Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/01816

 

 

 

 

 

 

 

 

2022 04 20

101/ШШ2022/01816

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* Э /рд:-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах Т констракшн ХХК /рд:/-д холбогдох,

30,820,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 01 өдрийн №063 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээс татгалзаж урьдчилгаа төлсөн төлбөр 13,000,000 төгрөг болон алданги 1,020,500 төгрөг, мөн 2018 оны 08 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээний төлбөр 16,800,000 төгрөг, нийт 30,820,500 төгрөгийг гаргуулах нь. Миний бие Жаргалсайхан овогтой Э нь №063 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Т констракшн ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын бүрэн цутгамал орон сууцны цогцолбор хотхонд 9 давхрын 903 хаалганы дугаартай, 47,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан. Тус гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 27-нд төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа хийж 2005 оны Bongo 3 маркийн цагаан өнгөтэй ачааны автомашиныг 13,000,000 төгрөгөөр тооцож Т констракшн ХХК-д шилжүүлэн өгч, гэрээний үлдэгдэл төлбөр 33, 876.500 төгрөг болсон. Гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар Гүйцэтгэгч нь орон сууцны барилгын батлагдсан зураг, төслийн дагуу Монгол улсын Барилгын тухай хуулийн болон холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцсэн орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн заасан үүргээ биелүүлээгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 21 -ны өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус компанид өргөдөл гаргаж Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээс татгалзах саналтай байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч миний өргөдлийг одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй, мөн биечлэн очиж уулзахад удахгүй орно хүлээж бай гэсэн хариуг өгч хэл амаар доромжилсон. Миний бие орон сууц захиалгын гэрээний дагуу тус байрыг гэрээнд заасан хугацаанд барилгын 2019 оны 4-р улиралд багтаан барьж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх хүртэл 2018 оны 08 сарын 14-ны өдөр 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сар хүртэл хөлсөлсөн. Гэтэл гүйцэтгэгч Т констракшн ХХК манай материалын нийлүүлэх хугацаа саатсан гэх шалтгаанаар барилга ашиглалтад орох барилгын ажил зогссон. Захиалагч миний бие цааш үргэлжлүүлэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 30 өдрийг хүртэл дахин орон сууц хөлсөлсөн. Захиалсан орон сууц хэзээ ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгч намайг маш ихээр хохироож байгаа учир нийт орон сууц хөлсөлсөн төлбөр болох 16,800,000 төгрөгийг мөн нэхэмжлэл байна. Одоо дахин хүлээх боломжгүй болсон тул тус гэрээний 7.1 дэх хэсэгт Гэрээний явцад гарсан маргааныг талууд зөвшилцлийн журмаар шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээн заасны дагуу шүүхэд хандаж байна. Мөн энэхүү гэрээ нь тэгш эрхийн зарчмыг алдагдуулж захиалагч талын эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэтэрхий нэг талыг баримталсан гэдэг нь харагдаж байгаа тул Монгол Улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ хэмээн заасны дагуу дээрх гэрээнээс татгалзах саналтай байгаагаа мэдэгдэж байсан. Иймд 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн №063 дугаар тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээс татгалзан урьдчилгаа төлбөр 13,000,000 төгрөгийг болон дээрх гэрээний 5.3 дах хэсэгт зааснаар Гүйцэтгэгч тал нь ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 3 сар хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө хэмээн заасны дагуу алданги 1,020,500 төгрөг, мөн 2018 оны 08 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлсөлсөн гэрээний төлбөр болох 16,800,000 төгрөг, нийт 30,820,500 төгрөгийг Т констракшн ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.

Төлсөн 13 000 000 төгрөг гаргуулна, алданги 1 020 500 төгрөг, түрээсийн төлбөр буюу хохирол 16 800 000 төгрөг, нийт 30 020 500 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууц захилгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2019.12.27-нд төлбөр тооцооны баталгаа хийсэн. Үүгээр машиныг 13 саяар тооцож өгсөн. Үлдэгдэл төлбөр нь 33 876 500 төгрөг болсон. Машиныг ахаасаа зээлж аваад өгсөн. Улмаар ахдаа машины төлбөрийг төлсөн. Хариуцагч нь гэрээний 3.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж төлсөн 13 саяа нэхнэ. Барилгыг ажил 2019 оны 6 сараас хойш явагдаагүй. Энэ талаар асуухад зээл хөөцөлдөж байгаа гэдэг. Байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орох боломжгүй болсон тул гэрээнээс татгалзах саналаа гаргасан. 3 удаа хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 8 сараас 2022 оны 6 хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж төлбөрийг төлсөн. Хариуцагчийн зүгээс 2018 оны 8 сараас эхлээд бүх хөлсийг нэхэж байна гэдэг боловч бид орон сууц ашиглалтад орох байсан 2019 оны 4-р улирлаас хойш хугацааны төлбөр нэхэж байгаа юм. Үүнийг нэхэх үндэслэл нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг ашиглалтад оруулсан бол үүнийг төлөхгүй байсан. Алдангийг гэрээний 5.3-т зааснаар тооцсон. Хоногт 0.01 хувиар тооцоод 1 020 500 нэхэж байгаа юм. Түрээсийн төлбөрийг 2020.01.01-с эхлэн тооцсон. Алдангийг 2020.03.01-с эхлэн тооцсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т Констракшн ХХК /РД:/ нь нэхэмжлэгч Ж.Эийн тус шүүхэд гаргасан 2019 оны 5-р сарын 01-ний өдрийн №063 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 13,000,000 төгрөг болон алданги 1,020,500 төгрөг, мөн 2018 оны 8-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэлх орон сууц хөлслөх гэрээний төлбөр 16,800,000 төгрөг, нийт 30,820,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Т Констракшн ХХК нь нэхэмжлэгч Ж.Этэй 2019 оны 5-р сарын 01-ний өдөр №063 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг Ж.Эт 2019 оны 4-р улиралд буюу 12-р сарын 31-ний өдрийн дотор барьж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч орон сууц нь компанийн ажиллах хүч болон барилгын материалын импортоос хамаараад төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон. Энэ тухай захиалагч нарт утсаар мэдэгдэж, нөхцөл байдлыг эергээр хүлээн авч, цаашид хамтран ажиллах талаар санал тавьсан ч Ж.Э нь цаашид хүлээх боломжгүй хэмээн гэрээг цуцлах хүсэлтээ 2019 оны 12-р сарын 27-ны өдөр бичгээр гаргасан байдаг. Бид тус хүсэлтийг хүлээн авч, гэрээг цуцалсан ба Ж.Этэй тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөө баталгаажуулсан. Гэрээг цуцалсан талаар Э.Э нь мэдэж байсан. Компаниас гэрээний 5.1-т ...Захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөх төлбөрийн 10 хувьтай тэнцэх торгуулийг Гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу Ж.Этэй тохиролцон урьдчилгаа 13 сая төгрөгийн төлбөрөөс нийт төлөх төлбөрийн 10 хувьтай тэнцэх торгуулийг суутган, 10 сая төгрөг өгөөд асуудлаа шийдэхээр харилцан тохиролцсон байсан. Мөн 2018 оны 8-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэлх орон сууц хөлслөх гэрээний төлбөр 16,800,000 төгрөгийг нэхэмжилжээ. Талуудын байгуулсан гэрээний хугацаа нь гэрээ байгуулагдсан өдөр болох 2019 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхэлж, 2019 оны 4-р улирал буюу 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болох байсан. Ж.Э нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах хүсэлт гаргасан учир эдгээр төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт төлөгдсөн 13 саяыг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр гэрээг цуцлах хүсэлтээ 2019 онд гаргасан байдаг. Энэ нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа юм. 2019.12.27-нд гэрээ цуцлагдсан талаар талууд баримт үйлдсэн байдаг. Иймд алданги болон хохирлыг төлөх үндэслэл байхгүй. 2018.8-2019.11 сарын хувьд гэрээнд хамааралгүй баримт юм. Учир нь барилгыг 2019 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулах байсан юм. Материал саатсан талаар мэдэгдэхэд гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах хүсэлт гаргасан тул гэрээг цуцлах талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хүсэлтэд дурдсанаар гэрээ цуцлагдсан тул төлбөрөө буцааж гаргуулъя гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй. 2019 оны 4-р улиралд гэрээг цуцалсан боловч үүнээс хойших орон сууц хөлсөлсөн хөлс нэхсэн нь үндэслэлгүй. Мөн алдангийг хэдий хугацаанд тооцсон нь ойлгомжгүй байгаа юм. Машины мөнгийг Сүхбатад 12 сая төгрөг өгсөн байдаг бөгөөд ямар мөнгө төлөөд байгаа нь нотлогддоггүй юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ /хэргийн 5-7 дугаар тал/, өөрийн Хаан банк дахь дансны хуулга /хэргийн 10-13, 21-39 дүгээр тал/, 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 15 дугаар тал/, Remax ХХК-ний А/025 дугаар тодорхойлолт /хэргийн 17 дугаар тал/, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 19 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Нэхэмжлэгч Ж.Эийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар /хэргийн 61 дүгээр тал/, мөн өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хэргийн 63 дугаар тал/, 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ /хэргийн 64-67 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 85 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Т констракшн ХХК-с 13,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Э нь 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 1,020,500 төгрөг, орон сууц хөлсөлсөн буюу гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,800,000 төгрөг, нийт 30,820,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Т констракшн ХХК-д шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй талаар тайлбар ирүүлсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 13,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-7 дугаар тал/

Гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 150 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 903 тоот, 2 өрөө, 47.35 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь нийт 46,876,500 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Иймд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь уг барилгыг хугацаандаа баригдаж, ашиглалтад орох боломжгүй гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар, мөн өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 61, 63 дугаар тал/

 

Үүнээс гадна хариуцагч нь маргаж буй барилга ашиглалтад ороогүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй.

 

Мөн энэхүү тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбарт дурдсанаар нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 13,000,000 төгрөгт тооцож автомашин хариуцагчид олгосон болох нь тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэгэнд зохигчид гэрээнээс нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар татгалзсан үйл баримтын талаар маргахгүй, хариуцагч ийнхүү гэрээнээс татгалзахыг зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу төлөгдсөн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлс төлсөн гэсэн байна.

Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү шаардлагын хугацааг орон сууц захиалгаар бариулах гэрээний хугацаа дууссан 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж зөрүүтэй тайлбарласан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хариуцагч нь 2019 оны 4 дүгээр улирал багтааж буюу 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн тул энэ хугацаанд гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан гэх хохирол шаардах эрх үүсэхгүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь энэхүү орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 16,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг нотлохоор 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 15 дугаар тал/, Remax ХХК-ний А/025 дугаар тодорхойлолт /хэргийн 17 дугаар тал/, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 19 дүгээр тал/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Remax ХХК-ний А/025 дугаар тодорхойлолт, 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнд дурдсанаар нэхэмжлэгч нь мөн өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай орон сууц хөлслөх гэрээний харилцаанд орсон.

 

Харин 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнд дурдсанаар нэхэмжлэгч нь мөн оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд бусадтай орон сууц хөлслөх гэрээний харилцаанд орсон байна.

 

Үүнээс үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай орон сууц хөлслөх гэрээний харилцаанд орсон гэж үзэх боломжгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар зарлагын гүйлгээ хийгдсэн байх боловч энэ нь орон сууцны хөлслөх гэрээний дагуу хөлс төлсөн гэдгийг шууд нотлохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх буюу 30 сарын хугацаанд сард 650,000 төгрөг шаардаж байгаа гэж тайлбарласан боловч энэ нь энэхүү шаардлагын нийт мөнгөн дүн болох 16,800,000 төгрөгөөс зөрүүтэй байна. Шүүхээс энэ талаар тодруулсан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү шаардлагыг тайлбарлаж, нотолж чадаагүй.

 

Эдгээрээс гадна дээрх орон сууц хөлслөх 2 гэрээнд хариуцагч оролцоогүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байна. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар татгалзсан байх тул гэрээнээс татгалзсанаар бусадтай орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсгэх эсэх нь бидэнд хамааралгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй юм.

 

Мөн зохигчид Хан-Уул дүүрэгт орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь *******т оршин сууж байсан болох нь маргаж буй гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууц ашиглалтад ороогүйгээс зайлшгүй шалтгаанаар орон сууц хөлсөлсөн гэх шалтгаан холбоогүй байна.

 

Иймд орон сууц хөлслөх гэрээний төлбөр нь хариуцагчид хамааралгүй байх тул нэхэмжлэгч нь энэхүү 16,800,000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Цаашлаад дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар гэрээнээс хугацаанаас өмнө татгалзсан нь тогтоогдож, зохигчид маргаагүй.

Иймд нэгэнт гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй тул алдангид холбогдох 1,020,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангаж шийдвэрлэсэн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т констракшн ХХК-с 13,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,820,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД