| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/180 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М-т холбогдох эрүүгийн ****дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2025 оны ** дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ****сумын ***дугаар багийн нутаг дэвсгэр “**” гэх газарт иргэн З.Тын гэрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ог “миний ахыг зодож дарамталж дээрэлхдэг балай авгай” гэж үснээс нь зулгаан газар мөргүүлж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ***** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч З.М нь 2025 оны ** дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ***дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт иргэн З.Тын гэрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Отой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мын өгсөн: “…мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Огийн өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 31-ний 04 цаг 30 минутад хөдөө манай гэрт манай хадам дүү М.Р Н.Т, Б.Х гэх 2 залуугийн хамт согтуу орж ирсэн. Тэгээд согтуу орж ирээд архи гаргаж ирээд манай нөхөр Т.Рыг босгоод хамт уусан.Би удалгүй босож хоол цай хийж өгсөн. Тэр хэд 4 шил архи гаргаж ирж уусан. М.Р 2 шил архи уугаад тасраад унтсан. Тэгээд унтаж байгаад босож ирээд хамт ирсэн Н.Ттайгаа муудалцаад байсан, Тэгж байтал гадаа гэгээ ороод манай нөхөр тэр 3-т хандаж бид 2 өглөө ажилтай одоо явцгаа гэж хэлсэн. Тэгээд М.Р Н.Ттай муудалцаж байснаа намайг гадаа явахад хараад чи миний ахыг зодож дарамталж, дээрэлхдэг балай авгай гээд барьж аваад үснээс зулгааж толгойгоор газар луу 2 удаа мөргүүлсэн. Хамт явсан Б.Х нь дундуур тэвэрчихээд салгахгүй бариад зогссон. Би энэ үед юу болсныг санахгүй ухаан балартсан байхад манай нөхөр гэрт оруулсан байсан. Намайг сэрэхэд нөгөө 3 явчихсан байсан. Миний толгойгоор газар 2-3 удаа үснээс зулгааж мөргүүлсэн. Өөр биед халдсан зүйлгүй. Б.Х байсан Н.Тыг байсныг мэдэхгүй байна. Манай нөхөр машинаа асаах гэж байсан болохоор хажууд байгаагүй, Би архи уусан асуудал байхгүй, Миний толгой одоо байнга өвдөж удаан суухаар дотор муухай оргиулаад байдаг болсон... 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 04 цагийн үед манай нөхрийн хуурай дүү болох Н.Т, хадам дүү З.М, нэг танихгүй залуу Б.Х гэсэн байх тэр гурав манайд согтуу ирсэн. Н.Т ахындаа цагаан сараар золгож чадаагүй гээд манай нөхөртөө золгоод байхаар нь би босоод цай хоол хийж өгөөд манай нөхөр З.Т нэрийг нь сайн мэдэхгүй 0.5 литрийн орос архи, 0.5 литрийн хятад эмчилгээний архи, Хараа нэртэй 0.5 литрийн архи, талдаа орсон байсан Агар нэртэй 0,5 литрийн 4 шил архи уусан. Манай хадам дүү З.М эхний 2 шил архи уугаад тасраад унтаж байгаад сэрээд хамт ирсэн Н.Т гэдэг залуутай маргалдаж байхад манай нөхөр Б.Т.Р та гурав одоо яв гэртээ харьж унт гээд бид хоёр одоо ажилтай гэж хэлсэн. Манай хадам дүү З.М нь үгийн зөрүүгүй намайг гэрийн гаднаас чирээд малын хашаа хүртэл үснээс зулгааж чирсэн. Чи миний ахыг зодож дарамталдаг гэсэн гээд үснээс зулгаагаад тавихгүй байхаар чи миний үсийг тавьчих гээд гуйгаад байхад тавиагүй толгойгоор минь газар луу хоёр удаа цохиод авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 44-45 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б өгсөн: “Э.О нь эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 274.560 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 274.560 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 41 тал/,
Гэрч Э.Н.Тын өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө 04:00 цаг болж байхад М.Р, Б.Х гэх хүмүүстэй Т.Р гэдэг айлд очсон байсан. Т.Р ах архи гаргаж ирээд тавуулаа 3 шил архи хувааж уусан. Тэгээд өглөөгүүр 08:00 цагийн үед Т.Р айл нүүлгэх гэсэн эхнэр нь явуулахгүй гээд маргалдаж эхэлсэн. Т.Р эхнэрийгээ заамдаж авсан тэхээр нь боль гээд салгасан. Эхнэрээ дагуулаад малын хашаа руу явж байгаад давхралдаад шургаад унасан. Эхнэр нь гэртээ ороод хоймор байсан зургийн жаазаа газар унагаад дэвсээд байсан. Т.Р ах М.Р, Б.Х бид гурвийг яв яв гэсэн тэгээд бид нар явцгаасан түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч З.Тын өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Би ****сумын төв ***дугаар багт байдаг өөрийн гэртээ эхнэр О.О хүүхдийн хамт унтаж амарч байсан. Өглөө 04 цаг 40 минутын үед *** сумын иргэн Н.Т, миний дүү З.М, тус багийн иргэн Б.Х тэр гурав манай гэрт ирсэн. Тэр гурав архи уусан халмаг ирсэн. Тэгээд Н.Т гэдэг таньдаг залуу танайхыг айл болоход ирж чадаагүй гээд золгосон. Би нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи задалсан. Энэ хооронд манай эхнэр босож цай хоол хийсэн. Дахиад нэг шил 0,5 литрийн архи гаргаж задалсан. Дараа нь 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи задалж өгсөн. Би өглөө 07 цагт айл нүүлгэх ажилтай байсан. Гэрээс гараад гадаа машинаа засаж байтал гэрийн гадаа манай эхнэр хашхирч орилохоор нь очсон. М.Р дүү чинь намайг цохиж зодлоо гээд ирсэн хүмүүсийн мотоциклийг өшиглөж унагаагаад байсан. Тэгэхээр нь би очиж эхнэрийг болиулсан чинь дүү М.Р чинь намайг үсдэж газар мөргүүллээ гэж над руу дайраад намайг толгой руу цохисон, Эхнэрийг Б.Х араас нь тэврээд цааш нь авч явж салгасан. Энэ үед би дүү М.Рыг аваад гэрийн зүүн тал руу аваад тойрсон . Чи эхнэрийн үс толгойноос зулгаасан юм уу ? гэж асуухад би О.О эгчийг үстэж цохиж зодоогүй гэж байсан. Тэгээд буцаад гэрээ тойроод ирэхэд эхнэр О.О ухаан алдаад унасан байхаар нь Б.Хтөй хамт өргөж гэртээ оруулсан. Тэгээд ирсэн хүмүүс явцгаасан эхнэр удахгүй ухаан орж босож ирсэн. Тэгээд би сумын төв рүү утсаар холбогдож эмч дуудсан. Нүүр, ам, ил харагдах газраа бэртсэн гэмтсэн, цус гарсан зүйл байгаагүй. М.Р хамрын цус нь гоожсон байсан. Би эхнэр О.Огийн биед халдсан болон бид хоёрын хувьд муудалцсан асуудал байхгүй. Тухайн өдрийн 04 цаг өнгөрч байхад манай дүү М.Р, Н.Т, Б.Х 3 согтуу ирсэн. Тэгээд манайхыг айл болсноос хойш ирээгүй болохоор ганц хоёр шил архи задалж өгсөн. Тэгж сууж байгаад Н.Т ах эхнэрээ босгооч танилцая цайг нь ууя гэхээр нь босгосон. Тэгээд 07 цагийн гээд би айл нүүлгэх ажилтай байсан. Өглөө манайхаас бөөндөө гараад би машинаа засаж байгаад задгай үлдээсэн юмаа янзалж байсан гэрээс манай эхнэр орилоод байхаар нь машинаас буугаад ирсэн надад хандаж танай дүү намайг үстэж зодлоо гээд байхаар нь М.Рыг аваад гэрийн араар ороод эхнэрийг зодсон юмуу гэж асуусан үгүй гэхээр нь буцаад ирсэн ухаан алдаад уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
Гэрч Д.Б.Хийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 04 цаг өнгөрч байхад Н.Т, М.Р гэх 2 ахтай Т.Р ахынд очсон. Бид 3-г очиход Т.Р ах эхнэр хүүхэдтэй амарч байгаад босоод бид 3-т архи задалж өгсөн. Бид 4 тэрийг архийг хувааж уугаад дуусахад Т.Р ах дахиад нэг шил архи гаргаж ирж уусан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байсан байх Т.Р ах айл нүүлгэнэ гээд машинаа асаах гэж байхад эхнэр О.О нь явуулахгүй гээд түлхүүрийг нь булаацалдаж цохиод байсан. Бид нар ч явах гээд гарч ирчихсэн тамхи татаад зогсож байсан. О.О эгч бид нарын унааг түлхэж унагаад байхаар нь би унаагаа босгоод зогсож байсан. М.Р ахыг бас О.О эгч цохиж нүдээд үснээс нь зулгаагаад хамрын цусыг нь гаргачихсан. Н.Т ах цусыг нь цэвэрлэж харагдсан. М.Р ах О.О эгчид гар хүрч зодсон асуудал байхгүй, харин зодуулсан. О.О эгч хашааны буланд ус тогтож хөлдсөн байсан газар хальтарч уначихаад босож ирээд М.Р ах руу намайг энэ зодлоо гээд орилж чарлаад бөөн юм болж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаартай Э.Огийн биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, дуудлагаар үзсэн эмчлэгч эмийн тэмдэглэл /ххийн 17 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 19 тал/,
Хөвсгөл аймгийн ****сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай албан бичиг /хх-ийн 50 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Шүүгдэгч З.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр 03-04 цагийн үед төрсөн ах болох З.Тынд Э.Н.Т, Д.Б.Х нарын хамт очоод Н.Т ах найр, цагаан сараар ахындаа ирээгүй юм байна гээд чагтагийн мялааж байна гээд хонь амласан юм. Бэр эгч Э.О удалгүй босож ирээд хоол цай хийж өгөөд байж байсан чинь ах Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи гаргаж ирээд задлаад бид гуравт хундаганд хийж өгөөд 1 шил архиа дуусгаад би нилээн муудаад байж байсан чинь ах дахиад нэрийг сайн мэдэхгүй 1 шил архи гаргаад ирэхээр нь 3 хундага архи уучихаад би унтаад өгсөн юм. Унтаж байхад манай төрсөн ах З.Т сэрээгээд явъя гээд бүгд гэрээс гараад ах машинаа асаах гээд машиндаа суух хооронд Н.Т ах бид хальт маргалдаад учраа олоод байж байсан. Манай ахыг О.О эгч айл нүүлгэх гээд явах гэсэн чинь явуулахгүй гээд уурлаад байсан. О.О эгч удалгүй муу сайн архичид гээд намайг хэл амаар доромжлоод үгийн зөрүүгүй намайг үсдээд алгадаад авахаар би зөрүүлээд үснээс нь татаад буцаагаад үсийг тавьсан юм. Миний хамрын цус гоожихоор нь Н.Т ах цэвэрлэж өгөөд бид гурав явсан. Э.ийн О.О нь миний төрсөн ахын эхнэр нь байгаа юм. Ер нь санамсаргүй байдлаас болж бэр эгч бид 2 маргалдаж үснээсээ зулгаалцсан юм. Би бэр эгчийнхээ эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Даваахүү гаргасан: “...шүүгдэгч З.М нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн З.Тын гэрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ог миний ахыг зодож, дарамталж, дээрэлхдэг балай авгай гэж үснээс нь зулгааж газар мөргүүлэн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм буруу нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан болон шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлог тогтоогдож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хангалттай хүрэлцэхүйц гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч З.М нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн З.Тын гэрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ог миний ахыг зодож, дарамталж, дээрэлхдэг балай авгай гэж үснээс нь зулгааж газар мөргүүлэн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын фактын 9 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дах заалтуудад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг тусгаж баталгаажуулсан. Гэмт хэрэг нь идэвхтэй үйл ажиллагаа зан үйл бөгөөд илрэх хэлбэр нь бие эрхтэн, ам, хэлний дохио зангаар илрэн гардаг. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь санаатай үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байх шалтгаант холбоог заавал шаарддаг. Иймд шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэх дүгнэлтийг гаргасан ба З.М нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.О, иргэний нэхэмжлэгч Ц.Б, гэрч Э.Н.Т, З.Т, Д.Б.Х нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт, дуудлагаар үзсэн эмчлэгч эмийн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч З.М нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ***дугаар багийн нутаг дэвсгэр “**” гэх газарт иргэн З.Тын гэрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Отой үйл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.П үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Огийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч З.Мын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч З.Мын хохирогч Э.Огийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.М нь хохирогч Э.Огийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйх, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч З.Мын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч З.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Э.О нь шүүхэд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 44-45 тал/-д авагдсан байх тул шүүгдэгч З.Мыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Э.Од төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ц.Б тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 274.560 төгрөгийг шүүгдэгч З.Маас нэхэмжилсэн, шүүгдэгч З.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 274.560 төгрөгөөс 210.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн Төрийн банкны 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 64 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч З.Маас үлдэгдэл төлбөр 64.560 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн **дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Мын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Даваахүү гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлын нөхөн төлсөн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирогчид төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 274,560 төгрөгөөс 210,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 64,560 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзэж шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч З.Мын хувийн байдлын байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Мт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтбаатарын З.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч З.М-аас 64.560 (жаран дөрвөн мянга таван зуун жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН