| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/02748/И |
| Дугаар | 101/ШШ2022/02658 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/02658
| 2022 06 08 | 101/ШШ2022/02658 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-62, Юнион бюлдинг барилгын А блокын 1503 болон 1506 тоотод оршин байрлах “С” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон 426 байр, 129 тоотод оршин суух Халх овогт Цэдэнбалын Э /рд:/-д холбогдох,
66,792,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М хариуцагчийн төлөөлөгч И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Ц.Эгийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 09 сарын 13-нд 23,000 ам.долларыг Ц.Эгийн Хаан банкны тоот дансанд шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Ийнхүү зээлийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтаар нотлогдоно. Зээлдэгч Ц.Э нь 7 хоногийн дотор зээлийг эгүүлэн төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Монгол улсын Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Зээлдэгч Ц.Эгаас 23,000
ам.доллар буюу (нэхэмжлэл анх гаргасан өдрийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн) Монгол банкнаас зарласан ханш болох 2904 төгрөгөөр шилжүүлж тооцсоноор 66,792,000 төгрөгийг гаргуулж, Зээлдүүлэгч С ХХК-д олгуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 2019.9.13-нд 23 000 ам долларыг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нягтлан бодогч мөнгө шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Уг мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282.4 зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэ нь банкны баримтаар нотлогдож байгаа юм. Хариуцагч нь 7 хоногийн дотор буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймд 66 сая төгрөгийг ханшаар тооцож нэхнэ. Хариуцагч нь нөхрийн хамт ирж зээл авах хүсэлт гаргасан. Ингэхдээ бэлнээр авахыг хүссэн. Гэвч данс уруу нь шийдвэрлүүлэхээр болсон гэв.
Хариуцагч Ц.Э нь шүүхэд болон түүний төлөөлөгч И.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Э миний бие нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс 23,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцсаны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1-т заасны хүрээнд хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Ц.Эгаас 23,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах үндэслэлээр няцааж байгаа болно. Үүнд:
С ХХК-ийн талаар болон Ц.Э миний бие зээл авахаар хүсэлт гаргасан гэх агуулгын талаар. Миний бие С ХХК нэртэй компани байдаг талаар өмнө нь огт сонсож байгаагүй бөгөөд зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэддэг болсон. С ХХК-с 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр миний бие зээл авах хүсэлт гаргаж байгаагүй ба өөрийн нэр дээр ямар нэгэн зээл авахаар тохиролцсон зүйл байхгүй болно. Гэтэл С ХХК нь миний хүсэлтийг үндэслэн надад зээл олгосон мэтээр худал нэхэмжлэл гаргаж хүн гүтгэж байгаад гомдолтой байна. 2019 оны 9 сард миний нөхөр байсан Боб нь миний хаан банкны тоот дансаар дамжуулан 23,000 ам.доллар гаргуулан авч байсан. Тэр мөнгийг би С ХХК-с зээлээр авсан талаар огт мэдээгүй, манай нөхөр ч тухайн үед надад энэ талаар огт хэлээгүй бөгөөд зөвхөн “...дансаа өгч бай мөнгө авах гэсэн юм...” гэж хэлээд тус мөнгийг гаргуулж авч байсан. Боб тухайн үед өөрийн найзад туслах зорилгоор авсан гэж саяхан надад хэлсэн. Би тус зээлийг огт аваагүй ба нэг ч төгрөгийг зарцуулж, ашиглаагүй болохыг Боб гэрчилнэ.
Банкны хуулганы талаар болон өнөөдрийг хүртэл хариуцагч Ц.Эгаас зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардаж байгаагүй талаар. Өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээд бол хуулийн этгээд С ХХК байна. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуулга (хх-8)-с үзэхэд тус мөнгийг шилжүүлсэн этгээдээр Балгансүрэн овогтой С гэдэг хувь хүн байна. Миний бие тус хүний талаар ч огт мэдэхгүй бөгөөд яагаад өнөөдөр нэхэмжлэл гаргаж буй этгээд тус хувь хүн биш, С ХХК байгаад эргэлзээ төрж байна. Иргэний хуулийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ." гэсэн байдаг. Тус хуулийн заалтаас С ХХК нь миний дансанд мөнгийг шилжүүлснээр зээл олгосон гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолсон байх үүрэгтэй ба Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас зөрүүтэй баримт гаргаж өгсөн байдлынхаа талаар огт үндэслэл, тайлбар гаргаж өгөөгүй бөгөөд С ХХК-с зээл олгосон мэтээр үндэслэлгүй хүн гүтгэсэн тайлбар гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Түүнчлэн, Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд Балгансүрэн овогтой С гэдэг нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш, мөн эцсийн өмчлөгч биш гэдэг нь харагдаж байна. Ямар ч харилцан хамааралгүй этгээд шүүхэд надад зээл олгосон мэтээр худал тайлбар гаргаж, их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус байх тул шүүхээс тус нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Үнэхээр 2019 онд хариуцагч Ц.Э надад 23,000 ам.долларыг С ХХК-с 7 хоногийн хугацаатай зээлүүлсэн юм яагаад зөвхөн өнөөдөр л гэнэт надаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа юм бэ, өнөөдрийг хүртэл нэг ч удаа надаас зээлийн өр, төлбөрийг төлөх талаар шаардаж, холбогдож байгаагүй. Мөн, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтад хариуцагч Ц.Э надаас зээлийн төлбөрөө нэхэмжилж байсан талаар нэг ч нотлох баримт бичиг хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал, ашигласан гэх этгээд, өнөөдрийг хүртэл зээлийг иргэн Ц.Э надаас нэхэмжилж, төлөхийг шаардаж байгаагүй талаар нөхцөл байдал болон талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх С ХХК-д үүсэх эсэхийг шүүхээс шалгаж өгнө үү. Иймд, С ХХК-ийн 66,792,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Зээл авах талаар хүсэлт гаргаж байгаагүй юм. Нөхөр М дансаа өгчих гэсний дагуу дансаа өгсөн. Ингээд мөнгө орж ирсэн. Улмаар нөхөр нь А.Х гэж хүнд мөнгийг гаргаж өгсөн байдаг. Иймд хариуцагч зээлийг хэрэглээгүй тул зөвшөөрөхгүй. Мөн зээл олгосон хүн нэхэх эрхтэй. Нягтлан гэгч хүн шилжүүлсэн байдаг тул нэхэмжлэгч мөнгө олгоогүй. Иргэний хуулийн 129-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 281-д зааснаар нэхэмжлэгч нь зээл олгох ёстой юм. Гэтэл хувь хүний дансаар шилжүүлсэн гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Улсын бүртгэлийг гэрчилгээний хуулбар /хх-7/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-8/, тус компанийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/21 дугаар тушаалын хуулбар /хх-26/, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/394 дүгээр тушаалын хуулбар /хх-27/, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /хх-28/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ц.Эгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 66,792,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 23,000 ам доллар буюу 66,792,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийг ашиглаагүй, зээлийг нэхэмжлэгч олгоогүй, өнөөдрийг хүртэл энэ талаар мэдээгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид 23,000 ам доллар олгосон болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдсон. /хх-8/
Тодруулбал, энэхүү гүйлгээг Б.С гүйцэтгэсэн байх боловч төлбөрийн зориулалт хэсэгт “С” ХХК-с түр зээл гэсэн байна.
Цаашлаад мөн өдөр нэхэмжлэгчийн данснаас 23,000 ам долларыг Сайнжаргал бэлнээр гаргасан болох нь Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон. /хх-28/
Мөн Б.С нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажилтан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/394 дүгээр, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/21 дүгээр тушаалуудын хуулбараар тус тус тогтоогдож байна. /хх-27, 26/
Иймд хариуцагчийн зээлийг нэхэмжлэгч олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй.
Дээрх үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагчийн “С” ХХК гэх компанийн талаар өмнө нь сонсож байгаагүй гэх тайлбар нь дээрх мөнгөн шилжүүлгийн баримтын гүйлгээний утга болон хариуцагчийн төлөөлөгчийн мөнгө дансанд орсон талаар маргахгүй гэх тайлбараар үгүйсгэгдсэн.
Хариуцагчийн тухайн мөнгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжилж байгаагүй гэх тайлбар нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь зээл олгогдсоноос хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Үүнээс гадна хариуцагч тал дансанд орсон мөнгөний талаар маргаагүй боловч зээлийг ашигласан этгээд нь тодорхой хэсгийг буцаан төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.
Түүнчлэн зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон бөгөөд хариуцагч нь бусдад ашиглуулсан эсэх нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь зээл олгож, хариуцагч хүлээн авсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.
Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар хэн аль нь маргаагүй бөгөөд гэрээг хугацаатай байгуулсан үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар нэхэмжлэгч үүргийг хэдийд ч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч гэрээний үүргийг мөн оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан ханшаар тооцож нэхэмжилсэн.
Монгол банкнаас зарласан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гадаад валют, төгрөгийн харьцах албан ханшаар 1 ам доллар нь 2,904.55 төгрөгтэй тэнцэж байна. Энд Монгол банкны зарласан ханш нь цахим хуудсанд байрлуулсан нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Үүнээс тооцвол 23,000 ам доллар нь 66,804,650 төгрөг юм.
Гэвч нэхэмжлэгч нь 23,000 ам долларыг 66,792,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн төлбөрийн улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 491,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 66,792,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 491,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД