Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/03311

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        07          22                                     101/ШШ2022/03311         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ПД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг, задгай хаягт оршин суух бүртгэлтэй, Ё.Б-д холбогдох,

 

3,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч Ё.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.        

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ё.Б нь 2021 оны 10 сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутагт байрлах Нарантуул захын уулзварт “Хьюндэй портер” маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ С.Х-ийн эзэмшлийн “Ниссан патрол” маркийн 00-00 УБН улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан.

Дээрх зам тээврийн осол нь Ё.Б-ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг дэх “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 1.4 дэх хэсэг дэх “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Ч.Г-ын 2021 оны 10 сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар,

Энэхүү ослын улмаас С.Х-д 3,682,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “АБ” ХХК-ийн 3,500,000 төгрөгийн хохирлын үнэлгээ, үнэлгээний хөлс 182,000 төгрөг төлсөн баримтаар тус тус тогтоогддог.

С.Х нь ПД ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 0 дугаартай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан байсан бөгөөд ослын тохиолдол болох үед Ё.Б нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй байсан.

Үүний учир “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3012105566 дугаар тушаалын дагуу С.Х-д ослын улмаас учирсан хохиролд 3,682,000 төгрөгийг нөхөн төлбөрт төлсөн байдаг.

Даатгуулагч нь тухайн үед цагдаад өгсөн мэдүүлэгтээ тээврийн хэрэгслийн баруун урд талын крыло болон толь зурагдсан гэдгээ хэлсэн байхаас гадна үнэлгээ хийгдэхээс өмнө үзлэг хийсэн хуудас дээр баруун урд талын крыло, толь, толины суурь, гишгүүр гэмтэлтэй гэж бичигдсэн байдаг. Даатгалын компани нь хохирлын үнэлгээ тогтоодог, түүнчлэн зам тээврийн ослын буруутай байдлыг тогтоодог газар биш бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хохирлын үнэлгээний байгууллагын тайлан, цагдаагийн дүгнэлт зэргийг үндэслэн хохирлын нөхөн төлбөрийг олгосон.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, С.Х болон “ПД” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаар авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу даатгуулагчийн хохирол шаардах эрх даатгуулагчид олгосон 3,682,000 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн.

Иймд хариуцагч Ё.Б-аас 3,682,000 /гурван сая зургаан зуун наян хоёр мянган/ төгрөгийг “ПД” ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ё.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ё.Б би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нарантуул захын баруун уулзвар дээр баруун эргэх гээд зогсож байтал Ниссан Патрол 00-00 УБН машины жолооч талын толь шүргэж урагш унагасан. Уг автомашины толь хойшоо болж зурагдсан байсан. Үүнээс өөрөөр 2 машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан.

Газар дээр замын цагдаа х/ч М үзлэг шалгалт хийж, хэмжилт зураг аваад ийм зөрчил дээр дуудлага өгөөд байхдаа яадаг юм, хөгшин хүний машины толийг төлөөд өгчихөөч гэж нөгөө жолоочид хэлсэн. Гэтэл уг автомашины жолооч нь төлөхгүй гэсэн, тэгвэл та 2 энэ асуудлаа Баянзүрх дүүргийн Замын цагдаагаар шийдүүл гэж хэлсэн.

Тэгээд замын цагдаа х/ч Г ирж уулзаад миний толийг төлүүлж өгнө гэж байсан юм. 2021.10.15-нд түүнтэй очиж уулзахад надаар баахан бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед би нүдний шилгүй явж байсан учир заасан газарт гарын үсэг зурсан. Мөн даатгалын компанийн дарга дээр очоод 2 машин хоорондоо толь толиороо шүргэлцсэн байсан гэдгийг хүртэл хэлсэн.

Осол болсон өдөр үзлэг хийж, үнэлгээ хийгээгүй мөртлөө 3 хоногийн дараа үзлэг хийж, үнэлгээ хийсэнд гомдолтой байна. Ийм байсаар байтал даатгалын компани хохирлыг төлдөг буруутай гэж үзэж байна.

Цагдаагийн байгууллага болон үнэлгээний байгууллагын дүгнэлт,  шийдвэрийн талаар зохих байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаагүй.  

Иймд “ПД” ХХК-иас нэхэмжилсэн 3,682,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.08-ны өдрийн №30/2105566 дугаартай “Нөхөн төлбөр олгох тухай” тушаал, даатгуулагчийн нөхөн төлбөрийн түүх, депозит дансны хуулга, “АБ” ХХК-ийн 848 дугаартай хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлангийн хуулбар, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт хуулбар, шийтгэлийн хуудас, “ПД” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.У болон Б.А-д олгосон итгэмжлэл, С.Х-тэй байгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.06.28-ны өдрийн 2022/15 дугаартай тогтоол /хх-ийн 3-13, 23,34,39,67/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: Ё.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 17,21,33/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.  

Шүүхээс: Баянзүрх дүүрэг дах Замын цагдаагийн хэлтсээс Ё.Б-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал, “АБ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний №848 дугаартай тайлан, үнэлгээ, бэлэн мөнгөний орлогын баримт, үзлэгийн хуудас, урьдчилсан нэхэмжлэх /хх-ийн 50-66/ зэрэг баримтыг зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь хариуцагч Ё.Б-д холбогдуулан 3,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ПД” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг даатгуулагч С.Х-тэй 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул дээрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу 3,682,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэжээ.

 

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19-00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн замд Ё.Б нь Портер маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т: “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т: “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэж заасныг зөрчсөнөөс С.Х жолоочтой Патрол маркийн 00-00 УБН улсын дугаартай автомашиныг мөргөснөөс 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ.

 

Уг зам тээврийн ослыг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс шалгаад Ё.Б-ийн гарсан зөрчил нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, зөрчил гаргагч Ё.Б, гомдол гаргагч С.Х нарын өгсөн мэдүүлэг, “АБ” ХХК-ийн хохирлын үнэлгээ зэрэг баримтаар тогтоогдсон гэж үзэн Ё.Б-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 59-60/

 

Дээрх ажиллагааны явцад “АБ” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд: “Баруун урд крыло, толь, толины суурь, дээрх эд ангиудын хуулга” гэж тэмдэглэсэн, ийнхүү үзлэг хийсний үндсэн дээр уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 3,500,000 төгрөг гэж үнэлсэн, үнэлгээний хөлсөнд 50,000 төгрөгийг С.Х төлсөн болох нь тус компаниас ирүүлсэн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний №848 тоот тайлан, бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 61-66/

 

Нэхэмжлэгч “ПД” ХХК болон С.Х нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай, 0 дугаар бүхий “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулагдсан, гэрээгээр Ниссан Патрол маркийн 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 39/

 

Энэхүү даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.15-т: “Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дах заалтыг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгуулагчид шилжинэ”,

8 дугаар зүйлийн 8.1-т: “Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрөө нэхэмжлэх эрхтэй ба даатгуулагч даатгагчид бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

Энэхүү даатгалын гэрээний дагуу “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №30I2105566 тоот тушаалаар авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 3,682,000 төгрөгийг даатгуулагч С.Х-д шилжүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр түүнд шилжүүлсэн болох нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн депозит дансны харилцагчийн хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 4-6/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ё.Б нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Портер маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас С.Х-ийн жолоодож явсан 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь “АБ” ХХК-ийн тайлангаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын нөхөн төлбөрт 3,682,000 төгрөгийг төлсөн байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д: “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ.  

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг зам тээврийн осол болох үед үзлэг, үнэлгээ хийгдээгүй, 0-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учраагүй байхад даатгалын нөхөн төлбөр төлсөн тул даатгалын компанийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. 

 

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн Ё.Б-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал болон “АБ” ХХК-иас ирүүлсэн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийсэн баримтаас тус тус үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол болсон хэргийн газарт Цагдаагийн байгууллага үзлэг хийж, энэхүү үзлэгээр тогтоогдсон байдал болон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл тус бүрийг тусгасан баримт үйлдэж, баримтыг талуудад танилцуулсан, үнэлгээний компани нь 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн талаар үзлэг хийсний үндсэн дээр уг үзлэгээр тогтоогдсон эвдрэл, хохирлын үнэлгээг гаргасан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 52-54/

 

Хариуцагч нь дээрх ослын талаарх Цагдаагийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар гомдол гаргасантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хариуцагч Ё.Б хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ё.Б-аас 3,682,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”ПД” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Ё.Б-аас 3,682,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ПД” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ё.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 73,862 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ПД” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ