Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02298

 

 

 

 

 

 

                              2022       05          16

                   101/ШШ2022/02298

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8а байр 6 тоотод оршин суух Боржигон овогт Түмэнгийн Т /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, жуковын музей, 2 дугаар байр, 75 тоотод оршин суух Гал овогт Сэрмүүний Н /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч З.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрт, 2 500 000 алданги, 500 000 төгрөгийн хүү, нийт 8 000 000 төгрөгийг С.Нэс гаргуулах тухай. Хариуцагч нь 1 800 000 төгрөгийг бэлнээр зээлж авч, үлдсэн мөнгийг дансаар шилжүүлэн авч зээлсэн. 5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 2021 оны 10 дугаар сарын 5-нд хүртэл хугацаагаар зээлсэн боловч хугацаандаа зээлээ төлөөгүй. Эхний нэг сарын хүү гэж 250 000 төгрөг өгсөн. Хариуцагч зээлээ өгөх ёстой хугацаандаа өгч чадаагүй тул 12 дугаар сарын 10-нд бүрэн төлнө гэсэн тодорхойлолт бичиж өгч, зээлийн гэрээ байгуулъя гээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан нь хариуцагчийн санаа байсан бөгөөд хариуцагчид итгэж байсан учир мөнгөө зээлсэн. Гэтэл одоо болтол зээл, зээлийн хүү, алдангиа төлөхгүй, утсаа авахгүй байгаад гомдолтой байна. Хариуцагчийн иргэний үнэмлэх дээр БЗД 14 хороо 5 гудамж 134 тоот гэсэн байгаа боловч энэ хаягтаа огт амьдардаггүй юм. Иймд хариуцагч С.Нэс 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь 5 000 000 төгрөг зээлсэн талаар огт маргадаггүй бөгөөд 0.6 хувийн алданги төлөх талаараа өөрийн гараар бичсэн тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Ирцтэй холбоотойгоор надад 96 цагийн өмнө тов мэдэгдсэн. Хариуцагч нь товоо лавлах үүрэгтэй тул эзгүйд нь шийдвэрлүүлэх саналтай.  8 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх 5 сая төгрөг зээлсэн. Хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар хүү алданги тооцно. Хариуцагч нь 6,5 саяыг зөвшөөрдөг боловч гэрээнд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч нь нийт 5 сая авсан талаар маргадаггүй. Гараар бичсэн баримт дээр хүү алданги төлнө гэдэг гэв.

 

Хариуцагч С.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Таас зээлсэн 5,000,000 төгрөг үндсэн хүү алданги төлсөн гэж үзэж байгаа тул үндсэн 5,000,000 төгрөг, 2022.05.15 2,500,000 төгрөг, 2022.05.30 2,500,000 төгрөг хувааж төлөх боломжтой.

Миний бие Т.Таас зээлсэн 5,000,000 төгрөг хүү 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөг төлөх хүлээн зөвшөөрч байна. 2022.05.15 2,500,000 төгрөг, 2022.05.30 4,000,000 төгрөг хуваан төлөхөө илэрхийлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн гараар бичсэн баримт /хх4/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн зээлийн гэрээ /хх5/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Т нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь шүүхэд 2 удаа тайлбар гаргасан бөгөөд сүүлд гаргасан тайлбараараа нийт 6,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр нийт 5,000,000 төгрөг зээлээр авсан талаар бичгээр баримт үйлдсэн байна. Энэхүү баримтыг үйлдсэн талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийн зээл олгож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх4/

Энэхүү баримтад 1,800,000 төгрөгийг хүлээн авсан огноог бичээгүй боловч 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө олгогдсон гэж үзэхээр байна. Учир нь мөнгийг хүлээн авсан цаг хугацааны дарааллаар бичжээ.

Харин 2,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 1,200,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хүлээн авсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх баримтад заасан зээл олгосон огноог шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зөвшөөрсөн.

 

Улмаар зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх5/

 

Дээрх үйл баримтаас үзэхэд зээлийн гэрээг нөхөж байгуулжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулах үед мөнгө олгогдоогүй байна.

Иймд зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Цаашлаад зээл олгох үед бичгээр гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги тус тус шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 250,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 4,750,000 төгрөг юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг хязгаарлах бөгөөд харин үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөх, биелүүлэхийг хязгаарлахгүй.

Иймд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Тодруулбал, хариуцагч нь буцаан төлсөн 250,000 төгрөгийг хүүд тооцож, үндсэн зээлийг 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч С.Нэс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагчаас 118,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД