| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/03876/И |
| Дугаар | 101/ШШ2022/03621 |
| Огноо | 2022-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2022/03621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух Цоохрууд овогт М*******ы Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Цогт овогт П*******ийн Б /РД:/-т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* овогтой Э миний бие 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Я.Уг төлөөлж П.Бтой гэрээ байгуулж улсын дугаартай тоёота чезер маркийн суудлын авто машиныг 4,800,000 төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу М.Э миний бие өөрийн ХААН банкны дугаарын данснаас 2022 оны 01 сарын 23-ны өдөр П.Бийн ХААН банкны тоот данс уруу 4,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 4 улсын дугаартай тоёота чезер маркын суудлын авто машины торгуульд 600,000 төгрөгийг төлөхөөр болсон. Гэрээ байгуулсны дараа миний бие авто машиныг биет байдлаар хүлээн авч 4 улсын дугаартай Тоёота чезер маркийн суудлын авто машиныг өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж Авто тээврийн үндэсний төвд хандахад тус авто машин нь Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт Я.Уын нэр дээр 2019 оноос битүүмжлэлтэй хоригтой шилжих боломжгүй гэсэн болно. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт очиж лавлахад уг авто машин нь П.Бт итгэмжлэл өгсөн Я.Уын нэр дээр битүүмжлэл хоригтой байгаа талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь тайлбарласан болно. Зарсан авто машин нь эрхийн зөрчилтэй байгаа талаар П.Бт тайлбарласан боловч зугтаад улмаар утсаа авахгүй байна. Иймд эд хөрөнгийн эрхийн зөрчилтэй авто машин худалдсан П.Боос 4,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Машин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаад, төлсөн 4,2 саяыг буцаан авна. Авсан машинаа шилжүүлж авах гэтэл шүүхийн шийдвэрийн хоригтой гээд авч чадахгүй байгаа тул татгалзаж байна. Иймд мөнгөө авна. Мөн 2022 оны 1 сард хариуцагч уруу Хаан банкаар шилжүүлсэн. Хариуцагч бас өөр хүнээс авсан гэдэг. Гэтэл итгэмжлэл хийлгэсэн байдаг. Би бол худалдах худалдан авах гэрээ хийж авсан юм гэв.
Хариуцагч П.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Эгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
П.Б миний танил Уламбаяр нь 2021 оны 12 сарын 10-ны өдөр өөрийнхөө унаж явсан марк 2 чейзер 4393УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,600,000 төгрөгөөр зармаар байна гээд намайг худалдан аваач гэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд машиныг нь хэлсэн үнээр нь худалдан авсан юм.
Ингээд би мөнгийг нь гэх өөрийнх нь хэлсэн дансанд шилжүүлээд машиныг унаж байгаад Эд 2022.01.23-ны өдөр худалдсан билээ. Би анхнаасаа Уламбаяртай “тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ” байгуулаагүй харин бусдад дамжуулан худалдах эрх олгосон “итгэмжлэл” хийлгэж авсан учраас тухайн машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн битүүмжлэлтэй гэж мэдээгүй юм. Гэтэл Э нь машиныг битүүмжлэлтэй байсныг нь мэдсэн байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ч мөн ялгаагүй мэдээгүй учраас энэ хэрэгт Уламбаярыг хамтран хариуцагчаар оруулж нэхэмжилж байгаа мөнгийг Уламбаяраас гаргуулах хүсэлтэй байна.
Би бас мэдэхгүй авчихсан юм. Анх авсан хүнээсээ асуудлыг шийдэж өгнө үү гэж хүссэн. Ут мөнгийг нь өгсөн боловч У гэж хүний машин байсан. Би тухайн үед барьцаанд байсныг мэдээгүй юм. Уужимбаяраас нэр шилжүүлэх талаар зөндөө гуйсан боловч тэгье гэсэн боловч утсаа авахаа больсон. Битүүмжийн асуудлыг Уд хэлэхэд тийм гэж хэлсэн. Хүүхдийн тэтгэлгийн асуудал ярьдаг. Би анх Уламбаярт хэлээд зарсан гэдэг. Нэхэмжлэгчээс 4,200,000 өөрийн дансаар авсан. Яг одоо нэхэмжлэлийг зөвшөөрөхөд хэцүү байна. Мөнгөгүй байна. Би анх зарах эрхтэй гэхээр нь итгэмжлэл авчихсан байсан юм. Анхнаасаа цааш нь зарах зорилготой авсан гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх4/, улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх5/, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6-7/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх8/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх18/, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх19, 21/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх20/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Э нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 4,200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч П.Б нь худалдах худалдан авах гэрээ байгуулж, автомашины үнэнд 4,200,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй боловч санхүүгийн боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхөөс татгалзсан.
Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр автомашин худалдах худалдан авах тухай 4,800,000 төгрөгийн үнэ гэрээ байгуулсан байна. /хх6-7/
Энэхүү гэрээг худалдагч Я.Уыг төлөөлж 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч П.Б байгуулжээ. /хх8/
Хариуцагч нь Я.Уын автомашиныг анх худалдан авсан бөгөөд дамжуулан зарах зорилготой байсан тул итгэмжлэл авсан гэж тайлбарласан.
Иймд хэдийгээр өмчлөх эрхийг бүртгэлийн байгууллагад шилжүүлэн аваагүй боловч хариуцагч П.Б нь өөрийн захиран зарцуулах эрхтэй эд зүйлийг худалдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Дээрх худалдах худалдан авах гэрээний зүйл болох 4 улсын дугаартай Toyota, Chaser маркийн автомашин нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь битүүмжлэлээс чөлөөлж, улмаар нэр шилжүүлэх талаар удаа дараа шаардсан. Цаашлаад хариуцагч нь анх худалдан авсан гэх Я.Уд битүүмжлэлээс чөлөөлөх талаар хэлсэн боловч биелэгдээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.
Нэгэнт гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үнэнд 4,200,000 төгрөг төлсөн болох нь түүний Хаан банк дахь тоот дансны хуулгаар тогтоогдсон. /хх4/
Энэхүү мөнгийг хүлээн авсан тоот дансны эзэмшигч нь хариуцагч П.Б болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хх18/
Хариуцагч нь 4,200,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч П.Боос 4,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД