| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0066/э |
| Дугаар | 2025/ШЦТ/104 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 23.1.1, 23.1.2.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/104
2025 04 30 2025/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Х.Б, Т.Э, Ш.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000073 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М ургийн овогт Х-гийн Б (РД: ....), 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Боршоо хүдэн ХХК-д жолооч ажилтай, ам бүл зургаа, эхнэр дөрвөн хүүхдийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... тоотод оршин суудаг (... аймгийн .... сум, ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай), эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Тын Э (РД: .....), 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт ... аймгийн .... сум, ... дугаар багийн .... тоотод оршин суудаг ((... аймгийн .... сум, ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай), эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, М ургийн овогт Ш-ын Н (РД: ....), 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, компьютерын эх бэлтгэгч мэргэжилтэй, Боршоо хүдэн ХХК-д жолооч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт .... аймгийн ... сум, ... дугаар багийн .... тоотод оршин суудаг (... аймгийн .... сум, ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай), эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн товч агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “яллагдагч Х.Б, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг алба үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх шинжээр, мөн шүүгдэгч Ш.Нын үйлдлийг тус хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэх шинжээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Gold” караокед хэрүүл маргаан үүсгэж, биед халдсан гэх дуудлагаар очсон Увс аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтой С.Гыг шүүгдэгч Х.Б хүч хэрэглэн эсэргүүцсэн; мөн дуудлагаар очсон Увс аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтой С.Г, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой Н.А нарыг шүүгдэгч Т.Э нь хүч хэрэглэн эсэргүүцсэн нь; мөн шүүгдэгч Ш.Н нь Увс аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой Н.Аийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа албаны хэрэгцээнд ашиглаж байсан энгэрийн камерыг эвдэж 592’000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас), хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 8-15 дугаар хуудас), цагдаагийн албанд ашигладаг энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас), хохирогч С.Гын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 53-54, 56 дугаар хуудас), хохирогч Н.Аийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 59-61, 63 дугаар хуудас), гэрч Б.Аийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас), гэрч Б.Азбаярын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрч О.Агийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), гэрч Б.Баттогтохын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас), хохирогч С.Гын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас), хохирогч Н.Аийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Т.Э нарын цагдаагийн албан хаагчийг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ш.Нын цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа цагдаагийн албанд ашигладаг энгэрийн камер эвдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Х.Б, Т.Э нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Ныг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Б, Т.Э, Ш.Н нар холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэхүү гэмт хэргийн улмаас цагдаагийн алба хаагч нарт хохирол учраагүй байна. Харин иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газарт 592’000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ш.Н уг хохирлыг нөхөн төлсөн нь иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганхуягийн “...Ш.Н сайн дурын үндсэн дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгууллагын эд хөрөнгө болох энгэрийн камерыг шинээр худалдан авч өгсөн тул цаашид Ш.Наас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх агуулгатай мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дугаар хуудас)-ээр нотлогджээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Быг тус хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 500’000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг ди ви ди диск нь нотолгооны ач холбогдолтой хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв. Харин хууль сахиулах албаны хэрэгцээнд ашиглагддаг эвдэрсэн энгэрийн камерыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М ургийн овогт Х-гийн Б, Б ургийн овогт Тын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М ургийн овогт Шын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг 3’000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд сар бүр 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Б, Ш.Н тус бүрд тэнсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Тэнсэн хугацаанд шүүгдэгч нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тус хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Х.Б, Ш.Н, Т.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг ди ви ди дискийг хэргийн хамт хадгалж, 1 ширхэг эвдэрсэн энгэрийн камерыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА