 187, 189 дүгээр хуудас) гэх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас хохирогч Д.Огийн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 154’157 төгрөгийг шүүгдэгч Б.Т төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Хохирогч А.Мын эрүүл мэндэд өсвөр насны шүүгдэгч Д.Х хохирол учруулсан тул уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 209’559 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагч Г.Бээс гаргуулах үндэслэлтэй. Тодруулбал Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний хариуцагч Г.Бээс 209’559 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.Тий хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 171 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Т нь эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, үсчин хийдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан гэх хувийн байдал;

Шүүгдэгч З.Бгийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 169 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч З.Б нь эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал;

Өсвөр насны шүүгдэгч Д.Хын хувийн байдлын талаар иргэний төрсний мэдээлэл (хавтаст хэргийн 100 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 170 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр өсвөр насны шүүгдэгч Д.Х нь эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч З.Бд 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өсвөр насны шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял сонгож оногдуулахаар хуульчилсан.

3.2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял;

- Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтоодог.

Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 (хоёр зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

4. Мөрдөгч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч З.Б, Б.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 163, 165, 167 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Харин эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг ди ви ди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И ургийн овогт Бын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч Ж ургийн овогт З-гийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Өсвөр насны шүүгдэгч С ургийн овогт Д-гийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар;

- шүүгдэгч З.Бг 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 (хоёр зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Т, З.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаангом тохижилт үйлчилгээний газарт олон нийтийн гудамж талбай цэвэрлэх ажлыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн нас биед тохирсон эрүүл мэнд, ёс суртахуун хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэхийг сонгож өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Т, З.Б болон өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Т, З.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний хариуцагч Г.Бээс 209’559 (хоёр зуун есөн мянга таван зуун тавин ес) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг ди ви ди дискийг хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА