Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар  2021/ДШМ/442

 

 

 

 

 

 

       2021         5             11                                       2021/ДШМ/442                              

 

 

Л.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюуны даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.От холбогдох эрүүгийн 2002 00167 1173 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Б.Бгийн хүү Б.Аг “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж биет 2.500.000 төгрөг, өөрийн 5014314620 дугаарын данс болон иргэн Б.Яын 5006145218, О.Бийн 5006479874, Ө.Яны 5720190777, А.Хны 5031693967, М.Тын 5030416315, Б.Агийн 5076383147, С.Эын 5024217910 дугаарын дансаар 39.671.300 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 42.171.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Пд хүн амын орлогын албан татварын буцаалт авахаар 5.200.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2020 оны 1 дүгээр сард өөрийн зээлийн барьцаанд байсан байраа барьцаанаас чөлөөлүүлэх гэж Л.От бичиг баримтын болон нотариатын зардалд 185.000 төгрөг, 37.000 төгрөг, 116.000 төгрөг шилжүүлсэн гэж тус тус мэдүүлж байх тул прокуророос шүүгдэгч Л.Оийг 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Б.Бгаас хүү Б.Аг нь “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д цагдаагийн сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 42.171.300 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэсэн хэргийн үйл баримттай таарахгүй байна.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүн амын орлогын албан татварын буцаалт авахаар Пд өгсөн гэх 5.200.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард барьцаанд байсан байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр өгсөн гэх 185.000 төгрөг, 37.000 төгрөг, 116.000 төгрөг нь энэ хэрэгт хамааралтай эсэх, эсхүл тусдаа үйлдэл эсэхийг нарийвчлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.

Мөн Л.Оийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нарийн шалгаж, хохирлын хэмжээг зөв тогтоох нь зүйтэй. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Л.От холбогдох эрүүгийн 2002 00167 1173 дугаар хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Л.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүн амын орлогын албан татварын буцаалт авахаар Пд өгсөн гэх 5.200.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард барьцаанд байсан байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр өгсөн гэх 185.000 төгрөг, 37.000 төгрөг, 116.000 төгрөг нь энэ хэрэгт хамааралтай эсэх, эсхүл тусдаа үйлдэл эсэхийг нарийвчлан шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч Л.О нь хохирогч Б.Бгаас хүү Б.Аг нь “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” хэмээн 2013 оны 6 дугаар сарын үед Б.Оюунчимэгээр дамжуулж бэлнээр 2.500.000 төгрөг авснаар шүүгдэгч Л.О нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Бг төөрөгдөлд оруулсан. 

Тухайлбал, 2013 оны 7 дугаар сарын эхээр хохирогчтой утсаар холбогдож “өөрийн чинь мөнгийг хүлээн авлаа, хүүхдийг чинь сургуульд оруулах арга хэмжээг би авна, цагдаагийн академи дээр бичиг баримттайгаа ирээрэй” гэсний дагуу хохирогч Б.Б, Л.О нар нь биечлэн уулзсан байдаг.

Мөн 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр өөрийн эзэмшилд байх 94120509 дугаарын утаснаас Бтийн эхнэр А гэх хүний нэрээр хохирогчтой холбогдож “цагдаагийн академид орох боломжгүй боллоо, танай хүүхдийг Москвагийн цагдаагийн сургуульд явуулж өгнө” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгт түүний эхнэр Алтанцэцэг гэх, мөн хурандаа Ч түүний туслах Ц, Г, Чийн эхнэр Я гэх хүмүүсийн нэрийг барьж бусдын дансаар мөнгө шилжүүлж авсан. Хохирогч Б.Б нь 2020 оны 1 дүгээр сард Л.Оээс хүүхдийн сургалтын төлбөр гэж өгсөн мөнгөө нэхэхэд нь “надад мөнгө байхгүй Ат бүх мөнгийг өгсөн би мэдэхгүй” гэхээр нь “зээлээ төлж чадахгүй байдалд ороод байна яадаг ч байсан миний мөнгийг өг” гэхэд нь “байшингаа барьцаанд тавьчих, 50.000 төгрөгийн зээл гаргуулаад өгье, бичиг баримтыг нь хөөцөлдөхөд 185.000 төгрөг болно” хэмээн авч харин 116.000 төгрөг, 37.800 төгрөгийг “Газар партнерс” ББСБ-ын дарга Одноо гэгчээс “Хас банкны зээлийг чинь чөлөөлөөд ББСБ-д оруулаад өгье” хэмээн авсан. Мөн хохирогчийн мэдүүлгээр Л.О нь “ҮАБЗ-ийн дарга Пийн охинтой ярьсан хүн амын орлогын албан татварт би 60 сая төгрөг хийгээд ашиг нь буцаан олголтоор чамд 5.200.000 төгрөг чинь 52.000.000 төгрөг болж буцаж ирдэг, тиймээс хүн амын орлогын албан татвар гэж бичээд шилжүүлээдэх, өнөө маргаашгүй чиний дансанд орно, П дарга өөрөө батлан дааж байгаа болохоор чи битгий айгаарай” хэмээн 5.200.000 төгрөгийг Б.Аийн 5076383147 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 6 жил 7 сарын хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн, бусдын нэрийг барьж гэмт хэрэг үйлдэж байгаа залилах гэмт хэрэг үйлдэх арга нь байх тул шүүгчийн захирамжид заасан Л.Оийн дээрх 2 үйлдэл тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Л.О нь П гэх хүнийг танихгүй, түүний нэрийг барьж мөнгө аваагүй, хохирогч худлаа хэлээд байна хэмээн мэдүүлдэг болохыг дурдах нь зүйтэй. 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хуралдааны явцад мөн хуулийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохын тулд хохирогч Б.Б нь мэдүүлэгтээ “2.500.000 төгрөгийг надаас бэлнээр авсны үндсэн дээр үргэлжлүүлэн намайг залилж бусдын дансаар 39.671.300 төгрөг авсан, шүүгдэгч нь шүүх хурлын явцад 10.950.000 төгрөг төлсөн, мөн Гд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг хасаад 29.721.300 төгрөг нэхэмжилнэ гэх боловч захирамжид дурдсан 7 гүйлгээг хэрэгт авагдсан дансны хуулгыг шинжлэн судалж баримтаар 12.109.300 төгрөгийн төлөх төлбөртэй болохыг тогтоосон ба хохирогч нь надад 15.000.000 төгрөг өгвөл гомдол саналгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Л.От холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой байхад шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Мөн өмнө нь уг хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “хэргийн бодит хохирлыг тогтоолгох” гэх утга бүхий давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 62 дугаартай магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан буюу хэргийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж буцаасан байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, мөн хуулийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.О шүүхэд ирүүлсэн хүсэлт болон тайлбартаа: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Л.О надад холбогдох эрүүгийн хэргийн талаар дүгнэлт хийхдээ “прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” талаар тодорхой бичсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхээсээ өмнө мөрдөгч дээр ажиллагаа хийгдэж байхад хэргийг хянаж байсан. Магадлалд хохирогч Б.Б нь өөрийн данснаас мөнгө авсан боловч Л.О миний дансанд ороогүй талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Мөн хохирлын хэмжээг хөдөлбөргүй тогтоогоогүй гэж заасан байдаг. Хохирогч Б.Б бид хоёрын хоорондын хохирлын тооцоог шүүхийн аль ч шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэрийг эсэргүүцэн прокурор эсэргүүцэл гаргасанд миний хувьд үнэхээр их гайхаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хөдөлбөргүй үнэн зөвөөр тогтоож нотолсон тохиолдолд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Учир нь эдийн засгийн холбогдолтой гэмт хэрэгт хохирлын тооцоо үнэн зөв тогтоогдох нь хамгийн чухал юм. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирлын тооцоо үнэн зөв тогтоохоос биш шүүх энэ ажиллагааг гүйцэтгэдэг байгууллага биш гэж бодож байна. Иймд хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

Миний бие нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цагдан хоригдсоноос хойш эрүүл мэндийн хувьд үнэхээр хүндрэл үүсээд байна. Энэ 6 сар гаран хоригдох хугацаанд 4 удаа тус ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч суурь өвчнөөс хамааралтай өвчлөлүүд эдгэрэл авахгүй улам хүндэрсээр байна. 2016 оноос хойш Сахарын өвчин оношлогдсон, 2017 онд бамбай булчирхайн 15 зангилаа бүхий өвчлөлтэй, 2013 оноо хойш тархины судасны нарийсалтай болж, артерийн даралт байнга ихэсдэг, 2020 онд ходоодонд ургацаг үүссэн, 2013 оноос хойш нурууны ясны “S” хэлбэрийн муруйлтын улмаас доод үений суулттай болсон. Одоогоор байнга өвчин намдаах эм ууж, өвчнийг түр зуур намдааж байна. Учир нь өвчин намдаах эмнээс өөр эмчилгээ байхгүй. Нурууны хагалгааны заалттай оношлогдсон. Тус ангийн эмнэлэг миний өвчнүүдийг бүгдийг оношилж тогтоосон ба энэ талаарх эмнэлгийн тодорхойлолт бичгийг анхан шатны шүүхэд болон прокурорт удаа дараа хүргүүлж байсан. Өнөөдрийн байдлаар манай улс болон дэлхий дахинд нүүрлээд буй “Цар тахал”-ын талаарх мэдээ мэдээллийг бид бүхэн бүгд мэдэж байгаа. Тус цагдан хорих төвийн эмэгтэйчүүдийн корпуст хүртэл олон эмэгтэйчүүд энэ вируст өвчнөөр өвчилж, тусгаарлагдаж байна. Одоогийн байдлаар миний бие маш их ханиалгаж, толгой өвдөж хэцүү байдалтай байна. Над шиг маш олон суурь өвчтэй, дархлаа муутай хүнд энэ вируст өвчин хамгийн амархан халдаж, хүндэрч, амь насанд минь алхам тутамд аюул заналхийлж байгаад маш их айж сэтгэл санаагаар унаж байна. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хувийн батлан заалтад гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал хүсэлт, тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай, хохирлыг тооцон шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад нотлох баримтад хуулийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хохирол нотлогдсон гэж үзэж байгаатай санал нийлэхгүй. Харин хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх гэснийг дэмжиж байна.

Мөн Л.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял авч цагдан хоригдсон. Шийтгэх тогтоолд шүүгдэгч талаас гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2021/ДШМ/62 дугаартай магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл хэвээр үргэлжлүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, Л.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсэн. Прокурор эсэргүүцэл бичсэнээр одоо болох давж заалдах шатны шүүх хурал хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцүүлэх боломжгүй болсон. Өмнө нь Л.Оийн таслан сэргийлэх арга хэмжээний талаар 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн давж заалдах шатны шүүх хурал, 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хурлын өмнө болон дараа нь бичгээр хүсэлт гаргаж, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтыг 2 удаа бичгээр авч хавсарган өгсөн. Одоо болох шүүх хурлаас өмнө дахин эрүүл мэндийн тодорхойлолт авахаар шуудангаар 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн захиргаанд хүсэлтээ бичгээр хүргүүлсэн. Л.О нь цагдан хоригдсоноос хойш 4 удаа хэвтэн эмчлүүлсэн. Хавсарсан олон суурь өвчтэй, эрүүл мэндийн хувьд доройтож, турж эцсэн эмнэлэгт хэвтэж эмнэлгийн туслалцаа авах шаардлагатай байгаа ч тус ангийн эмнэлэгт өвчтөн хэвтэн эмчлүүлэх боломжгүй болсон байна. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дугаар хэсэгт заасан Монгол улсын иргэний хувьд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж хуульчилсны дагуу таслан сэргийлэх арга хэмжээний талаар хүсэлт гаргаж байхад шүүгч Л.Оюунаас 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 2/193, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 2/823 дугаартай албан бичиг өгсөн нь ойлгомжгүй байгаа юм. Үндсэн хуульд заасан эрхийг чинь зөрчөөгүй гэсэн эсхүл таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг өөрчлөх эсэхийг хурлаар хэлэлцсэн бол өөр хэрэг. Л.От нурууны мэдрэлийн өвдөлтөө оношлуулах компьютер, томограф, имрай аппарат тус ангийн эмнэлэгт байхгүй. “Ковид-19” вирус туссан хүмүүсээ эмнэлэгт авч, өөр өвчтөн хэвтэн эмчлүүлэх боломжгүй, өдөрт 3 эмч, эмнэлгийн ажилтан байгаагаас дуудаад ирдэггүй, үзэж өгөхгүй байгаа. Олон халдвартай хүмүүстэй агааргүй орчинд хамт байгаад “Ковид-19” тусвал миний бусад өвчинтэй хавсарч амьд үйлдэхгүй нь гэж хэлэхийг нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаад сонсоход хэцүү байна. Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн комиссод Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид байгаа хүмүүсийн асуудлаар хандсан байгаа. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, үүсээд байгаа онцгой нөхцөл, эрүүл мэндийн байдлыг харгалзан Л.Оийн таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлж хувийн баталгаа болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүн амын орлогын албан татварын буцаалт авахаар Пд өгсөн гэх 5.200.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард барьцаанд байсан байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр өгсөн гэх 185.000 төгрөг, 37.000 төгрөг, 116.000 төгрөг нь энэ хэрэгт хамааралтай эсэх, эсхүл тусдаа үйлдэл эсэхийг нарийвчлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр Л.От холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Л.От холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн болно.

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Л.От холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.” гэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хуульчилсан бөгөөд шүүхээр гэм буруугийн талаар эцэслэн шийдвэрлээгүй учир давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.От авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.От холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ

 

 

     ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

 

 

     ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ