| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0088/э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
2025 05 05 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н, шүүгдэгч Я.Х, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000062 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Я овогт Я-ын Х (РД: ....), 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт .... аймгийн .... сумын нэгдүгээр багийн 6-6 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, мөн тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн;
- Монгол Улсын иргэн, Т овогт Э-ийн Г (РД: ....), 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эх, ах, эгч, дүү нарын хамт ... аймгийн .... сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг өршөөн хэлтрүүлсэн.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н “шүүгдэгч Я.Х, Э.Г нарыг бүлэглэж Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багийн 239 тоот хашаанд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ц.Бийг газар унагааж толгой, нүүр хэсэгт нь олон удаагийн үйлдлээр гар, хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;
- Мөн “2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Я.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан, согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2.65 промиль) үедээ “Toyota prius-20” загварын, 54-51 УВС улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1294 дугаартай шийтгэвэр, 670 дугаартай гүйцэтгэх хуудас (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас), согтуурал шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), гэрч Т.Бы мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал), хохирогч Ц.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас), гэрч Б.Ёын мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), гэрч М.Балжинямын мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас), шинжээчийн 102 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);
- Шүүгдэгч Я.Хын өмгөөлөгч: Гэрч Ж.Нн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), хохирогч Ц.Бийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас);
- Шүүгдэгч Э.Гн өмгөөлөгч: Гэрч Н.Цгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), шүүгдэгч Э.Гн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 163 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Шүүгдэгч Я.Х, Э.Г нар бүлэглэж Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багийн 239 тоот хашаанд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө танхайн сэдэлтээр хохирогч Ц.Бийг газар унагааж толгой, нүүр рүү нь олон удаагийн үйлдлээр өшиглөж, цохиж хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь:
- Хохирогч Ц.Бийн “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ж.Дын хамт Улаангом сум явж ирээд орой нь дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литрийн савтай пиво аваад Ж.Дын гэрт М.Б нарын хамт уугаад сууж байтал шөнө дунд гаднаас манай сумын залуу Э.Г орж ирээд намайг дуудаж гэрээс гаргахад гадна манай сумын Я.Х, Т.Ё нар байсан бөгөөд шууд “чи ямар том пиздаа вэ” гэж хэлээд Я.Х намайг хавирч унагаагаад зодсон. Би арай гэж босож ирээд зугтаад гэр рүүгээ явсан. Гэрт очиход манай аав н.Цэгмэд байсан. Хэн зодсон талаар асуухад би өглөө хэлье гээд унтаж амарсан юм. ...Намайг гэрээс Э.Г гаргаж ирээд Я.Х нааш ир пиздаа минь гэж хэлээд хавирч унагаагаад нэг хөл хамар хэсэгт орж ирээд цохиж дээрээс нь намайг өшиглөж хэвлий хэсэгт хавирга руу өшиглөөд байсан. Тухайн үед Я.Х, Э.Г хоёр ээлжлээд намайг цохиод байсан юм. Тэгсэн гэрээс М.Б гарч ирээд дундуур нь орж салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас);
- Гэрч Б.Ёын “...Э.Г Ц.Бийг гэрээс аваад гарсан. Араас нь Я.Х гарч удалгүй би гэрээс гарахад гадна хашааны үүдэн дээр Я.Х нь Ц.Бийг газарт унагааж толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө дэвсэж байсан. Би очиж дундуур нь орж салгах гэтэл Я.Х “зайл би чамайг ална шүү” гэж хэлэхээр нь би айгаад ойртоогүй. Тэгсэн хажуугаас нь Э.Г орж ирээд нүүр толгой хэсэгт 2 удаа өшиглөж, Ц.Бийг босгож ирээд Э.Г хөл гараараа ээлжлээд толгой нүүр хэсэгт нь цохиод байхаар нь би очиж салгасан чинь Ц.Б босож ирээд автомашинаа аваад яваад өгсөн. Би Э.Гг авч яваад бид хоёр гэртээ харьсан. Харин Я.Х Ж.Д Б нар нь гэрт үлдсэн юм. ...Э.Г нь Ц.Бийг гэрээс дагуулж гараад Я.Х Э.Г хоёр ээлжлээд зодож байсан ямар нэгэн маргаан гараагүй шууд цохиж эхэлсэн. Би юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Ц.Бийн толгой, шүд, хамар хэсэгт Я.Х, Э.Г нар нь хоёулаа ээлжлээд өшиглөж, гараараа цохиж байсан. Тухайн үед Ц.Б нь согтуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас);
- Гэрч М.Бын “...22 цаг өнгөрч байхад гаднаас Галаа буюу Галбаяр, Я.Х, Э.Г, Ё нар гэрт ороод ирсэн. Тэгсэн шууд Э.Г Ц.Бийг харчхаад гэрээс гараад ир гээд дагуулж гарсан. Араас нь Я.Х, Б.Ё нар гарсан юм. Би удалгүй 4-5 минутын дараа гэрээс гарахад хашааны хаалганы хажууд Ц.Б газарт уначихсан Я.Х хажууд нь зогсож байсан. Э.Г Ц.Бийг газарт хэвтэж байхад нь хөлөөрөө өшиглөж гараараа цохиод орилж байсан. Э.Г Ц.Бийг би чамайг ална шүү гээд дайраад зогсож харагдсан. Та нар боль хүн аллаа хэн цохиод байгаа юм гэхэд Э.Г над руу гүйж ирээд би Ц.Бийг ална гээд энэ бид хоёр тооцоотой гээд байсан. Тэр хооронд Ц.Б босоод хашаанаас гараад зугтаад яваад өгсөн. Би та нар яагаад Ц.Бийг нийлж, цохиод байгаа юм гэхэд Я.Х чи хэн бэ гээд над руу дайрч, намайг хоёр удаа өшиглөж зодох гээд дайраад байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас);
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 102 дугаартай “...Ц.Бийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний булан, дээд зовхи, хамрын уг, өвчүүний дунд хэсэгт цус хуралт, хамрын уг, баруун хацар, өвчүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас) зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Я.Х, Э.Г нар яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бийн биед бүлэглэж халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Я.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2.65 промиль) үедээ “Toyota prius-20” загварын, 54-51 УВС улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас);
- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1294 дугаартай шийтгэврийн болон 670 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Я.Хыг Алкотест-6820 дугаартай драгер багажаар шалгахад 2.65% тоон үзүүлэлт илэрсэн” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас);
- Гэрч Т.Бы “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 54-51 УВС улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Я.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан. Цагдаагийн хэсгийн байранд авч ирж согтуурал шалгах 6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2.65% хувийн согтолттой гарсан тул нагац ах Б.Гт хүлээлгэн өгч, 54-51 УВС улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тоёота приус 20 загварын, 54-51 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Я.Х жолоодож явсан бөгөөд өөр хүмүүс бас байсан. ...би Я.Хын регистрийн дугаарыг “X ковер” төхөөрөмжид хийж шалгахад “В” ангиллын эрх нь хасагдсан гэж гарч ирж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас) зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Уг гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой. Тодруулбал шүүгдэгч Я.Х, Э.Г нар өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг, өөрсдийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж танхайн сэдлээр хохирогч Ц.Бийг үйлдлээрээ нэгдэн, цохих, өшиглөх зэргээр зодсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Я.Х, Э.Г нар үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул тэдгээрийг бүлэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинжийг заажээ.
Тодруулбал шүүгдэгч Я.Х, Э.Г нар үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх шинжийг хангасан байна.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Я.Х 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Toyota prius-20” загварын, 54-51 УВС улсын дугаартай автомашиныг жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 2.65 промиль буюу 0.20 промиль (%)-ээс дээш гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 2024/ЗШ/1294 дугаартай шийтгэврээр шүүгдэгч Я.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан, уг хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Toyota prius-20” загварын, 54-51 УВС улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.
Шүүгдэгч Я.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Toyota prius-20” загварын, 54-51 УВС улсын дугаартай автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх шинжийг бүрэн хангасан байна.
3.3. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Я.Х, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
- Мөн шүүгдэгч Я.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Я.Х, Э.Г нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б “...Надад эмчилгээний зардал болох 1’000’000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгөөр хамар, шүд янзлуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) өгсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн гэж дүгнэв.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч Я.Хаар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Я.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, мөн шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Я.Хын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 108-118 дугаар хуудас), мөн тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 119-144 дүгээр хуудас), тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 145-149 дүгээр хуудас), тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 150-155 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Я.Х нь эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, мөн тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Гн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 160 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 161 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 163 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Г нь эх, ах, эгч, дүү нарын амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг өршөөн хэлтрүүлсэн гэх хувийн байдал тогтоогдсон болно.
2.2. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Я.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч Я.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Я.Хт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэх саналтай. Мөн шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал дүгнэлтийг гаргаж байна” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Я.Хын өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн холбогдож байгаа зүйл заалтын хувьд хөнгөн төрлийн хэрэг бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээд хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж сүүлийн удаа хариуцлагыг нь хөнгөрүүлээд зорчих эрхийг хязгаарлах ялыг дээд хэмжээгээр нь болгож хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Э.Гн өмгөөлөгч “...Шүүгдэгч Э.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хөдөлмөр эрхлэх чадвартай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргаж байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял сонгож оногдуулахаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар тус тус хуульчилсан.
3.2. Шүүгдэгч Э.Гн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог. Иймд шүүгдэгч Я.Хын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Хын хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдаж догшин авирласан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний булан, дээд зовхи, хамрын уг, өвчүүний дунд хэрэгт цус хуралт, хамрын уг, баруун хацар, өвчүүнд зулгаралт гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 1 жил 6 сарын хорих ял дээр 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоов.
3.4. Шүүгдэгч Я.Хын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Мөрдөгч шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч Э.Гд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч Я.Хт хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я ургийн овогт Я-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч Т ургийн овогт Э-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тус хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Хт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хуучин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА