Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар  2021/ДШМ/441

 

 

 

 

 

     2021          5              11                                       2021/ДШМ/441                            

 

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бт холбогдох эрүүгийн 1808 04721 1446 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 9 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Драгон” зочид буудалд 2018 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн Б.Огийн өмчлөлийн “Самсунг Жи-2” загварын гар утас, түүний өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 3.195.220 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон  овогт Дагвадоржийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 3.195.220 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Од олгуулахаар шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.О давж заалдах гомдолдоо: “...Прокуророос Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцсугай” гэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг заах талаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлээр шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавигдах хууль зүйн шаардлагыг тодорхойлсон ба шүүхийн шийтгэх тогтоол нь дээрх шаардлагыг хангаж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай байна. Учир нь, Д.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны тогтоол, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны шийтгэх тогтоолоор тус тус бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхой заасан байна. Гэтэл шүүгдэгчид анхан шатны шүүхээс зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн байтал зөвхөн 2 жилийн хорих ял оногдуулах, улмаар тухайн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэнгүй. Учир нь, одоог хүртэл миний хохирол төлбөр төлөгдөөгүй бөгөөд тэрээр 1997 оноос хойш өдийг хүртэлх 24 жилийн хугацаанд огт засарч хүмүүжээгүй байгаа үйл баримт тогтоогдсон. Дээрх дурдсан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос 3 жил 8 сарын хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн оновчтой ял оногдуулсан. Шүүгдэгч нь нэг удаагийн үйлдэл гаргасан учраас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Огийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Драгон” зочид буудалд 2018 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн Б.Огийн өмчлөлийн “Самсунг Жи-2” загварын гар утас, түүний өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 3.195.220 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Огийн “...Драгон нэртэй зочид буудалд ...нэр усыг нь сайн мэдэхгүй нэг залуутай танилцаад бид хоёр тэрний байсан 305 тоот өрөөнд нь орж 0.5 литрийн архи хувааж ууж байх үед тэр залуу надад “Та ганцаараа нэг өрөөнд хонож байхаар 2 ортой өрөөнд хоёулаа цуг хоночихъё” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр тэр өрөөг дахиад сунгасан. Бид хоёр ууж байсан архиа дуусгаад би дахиад 0.5 литрийн архи, идэж уух юмтай авсан. Би тэр юмнуудыг өөрийнхөө Хаан банкны картаараа тооцоо хийж авсан. Бид хоёр өрөөндөө ороод нөгөө архийг хуваагаад уугаад сууж байтал би тасарчихсан байсан бөгөөд шөнийн 01 цаг өнгөрч байхад сэрээд хартал би өрөөнд ганцаараа байж байсан. Тэгээд өөрийнхөө эд зүйлсийг шалгатал миний “Самсунг Жи-2” загварын гар утас, Хаан банкны виза карт маань байхгүй болсон байсан. ...маргааш өглөө нь симээ сэргээлгээд гар утсаа асаатал миний Хаан банкны картыг уншуулан 8-9 гүйлгээ хийж миний данснаас нийт 3 гаран сая төгрөг алдагдсан байсан. ...40 гаран насны, 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, бор царайтай, нүүрэндээ мэнгэтэй залуу байсан...” /хх 49-50/,

гэрч Б.Ггийн “...2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагийн үед ажлаа хүлээж авч байхад 209 тоотод хоносон эрэгтэй хүн өрөөгөө солиод 305 тоотод хоносон залуутай хамт дахиж 305 тоот өрөөг хоногоор сунгаад тооцоог нь 209 тоот өрөөнд хоносон хүн 30.000 төгрөг өгөөд үлдэгдэл 5.000 төгрөгийг нь 305 тоот өрөөнд хоносон залуу өгсөн. Намайг ээлж хүлээж авч байхад 209 тоотод хоносон хүн согтуу байсан, харин 305 тоотод хоносон залуу эрүүл байсан. Тэгээд нөгөө ээлжийн ресейпшн буугаад удаагүй байхад 13:00 цагийн үед 305 тоотод хоносон залуу гарч яваад эргэж ирээгүй. Тэгээд ажлаа хийгээд байж байхад нөгөө /үлдсэн/ залуу нь шөнийн 03:00 цагт гарч ирээд нөгөө залуугаа асуугаад банкны карт, гар утас хоёр алга байна гэж хэлсэн. ...Тэр залуу өглөө гар утасны газар онгойхоор сим картаа сэргээж үзнэ гээд 10:00 цагийн үед гарч яваад буцаад удалгүй цагдаатай хамт орж ирээд хамт өрөөнд орсон залуу виза карт уншуулаад картаас 3 сая төгрөг авчихсан байна. Камер шүүгээд урьд шөнийн хоносон хүмүүсийн бүртгэлийг харахад 305 тоотод Б гэдэг хүн хоносон байсан...” /хх 53-54/,

гэрч З.Бигийн “...тухайн өдөр 14 цагийн үед би ганцаараа сууж байтал саарал малгайтай, хар савхин хүрэмтэй, 40 гаруй настай, 160-170 см орчим өндөртэй, бор туранхай, бага зэрэг архи үнэртүүлсэн эрэгтэй хүн орж ирээд “карт унших уу” гэж асуугаад шоколад 15-16 ширхэг, печень 30 ширхэг, 5 ширхэг 00 цаас, 5 боодол ариун цэврийн хэрэгсэл, 5 ширхэг саван, бок 2 уут, ундаа 6 ширхэг, 2 боодол кофе, бохь 5 боодол гэх мэт зүйлийг аваад хайрцагт хийлгээд 214.450 төгрөг уншуулсан. Дараа нь дахиад 10.000 төгрөгийн бараа аваад картаасаа 50.000 төгрөг уншуулаад 40.000 төгрөгийг нь бэлнээр аваад явсан. Өөрөө хэлэхдээ АТМ-д уншуулахаар болохгүй байна. Хөдөөнөөс ирсэн гэх хэлж байсан. Хаашаа явахаа хэлээгүй...” /хх 57-58/,

гэрч О.Яын “...2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 13 цаг 40 минутын үед би лангуун дээрээ сууж байтал нэлээн яарсан шинжтэй саарал өнгийн малгайтай, хар өнгийн савхин хүрэмтэй 35-40 орчим настай бор өнгийн шөвгөр царайтай, хацар дээрээ мэнгэтэй ах орж ирээд “ахдаа эмэгтэй хүн барихаар 2 ширхэг гар утас үзүүлээч, ах нь яараад байна 300.000 төгрөгт багтаагаад” гэж хэлсэн. Би “Самсунг Эс-7” гар утсыг 316.000 төгрөгөөр, “Самсунг Эс-6 эджэ” утсыг 280.000 төгрөгөөр тус тус худалдан аваад симээ хийж шалгаж үзэлгүй цаашаа яваад хойд булангийн лангуунаас “Самсунг Эс-7 эджэ” гар утсыг 380.000 төгрөгөөр тус тус худалдан аваад шууд гараад явсан...” /хх 61-62/,

шүүгдэгч Д.Бын “...Драгон зочид буудлын 2 давхрын шатны дэргэд үл таних эрэгтэй хүн таараад улмаар бид хоёр танилцаж, тэр хүний үйлчлүүлж байсан өрөөнд орсон. Уг өрөөнд орж урьд өдрийнх нь үлдэгдэл архийг ууж дуусгах үед уг хүн дэлгүүр явж дахин архинд явъя гээд бид хоёр хамт яваад дэлгүүрээс 1 шил архи, талх хиам авчраад өрөөндөө архиа уусан. Тэр үед хохирогч Б.О нь надад өөрийн хаан банкныхаа мобайл банканд байх мөнгөө харуулахад дансанд нь 3.000.000 гаруй төгрөг байсан бөгөөд архиа ууж байхдаа Эрдэнэт хотод байх нэг эмэгтэйн данс руу 300.000 төгрөг явуулна гэж хэлээд буудлын өрөөнөөс ганцаараа гарч яваад мөнгийг явуулчхаад ирэхдээ гаднаас дахин нэг шил архи авч ирээд уусан. Хэсэг хугацааны дараа буудлын ресейпшн эмэгтэй зочид буудлын өрөөний төлбөр төлөхийг шаардаж өрөөнд орж ирэхэд Б.О гэх хүн 4 оронтой 3031 гэсэн нууц дугаар хэлэхэд би түүний картын нууц дугаарыг цээжилж авсан. Улмаар архи уугаад дуусах үед уг хүн надтай хэрүүл маргаан хийж байгаад унтаад өгсөн. Тэр үед ширээн дээр байсан төрийн банкны карт, “Самсунг Жи-2” гар утас зэргийг нь аваад зочид буудлын өрөөнөөс гарч яваад Драгоны тэнд байх гар утасны төвөөс 2 ширхэг гар утсыг хулгайлж авсан төрийн банкны карт уншуулж авсан, дэргэд нь байх “Түц”-с 200.000 орчим төгрөгийн бараа авсан, дараа нь такси бариад Мөнгөн завъяа орж 1 ширхэг эрэгтэй хүний монетон бөгж, 1 ширхэг монетон гинж худалдан аваад такситай явж байгаад бэлнээр 100.000 төгрөг авсан. Таксны жолоочид мөнгө төгрөг өгсөн. Тухайн картанд байсан бүх мөнгийг худалдан авалт хийж, мөн бэлнээр аваад картанд байсан мөнгийг дуусгаж, улмаар картыг нь хаясан. Хулгайлж авсан 1 ширхэг гар утсыг би өөрөө хэрэглэж байгаад эвдэрсэн...” /хх 98-100/ гэх мэдүүлгүүд,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 35-36, 37-41/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...“Самсунг Жи-2” загварын гар утас - 192.000 төгрөг, Хаан банкны виза карт - 5.000 төгрөг, нийт 197.000 төгрөг...” гэх тайлан /хх 77-78/,

хохирогч Б.Огийн Хаан банкны депозит дансны /2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 13 цаг 36 минутаас 16 цаг 58 минутын хооронд, нийт 2.998.220 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай/ дэлгэрэнгүй хуулга /хх 113/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 09 цаг 17 минутад хохирогч Б.О, сэжигтэн Б 2 нь тус тусын өрөөнөөс гарч ирээд угтагчтай уулзаад гарч яваад 09 цаг 30 минутад буцаж хамт орж ирээд тооцоо хийгээд 2 давхрын өрөөнд хамт ороод хэсэг байж байгаад 3 давхрын өрөөнд хамт ороод 13 цаг 26 минутад сэжигтэн Б нь ганцаараа өрөөнөөс гарч ирээд гараад явж байгаа бичлэг тус тус хадгалагдан үлдсэн...” гэх тэмдэглэл /хх 43/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хохирогч Б.О нь “...шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг заах талаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. ...шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ял хөнгөдсөн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ял хөнгөдсөн...” гэсэн хохирогч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж тусгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавигдах хууль зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.  

Иймд хохирогч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ

 

                                             ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

 

         ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ