| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00550/И |
| Дугаар | 130/ШШ2017/00627 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00627
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Х овогт Ж-ийн Бд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал У.С, хариуцагч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Баас 35 сарын түрээсийн төлбөр болон алдангийн хамт бүгд 4,550,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын 13 дугаар багийн иргэн Ж.Бтай тохиролцож Ө сумын 12 дугаар багт байрлах нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт түрээслэх эрхийн харилцаа үүсгэж нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан.
Түрээсийн гэрээний 4.1-д түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ний дотор Төрийн банкан дахь дансанд шилжүүлэх-ээр заасан ба гэрээний 4.5-д төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.5 %-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх-өөр үүрэг хүлээж гэрээ байгуулсан.
Гэтэл түрээслэгч Ж.Б нь халууны усны байрны түрээсийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Түрээслүүлэгч байгууллагын хувьд түрээслэгчид төлбөрөө төлөх талаар удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч нь уг шаардлагыг үл биелүүлсэн ба Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж Ө сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг халууны усны түрээслэгч Ж.Б нь нийт 4,550,000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлт гарсан.
Түрээслэгч Ж.Б нь түрээсийн гэрээнд засан үүргээ зөрчсөний улмаас түрээслүүлэгчийн талаас гэрээгээ цуцалж нийтийн халуун усны барилга, тоног төхөөрөмжийн хамт Ж.Баас хүлээж авсан боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд Ж.Баас түрээсийн төлбөр 4,550,000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбарлаж байгаа техникийн нөхцөл авахад төлсөн гэх 150000 төгрөгийг хасах боломжгүй. Яагаад гэвэл уг халуун усны газар нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний ашиглалтад орсон. Харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 390000 болон насосын үнэ болох 200000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Б би Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэл нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Би тус газартай 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж Ө сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах халуун усыг түрээсээр авч ажиллуулсан маань үнэн. Гэрээ ёсоор сард 130000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахдаа долоо хоногт 2 тонн нүүрс зарцуулж, гэрэл цахилгаан, ус, ажиллагсдын цалин хөлс, бохир ус соруулсны хөлс зэрэг бүх зардлуудыг өөрөө гаргаж ажиллаж байсан. Үйлчлэгч, галч гэсэн орон тоонд 2 хүн авч ажиллуулж сард үйлчлэгчид 50000 төгрөг, галчид 100000 төгрөг төлж байсан. Эдгээр бүх зардлуудыг тооцоход сард дунджаар 1,500,000 төгрөгийн зардал гарсан. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөг бөгөөд энэ нь 1000 хүний төлбөр юм. Нэг багаас сард 1000, хоногт 33 хүн усанд орох ямар ч боломжгүй юм. Заримдаа хүмүүс ирдэг, заримдаа огт ирдэггүй байсан. Ингэж ямар ч ашиггүй ажилласан.
Нэхэмжлэгч намайг нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй гэдэг нь огт үндэслэлгүй. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А.Жийн бичиж өгсөн зөвлөмжийн дагуу 390000 төгрөгийг түүнд бэлэн төлсөн. Мөн анх техникийн нөхцөл авахад 150000 төгрөгийг өөрөө хувиасаа гаргаж зарцуулсан. Уг мөнгийг тухайн үед Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дарга А.Ж түрээсийн төлбөрт тооцно гэсэн боловч тооцоогүй. Мөн халуун усны насос шатаж 200000 төгрөгийн үнэтэй насосыг М ХХК-аас өөрөө авч тавьсан. Үүнийг мөн хийлгэхэд 80000 төгрөгийг хувиасаа төлсөн. Мөн цахилгааны төлбөрт 1,283,753 төгрөг төлсөн. Түүнчлэн халуун усны, бохир усны цооногийг Суат ХХК-ийн зориулалтын автомашинаар соруулахад 920000 төгрөг бэлэн төлсөн.
2. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас хойш хүлээлгэж өгөх хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан. Эндээс хоёр сарын өмнө Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын холбогдох хүмүүс ирж хүлээж авсан.
3. Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Ө сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт зөвшөөрсөн.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтээр 4,550,000 төгрөгийн өр төлбөр тогтоосон гэж бичжээ. Би энэ талаар огт мэдэхгүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ.
Би энэ халуун усыг түрээсээр авч ажиллуулахдаа мөнгө төгрөг хүрэлцээгүй учир байнгын асаргаа шаардлагатай хүүхдийнхээ сарын тэтгэмжийн мөнгийг банкнаас урьдчилж авч зарцуулж байсан. Өвлийн улиралд ямар ч хүн ороогүй тохиолдолд ч дотор талын сантехникийн шугам, паарнууд хөлдөхөөс урьдчилан сэргийлж байнга гал түлдэг байсан. Иймд Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн нийтийн халуун усыг 3 жил ажиллуулсан. Энэ халуун ус нь өвлийн цагт ажиллуулах боломжгүй алдагдалтай халуун ус байсан. Тухайн үед би А.Дд 2-3 очиж уулзаж байсан. Тэгэхэд надад бидний зөвшөөрөлгүйгээр халуун усыг ажиллуулах боломжгүй тул та халуун усыг ажиллуулж байгаарай гэж хэлсэн учир би ажиллуулж байсан. Тухайн халуун ус нь зуны саруудад гайгүй ашигтай ажилладаг. Харин өвлийн улиралд ямар ч хүн ордоггүй. Зарим өдөр нэг ч хүн орохгүй өдөр байдаг. Тийм учраас түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч Ж.Баас 35 сарын түрээсийн төлбөр болон алдангийн хамт нийт 4550000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Учир нь, 1). Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 1-д тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох, мөн зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С нь тухайн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон хариуцагч Ж.Б нар 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын ,,,дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрыг нэг жилийн хугацаатай түрээсээр ажиллуулахаар хоорондоо түрээсийн гэрээ байгуулсан байжээ.
Уг түрээсийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээний 4.1-д зааснаар хариуцагч Ж.Б нь түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банкан дахь дансанд шилжүүлэхээр, 4.5-д төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөхөөр хариуцагч нь үүрэг хүлээсэн боловч халуун усны байрны түрээсийн төлбөрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гурван сарын түрээсийн мөнгөд 390.000 төгрөг төлж үлдсэн хугацааны төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчид түрээсийн төлбөрийн талаар маргаж байгаа бөгөөд уг түрээсийн гэрээний 6.2-т түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, түрээсийн харилцаатай холбоотой шинээр гарсан шийдвэр, хууль тогтоомжийн дагуу зарим заалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн протокол үйлдэж байна гэж зааж харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ сунгах эсэх болон түрээсийн төлбөрийн талаар протокол үйлдэж хэлэлцэж дүгнэсэн талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
2). Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч Ж.Бтай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээний 5.1-д түрээсний төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлахаар тодорхой заасан боловч нэхэмжлэгч (түрээслүүлэгч) гэрээг цуцлах талаар арга хэмжээ аваагүй, мөн гэрээний 6.2-т түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн протокол үйлдэж байна гэж заасан боловч нэхэмжлэгч (түрээслүүлэгч), хариуцагч (түрээслэгч) нар гэрээг дүгнээгүй байна. Иймд түрээсийн гэрээний 1.3-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч байгууллагын 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна гэж дүгнэлээ.
Учир нь, нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагчаас тухайн нийтийн халуун усны газрыг 2017 оны 07 дугаар сард хүлээж авсан хэдий боловч хариуцагч Ж.Бтай байгуулсан түрээсийн гэрээний 6.2-т зааснаар жил бүрийн эцэст гэрээг дүгнэж сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан байх ба уг түрээсийн гэрээг нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь жил бүр дүгнэж сунгах эсэх асуудлыг протоколоор дүгнээгүй явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Улмаар Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоолоор Ө сумын ..., 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Х ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа халуун усыг хавсралтад дурдсан иргэдтэй 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулахыг аймгийн орон нутгийн өмчийн алба, Х ОНӨААТҮГазарт зөвшөөрсөн ба энэ тогтоолын хавсралтын Менежментийн гэрээгээр ажиллуулах халуун усны жагсаалтын 4-д Ө сумын 12 дугаар багт байршилтай, халуун усны эзэмшдэг хүний нэр гэдэгт хариуцагч Ж.Бы нэр орсон байна.
Гэтэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон Б аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга А.Ды мэдүүлэг, Б аймгийн орон нутгийн өмчийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
3). Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга болохоос хариуцагч Ж.Бд түрээсийн төлбөр тогтоосон эрхийн акт биш гэж үзлээ.
Хариуцагч Ж.Б нь тухайн нийтийн халуун усыг ашиглалтад оруулахад техникийн нөхцөлд 150.000 төгрөг, халуун усны шинжилгээ хийлгэхэд 80.000 төгрөг, цахилгааны төлбөрт 1283753 төгрөг, халуун усны бохир усны цооногийг соруулахад 920000 төгрөгүүдийг тус тус төлж байсан гэж шүүхэд тайлбар ирүүлсэн боловч түрээсийн гэрээний 4.3-д түрээслэгчийн үйл ажиллагаатай холбоотой зардал (дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус, бохир ус зайлуулах, харуул хамгаалалт, хог техникийн болон үйлчилгээний ажилчдын цалин хөлс, инженерийн шугам сүлжээний засварын зардал г.м ) түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож холбогдох байгууллагад төлнө гэж зааснаар түрээслүүлэгчийн үүрэг болгож заасныг тухайн үед хүлээн зөвшөөрч хариуцагч түрээсийн гэрээндээ гарын үсэг зурсан байх тул дээрх хариуцагчийн төлсөн мөнгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцох боломжгүй байна.
Харин хариуцагч Ж.Б нь халуун усны насос шатаж насосыг 200.000 төгрөг авсан талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын захирал У.С нь насосны үнийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохыг зөвшөөрч тайлбар гаргасан тул насосны үнэ 200.000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж.Б нь 2014 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн нэг жил буюу 12 сард уг түрээсийн гэрээний 4.1-д зааснаар 1.560.000 ( 130000х12 ) төгрөг төлөх ёстойгоос дээрх түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг хасаж тооцоход 1.117.000 ( 1.560.000-390000 ) төгрөгийг түрээсийн төлбөрт, уг гэрээний 4.5-д зааснаар түрээсийн төлбөрт алданги тооцоход бүгд 1755000 (1.117.000+585000) төгрөгийг төлөх бөгөөд үүнээс нийтийн халуун усны шатсан насосны үнийг хасаж тооцоход хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч байгууллагад нийт 1.555.000 (1.755.000-200000) төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ж.Баас түрээсийн төлбөр болон алдангийн хамт бүгд 1.555.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлээс 2.995.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1.555.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 39830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн Н.Жийн (хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд мөн болох) үнэмлэх, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт зэрэг нь энэхүү иргэний хэрэгт хамааралгүй нотлох баримт тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Харахас овогт Жексенбийн Баас түрээсийн төлбөр алдангийн хамт нийт 1.555.000 /нэг сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,995,000 /хоёр сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамжид 39830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ