Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн   М.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ***сумын **дүгээр багийн нутаг “***” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 6.7 метр куб хэмжээтэй 15 ширхэг босоо мод унагааж 205 ширхэг банз болгон бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 3,276,966 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ***дүгээр багийн нутаг “***” гэх газар нутгийн ойгоос хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр  25 ширхэг   6.7 м3. босоо шинэс төрлийн мод унагаж, 205 ширхэг банз болгон бэлтгэж, байгаль экологид 3,276,966 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/, хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17 тал/, Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 18 тал/, 2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 19-20 тал/, 2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 14а дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 21-22 тал/, мөрдөгчийн  2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Б.Б  мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,  Хөвсгөл аймгийн  Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 925/12159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-55 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3,276,966   төгрөгийн шууд хохирол учирсан нь  Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 9.830.898  төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

           Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч  нь шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж  байх тул шүүгдэгчээс 9.830.898  төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  6,7 м3 мод,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мод зүсвэрийн Тайга-2 загварын ногоон өнгийн суурин хөрөө, хээр зүсмийн 1 ширхэг морь зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж  заасан байх тул прокурорын 2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоол,  2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 14а дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мод зүсвэрийн Тайга-2 загварын ногоон өнгийн суурин хөрөөний үнэ 400.000 төгрөг,  1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн 1 ширхэг морь, гэмт хэрэг үйлдэж олсон 6,7 м3 хэмжээтэй 4 метрийн урттай, 3см өргөнтэй 250 ширхэг шинэс төрлийн  банзыг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч  М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  М.Б-г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-оос 9.830.898  (есөн сая найман зуун гучин мянга найман зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь *** тоот дансанд олгосугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын  2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоол,  2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 14а дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мод зүсвэрийн Тайга-2 загварын ногоон өнгийн суурин хөрөөний үнэ 400.000 төгрөг, 1.000.000 (нэг сая) төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн 1 (нэг) ширхэг морь, гэмт хэрэг үйлдэж олсон 6,7 м3 хэмжээтэй 4 метрийн урттай, 3см өргөнтэй 250 ширхэг шинэс төрлийн  банзыг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН