Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч З.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн   З.Д-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн *****сумын ** дугаар багийн нутаг “***” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6,05 м3 хэмжээтэй модыг бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ***сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр**” гэх  газар нутгийн ойгоос  түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр  6 ширхэг  6.05 м3 босоо хуурай шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж, тээвэрлэсэн, байгаль экологид 1.020.362 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/, хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 тал/, Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 17 тал/, 2025 оны  04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 18-19 тал/, мөрдөгчийн  2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/,  2025 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай  прокурорын зөвшөөрөл /хх-ийн 22 тал/, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-25 тал/,  иргэний нэхэмжлэгч Ө.Н мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Э.Д мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, Хөвсгөл аймгийн  ***сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 925-12094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-62 тал/, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаартай Байгаль орчин уур амьсгалын санд  гэх утга бүхий  мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 100 тал/  болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч З.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч З.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,020,362   төгрөгийн шууд хохирол учирсан нь  Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 3,061,086 төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

           Уг хохирлын нөхөн төлбөрөөс  шүүгдэгч  нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь *** дугаартай  дансанд 500,000 төгрөгийн төлсөн, үлдэгдэл төлбөрийг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж  байх тул шүүгдэгчээс  2,561,086 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь *** тоот дансанд олгох нь зүйтэй байна.

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч З.Нг ***сумын нутаг дэвсгэрт *** ширхэг шинэс мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  З.Нд сануулж шийдвэрлэв. 

 Иймд шүүгдэгч З.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5  сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  шүүгдэгч З.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  6,05 м3 мод,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мод Орос улсад үйлдвэрлэсэн ЗИЛ-130 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж  заасан байх тул прокурорын 2025 оны  04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Орос улсад үйлдвэрлэсэн “ЗИЛ-130” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.600.000 төгрөгийн үнэ,  гэмт хэрэг үйлдэж олсон 6,05 м3 хэмжээтэй 2.50 метрийн урттай, 2.20 см өргөнтэй, 1.10 метрийн өндөртэй 6 ширхэг хуурай шинэс төрлийн  модыг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй 1 ширхэг хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч З.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч  З.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч З.Н-д 6 /зургаа/ ширхэг шинэс мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч З.Нд сануулсугай

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч З.Нгаас 2,561,086 (хоёр сая таван зуун жаран нэгэн мянга наян зургаа) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь *** тоот дансанд олгосугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын  2025 оны  04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Орос улсад үйлдвэрлэсэн ЗИЛ-130 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 (хоёр сая таван зуу) төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон 6,05 м3 хэмжээтэй 2.50 метрийн урттай, 2.20 см өргөнтэй, 1.10 метрийн өндөртэй 6 (зургаа) ширхэг хуурай шинэс модыг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.

 8. Энэ хэрэгт шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН