| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0000/э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
2025 05 02 2025/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, иргэний хариуцагч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000050047 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б Г (РД: ...), 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Б.Гыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Toyota Corolla” загварын, 08-93 УВА улсын дугаартай, иргэний хариуцагч Х.Гийн эзэмшлийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн төвийн баруун талын замын гэрэлтүүлгийн шон мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Н.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд хийсэн ажиллагаа (хавтаст хэргийн 1-39 дүгээр хуудас), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) иргэний нэхэмжлэгч Б.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Э.Тгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Х.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), хохирогч Н.Жийн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас), гэрч Х.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), гэрч Г.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/02 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 93-96 дугаар хуудас), шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас) зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Увс аймгийн прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ц-1/62 тоот албан бичиг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас);
- Хохирогч Н.Жийн “...Тухайн үед Х.Г гэр рүүгээ харих гэж байна гэж бодсон. Автомашинд суухад Б.Г жолооны ард суучихсан байсан. Жолоочийн хажуу талд Х.Г, арын суудалд Г.А бид хоёр суусан. Манай хашааны гаднаас Б.Г ах жолоо барьж хөдлөөд хар зам руу гараад 12 дугаар багийн төвийн дээд талын хар зам дээр шон мөргөж зогссон. Би түр зуур ухаан алдаад сэрэхэд миний баруун талын мөр мултарчихсан байсан. Мөн цагдаагийн алба хаагч, эмч нар ирчихсэн байсан. ...Сэтгэцэд учирсан хор уршиг нөхөн төлүүлэх төлбөр гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас);
- Гэрч Х.Гийн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед уулзсан. Б.Гтой хорооллын гудамжинд таарсан. Б.Г архи уусан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Тухайн үед Б.Г ганцаараа алхаад явж байсан. Би Б.Гыг автомашиндаа суулгаад Б.Г Н.Ж гэх хүний гэр рүү намайг дагуулаа явсан. Тухайн үед Б.Гыг автомашинд суулгахад би Г.А гэх залуутай хамт явж байсан. ...Н.Жийн гэрийн гаднаас Б.Г миний автомашиныг жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Харин арын суудалд Г.А, Н.Ж сууж явсан. Н.Жийн гэрийн гаднаас хөдлөөд хар зам дээр гараад 12 дугаар багийн төвийн ойролцоо ирээд Б.Г замын эргэлттэй хэсэгт замын баруун тал руу гарч гэрлийн шон мөргөсөн. Б.Г бид хоёр автомашинаас хамт буугаад би Б.Гт хандаж “чи автомашин жолоодож яваад шон мөргөчихлөө” гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин автомашин дотор байсан Н.Ж босож чадахгүй ёо ёо гэж хэлээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас);
- Гэрч Г.Агийн “...2024 оны 11 дүгээр сарны 15-ны өдөр Х.Г манай дүүгийн гэрт ирсэн. Х.Г бид хоёр автомашинтай дүүгийн гэрийн гаднаас хөдөлж байтал авга Б.Г таарсан юм. Тухайн үед Н.Ж, Х.Г бид гурав хамт байсан юм. Х.Г, Н.Ж, авга ах Б.Г бид гурав 08-93 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Н.Жийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Н.Жийн гэрт ирээд орж 0.5 литрийн нэг архи гаргаж ирээд задлалгүй Н.Жэд үлдээгээд “та наад архи уугаад амарчих” гэж хэлээд авга ах Б.Г, Х.Г бид 3 гурав Н.Жийн гэрээс гараад автомашиндаа суусан. Харин Н.Ж гэртээ үлдэхгүй бид гурвын араас гарч ирээд автомашины арын суудалд суусан. Автомашин хөдлөхөд авга ах Б.Г ах “автомашин жолоодон” гэж хэлээд жолооны ард суусан. Харин жолоочийн хажуу талын суудалд Х.Г сууж, арын суудалд Н.Ж бид хоёр суусан. Авга ах Б.Г ахын банз авах гэж байгаа айл руу явсан юм. Хар зам дээр гарч ирээд 12 дугаар багийн төвийн ойролцоо, эргэлттэй зам дээр Б.Г ах баруун тал руу замаас гарч гэрлийн шон мөргөж осол гаргаж зогссон. Авга ах Б.Г, Х.Г хоёр автомашинаас бууж Н.Жийг автомашинаас буулгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хариуцагч Х.Гийн эзэмшлийн “Toyota corolla” загварын, 08-93 УВА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн төвийн баруун талын замын гэрэлтүүлгийн шон мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
2.2. Тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Н.Жийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 44 дугаартай “Н.Жийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие болон баруун талын үе дайрсан зөрүүгүй хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэн зөрүүтэй хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэн зөрүүтэй хугарал, 6 дугаар нугалмын зүүн хажуу массын зөрүүгүй хугарал, 6 дугаар нугалмын хагас мултрал гэмтлүүд тогтоогдлоо. хүзүүний 2 дугаар нугалмын их бие болон баруун талын үе дайрсан зөрүүгүй хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэн зөрүүтэй хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэн зөрүүтэй хугарал, 6 дугаар нугалмын зүүн хажуу массын зөрүүгүй хугарал, 6 дугаар нугалмын хагас мултрал гэмтлүүд нь хүний амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас)-ээр уг зам тээврийн ослоос болж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон.
2.3. Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, уг хугацаа дууссан боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) гэх баримтаар нотлогджээ.
2.4. Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааг бэхжүүлсэн “...шүүгдэгч Б.Гын амьсгал дахь спиртийн агууламж 3.45 промиль” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 34 дүгээр хуудас)-ийг дээр дурдсан гэрч нарын мэдүүлэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Б.Г нь “Toyota corolla” загварын, 08-93 УВА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргах үедээ согтуурсан байсан гэж үзнэ.
2.5. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Toyota Corolla” загварын, 08-93 УВА улсын дугаартай, иргэний хариуцагч Х.Гийн эзэмшлийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн төвийн баруун талын замын гэрэлтүүлгийн шон мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Н.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн тус дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Toyota corolla” загварын, 08-93 УВА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад гэрлийн шон мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч Н.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдийг хангажээ.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. Б.Г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтуурал шалгах ажиллагааг бэхжүүлсэн “амьсгал дахь спиртийн агууламж 3.43 промиль” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 34 дүгээр хуудас) зэргээр нотлогджээ.
3.2. Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Toyota corolla” загварын, 08-93 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Н.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангаж байна.
3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.Жийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие болон баруун талын үе дайрсан зөрүүгүй хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэн зөрүүтэй хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэн зөрүүтэй хугарал, 6 дугаар нугалмын зүүн хажуу массын зөрүүгүй хугарал, 6 дугаар нугалмын хагас мултрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ж “...Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг нөхөн төлүүлэх төлбөр гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас) өгсөн тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхээс татгалзсан гэж үзнэ.
4.2. Иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “...цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу иргэн Н.Жийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 2024 оны 11 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хоорондох эмчилгээ хийлгэж эмнэлгийн байгууллагад хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, түргэн тусламж, амбулаторийн тусламж үйлчилгээ, хяналтын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц, түргэн тусламж, мэс засал хийлгэсэн төлбөр, нийт 9’124’069 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. ...Уг төлбөрийг нөхөн төлсөн зүйл одоогоор байхгүй. Гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) өгчээ.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл нь “эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл” гэх баримтууд (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас)-аар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 9’124’069 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуульд заасан хэм хэмжээгээр зохицуулдаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 511 дүгээр зүйлүүдэд заасан хэм хэмжээгээр шийдвэрлэнэ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, тус зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын автомашиныг жолоодож яваад уг гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулсан бол тухайн хохирлыг автомашин эзэмшигч нь тэргүүн ээлжид хариуцан арилгах үүрэгтэй.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар Х.Г өөрийн өмчлөлийн Toyota corolla-E120 загварын, 08-93 УВА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Б.Гт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Тодруулбал уг автомашины ашиглалтын явцад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг тэргүүн ээлжид хариуцах үүрэгтэй этгээд нь Х.Г юм.
Гэвч гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдийг тухайн хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 4’562’034.5 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Гоос 4’562’034.5 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэв.
4.3. Иргэний нэхэмжлэгч Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Э.Т “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн ослын улмаас нэг ширхэг гэрлийн шон гэмтсэн байсан. Тухайн гэрлийн шонг ашиглах боломжгүй болсон бөгөөд Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын аж ахуйн хашаанд хүргэсэн. Тухайн гэрлийн шонг 2020 онд 2’609’044 төгрөгөөр хийсэн. Тухайн гэрлийн шонг ашиглаад 4 жил болсон тул элэгдэл гэж 326’131 төгрөг хасагдаж, одоогийн үнэлгээ нь 2’282’913 төгрөг болж байгаа. Том гэрэл нь 150’000 төгрөг, жижиг гэрэл нь 90’000 төгрөг болно. Мөн гэрлийн суурь хагарсан байсан бөгөөд суурийг бэхжүүлэхэд 2 уут цемент -50’000 төгрөг, хайрга 8’000 төгрөг болно. Манай байгууллагад нийт 2’580’913 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) буюу нэхэмжлэл гаргажээ. Гэвч иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн үнийн дүн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хэдий хөрөнгө үнэлгээний 42 дугаартай тайлан (хавтаст хэргийн 126 дугаар хуудас)-аар тухайн гэрлийн шонг 1’000’000 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд шинжилгээ хийлгэх объектын шинж чанарыг дурдахгүйгээр зөвхөн “1 ширхэг замын гэрлийн шонгийн зах зээлийн үнэлгээ тогтоох” гэх асуулт тавьсны улмаас шинжээч “Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 11 дүгээр сарын байдлаар гэрэлтүүлгийн шонгийн зах зээлийн үнэлгээг 1’000’000 төгрөгөөр тогтоов” гэх бүрэн бус дүгнэлт гаргажээ. Тухайлбал хэдэн метрийн урттай, аль улсад үйлдвэрлэсэн, хэдэн жил ашигласан, суурилуулах зардал зэргийг бүрэн тусгаагүй тул уг хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 173 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 170 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 171 дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 172 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Г нь хоёр хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч хэдий гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй боловч хэрэг гарснаас хойш 6 сар гаруй хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгч Б.Гыг энэ хэрэгт холбогдуулан 14 хоног цагдан хорьсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
3.3. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Б Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан хасаж тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 4’562’034.5 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Гоос 4’562’034.5 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож;
- Иргэний нэхэмжлэгч Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА