| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0152/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/176 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.-Д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн **сумын *** дугаар багийн “***” гэх газрын ойгоос байшин барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглаж 3,47 м3 мод бэлтгэж, байгаль экологид 500,256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үед Хөвсгөл аймгийн ***сумын ** дугаар багийн “***” гэх газар нутгийн ойгоос байшин барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 5 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг унаган 4 метрээр тайрч 25 ширхэг буюу 3,47 м3 бэлтгэж, байгаль экологид 500,256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 тал/, Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 18 тал/, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч О.Э мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, Хөвсгөл аймгийн *** сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 925/12301 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-53 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч М.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 500,256 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн ** сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.500.768 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Шүүгдэгч М.Б экологи эдийн засагт учирсан 1.500.768 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь *** тоот дансанд төлсөн Голомт банкны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн баримт /хх-ийн 80 тал/-д хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч М.Бг байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 3,47м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байх тул прокурорын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг 3,47 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие хүрэн өнгөтэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны таг бүхий бензин хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 3,74 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие хүрэн өнгөтэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны таг бүхий бензин хөрөө 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б.Б төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН