| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0086/э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
2025 05 13 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Анхбаяр, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000296 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-ын О (РД: ......), 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн... сум, ... дугаар багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Ц.О нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байх “Шинэ-Улаангом” захын А5 тоот хохирогч Ч.Жгийн эзэмшлийн лангуунаас 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр монетон гинж, кулон, монетон ээмэг нэг хос, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2’116’800 (хоёр сая нэг зуун арван зургаан мянга найман зуу) төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас), хохирогч Ч.Жгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас), эд зүйл үнэлсэн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч Ч.Жгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), гэрч Э.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас);
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);
- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас);
- Хохирогч Ч.Жгийн “...2024 оны 11дүгээр сарын 09-ний өглөө өөрийн А5 тоот лангууг 09 цагийн үед нээснээс минутын дараа ягаан өнгийн цамцтай, хар өмдтэй дунд зэргийн нуруутай эмэгтэй ирээд мэнд мэдэж, өөрийгөө Ховд аймгийнх бөгөөд Увс аймгийн бэр гэж хэлсэн. Өнөөдөр миний төрсөн өдөр бөгөөд миний нөхөр надад 2 сая төгрөгийн гоёл авч өгнө гэж байна, авах зүйлээ сонгоод ав гэж хэлсэн. Би нөхөр нь хаана байгаа талаар асуухад миний нөхөр намайг ресторанд хүлээж авахаар бэлдэж байгаа гэж хэлсэн. Манай шилэн лангууны дотор талд байсан хайрцагтай ээмэг, зүүлт зэргийг надаар гаргуулж хэд хэдэн зүйлс сонгож авсан. Тухайн зүйлүүдийг хайрцагт хийлгэчхээд надаас виза карт унших уу гэж асуухаар нь би уншина гэж хэлсэн. ...Тухайн эмэгтэй надаар хэд хэдэн удаа өөр зүйлүүдийг хайлгаж, би түүнийг олж өгөхийн тулд эргэж хайх зэрэг үйлдлүүд гаргаж байсан бөгөөд манай лангуун дотор камер байхгүй. Тэгээд би тухайн эмэгтэй явсны дараа 20 орчим минутын дараа би лангуун дээрээ зогсож байхдаа ээмэг зүүлт өрсөн тавиур руу харахад зарим зүйлс дутуу байсан бөгөөд ямар ч байсан зүүлт, колан зэрэг байхгүй байхыг эхлээд мэдсэн.
...Би эхлээд дуудлага өгөх үед өөрийн эд зүйлийг сайн бүртгэж үзээгүй байсан бөгөөд ямар ч байсан шигтгээтэй монетон колан нь 585 сорьцтой 270’000 төгрөгөөр худалдах гэж байсан зүйл байхгүй байсан ...Мөн 3.1 граммтай 585-н сорьцтой монетон гинж нь 753’000 төгрөгөөр худалдаж байсан зүйлийг анх алга болсон гэдгийг мэдсэн.
Дараа нь миний эд зүйлийг хулгайлсан гэх хүнээс миний үнэт эдлэлийг хураан авахад 1.22 граммтай, 585-н сорьцтой, 17 размерын 305’000 төгрөгөөр худалдаж байсан бөгж, 1.20 граммтай, 585-н сорьцтой, 15.5 размерын 300’000 төгрөгөөр зарагдаж байсан бөгж, хоёр ширхэг хатгадаг монетон ээмэг нь 2.34 граммтай, 585-н сорьцтой, 580’000 төгрөгөөр худалдаж байсан. Эдгээр хулгайд алдсан зүйлүүдийг одоо зарж байгаа үнээр бодоход нийт 2’213’000 төгрөгийн үнэтэй. ...Уг хулгайд алдсан зүйлүүдийг анх ирж ээмэг зүүлт үзэж байсан эмэгтэй өөрөөсөө гаргаж өгсөн. Миний хулгайд алдсан эд зүйлүүдийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн учраас надад мөнгөн хохирол учраагүй. Би хулгайд алдсан зүйлсээ тэр даруй олсон тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);
- Хөрөнгө үнэлгээний 245 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 11 дүгээр сарын байдлаар эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 2’116’800 төгрөгөөр тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Оын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би ганцаараа зах дээр явж байгаад нэг үнэт эдлэлийн лангуун дээр очоод тухайн хүнээр бөгж, ээмэг, зүүлт гаргуулж үзэж байгаад дахин бусад зүйл асууж, авч үзүүлэх хооронд лангуун дээр байсан зүйлүүдээс авахад тухайн хүн анзаараагүй тул аваад явсан. Үдээс хойш намайг цагдаагийн алба хаагч ирж шалгахаар нь үнэнээ хэлж уг авсан зүйлүүд миний цүнхэнд байсан яг тэр хэвээр нь гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ц.О нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байх “Шинэ-Улаангом” захын А5 тоот хохирогч Ч.Жгийн эзэмшлийн лангуунаас 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр монетон гинж, кулон, монетон ээмэг нэг хос, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогчид 2’116’800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Оын хохирогч Ч.Жд хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр, нууцаар түүний монетон гинж, кулон, монетон ээмэг нэг хос, монетон бөгж 2 ширхэг зэргийг авсан үйлдэл дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 300’000.01 төгрөгөөс 9’999’999.99 төгрөг хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд тооцно. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 2’116’800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
3.2. Шүүгдэгч Ц.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 2’116’800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Жд монетон гинж, кулон, монетон ээмэг нэг хос, монетон бөгж 2 ширхэг зэргийг хураан авч буцаан өгсөн нь мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас) зэргээр тогтоогджээ.
Хохирогч Ч.Жгийн “...Миний хулгайд алдсан эд зүйлүүдийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн учраас надад мөнгөн хохирол учраагүй. Би хулгайд алдсан зүйлсээ тэр даруй олсон тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) өгсөн тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хохирогчийн эд зүйлсийг шүүгдэгчээс хураан авч буцаан өгснөөр зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдсан байна. Энэхүү үйл баримтыг шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ. Энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан хугацаанд өөрийн оршин сууж байгаа Ховд аймгийн Алтай сумаас гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Намайг тэнсэн харгалзах ялаар шийдэж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай буюу тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх урьдач нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хоёр болон түүнээс дээш эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
4. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөгч шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) авчээ.
Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг сиди дискт агуулагдаж дуу-дүрсний бичлэг нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Энэхүү хэрэгт бусдын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Ц-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ц.Од тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тус хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг си ди дискийг хэргийн хамт хадгалсугай
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА