| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0125 |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.А |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга М.С,
улсын яллагч О.А,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г,
шүүгдэгч О.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч О.Сад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С нь Төв аймгийн Эрдэнэсант сум Буянт 3 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Өвөрхангай явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 197 дах километрийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр "Тоёота приүс 30" маркийн .... улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Агийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.С: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн.” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. О.С нь 3 настай охиноо хардаг учраас тэнсэж өгнө үү.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч О.С нь Төв аймгийн Эрдэнэсант сум Буянт 3 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Өвөрхангай явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 197 дах километрийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр "Тоёота приүс 30" маркийн .... улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Агийн амь насыг хохироосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаартай тогтоол /хх-н 01-02 дугаар хуудас/,
Зөрчлийн хэрэг нээх тухай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол /хх-ийн 5 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Гийн өгсөн: “.....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Сын гэрчээр өгсөн: “Би тухайн өдөр манай эхнэрийн өмчлөлд байдаг ....улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчигч Ж, эхнэр А нарын хамтаар явж байсан. Эрдэнэсант өнгөрөөд явж байгаад давааны уруу явж байхад эсрэг урсгалд өөдөөс явж байсан урт чиргүүлтэй машинтай зөрөх үед ард нь явж байсан жижиг машин өөдөөс миний урсгалыг сөрөөд гараад ирэхээр нь би баруун гар тал руугаа жолоогоо дараад замаас гарчихсан юм, ингээд замаас буугаад машин 2-3 удаа бүтэн өнхрөөд эхнэрийн хоёр хөл хугарсан байсан би дуудлага өгөөд Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвөөс эмч ирээд сумын төв рүү авч яваад тэндээ өвчин намдаах тариа, хөл, нуруу, хүзүүний бэхэлгээ хийгээд 03 цагийн үед Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэхээр явсан. Би тогтмол 60-70 километр цагийн хурдтай явсан. Би болон миний хажууд суусан зорчигч Ж суудлын бус зүүсэн байсан. Эхнэр хойд суудал дээр унтаж явсан бүс зүүгээгүй байсан. Би жолоодох эрхийн ангиллын үнэмлэхтэй. Зам тээврийн осол 23 цаг 30 минутын орчимд болсон байх. Эрдэнэсантаас зүүн тийш ойролцоогоор 20 гаруй километр зайтай юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Э.Жийн өгсөн: “..... Надад учирсан хохирол байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн “1.Амь хохирогч Д.Агийн биед хоёр талын дунд чөмөг ясны сэлтэрхий бүхий зөрөөтэй далд хугарал, баруун умдаг ясны дээд, доод салаа дайрсан хугарал, толгойн хуйхны духны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Амь хохирогч нь хоёр талын дунд чөмөг ясны сэлтэрхий бүхий зөрөөтэй далд хугарал, баруун умдаг ясны дээд, доод салаа дайрсан хугарал гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж улмаар хоёр уушгины зогсонгишилын хатгалгаа, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж, тархины эдийн цус харвалтаар хүндэрч нас баржээ. 4.Амь хохирогч нь гуравдугаар бүлгийн цустай байжээ. 5.Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.3.1-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-57 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 59-66 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлтийн маягт /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Сын яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд Улаанбаатар хот руу өөрийн ....улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад өөдөөс машины гэрэл гялбаад би жолоогоо замын хажуу руу дарж онхолдсон. Зам тээврийн ослын улмаас манай эхнэр машинд арын суудал дээр унтаагаар зорчиж явж байгаад биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад амь хохирсон. Миний хажуу талд сууж зорчиж явсан Ж харин бэртэж гэмтээгүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч Б.Т: “Шүүгдэгч О.С Төв аймгийн Эрдэнэсант сум Буянт 3 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Өвөрхангай явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 197 дах километрийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Тоёота приүс 30" маркийн .... улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Агийн амь насыг хохироосон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г нь гомдол санал сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч О.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэл нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, өөрийн оршин суугаа хаяг болон ажлын байраа өөрчилсөн тохиолдолд харъяа нутаг дэвсгэрийн цагдаад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц О.Сын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Саас: “Улсын яллагчийн гаргасан саналыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Шүүгдэгчийн хувьд бага насны хүүхдийн хамтаар амьдардаг учраас тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч О.Сыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгдөг.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.С дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус зааж өгсөн.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлэгт хамаарах гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба энэ гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсгийн диспосицед заасан хүндрүүлэх, энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бол, мөн согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспосицед заасан онц хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.
Тодруулбал шүүгдэгч О.С нь Төв аймгийн Эрдэнэсант сум Буянт 3 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Өвөрхангай явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 197 дах километрийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр "Тоёота приүс 30" маркийн .... улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Агийн амь насыг хохирсон нийгэмд аюултай гэм буруутай үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн диспосицийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэгт тооцохоор үндэслэлтэй ба гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байх тул тэдгээрийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч О.Сын энэхүү Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд санаатай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Сын “Авто тээврийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Сын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Агийн амь нас хохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г нь хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч О.Аээс: “Шүүгдэгч О.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэл нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, өөрийн оршин суугаа хаяг болон ажлын байраа өөрчилсөн тохиолдолд харъяа нутаг дэвсгэрийн цагдаад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц О.Сын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Саас: “Шүүгдэгчийн хувьд бага насны хүүхдийн хамтаар амьдардаг учраас тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч О.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч О.Сад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч О.Сад шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сад тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Сын .... дугаартай ....ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн уулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч О.Сад шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сад тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Сын .... дугаартай ....ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН