Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

хохирогч В.У,

иргэний нэхэмжлэгч Н.Б,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц/цахимаар/,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 188, 84 дугаартай километрийн шонгийн орчим ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас иргэн В. Уранмандахын жолоодож явсан ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б, Б.Б, ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан В.У, Х.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.О нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч В.У нь: “2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Цогтцэцийд байдаг гэрээсээ Улаанбаатар хотын чиглэлд 180 км зайнд дээшээ өгсөж явсан. Эсрэг талаас гэрэл гараад ирсэн. Тухайн машин чигээрээ явж байсан учраас урдаас машин ороод ирнэ гэсэн ямар ч ойлголт байгаагүй явж байтал Б.О машины урд гялгар зүйл гарч ирээд Б.Оын машин урдаас ороод ирсэн. Юу болсон бэ согтуу юм уу гэж асуусан эрүүл байсан. Эхлээд мөргөлдөхөөс зайлсхийж гарсан тэгтэл хурдтай явсан машин бөгсөөрөө мөргөсөн учраас миний машин шууд газарт унасан. Би хурд багатай явж байсан. Миний машинд байсан хүмүүс бүгд суудлын бүсээ зүйсэн байсан учраас гайгүй өнгөрсөн. Б.О миний машин ирж байгааг хараагүй урд нь гарч ирсэн Б.Оаас асуухад гэнэт гарч ирсэн зүйлээс айгаад хажуу тийш нь дарсан гэж хэлсэн. Б.О тухайн үед тоормоз гишгэх биш хаазаа гишгэсэн байх гэж бодож байна. Миний машинд явж байсан хүмүүс согтуу юм биш үү гэж бүгд гайхсан. Надад бултах ямар нэгэн боломж байгаагүй эрэгт тулсан байсан. Ард явж байсан автобустай хүмүүс бид нарыг машинаас гаргасан.” гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Н.Б нь: “Машины үнэ 13.238.600 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цнь: “Тоёота альфард машины хохирлыг нэхэмжилж оролцож байна. Хохирогч В.Уын нөхөр банк бус санхүүгийн байгууллагаас 2024 оны 5 дугаар сард зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 10 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Барьцаат зээлийн гэрээ учраас Тоёота альфард машинаар зээлийн гэрээний үүргээ хангуулах ёстой байсан ч барьцааны зүйл нь эвдэрсэн гэрээний үүргээ хангуулахгүй байхын аргагүй. Үнэлгээний байгууллагаас 24.815.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь өмчлөх эрхийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан. Тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлгүй байсан бол манайх зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр буцан хурааж авах боломжтой байсан. Тиймээс гэм буруутай этгээдээс тээврийн хэрэгслийн үнэлгээний дүнгээр нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 188, 84 дугаартай километрийн шонгийн орчим ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас иргэн В. Уранмандахын жолоодож явсан ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б, Б.Б, ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан В.У, Х.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-22 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 24 дүгээр тал/,

Хохирогч В.Уын өгсөн: “....... Би эмчилгээтэй холбоотой хохирол зардлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бын өгсөн: “.... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бийн өгсөн “....... Би эмчилгээтэй холбоотой зардлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Бгийн өгсөн: “.... ...Би гомдолтой байна. Өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бураатай жолоочоос нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Ц өгсөн: “......."Тоёота Альфард" маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол болох 24.815.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Оын гэрчээр өгсөн: “Б......Зам тээврийн осол болоход би болон бусад зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч В.Уын өгсөн: “.....Зам тээврийн ослын улмаас надад маш хохирол учирсан. Тээврийн хэрэгсэл маш их эвдэрсэн. Би гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Гэрч Х.Нөгсөн: “.... Би зам тээврийн осолд орж гэмтсэн тул эмчилгээний зардал мөнгийг буруутай хүнээс гаргуулан авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Гэрч Д. өгсөн: “.... Тухайн үед миний зүүн хөлний шилбэ хэсэгт шалбарсан, зүүн хөлний гуя хэсэгт зулгарсан, хавиргаар хүндүүртэй, дух хэсэгт шалбарсан байснаас өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,

.................

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12800 дугаартай “1.Б.Бийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн бугалга, баруун өвдөг, шилбэ, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3.4.5.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 556 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “1 дүгээр асуултад: В.Уын биед өвчүү ясны хугарал, уушгинд няцралт, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн “1 дүгээр асуултад: Х.Нбиед зүүн 5,6-р хавирганы хугарал, хэвлийд цус хуралт, дух, баруун, зүүн гаранд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т заасан хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн “1 дүгээр асуултад: Б.Бын биед биед баруун хацар, дух, баруун ухархайн хана, гайморовын өмнөд хана, ар хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун гуяанд цус хуралт, духанд зулгаралт, баруун нүдний салстанд цус харвалт, баруун дух, шанаа, нүд, хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 113 дугаар хуудас/,

Тэргүүн үнэлгээ ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №1358/ДД№31347368 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 121-128 дугаар хуудас/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №49345 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 133-145 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлтийн маягт /хх-ийн 149-151 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн: “.....Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 177 дугаар хуудас/ зэрэг болон шүүгдэгч Б.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч Б.Л: “Шүүгдэгч Б.О нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 188, 84 дугаартай километрийн шонгийн орчим ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн Тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас иргэн В.Уын жолоодож явсан ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б, Б. Батчимэг, ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан В.У. Х.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч В.У нь эрүүл мэндийн зардалтай холбоотой 4.186.859 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч Х.Нэмчилгээний зардалтай холбоотой  1.069.687 төгрөгийг нэхэмжилснийг гаргуулж, мөн хохирогч Х.Ннь сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэргээр тогтоосон учир хохирлыг шүүгдэгчээс гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Хохирогч Б.Б, Б.Б нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн. Мөн эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг  баримтаар нэхэмжлээгүй учраас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч н.Г эмчлүүлсэнтэй холбогдуулаад эрүүл мэндийн даатгалын сангаас 3.978.251 төгрөг нэхэмжилсэн мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Мөн иргэний нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага буюу н.Цэнд-Очир машины эд ангид учирсан хохирлын үнэлгээ 24.815.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Н.Бгийн тээврийн хэрэгсэл болох пирус 30 маркийн тээврийн хэрэгсэлд 13.238.600 төгрөгийг мөн адил шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатараас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Нэр бүхий хохирогч нар болон байгууллагын иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөр нь баримтаар үнэн бодитоор гарч ирсэн учраас хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 188, 84 дугаартай километрийн шонгийн орчим ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас иргэн В. Уранмандахын жолоодож явсан ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б, Б.Б, ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан В.У, Х.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.О нь “98-73 УАК” улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Тоёота альфард” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б, Б.Б нарын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан В.У, Х.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  байна.

 

Шүүгдэгч Б.Оын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

 

Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Л: “Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь 4 хүний биед хүндэвтэр хохирол учруулж, 2 иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжилсэн. Эдгээр мөнгөн дүнг шүүгдэгч нь мөрдөн шалгах болон хяналтын шатанд төлж ирсэн нь тогтоогдож байгаа, улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зорчих эрхийг өөрийн оршин суух хаяг Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хүрээнд тогтоох саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г: “Шүүгдэгчийн хувьд хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон энэ нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал хамарч байна. Шүүгдэгчийн хувьд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан харгалзаж үзэх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг өөрийн боломжоор төлж барагдуулах ямар нэгэн байдлаар хохирол төлбөр дээр маргасан зүйлгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулахаа хэлсэн. Улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял байна. Улсын яллагчтай адил зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгох нь зүйтэй гэж үзэж байна. Харин хугацааны хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар биш 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулахаар хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.От Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Оын ял шийтгэл шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оаас 3.978.251 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 4.186.859 төгрөгийг В.Уад, 1.069.687 төгрөгийг гаргуулж Х.Н, 24.815.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жэй траст кредит ББСБ-д, 13.238.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Бд тус тус олгож,

Хохирогч Х.Нэрүүл мэндэд учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлийг тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.

 “Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Нсэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 13*660.000=8.580.000 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж, хохирогч Х.Н олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,  хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оаас 3.978.251 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,

шүүгдэгч Б.Оаас 4.186.859 төгрөгийг гаргуулж хохирогч В.Уад, 1.069.687 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н, 24.815.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч .... ББСБ-д,  13.238.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Бд олгож,

шүүгдэгч Б.Оаас сэтгэцэд учирсан хохирол 8.580.000 төгрөгийг хохирогч Х.Н тус тус олгосугай.

 

7.Шүүгдэгч Б.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.           

 

8. Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН