Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00606

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ,, дугаар багт оршин суух, Бт овогт Жын Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг Даргын Тамгын газар /Х.Т/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Аи, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн цахим архивын операторчны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Аи шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа Архивын тасагт 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажилд орсон. Бид нар анх ажилд ороход 5 хүн ажиллаж байсан. Улмаар 2012 оноос эхлэн жил бүр 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ирсэн. Сүүлд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Архивын тасагт ажиллаж байх хугацаанд ажлын хариуцлага алдаж, зөрчил дутагдал гаргаж байсан удаагүй. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Тамгын газрын дарга Х.Т намайг дуудаж архивын тасгийн орон тоо цомхтголд орж 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн тул чи ажлаасаа чөлөөлөгдсөн хэмээн ажлаас чөлөөлсөн тушаал өгөхгүйгээр намайг ажил үүргээ гүйцэтгүүлээгүй. 2015 онд 2 хүнийг цомхтголд оруулсан. Өөрөөр хэлбэл Сл, А нарыг цомхтголд оруулаад Айдос, Наранцэцэг бид гурав үлдсэн. А, Сл нар шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Тэгээд буцаагаад 5 ажилтантай болсон. Дараа нь Наранцэцэг, Айдос нар нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 3 дугаар сар хүртэл Сл, А бид гурав ажиллаж байсан. 2017 оны 3 дугаар сард та нарын гэрээний хугацаа дууслаа гээд нэг гэрээ авчраад гарын үсэг зуруулсан. Тухайн үед бид нар хөдөлмөрийн гэрээ гэж ойлгоод гарын үсэг зурсан, ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг мэдээгүй. Сл тухайн үед хотод байсан. Хотоос нэг бичиг ирээд 2 хүнийг цомхтгоно, нэг хүн үлдэх ёстой гээд Слийг авч үлдээд бид нарыг ажлаас чөлөөлсөн. Би тушаалаа гаргуулж авъя гээд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явсан. Тэгээд сүүлд нь би тушаалаа авъя гээд хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Миний тушаалыг гаргаж өгөхгүй байж байгаад 2017 оны 4 дүгээр сард албан тоот бичиж өгсөн. Би тэрийг аваад нийгмийн даатгалын байгууллагаас ажлаас халагдсаны тэтгэмж авсан. Би тэтгэмж авахын тулд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулахаар очиход Мэргэжлийн хяналтын газраас бид нар дүгнэлт гаргахаа больсон, 3 жил болж байна гэж хэлсэн. Би 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэг ажлаар Архивын тасагт ирэхэд Еийг ажилд авсан байсан. Би аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулахаар очиход хэрвээ цомхтголд оруулсан бол 3 сарын дотор тухайн орон тоонд хүн авах ёсгүй, чи шүүхэд хандаарай гэж хэлж байсан. Тухайн үе манай нэг бааз нас бараад түүнээс болж явсаар байгаад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан. Би намайг цомхтголд оруулсан юм чинь ямар нэгэн орон тоо нэмэгдэх юм бол намайг авах байх гэж бодож явж байхад өөр хүнийг авсан байсан. Архивын тасагт одоогийн байдлаар 3 хүний орон тоо хэвээр байна. Тухайн батлагдсан орон тоонд Еийн орон тоо байхгүй байна. Хууль зүйн хэлтсийн бүтэц орон тоонд байгаа болохоос биш Архивын тасагт байхгүй байна. Е миний ажиллаж байсан компьютерт миний хийх ажлыг хийж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х ажлын үзүүлэлт гэж байгаа боловч энэ талаар бид нарт ямар нэгэн шаардлага тавиагүй. Урьд нь хурал хийгээд тэмдэглэл хөтлөөд авдаг байсан боловч тухайн үед ямар нэгэн хурал хийгээгүй, надад хэлээгүй. Слийг авна гээд шууд Слийг авсан. Аийг 2017 оны 4 дүгээр сард буцаагаад авсан байна. Хэрвээ жирэмсэн, хүүхэдтэй гэж үзэх юм бол Аийг авах ёстой байсан. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Еийг авсан байна. Би тухайн байгууллагад 5 жил ажилласан байхад намайг авалгүйгээр Еийг авсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Архивын тасгийн цахим архивын операторчны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 онд Архивын ерөнхий газрын даргын тушаалаар 5 гэрээт ажилтны тоог баталж жил бүр ажлыг нь дүгнэж 2014 онд 5 орон тоог 3 болгон 2 орон тоог нь цомтголд оруулсан, мөн Архивын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/30 дугаар тушаалаар гэрээт ажилтнуудын тоог 1 болгож баталсан юм. Тухайн үед нэг гэрээт ажилтнаар ажлын үр дүнг харгалзан Слийн гэрээг сунгаж А болон Аи хоёрын гэрээг цуцалсан байсан ба А нь жирэмсний амралттай байсан учраас Архивын ерөнхий газарт аймгаас хүсэлт тавьж нэг орон тоог нэмүүлэн Аийн гэрээг сунгаж байгуулсан. Ж.Аи цомтголд орсон үед нийгэм даатгалаас авах гэнэт халагдсаны тэтгэмжийг авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан. Мөн Аи нь ажлын үзүүлэлтээр доогуур үнэлгээтэй байсан. 2.Ж.Аийн нэхэмжлэлд дурдсан 2017 оны 6 дугаар сард дахиж 1 гэрээт нэмж авсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. ЗДТГ-ын бүтэц орон тоонд Хууль эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасагт Архивын тасгийн архив-операторчин гэсэн орон тоо нэмж баталсан ба энэ нь Архивын тасгийн үндсэн ажилтан тул гэрээт ажилтанд хамааралгүй юм. 3.Тухайн үед Ж.Аид тушаал гаргах шаардлагагүй байсан. Учир нь нэгэнт Архивын ерөнхий газраас орон тоо нь хасагдаж цомтголд орсон тухай даргын тушаал ирсэн тул тушаал гаргаагүй. Орон тоо нь хасагдсаныг Аийн өөрт нь 3 сарын өмнө мэдэгдэж Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээний хугацаа дууссан үед гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан ба гэрээ нь цуцлагдаж, хугацаа нь дуусан тул тушаал гаргаагүй. Учир нь Ж.Аи ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. 4.Ж.Аийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаад гэрээний хугацаа нь дуусаж цомхтголд орсон. Мөн Ж.Аийн цалин хөлс нь Архивын ерөнхий газраас ирдэг ба хариуцагч байгууллагаа нь мөн адил Архивын ерөнхий газар тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 5 Ж.Аийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Иймд Ж.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариу хүргүүлсэн байгаа. Архивын Ерөнхий газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа Архивын тасагт 2012 оноос эхлэн 5 гэрээт ажилтан ажиллуулах талаар шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийн дагуу 2014 онд 5 гэрээт ажилтныг 3 гэрээт ажилтан болгож, 2 ажилтныг цомхтгосон. Энэ талаар нэхэмжлэгч Ж.Аи бас дурдаж хэлсэн. Тухайн үед Сл, А нар жирэмсний амралттай байсан. А, Сл нар эргээд орж ирсний дараа 3 хүний цалинг 5 хүнд хувааж өгч байсан гэдгийг нэхэмжлэгч мөн адил тайлбарлаж байна. Яагаад 3 хүний цалинг 5 хүнд хувааж өгч байсан бэ гэвэл Сл, А нар жирэмсний амралттай байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар 3 хүртэлх насны бага хүүхэдтэй эмэгтэй, жирэмсний амралттай байгаа хүний эрхийг хамгаалж өгсөн тул А, Сл нар ажилд эгүүлэн тогтоогдсон. Архивын Ерөнхий газраас нэгэнт 3 хүний орон тоог баталж өгсөн учраас 2 хүний цалинг олгох боломжгүй гэхэд тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Манкей, Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Тиянах нар эдгээр хүмүүстэй тохиролцоод 3 хүний цалинг 5 хүнд хувааж өгч байсан. Эдгээр 2 хүн бид нар цалингаа 5 хүнд хувааж олгохгүй гэж маргаан гаргаснаар шүүх эдгээр хүмүүсийн хүсэлтийг хангаж шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр хүмүүсийн цалингийн зөрүүг саяхан төлж өгсөн. Тухайн үед Архивын Ерөнхий газраас ажилтнуудын ажлын үзүүлэлтийг харгалзаж Слийг авч үлдээд А, Аи нарын гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. Яагаад гэвэл Архивын Ерөнхий газраас 2017 оны 01 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээг бэлтгээд бид нарт явуулсан. Өөрөөр хэлбэл ямар ч байсан 3 сарын хугацаанд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулна, цаашид Архивын тасгийн гэрээт ажилтнуудын тоог цөөрүүлэх гэж байгаа, 3 сарын хугацаанд эдгээр хүмүүсийн ажлын үзүүлэлтийг харах гэж байгаа гээд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод 3 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед эдгээр хүмүүс өөрсдөө зөвшөөрөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан. Архивын Ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02/207 дугаар албан бичиг, мөн өдрийн А/30 дугаартай тушаалаар манай аймгийг нэг орон тоогоор баталж өгсөн нь үнэн. Энэ 2 хүний гэрээний хугацаа дууссан байх тул Архивын Ерөнхий газарт Билгүүн, Болд нартай утсаар холбогдож А нь жирэмсний амралт авах гэж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулиар энэ хүний эрхийг хамгаалж өгсөн, энэ хүний оронд хүн томилох уу үгүй юу гэдэг асуудлаар ярьсан. Дээрх албан тоотод гэрээт архивч, операторчны орон тоо буурч байгаа, төрийн архивуудын ажлын үзүүлэлт хамгийн сайн ажилтнуудтай гэрээг шинэчлэн байгуулахад орон тоо нэмэгдэж буй төрийн архивд дадлага, туршлагатай, чадвартай ажилтнуудтай гэрээ байгуулж ажиллах шаардлагатай байна гэж тодорхой бичсэн. Тэрний дагуу ажлын үзүүлэлт хамгийн сайн байгаа Слтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Мөн тушаалын хавсралтад заагдсан тоонд багтаан төрийн архивд ажиллаж байгаа гэрээт архивч, операторчнуудтай 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаатай хөдөлмөрийн гэрээг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байгуулж 04 дүгээр сарын 20-ний өдрөөс өмнө Архивын Ерөнхий газарт ирүүлж баталгаажуулна уу гэж дурдсан. Тэрний дагуу 2016 оны 12 дугаар сарын ажлын үзүүлэлтийг харгалзсан бөгөөд 2016 оны ажлын үзүүлэлтийн хувьд Слийн ажлын үзүүлэлт 123.3 хувь, Аийн ажлын үзүүлэлт 104 хувь, Ж.Аийнх 74.4 хувь байсан. Дараа нь эхний 3 сарын ажлын үзүүлэлтийг бас авч үзсэн. Тухайн үед гэрээт ажилтнууд өөрсдөө танилцаад ажлын үзүүлэлтээ зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Бид нар үүний дагуу Слтэй гэрээ байгуулсан. Аийн эрхийг хуулиар хамгаалсан тул түүнтэй бас хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний оронд Д гэдэг хүнийг авч ажиллуулсан. Аийг жирэмсний амралтаас орж ирсний дараа Архивын Ерөнхий газраас хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч Ж.Аи цомхтголд орсон гэдгийг мэдэж байсан. Мөн тухайн үед ажлаас халагдсаны тэтгэмж авах гэж байгаа тул тушаал гаргаж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Гэхдээ нэгэнт Архивын Ерөнхий газраас орон тооны цомхтголд оруулсан байсан учраас манайхаас тушаал гаргах боломжгүй гэдэг утгаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй яриад нэхэмжлэгч Ж.Аийн ажлаас халагдсан тэтгэмжийг олгуулах тал дээр ярьж хариу бичиг өгсөн. Улмаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага бид нарын өгсөн хариуг үндэслэж нэхэмжлэгч Ж.Аид тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч Ж.Аи тухайн үед өөрөө зөвшөөрөөд 04 дүгээр сард тэтгэмжээ аваад 08 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Еийн орон тоо Архивын тасгийн гэрээт ажилтнуудын орон тоонд ямар ч хамааралгүй. Е Хууль зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн нэг архичнаар ажиллаж байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Архивын тасгийн гэрээт ажилтнуудын бүтэц орон тоо манай байгууллагад хамааралгүй. Архивын Ерөнхий газраас ирсэн цалинг манай байгууллагын нягтлан бодогч хуваарилж эдгээр хүмүүсийн дансанд хийж өгдөг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Эдгээр хүмүүс 2012 оноос 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Дараа нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа нь дууссан учир дахиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа Архивын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намайг ажилд томилогдох үед А, Аи, Сл нар нь гэрээт ажилтнаар ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А нь жирэмсний амралт авсан бөгөөд түүний оронд Д гэдэг залуу ирсэн. Тухайн үед Ж.Аи өөрөө байсан. Ж.Аи нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Улмаар 2017 оны 03 дугаар сарын дундуур Архивын Ерөнхий газрын даргын албан бичиг, болон архивын гэрээт ажилтнуудын орон тоог шинээр баталсан тушаал, тушаалын хавсралтын хамт ирсэн. Тухайн үед үүнийг би ажилтнуудад танилцуулж, Архивын Ерөнхий газраас гэрээт операторчнуудын орон тоог яагаад цөөрүүлсэн бэ гэж лавласан. Учир нь манай архив бичиг баримт ихтэй, хүн ам ихтэй онцлог аймаг. Манай аймаг цахим архивын шивэлтийн хувьд хоцрогдож явж байгаа учир яагаад ажилчдын тоог цөөрүүлсэн талаар тайлбар авахад гэрээт операторчнууд 2016 оны ажлын үзүүлэлтээр маш муу гарсан учир танай аймгийн гэрээт ажилтны тоог нэг болгосон гэж хэлсэн. Тэр үед бид нар яаралтай арга хэмжээ аваад ядаж хоёр ажилтан болгож өг гэсэн хүсэлт гаргахад бид нарын хүсэлтийг хүлээж аваад 2 болгосон. Тэгээд эдгээр хоёр хүнийг яаж сонгож авах вэ гэсэн асуудал тулгарсан. Улмаар Архивын Ерөнхий газраас чиглэл авахад ажлын үзүүлэлтээр хамгийн сайн хоёр хүнтэй үргэлжлүүлэн гэрээ байгуул гэж хэлсэн. Ажилчдын 2016 оны ажлын нормын биелэлтийг дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Аийн ажлын үзүүлэлт 74 хувь гэсэн хамгийн доогуур үзүүлэлттэй байсан. Тухайн үед А нь дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй байсан учир түүнийг ажлаас гаргах хуулийн үндэслэл байхгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгч Ж.Аи яах аргагүй би хасагдаж, цомхтголд орох юм байна гээд өөрөө зөвшөөрөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Тэр үед би Ж.Аийг дагуулаад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тий өрөөнд ороход тушаал гаргаж, гэрээ байгуулж, цалин хөлсийг олгож байгаа байгууллага нь Архивын Ерөнхий газар учраас тушаал гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас нэхэмжлэгч Ж.Аийг өөрийг нь зөвшөөрснөөр ажлаас чөлөөлсөн. Тэрний дагуу Атэй үргэлжлүүлэн гэрээ байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архивын Ерөнхий газар луу явуулсан. 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Д Аийн оронд тасралтгүй ажиллаж байсан. Иймэрхүү процесс болж өнгөрсөн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Аи нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн цахим архивын операторчны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь,

1). нэхэмжлэгч Ж.Аийг хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Зархум нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Архивын тасагт цахим архивын операторчноор түр томилж, ажил олгогч Б аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж хууль зүйн хэлтсийн дарга Б.Мухамед нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай, албан тушаалыг гэрээт операторчноор гэж нэрлэн зааж хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсгээ зуржээ.

Хариуцагч байгууллага буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Ж.Аийг 2012 онд аймгийн архивын тасагт гэрээт цахим архивын операторчноор томилсноос ажлаас чөлөөлөх буюу 2017 оны 4 дүгээр сарын 01-ний хүртэл жил бүр нэг жилийн хугацаатайгаар гэрээт ажилтнаар ажиллуулж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогджээ.

Хариуцагч байгууллага нь аймгийн Засаг даргын Тамгын газар нь энэ хэргийн хариуцагч биш Архивын Ерөнхий газар хариуцагч гэж маргаж байгаа боловч Архивын Ерөнхий газраас Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр-ийн хүрээнд аймгийн Архивын тасагт ажиллах гэрээт операторчдын орон тоог баталж өгч, уг баталсан орон тооны дагуу хариуцагч Аймгийн Засаг даргын Тамгын газраас тушаал гаргаж нэхэмжлэгч болон нэр бүхий хүнийг томилж мөн хугацаандаа ээлжийн амралт олгож байсан тушаалуудаар үгүйсгэгдэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж зааснаар ажил олгогч болон нэхэмжлэгч нар 2012 оноос хойш жил бүр хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж нэхэмжлэгч гэрээт цахим архивын операторчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон зохигч нарын тайлбараар нотлогдон тогтоогдлоо.

Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Архивын Ерөнхий газрын даргын А/30 дугаартай тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн архивуудад ажиллах гэрээт архив-операторчдын тоог хавсралтаар баталсан ба Б аймгийн архивын тасгийг нэг орон тоогоор баталж, уг орон тоонд ажиллах гэрээт архив-операторчдын ажлын шаардлагыг ажлын үзүүлэлтийг харгалзан гэрээг шинэчлэн байгуулахыг тасгийн дарга нарт үүрэг болгосны дагуу ажил олгогчоос 2016 оны ажлын үзүүлэлтээр нэхэмжлэгч Ж.Аи нь 74.4%, З.А нь 104%, Л.Сл нь 123.3% авсныг нэхэмжлэгч тухайн үед ажлын үзүүлэлтээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба ажил олгогчоос ажлын үзүүлэлтээр илүү байгаа Л.Слийг авч ажиллуулсан нь түүний хуулиар олгосон үүрэг тул шүүхээс хөндлөнгөөс оролцож нэхэмжлэгчийг уг орон тоонд томилохыг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2). Нэхэмжлэгч гэрээт цахим архивын-операторчдын орон тоо хасагдсаны дараа гурван сарын дараа тухайн орон тоо бий болсон тул би ажиллах ёстой гэж маргаж байгаа боловч 3 сарын дараа Архивын Ерөнхий газраас нэг орон тоо нэмсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд ажил олгогчоос жирэмсний амралтад байсан гэрээт цахим архивын-операторчин З.Аийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх боломжгүйн улмаас түүний байдлыг Архивын ерөнхий газарт хандаж орон тоог нэмж батлуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасан үндэслэлд хамааралгүй гэж дүгнэлээ.

Харин К.Еийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоог баталсан ба уг хавсралтын 9 дүгээрт архивын тасгийн архивч нэг орон тоог баталж уг орон тоонд К.Еийг томилсон болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 46 дугаартай тушаал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байгаа ба энэ нь нэхэмжлэгч Ж.Аийн гэрээт цахим архивын-операторчин орон тоонд хамааралгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Аи нь ажил олгогчтой 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулж талууд гарын үсэг зурсан ба энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэгч шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй байх ба нэхэмжлэгч нь тухайн үед ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрч ажилласан байна гэж үзлээ.

3). Нэхэмжлэгч Ж.Аийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар гэрээт цахим архивын-операторчин ажилд томилсон мөртлөө түүнд ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөхгүй байгаа үндэслэл нь ажлаас халсантай адилхан ба ажил олгогчоос 2017 оны 4 дүгээр сарын 01-нээс хойш ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй ба үүний улмаас нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажил олгогч буюу хариуцагчид хандаж ... ажлаас гарсантай ямар нэгэн гомдолгүй, Архивын ерөнхий газраас гэрээт ажилтнуудын орон тоог 1 болгосныг мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлснийг дурдаж ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгөх... тухай хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан хүсэлтээр мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба уг өргөдлийн дагуу ажил олгогчоос 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 3-02/707 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хариу болгож үүний дагуу ажлаас халагдсан тэтгэмжийг холбогдох байгууллагаас авсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч Ж.Аи нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шүүхэд гомдлоо 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 сар 25 хоног өнгөрсний дараа гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гурван сарын дотор шүүхэд гомдол гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж маргасан боловч ажлаас буруу халсан тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нь хамааралгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч Ж.Аийн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн цахим архивын-операторчны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ